Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00117

 

Д.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалтай,

         Д.Энхбаярын нэхэмжлэлтэй,

         Ц.Мөнхнасанд холбогдох           

         Гэм хор учруулсны улмаас гарсан эмчилгээний болон замын зардалд 6.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэдэндамбаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2016 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагын дэргэдэх олон нийтийн цагдаагийн сургалтанд суралцаж байсан хүмүүсийн хамт Зулзагын амралт руу явсан. Амралтын газар Ц.Мөнхнасан надтай таарамжгүй харьцаа үүсгэж, миний ам руу өшиглөж 3 шүдийг унагаж, надад хөнгөн гэмтэл учруулсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад эрүүгийн хэрэг үүсгэхээргүй юм байна. Хохирлоо иргэний журмаар шүүхээр нэхэмжилж авах ёстой гэж хэлсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэмтлийн улмаас миний үүдэн 3 шүд унасан бөгөөд шүд шинээр хийлгэхэд 1 шүд 2.000.000 төгрөг болдог гэж эмч тодорхойлолт хийж өгсөн. Нийт 6.000.000 төгрөг болж байгаа бөгөөд шүдээ эмчлүүлэхээр Улаанбаатар, Дархан хооронд явахад гарах замын зардалд 300.000 төгрөг тооцож, нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цагдаагаар шалгагдаж байхад 300.000 төгрөгийг Ц.Мөнхнасангаас авсан нь үнэн бөгөөд гэхдээ энэ нь тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал юм. Иймээс нийт 6.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь Зулзагын амралт дээр байхад би таеквондогоор хичээллэдэг, хар бүстэй, хоёулаа тулалдъя гээд татаад байсан. Тэгээд миний гэдсэнд 2 өшиглөсөн бөгөөд тухайн үед би гэдсэндээ оёотой байсан учир задарчих байх гээд өвдгөө дээш нь өргөөд хаасан. Тэгээд Д.Энхбаяр эргээд өшиглөх гэж байгаад хальтирч унахдаа миний өвдгийг шүдээрээ цохисон. Тэгээд шүд нь унасан байсан. Би түүнийг цохиж, өшиглөсөн зүйл байхгүй. Бид муудалцсан зүйл ч байхгүй. Шүд унасан нь надаас болоогүй, миний буруутай үйлдэл байхгүй тул би хохирол хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхбаярын хариуцагч Ц.Мөнхнасангаас 6.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь зохигчдын үүрэг бөгөөд нэхэмжлэгч Д.Энхбаяр нь хуульд заасан үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар хэргийн оролцогч Д.Энхбаяр нь их эмч Н.Лхагва гэж бичиж, тэмдэг дарсан байгаа боловч хаанахын ямар эмнэлэг болох, энэ эмнэлэг хиймэл шүд хийдэг эсэх нь тодорхойгүй, мөн эмчлүүлэгчийн карт хэрэгт авагдаагүй, имфлантор шүд сэргээхэд нэг шүд 2.000.000 төгрөг гэж дээрх баримтад дурдсан боловч энэ тухай эмнэлгийн үнэ тариф хавтас хэрэгт авагдаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 409 дүгээр тогтоолтой хэргийн материалыг эх хувиар нь татуулсан нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч Д.Энхбаярын хүсэлтийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэж, Эрүүгийн хэргийн материалыг шүүхэд ирүүлсэн нь нотлох баримт болж байна. Нэхэмжлэгч Д.Энхбаяраар нэхэмжлэлийн шаардлагыг заавал гүйцэтгүүлэх, нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 37, 38 дугаар зүйлүүдийг зөрчиж гаргасан магадлал гэж ойлгож байна. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

          Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь хариуцагч Ц.Мөнхнасанд холбогдуулан гэм хор учруулсны улмаас гарах эмчилгээний болон замын зардалд нийт 6.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч өөрийнхөө үйлдлээр шүдээ унагасан тул хохирол төлөх үндэслэлгүй гэж  маргажээ.

          2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Энхбаяраас Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан “...Ц.Мөнхнасанд цохиулж гэмтсэн...” гэх гомдолд аймгийн прокурорын 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 409 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, энэ тогтоолд тус аймгийн прокурорт Д.Энхбаяр гомдол гаргасныг 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, дээрх тогтоол хүчин төгөлдөр болсон баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Ц.Мөнхнасангийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тэрээр болгоомжгүйгээр Д.Энхбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна гэж прокурорын тогтоолын үндэслэлд дурджээ.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байх бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүргийн дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд зөв юм.

         Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолтой материалд авагдсан нүүр амны их эмчийн үзлэгийн баримтыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг гэж тайлбарлах бөгөөд тэрээр шүд хийлгээгүй  байгаа тул хиймэл шүдний үнэ 6.000.000 төгрөг, Улаанбаатар хот явах замын зардалд 300.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөгийг хариуцагчаас урьдчилан гаргуулна гэсэн байна.

          Шаардлагын үндэслэл болж буй дээрх баримтад их эмч Н.Лхагва гэж бичиж тэмдэг дарагдсан нь ямар эмнэлэг болох, энэ эмнэлэг нь хиймэл шүд хийдэг эсэх нь тодорхойгүй, мөн эмчлүүлэгчийн карт хэрэгт авагдаагүй, инфлантаар шүд сэргээхэд 1 шүд 2.000.000 төгрөг байдаг гэж дээрх баримтанд дурдсан боловч энэ нь тухайн эмнэлгийн үнэ тариф мөн эсэх нь тодорхойгүй байх тул зөвхөн дээрх баримтыг үндэслэн хиймэл шүд хийлгэхэд гарах зардал 6.000.000 төгрөгийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Мөн Улаанбаатар хот явах замын зардал 300.000 төгрөг гэж нэхэмжилснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, ямар үндэслэлээр зардлын хэмжээг тогтоосон нь тодорхойгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т нийцсэн байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... хиймэл эрхтэн хийлгэх ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан хэдийч нэхэмжлэгч Д.Энхбаярын шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь зохигчдын үүрэг бөгөөд нэхэмжлэгч Д.Энхбаяр нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Харин давж заалдах шатны шүүх “...хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үгүйсгээгүй, эсрэг баримт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үнэлэхдээ хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан” гэх үндэслэл зааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2  дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Энхбаяр болон түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарт анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг хуульд зааснаар тайлбарласан тухай баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан шаардлагаа нотлох үүргээ биелүүлж чадаагүй явдалд анхан шатны шүүхийг буруутгах нь хуульд нийцэхгүй. Иймээс давж заалдах шатны шүүх “...нэмэлт нотлох баримт бүрдүүлэх эсхүл шүүхээр бүрдүүлүүлэх талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй”  гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.  

          Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН