Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 562

 

Н.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Амарзаяа,

ялтан Н.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Мягмарсүрэнд холбогдох 201626010890 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Нувааны Мягмарсүрэн, 1989 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, “Бэст буйдан” ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 38 дугаар гудамжны 1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЦ89082970/,

 

Н.Мягмарсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин дурсамж” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мягмардоржийг ямар нэгэн шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн толгойн тус газарт нь пивоны шилийг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж бие махбодид нь “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

Давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин дурсамж” караоке баарны гадаа Б.Цолмонг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж “тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хурууны өнцөг шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Мягмарсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Н.Мягмарсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Н.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг багтааж, шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Мягмарсүрэнгийн эдлэх 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Н.Мягмарсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж,

шүүгдэгч Н.Мягмарсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Н.Мягмарсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Н.Мягмарсүрэн миний бие Д.Мягмардорж, Б.Цолмон нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгтээ гүнээ гэмшиж байна. Би гэр бүлээ ажил хийж тэжээдэг ба хэвтэрт байдаг ээжийнхээ эм тариаг залгуулж, оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж, эхнэр, хоёр хүүхдээ тэжээж, банкны зээлээ төлдөг. Би хоригдох хугацаандаа олон зүйлийг ойлгож байна. Өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болон ар гэрийн амьдралыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хэлтрүүлж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Н.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Мягмарсүрэн нь өөрийн хувийн байдлын талаар давж заалдах гомдол гаргасан байна. Хавтаст хэргийн материалд авагдсан хорооны тодорхойлолтоор эх нь хэвтэрт байдаг, эхийгээ асран хамгаалдаг нь харагдаж байгаа. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгч миний зүгээс хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилсэн нь хэргийн сэдэлттэй таарахгүй байна гэж үзэж байна. Тухайн үед “Бэст буйдан” ХХК-ийн хамт олон цэргийн баяр тэмдэглэж байсан. Н.Мягмарсүрэн нь ажлынхаа хүнтэй андуурч хохирогч Д.Мягмардоржтой маргалдсан бөгөөд дараа нь гадаа Цагдаагийн машин дотор Б.Цолмонтой маргалдсан. Н.Мягмарсүрэнгийн сэдэлт нь төөрөлдсөн, санаатай биш байгаа нь хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгээр зүйлчлэх боломжтой байна.” гэв.

 

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ мөн хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ялтан Н.Мягмарсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин дурсамж” караоке бааранд иргэн Д.Мягмардоржийг ямар нэгэн шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн толгойн тус газарт нь пивоны шилийг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж шидэж бие махбодид нь “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан, улмаар “Нандин дурсамж” караоке баарны гадаа иргэн Б.Цолмонг “Манай найзыг зодсон байна” гэхэд нь түүний нүүрэн тус газарт нь цохиж, толгойгоороо мөргөх зэргээр зодож бие махбодид нь “тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хурууны өнцөг шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Н.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр залууг би гараараа шанаа руу нь нэг удаа цохиж авсан ба мөн тэр залуу нэг удаа цохиж авсан. Тэгэхэд нь би барьж байсан шилээрээ толгойных нь ар руу шидсэн юм. ...Б.Цолмон гэх залуу “Чамайг хамт камерт авч орж байгаад хошного болгоно банди болгоно” гээд дайраад байхаар нь нүүр рүү нь нэг удаа гараараа атгаж байгаад цохьчихсон” гэх мэдүүлэг /х18/,

хохирогч Д.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эргээд ороод ирсэн чинь яг баарны 2 давхарын үүдэнд шар малгайтай цэнхэр жинсэн өмд бор цамцтай, гартаа “Нийслэл” гэсэн пивоны шил барьсан залуу надаас гал асуухаар нь би юм дуугаралгүй цаашаа эргээд ортол хажуугаар зөрөхдөө намайг “Хөөе”  гэж дуудахаар нь эргээд харсан чинь намайг шууд гараараа ам руу цохиод авсан ба тэр үед нь биеэ хамгаалахаар тэр залууг эргүүлээд гараараа шанаа руу нь нэг удаа цохиод авсан чинь тэр залуу над руу буцаагаад гартаа барьж байсан пивоны шилээр миний толгой руу цохиод шидсэн юм” гэх мэдүүлэг /х15-16/,

хохирогч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр залууг бариад автал миний нүүрэн тус газар шууд мөргөсөн юм. ...цагдаа наад залуугаа аваад хамт та хоёр машинд суу гэж хэлсэн ба тэр залууг машин руу түлхээд оруулсан чинь миний гараас хазаад, буулгаж ирээд өөрөө цаана нь суугаад татаж суулгаад машины хаалга хаагдах үед миний хамар руу хүчтэй цохисон” гэх мэдүүлэг /х20-21/,

гэрч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг бааранд ирсэн чинь гадаа цагдаагийн машин ирчихсэн, нэг залуугийн хамраас нь цус гарчихсан, цаана мөн нэг танихгүй залуутай маргалдаад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /х23/,

гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гадаа зодоон болоод байна гээд хартал манай найз Б.Цолмонгийн амнаас нь цус гарчихсан хувцас нь нил цус болчихсон байсан ба тэнд бөөн залуучууд байж байсан ба энэ үед баарны хамгаалагч тэнд байсан хүмүүсийг зодолдуулахгүй гээд зогсож байсан ба энэ үед цагдаагийн машин ирээд манай найз Б.Цолмонг мөргөсөн залууг өөртэй нь хамт аваад явсан ба араас нь бид нар ирээд Б.Цолмонг гэмтэл рүү аваад явсан. Гэмтэл дээр очиж үзүүлээд маргааш өглөө нь хамрыг нь тэгшлүүлсэн юм.” гэх мэдүүлэг /х26-27/,

гэрч О.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Мягмардорж гээд залуу нэг танихгүй залуутай маргалдаад хоорондоо барьцалдаад авсан байсан ба хамгаалагч нь салгаад больцгоо гээд байсан…гартал үүдэн дээр Б.Цолмон нь Д.Мягмардоржтой 2 давхарт шатан дээр маргаад барьцалдаад авсан байсан залуутай маргалдаад бариад авчихсан, хамраас нь цус гарчихсан байсан ба энэ үед цагдаа нар машинтай ирээд тэр хоёрыг аваад явсан. Тэгээд цагдаагийн машинд суулгаад аваад явах гэж байтал цагдаагийн машинаас Б.Цолмон орилоод гараад ирсэн ба тэр Д.Мягмарсүрэн гээд Бэст буйданд ажилладаг залууг “миний хамар руу мөргөчихлөө” гэж хэлээд гараад ирсэн чинь хамар нь тахийсан байсан ба хамраас нь цус гараад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг /х28/,

гэрч М.Сугарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай найз нэг залууг барьчихсан, нөгөө залуудаа зодуулсан гээд зогсож байсан ба цагдаа руу дуудлага өгөөд, цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаад байсан ба Б.Цолмонг зодсон залуу болон өөртэй нь хамт цагдаагийн машинд оруулсан чинь нөгөө хамт машинд суусан залуу эргэж хараад гараараа хамар руу цохьчихсон ба энэ талаар дуудлагаар ирсэн цагдаа нь мэдэж байгаа” гэх мэдүүлэг /х29/,

гэрч Б.Оргодолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр оройн 23 цаг өнгөрч байхад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр маршрутаа тойроод явж байсан чинь “Нандин дурсамж” баарны гадаа очсон чинь хэсэг хүмүүс ноцолдоод байсан ба машинаас бууж очоод шалгахад Б.Цолмон гэгчийг нэг намхан нуруутай шар царайтай залуу цохисон гэж мэдүүлсэн ба нөгөө залууг нь очиж шалгах гэтэл шууд зугтаасан. Араас нь хөөж барьж аваад шалгасан чинь Н.Мягмарсүрэн гэж өөрийгөө танилцуулсан залуу нилээн согтуу, согтолтын зэрэг нь өндөр байсан тул машинд суулгаад мөн зодуулсан гэх Б.Цолмонг машинд суулгасан ба тэр үед Б.Цолмон нь машинд суухгүй, араас чинь дагаад явна гэж хэлсэн ба хоёуланг нь  авч явах ёстой юмаа та гомдол саналтай бол цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдлөө өг гэж хэлээд машинд суулгасан чинь цагдаагийн машин дотор Б.Цолмон нь “Чи муу намайг зоддог хэн бэ” гээд хэлсэн чинь нөгөө Н.Мягмарсүрэн гэдэг залуу нь шууд хамар руу нь гараараа нэг удаа цохиод хамрыг нь чихээд хаячихсан юм” гэх мэдүүлэг /х33/,

гэрч Э.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шатны тэнд нэг туранхай залуутай муудаад хоорондоо юм ярьж зогсож байгаад нөгөө “Бэст буйдан”-гийн залуу гартаа барьж байсан пивоны шилээрээ толгой хэсэг рүү нь цохисон ба нөгөө залуугийнх нь хамраас цус гараад эхлэхээр нь би тэр хоёр залууг салгаад 00-д оруулаад Бэстийн залууг гадагшаа гарах үүд рүү гаргасан чинь нөгөө шилээр цохиулсан залуу найзууд дээрээ очоод бөөнөөрөө араас нь гарсан ба би хамт гартал хоорондоо зодолдох гээд бөөн юм болсон ба энэ үед эргүүлийн машинтай цагдаа ирээд тэр хэдийг салгаад аваад явсан ба цагдаагийн машин дотор нь нэг нь хамраасаа цус гаргасан хамраа чихүүлчихлээ гээд орилоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /х34-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Цолмонгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хурууны өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 3957 тоот шинжээчийн дүгнэлт /х44/,

“...Д.Мягмардоржийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 3959 тоот шинжээчийн дүгнэлт /х46/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Харин анхан шатны шүүхээс Н.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл хэргийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь Н.Мягмарсүрэн нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн, тодорхой шалтгаангүйгээр иргэн Д.Мягмардоржийг шилээр цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүч хэрэглэснийхээ дараа урьдчилан төлөвлөөгүй буюу эмх замбараагүйгээр үргэлжлүүлэн танхайрч зүй ёсны шаардлага тавьсан иргэн Б.Цолмонг зодож хөнгөн гэмтэл учруулан танхайрсан нь нотлогдсон бөгөөд түүний үйлдэл “давтан танхайрсан” шинжгүй байхад прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 болон 181.3 дахь хэсгээр тус тусад нь зүйлчилж, анхан шатны шүүх уг зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн ялыг нэмж нэгтгэсэн нь буруу байна.

 

Ялтан Н.Мягмарсүрэнгийн нэг цаг хугацаанд үргэлжлүүлэн танхайрсан үйлдлийг бүхэлд нь дүгнэн иргэн Д.Мягмардорж, Б.Цолмон нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь “догшин авирласан”, иргэн Д.Мягмардорж руу шар айрагны шил шидсэн нь “зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглсэн” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг дурьдах замаар түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан аль хүнд хэсгээр нь  буюу мөн зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Н.Мягмарсүрэнгийн гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул ялтан Н.Мягмарсүрэнгийн гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хэлтрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоол гаргахдаа тогтоолын тогтоох хэсгийг ойлгомжтой, тодорхой, монгол хэл бичгийн болон утга найруулгын алдаагүйгээр, хуулийн бичиглэлийг зөв бичихгүйгээр “зэвсгийн” гэхийг “завсгийн”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4” гэхийг “Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.4” гэх мэтээр буруу бичсэн алдаа гаргасан байгааг тэмдэглэж, цаашид ийм алдааг гаргахгүй байхад анхааруулвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Мягмарсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3” дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж нэмэлт оруулан,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Н.Мягмарсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, зэвсэг завсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Боржигон овогт Нувааны Мягмарсүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Н.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Нувааны Мягмарсүрэнг 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            Ц.ОЧ