2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 192/шш2025/06164

 

 

 

 

 

 

 

 

 

     2025              08            06                                           192/ШШ2025/06164

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Н*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

*******,*******,*******,*******-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагч Л.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Э.Энхбилэг нь хариуцагч Л.Жанчивд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Э.Энхбилэг миний бие өөрийн нагац ах Л.Жанчивт 2017 оны 08 дугаар сарын 12-ний өдөр 25,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн юм. Тухайн үед ах Л.Жанчив сарын 2,5% хүүг сар бүр өгөхөөр 10 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн юм. Гэтэл Л.Жанчив зээлж авсан мөнгөө буцааж надад өгч чадахгүй 1 жил болсон ба 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод уулзаж 25,000,000 төгрөгөө төлж чадахгүй байгаагаа надад учирлаад 10,000,000 төгрөгийг ах дүү хүмүүс байна, мөнгө боломж муу байгаа бол би авахаа болъё гээд Жанчив ахтай бичгээр гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдөр төлж барагдуулна, хэрэв төлж барагдуулж чадахгүй бол алданги 0,5% тооцож надад төлөх тухай баталгааг бичгээр бичуулж нотариатаар батлуулсан юм. Л.Жанчив энэхүү баталгаа бичгээ хийж өгснөөс хойш надаас зугтаагаад өр зээлээ нэхэх гэхээр надтай харьцахгүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сард Архангай аймгийн цагдаагийн газарт надад холбогдуулж гомдол гаргаж "мал завшсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт гүтгэж өнөөдрийг хүртэл Архангай аймгийн цагдаагийн газар, Прокурорын газарт хэргийг хянаад явж байна. Би өнгөрсөн хугацаанд 2017 онд зээлдүүлсэн 2018 онд бичгээр надад баталгаа болгож өгсөн баримтаар цагдаагийн газарт надад шалгагдаж байгаа хэрэгт Л.Жанчиваас авах ёстой 22,500,000 төгрөгийг хэлдэг боловч эрүүгийн хэрэг шийдсэний дараа иргэний шүүхэд хандах ёстой гэж үзээд нэхэмжлэл гаргаагүй явж байгаа юм. Л.Жанчив нь 2017 онд надаас бэлнээр 25,000,000 төгрөгийг хүлээн авснаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэлдэг юм байна. Миний бие олон жил Л.Жанчиваас авах ёстой төлбөрөө авч чадахгүй, хаана амьдардаг нь тодорхой биш байсан, мөн надад холбогдуулж гомдол гаргаснаас хойш надаас зугтаагаад байдаг учир би шүүхэд нэхэмжлэлээ гаргаж чадаагүй билээ. Иймд 2017 онд зээлдүүлсэн 25,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг надад буцаан өгөхөөр баталгаа гаргасан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн хэлцлийн дагуу үндсэн зээлд 15,000,000 төгрөг алданги 7,500,000 төгрөг. Нийт 22,500,000 төгрөгийг Л.Жанчиваас гаргуулж Э.Энхбилэгт олгож өгнө үү ” гэжээ.

 

Хариуцагч Л.Жанчив нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний төрсөн дүүг Сарантуяа гэдэг, Энхбилэг, Ганбилэг гэдэг 2 хүүхэдтэй. Энхбилэг Сарантуяагаас төрсөн, гэхдээ эцэг өөр. Мөнгө авснаас хойш 28 хоногийн дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ганбилэг нь хамт ажилладаг цагдаагийн албан хаагчид хүнд гэмтэл учруулаад эмнэлэгт хэвтээд нэлээн юм болсон. Энхбилэг, Сарантуяа нар уулзаад манай хүүхэд ийм асуудалд орооцолдсон гэж хэлсэн. Өмгөөлөгч нь над руу яриад Улаанбаатар хотод ганц таньдаг хүн нь та байна гэж хэлэхээр нь би очсон. Хүн зодоод хорих анги руу ачигдаад явсан. Би яах аргагүй очоод өмгөөлөгч авсан. 28 хоногийн дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд надад хадгалуулсан миний авсан 25,000,000 төгрөгөөс өмгөөлөгч аваад, хохирогчийн эм тарианд өгөөрэй гэж хэлсэн. Тэр зодуулсан хүүхэд нь анх 25,000,000 төгрөг нэхэмжилсэн. Надад байсан мөнгөнөөс хэрэглээд тэр хүүхдийн амь, нас эрүүл мэндийг эхний ээлжид тавиарай гэж Энхбилэг хэлсэн, ээж нь ч надтай 3-р цахилгаан станцын тэнд өвс аччихсан явж байхдаа уулзсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцох нь зөв, өмгөөлөгчийг бол хүндэлж байна. Сарантуяа миний дүү Архангай аймагт амьд байгаа. Энхбилэг ч хөл, гар зүгээр амьд байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нүдээрээ хараагүй учраас өөрсдийнх нь хэлснээр бичсэн байх. Уулзаагүй зугтсан гэдэг нь ор үндэслэлгүй, худал үг. Миний ээж өндөр настай, хөдөө амьдардаг байсан. Мөнгө авсан, аваад 28 хоногийн дараа өмгөөлөгч аваад 2017 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тохиролцоод шилжүүлсэн. Өмгөөлөгчийнх нь хийсэн гэрээ байгаа, шилжүүлсэн данс зэргийг бүгдийг нь нотлох баримтаар хэрэгт өгсөн байгаа. 2 өөр 25,000,000 төгрөг гэж яригдаад байгаа. Нэг нь зодуулсан хүүхэд гомдол гаргаад эрүү үүсээд Улсын дээд шүүх хүртэл явсан. Үүнд 25,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн. Надад байсан 25,000,000 төгрөгөөс эмчилгээний зардал, өмгөөлөгч авах, эмнэлэгт хэвтэх зэргийг бүгдийг нь даагаад зохицуулаарай гээд Ганбилэг, Энхбилэг нарын ээж Сарантуяа өөрөө надад хэлсэн. Сарантуяа өөрөө ирээд захиа бичсэн. Би зугтаагаагүй, байж байсан. Учир нь манайхаас 2,3 хүн нас барсан. Үүнээс хойш бараг 10, 20 удаа уулзсан, зугтаасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ганбилэг үүнд зарцуулсан гэдгээ мэдэж байгаа. Хариу тайлбартаа би бичсэн байгаа. Эмнэлэгт хэвтүүлсэн зэрэг нь ороогүй, манай ах хувийн эмнэлэгтэй, тэр эмнэлэгт 2,3 удаа хэвтүүлсэн. Тэр хүүхдийг эрүүл саруул болгох гэж бүх хүмүүс тусалсан. Гэхдээ одоо хүртэл уулздаггүй, ээж нь надтай ярьдаг, ээж нь бүх зүйлээ зарсан. Мандах гээд эмнэлэгт 2-3 удаа хэвтүүлж өгсөн, Госпитальд нэг удаа хэвтүүлж өгсөн. Тэр хүүхэд одоо хөдөлмөрийн чадваргүй болчихсон, гомдол гаргаад л яваад байдаг гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.04.25-ны өдрийн 24/25 дугаартай итгэмжлэл, 2018.08.01-ний өдрийн Баталгааний бичиг, 2025.05.14-нийн өдрийн 25/32 дугаартай итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

Хариуцагчаас 2024.11.11-ны өдрийн 173 дугаартай Мэдэгдэх хуудасны хуулбар, 2017.09.28-ны өдрийн зарлагын баримт, 2017.09.27-ны өдрийн зарлагын баримт, 2017.09.28-ны өдрийн зарлагын баримт, 2017.09.19-ний өдрийн Хас банкны шилжүүлгийн баримт, Хас банкны 2017.11.09-ний өдрийн Хас банкны шилжүүлгийн баримт, 2018.01.12-ны өдрийн Хас банкны шилжүүлгийн баримт, 2018.03.26-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 2017.11.20-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2017.09.19-ны өдрийн 2017/0038 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2018.11.13-ны өдрийн гар бичвэрийн хуулбар, 2018.05.29-ны өдрийн Мөнгө хүлээн авсан болон гомдолгүй тухай баталгаа, Хохирол барагдуулсан тухай тэмдэглэл, С.Ганбилэгийн гар бичмэлийг хуулбар, прокурорын тогтоолын сүүлийн 2 хуудас зэргийг баримтуудыг ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Энхбилэг нь хариуцагч Л.Жанчивд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Л.Жанчив нь Э.Энхбилэгээс авсан 25,000,000 төгрөгийг түүний ах С.Ганбилэгийн бусдад учруулсан гэм хорын арилгахад зарцуулсан тул төлөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч Л.Жанчив нь 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Иргэн Э.Энхбилэгт баталгаа гаргаж, 15,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон. (хавтаст хэргийн 4 дэх тал) 

 

3.2. Хариуцагч Л.Жанчив нь Хаан банк дахь өөрийн нэр дээрх 5000622307 тоот данснаас 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Э.Билгүүний эмчилгээний зардалд Ганбилэг-с 91921811” гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь н.Алтанцэцэгийн эзэмшлийн 5069025678 тоот дансанд 40,000 төгрөг шилжүүлсэн.(хавтаст хэргийн ... дахь тал) 

 

3.3. Хариуцагч Л.Жанчив нь Хаан банк дахь өөрийн нэр дээрх 5552079561 тоот данснаас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Жанчив-с орлого” гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь н.Алтанцэцэгийн эзэмшлийн 5069025678 тоот дансанд 680,000 төгрөг шилжүүлсэн.(хавтаст хэргийн ... дахь тал) 

 

3.4. Э.Билгүүн нь 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Мөнгө хүлээн авсан болон гомдолгүй тухай баталгаа гаргаж, “...С.Ганбилэгээс тохирсон хэмжээгээр хохирлын мөнгө авсан тул цаашид эрүүгийн журмаар дахин ямар нэгэн гомдол, санал нэхэхгүй болно” гэжээ.(хавтаст хэргийн ... дахь тал) 

 

3.5. С.Ганбилэг нь 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Хохирол бүрэн барагдуулсан тухай тэмдэгдэл үйлдэж, “Э...Билгүүнд эмчилгээний зардалд дахин 5 сая төгрөг нэмж өгөхөөр тохиролцсон. Энэ мөнгийг Л.Жанчив ахаар дамжуулан бэлнээр 2 хувааж өгч байна. Эхний мөнгө 2.5 сая төгрөгийг 2018.04.22-нд өгсөн. Дараагийн үлдэгдэл төлбөрийг 2018.05.29-нд өгч байна” гэжээ.(хавтаст хэргийн ... дахь тал

 

3.6. 25,000,000 төгрөгийг Л.Жанчивд шилжүүлсэн тухайд, 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр баталгаа гаргасан тухайд зохигчид маргаангүй. (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

Харин Л.Жанчивд шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй шилжүүлсэн эсэхэд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний харилцаа үүссэн, 25,000,000 төгрөгийн зээлийн зориулалтаар олгосон, хожим бичгээр хэлцэл байгуулсан, хариуцагч нь буцаан өгөх үүрэгтэй гэж тайлбарлаж ба хариуцагч Л.Жанчив нь 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгч Э.Энхбилэгт  гаргасан баталгаа гаргаж 25,000,000 төгрөгийг зээлсэн, 25,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1. “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 236.1.3. “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасан байх ба хариуцагч Л.Жанчив нь баталгаа гэх хэлцлийг хийж, үндсэн төлбөрийн хэмжээг бууруулан, хугацаа тохирч, хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээний үүргийг тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцлээр сольсон байна.

 

6. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1. “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ”, 466.2. “Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ” гэж заасан.

 

Хариуцагч Л.Жанчивын 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгч Э.Энхбилэгт  гаргасан баталгаанд 15,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон зэргээс үзэхэд талуудын хооронд тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн хэлцлийн дагуу 15,000,000 төгрөгийг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6. “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх ба хариуцагч нь 2018 оны 8 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд хугацаандаа төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн, хэтэрсэн хугацааны алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас алдангийн төлбөрт 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

8. Хариуцагч Л.Жанчив нь Э.Энхбилэгээс авсан 25,000,000 төгрөгийг түүний ах С.Ганбилэгийн бусдад учруулсан гэм хорын арилгахад зарцуулсан тул төлөх үүрэггүй, Э.Энхбилэгийн зөвшөөрлийн дагуу 25,000,000 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгч Э.Энхбилэгт  гаргасан баталгааг үгүйсгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч талаас ирүүлсэн 2024.11.11-ны өдрийн 173 дугаартай Мэдэгдэх хуудасны хуулбар, 2017.09.28-ны өдрийн зарлагын баримт, 2017.09.27-ны өдрийн зарлагын баримт, 2017.09.28-ны өдрийн зарлагын баримт, 2017.09.19-ний өдрийн Хас банкны шилжүүлгийн баримт, Хас банкны 2017.11.09-ний өдрийн Хас банкны шилжүүлгийн баримт, 2017.11.20-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2017.09.19-ны өдрийн 2017/0038 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2018.11.13-ны өдрийн гар бичвэрийн хуулбар, С.Ганбилэгийн гар бичмэлийг хуулбар, прокурорын тогтоолын сүүлийн 2 хуудас зэргийг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 22,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Жанчиваас 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхбилэгт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Жанчиваас 270,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхбилэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР