Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 857

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нарыг оролцуулан “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “Бусдын газартай давхцуулан олгосон Хан-уул дүүргийн Засаг даргын 2014 оны 09 сарын 22-ны өдрийн А/331 захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ““С*******” ХХК нь Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Алтан элс-2 нэртэй МУ-0******* тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй

118.35 га элс хайрганы талбайг эзэмшдэг болно. Анх 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн *******Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл авч, улмаар тус ондоо хайгуул хийж 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр МУ-0******* тоот ашигт малтмал ашиглах 116.35 га талбайд тусгай зөвшөөрөл авч, 2014 оноос эхлэн элс хайрга олборлож байна.

Манай ашиглалтын лицензийн талбайд 2015 оны 04 дүгээр.19-ний өдөр хэсэг хүмүүс хашаа барьж байхад нь очиж уулзаж лавлахад хан-уул дүүргийн Засаг дарга

2014.09.22-ны өдрийн А/331 тоот захирамжаар нэр бүхий иргэн болох Д.Б*******, Б.Т******* нарт манай ашиглалтын лиценз бүхий газарт давхцуулан олгосон байна.

Ийнхүү бусдын эзэмшлийн газартай давхцуулан олгосон Хан-уул дүүргийн Засаг даргын энэхүү хууль бус үйлдэл нь МУ-ын Газрын тухай хуулийн 31.2, 31.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.2, 19.8, 26.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж манай компанийн кадастрын зураг зүйн бүртгэлтэй ашиглалтын лиценз бүхий тусгай зөвшөөрөлтэй газартай давхцуулж олгосон байна. Энэхүү хууль бус захирамжаас компанийн эзэмшлийн лиценз бүхий газарт бусдад давхцуулан олгосны улмаас манай компанийн хувьд маш их хохир у*******ч байхаас гадна компани хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Бид хууль бус үйлдлээ таслан зогсоохыг Хан-уул дүүргийн Засаг даргад гомдол бичгээр гаргасан боловч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09/471 тоот албан бичгээр манай компанийн ашиглалтын лиценз бүхий газартай давхцуулж зарим иргэдэд төмс, хүнсний ногооны зориулалтаар олгосон тул А/331 тоот захирамжаа хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг ирүүллээ. 

Бид Хан-Уул дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар тус дүүргийн дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, хууль бус А/331 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан боловч 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5/3915 тоот албан бичгээр “Хан-уул дүүргийн Засаг даргын 2011 оны 283 дугаар захирамжаар 60 иргэнд төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлсэн байна, Хэрэв дээрх захирамжийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана уу..” гэсэн доод шатны байгууллагынхаа хууль бус үйлдлийг зөвтгөсөн хариуг өглөө.

Иймд бусдын газартай давхцуулан олгосон Хан-уул дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/331 захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 13 дугаар хороонд төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 20 га газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан. Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т “....Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжаар 13 дугаар хороо Шувуун фабрикийн урд иргэн Д.Мд 8041/5395 нэгж талбарын дугаар бүхий 20000м2, А.О*******д 8041/5396 нэгж талбарын дугаар бүхий 20000м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Иргэн Д.М, А.О******* нар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасны эрхийн хүрээнд Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар иргэн Д.Б*******, Б.Т******* нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.

Дээрх захиргааны акт “С*******” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Гуравдагч этгээд Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “ Анх 2014 оны 7 сарын эхээр манай нөхрийн танил Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн урд төмс, хүнсний ногоо тархи зориулалтын 2га газар зарна гэнэ гэсний дагуу тус газрын хууль ёсны эзэмшигч иргэн А.О*******тэй уулзсан. Ингээд тухайн газар дээр нь хамт очиж үзэхэд Хан-Уул дүүргийн 13-р хороо Шувуун фабрикийн урд байх 2га холбогдох зөвшөөрөл бичиг баримтыг үзүүлсэн. Тухайн үед уг газар дээр А.О*******ийн тэмдэглэсэн тэмдгээс өөр ямар нэг тэмдэг тавьсан, хашсан, хайрга, элс  олборлох үйл ажиллагаа явагдсан зүйлгүй байсан. Газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 283 тоот захирамжаар олгогдсон зөвшөөрөлтэй, холбогдох газрын кадастрын зурагтай, тухайн дүүргийн өмч, газрын харилцааны албаны иргэн, хуулийн эзэмшүүлэх 15 жилийн гэрээтэй байсан. Иймд иргэн Д.Б******* би хууль ёсны газар байна гэж үзээд иргэн А.О*******тэй харилцан тохирч холбогдох хуулийн дагуу тус газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулан нотариатаар батлуулж, дүүргийн, газрын харилцааны албанд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн.

Улмаар уг газрын эзэмших эрх Хан -Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 09  дүгээр сарын 22-ны өдрийн А/331дүгээр захирамжаар иргэн  Д.Б******* миний нэр дээр шилжин гарч, дүүргийн өмч, газрын харилцааны албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 8041/5396 гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан. Иймд уг нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тухайн жилдээ хүйтэрсэн у******* ирэх хавар нь буюу 2015 оны 4 сард газраа зориулалтын дагуу ашиглахаар хашаа барьсан боловч хэсэг хүмүүс ирэн манай газар у******* та бүхэн хашаагаа буулга гэсэн шаардлага тавьсан. Ингээд Хан -Уул дүүргийн өмч, харилцааны албаны мэргэжилтэн болон засаг даргын туслахтай уулзаж лавлахад манай байгууллага хууль дүрмээр олгогдсон эрхийнхээ дагуу холбогдох хуулийн хүрээнд тухайн газрын зөвшөөрлийг өгсөн гэсэн. Гэвч ирсэн хүмүүс буюу дээрх нэхэмжлэгч кампанийн хүмүүс гомдолтой гэсэн учраас энэ жил асуудал шийдэгдэхийг хүлээн 1 жилийн үйл ажиллагааг ургац алдаж 1 жилийн газрын төлбөр төлж байгаа нь маш их хохиролтой байна.

Гуравдагч этгээд Д.Т******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Анх 2014 оны 7 сарын эхээр манай нөхрийн танил Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн урд төмс, хүнсний ногоо тархи зориулалтын 2 га газар зарна гэнэ гэсний дагуу тус газрын хууль ёсны эзэмшигч иргэн Д.Мтэй уулзсан. Ингээд тухайн газар дээр нь хамт очиж үзэхэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн урд байх 2га холбогдох зөвшөөрөл бичиг баримтыг үзүүлсэн. Тухайн үед уг газар дээр Д.Мий тэмдэглэсэн тэмдгээс өөр ямар нэг тэмдэг тавьсан, хашсан, хайрга, элс олборлох үйл ажиллагаа явагдсан зүйлгүй байсан. Газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011оны 283 тоот захирамжаар олгогдсон зөвшөөрөлтэй, холбогдох газрын кадастрын зурагтай, тухайн дүүргийн өмч, газрын харилцааны албаны иргэн, хуулийн эзэмшүүлэх 15 жилийн гэрээтэй байсан. Иймд иргэн Д.Б******* би хууль ёсны газар байна гэж үзээд иргэн А.О*******тэй харилцан тохирч холбогдох хуулийн дагуу тус газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулан нотариатаар батлуулж, дүүргийн, газрын харилцааны албанд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн.

Улмаар уг газрын эзэмших эрх Хан -Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар иргэн  Б.Т******* миний нэр дээр шилжин гарч, дүүргийн өмч, газрын харилцааны албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан. Иймд уг нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тухайн жилдээ хүйтэрсэн у******* ирэх хавар нь буюу 2015 оны 4 сард газраа зориулалтын дагуу ашиглахаар хашаа барьсан боловч хэсэг хүмүүс ирэн манай газар у******* та бүхэн хашаагаа буулга гэсэн шаардлага тавьсан. Ингээд Хан -Уул дүүргийн өмч, харилцааны албаны мэргэжилтэн болон засаг даргын туслахтай уулзаж лавлахад манай байгууллага хууль дүрмээр олгогдсон эрхийнхээ дагуу холбогдох хуулийн хүрээнд тухайн газрын зөвшөөрлийг өгсөн гэсэн. Гэвч ирсэн хүмүүс буюу дээрх нэхэмжлэгч кампанийн хүмүүс гомдолтой гэсэн учраас энэ жил асуудал шийдэгдэхийг хүлээн 1 жилийн үйл ажиллагааг ургац алдаж 1 жилийн газрын төлбөр төлж байгаа нь маш их хохиролтой байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захирал М.Б Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн А/331 дүгээр захирамжийн Д.Б*******, Б.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй бусдын эзэмшил талбайд давхцуулан иргэдэд газар олгосон нь хууль бус гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий актын нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн Ашигт малтмалын газраас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  олгосон МҮ-0******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нэхэмжлэгч “С*******” ХХК  Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтан элс-2” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга олборлон үйл ажиллагаа явуулдаг байна.

Харин Хан-уул дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/331 дүгээр захирамжаар, Хан-уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн урд талд мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 283 дугаар тушаалаар иргэн Д.М, И.О******* нарт олгосон газрыг шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий газрыг иргэн Д.Б*******, Б.Т******* нарт шилжүүлж эзэмшүүлжээ.

Маргаан бүхий газрыг өмнө нь Дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжаар эзэмшигч иргэд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргах;” гэж заасны дагуу хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн нь тэдгээр иргэдийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг үндэслэн гаргасан маргаан бүхий А/331 дүгээр захирамж ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн газар эзэмшүүлэгчид тавигдах шаардлагыг зөрчиж олгосон нь хууль бус гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж дүгнэв.

Түүнчлэн Ашигт малтмалын газраас “С*******” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  МҮ-0******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд иргэн Д.М, А.О******* нарт тухайн талбайд газар эзэмшүүлсэн 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамж гарахаас 3 сарын, иргэн Д.Б*******, Б.Т******* нарт уг газрыг шилжүүлсэн А/331 дүгээр захирамж гарахаас 3 жил 5 сарын өмнөх шийдвэр байхад дүүргийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдээллийн сангаас шүүж үзэлгүй маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус болжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах...” гэж хуульчилж өгсөн бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаа ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд маргаан бүхий захиргааны акт болох дүүргийн Засаг даргын А/331 дүгээр захирамж нэхэмжлэгчийн ашигт малтмал олборлох эрхийг зөрчсөн гэх үндэслэлтэй. 

Хариуцагч дүүргийн засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талаар Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 7 хоногт багтаан.....тухайн тусгай зөвшөөрөл олгогдсон талбай байрших...дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ.” гэсний дагуу мэдэгдсэн байхад  ашигт малтмал олборлож байгаа талбайн давхцлыг шалгаж нягтлаагүй газар эзэмших эрхийг өөр этгээдэд шилжүүлснийг зөвтгөх үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8458 дугаар “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2016-А/56 дүгнэлтээр “С*******” ХХК-ийн MV-0******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор байрлах хашаалсан газруудыг нэг бүрчлэн хэмжиж улмаар нийслэлийн Газрын мэдээллийн сангийн 2016 оны 06 дугаар сарын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын 18617290432346 дугаартай газрыг эзэмшигч иргэн Д.Б*******ийн эзэмшил газар 14161 квм, 18617290270442 дугаартай газрыг эзэмшигч иргэн Б.Т*******ын эзэмшил газар бүрэн хэмжээгээр буюу 20000 квм талбайгаар тус тус давхцалтай байна.” гэжээ.

Иймд хариуцагч Хан-уул дүүргийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн А/331 дүгээр захирамжийн Д.Б*******, Б.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын  тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2,  26 дугаар зүйлийн 26.7-д заасныг тус тус баримтлан Хан-уул дүүргийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн А/331 дүгээр захирамжийн Д.Б*******, Б.Т******* нарт холбогдох хэсгийн нэгж талбарын 18617290432346 дугаартай иргэн Д.Б*******ийн эзэмшил газар 14161 квм талбайгаар хэсэгчилсэн, 18617290270442 дугаартай иргэн Б.Т*******ын эзэмшил газар 20000 квм талбайгаар тус тус давхцалтай хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР