Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

 

Г.Г-эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                                       Г.Г

Нарийн бичгийн дарга                               П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Г.Г-эд холбогдох 2425000000361 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Х багт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн зогсоол дээр хохирогч Г.Г-ийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гээгдүүлсэн даалинтай хөөрөг, 10,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бусдад худалдан борлуулж бага хэмжээнээс дээш буюу 594,000 төгрөгийн хохирол учруулан завшсан,

 

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Г-гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч хохирогчийн эзэмшлийн Самсунг А24 загварын гар утсыг авч 600,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-27 дугаар байрны 2 дахь орцонд хохирогч З.А-ыг унтаж байхад Iphone-15 промакс гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,442,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завших” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажлыг хийлгэх ялыг 820 /найман зуун хорин/ цагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан 820 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-эд оногдуулсан 820 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Анх-Ирээдүй шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“ ... Орхон аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй би, эрүүгийн 2425000000361 дугаартай Г.Г-эд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ба тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Г-ийг хулгайлах, залилах, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 820 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан ба нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт долоон зуун хорин цаг байхаар тогтоосон. 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 820 цагийн хугацаагаар тогтоон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн оногдуулж, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ. 

Шүүх Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүгдэгчид хуульд заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн эдлэх ялыг тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зарчмыг алдагдуулж байгаагийн зэрэгцээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Х багт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн зогсоол дээр хохирогч Г.Г-ийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гээгдүүлсэн даалинтай хөөрөг, 10,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бусдад худалдан борлуулж бага хэмжээнээс дээш буюу 594,000 төгрөгийн хохирол учруулан завшсан,

 

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Г-гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч хохирогчийн эзэмшлийн Самсунг А24 загварын гар утсыг авч 600,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум А багийн 00 дугаар байрны 2 дахь орцонд хохирогч З.А-ыг унтаж байхад Iphone 15 про макс гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,442,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч эд хөрөнгийг өөртөө авсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг хангаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Шүүх шүүгдэгч Г.Г-эд Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт тус тус заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.т заасныг /Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах/ журамлан нэмж нэгтгэж, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 820 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

          Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорих цагаар тогтоохоор хуульчилсан атал анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ийн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлж буюу 820 цагаар тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-эд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дахь зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...280...”  гэснийг “...240...” гэж, “...300...”  гэснийг “...240...” гэж,

 

3 дахь заалтын “...300...” гэснийг “...240...” гэж, “...280...” гэснийг “...240...” гэж, “...820...” гэснийг “...720...” гэж,

4, 5 дахь заалтын “...820...” гэснийг “...720...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА