2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/шш2025/04821

 

 

 

 

 

 

 

 

       2025           06            04                                            192/ШШ2025/04821

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

*******,*******, Дүнжингарав 48 байр 21 тоот хаягт оршин суух БНХАУ-ын иргэн JIRIGALA /Регистрийн дугаар: CN75070373W17,*******-ын нэхэмжлэлтэй,

 

*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 103,218,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн JIRIGALA нь хариуцагч Ш.Мөнхсайхан холбогдуулан гэрээний үүрэгт 103,218,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “БНХАУ-ын иргэн Жиригала миний бие хариуцагч Ш.Мөнхсайхантай 2024 оны 07 сарын 09-ны өдөр 0646 дугаар "Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан, Дүнжингарав гудамж, 48-р байрны 15 тоот хаягт байршилтай Ү-2206049251 дугаар бүхий 297.97 м.кв орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 1м2 талбайн үнэ 2.450.000 төгрөг нийт үнэ 730'000'000 /Долоон зуун гучин сая/ төгрөгөөр “Худалдах худалдан авах" гэрээг байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу Худалдан авагч нь гэрээний нийт төлбөр болох 730'000'000 төгрөгийг бүрэн төлж дууссан тул 297.97 м.кв орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2206049251 дугаар бүхий гэрчилгээг 2024 оны 07 сарын 24-ны өдөр олгосон. Худалдагч тал нь тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй 297.97 м.кв талбай бүхий орон сууцыг Худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан билээ. Гэвч “Цээнтэй-Ателиер" ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээний зүйл болох "Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан, Дүнжингарав гудамж, 48-р байрны 15 тоот хаягт байрших 297.97 м.кв орон сууцны талбай"-д "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS6058:2009 Монгол улсын стандартын дагуу хэмжилт хийж хэмжилтийн зургийн дагуу сууцны нийт талбай 255.84м2 болохыг "ДҮГНЭСЭН" юм. Дээрх дүгнэлтээс үзвэл талуудын хооронд байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн гэрээний дагуу Худалдагч тал 297.97 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч “Цээнтэй-Ателиер" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн "ДҮГНЭЛТ”-ээр орон сууцны бодит талбай нь 255.84м2 байх тул зөрүү 42.13м2 буюу гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 1м2 талбайн үнэ 2.450.000 төгрөг бөгөөд нийт 103.218.500 /нэг зуун гурван сая хоёр зуун арван найман мянга таван зуун/ төгрөгийн үүргийн үүргийг Худалдан авагч тал хүлээн аваагүй байх тул гэрээний 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгийг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Хариуцагчид талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаарх албан мэдэгдлийг баталгаат шуудан болон бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зөрүү талбайн төлбөрийг төлөөгүй болно. Иймд Ш.Мөнхсайхан /РД: ФД82082819/ -аас 2024 оны 07 сарын 09-ны өдрийн 0646 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүрэгт 103'218'500 /зуун гурван сая хоёр зуун арван найман мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариу тайлбартаа: -Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үл хөдлөх худалдаалах гэрээнд зааснаар талууд 730,000,000 төгрөгөөр талууд маргаан бүхий 297.97 тоот талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Түүнээс биш 1 м.кв нэхэмжлэлийн дурдаж байгаа шиг 2,400,000 авах тохиролцоо энэ гэрээн дээр ч байхгүй. Амаар болон тийм харилцаа ч яваагүй. Тэгэхээр м.кв зөрүү нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн Ү-2206049251 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь ашиглалтад ороод Ш.Мөнхсайханы эзэмшил өмчлөлд эрхтэй одоо өөр өмчлөгчөөс шилжиж ирсэн. Өөрөөр хэлбэл Ш.Мөнхсайхан энэ барилгыг бариад орон сууц захиалгын гэрээ хийгээд тухайн гэрээн дээр 297.97 м.кв гэж тохирчихоод ашиглалтад хүлээлгэж өгөхдөө түүнээс бага өгсөн байвал энэ тохиолдолд нэхэмжлэгч м.кв зөрүү нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч JIRIGALA нь орон сууцыг захиалан бариулж, анхы өмчлөгч нь болоогүй, Ш.Мөнхсайхан нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж авахад улсын бүртгэлийн Ү-2206049251 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь гэрчилгээ дээрээ 297.97 м.кв талбайтай гэж бичигдсэн байсан тул талбайн хэмжээ дутуу гэдгийг хариуцагч мэдээгүй гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.11.11-ний өдрийн 0943 дугаартай итгэмжлэл, , , Ө.Оюунсувдын  иргэний үнэмлэхийн лавлагаа, Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон 2024.08.04-ний өдрийн ЦА-38/2024 дугаартай тэмдэглэлийн хуулбар, сууцны талбайн хэмжилтийн зураг, 2024.07.09-ний өдрийн 0646 дугаартай Худалдах, худалдах авах гэрээ, улсын бүртгэлийн Ү-2206049251 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.08.28-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-ны 2024.07.25-ны өдрийн 431,600,000 төгрөгийн дотоод шилжүүлгийн маягт, Худалдаа хөгжлийн банк ХК-ны 2024.07.25-ны өдрийн 152,400,000 төгрөгийн дотоод шилжүүлгийн маягт,    Хаан банк ХК-ийн 2023.10.23-ны өдрийн 10,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримтын хуулбар, Хаан банк ХК-ийн 2023.10.31-ны өдрийн 90,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримтын хуулбар зэргийг ирүүлсэн.  

           

            Хариуцагчаас 2025.01.07-ны өдрийн 0016 дугаартай итгэмжлэл, 2023.10.16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн JIRIGALA нь  хариуцагч Ш.Мөнхсайханд холбогдуулан дутуу шилжүүлсэн талбайн үнэ 103,218,500 төгрөгийг буцаан аргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ш.Мөнхсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч JIRIGALA нь орон сууцыг захиалан бариулж, анхны өмчлөгч нь болоогүй учир шаардлага гаргах боломжгүй, талбайн хэмжээ дутуу гэдгийг хариуцагч мэдээгүй тул доголдлыг хариуцахгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Зохигчдын хооронд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу худалдагч нь улсын бүртгэлийн Ү-2206049251 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48-р байрны 15 тоот хаягт байршилтай 297.97 м.кв талбайтай,  орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 730'000'000 /Долоон зуун гучин сая/ төгрөгөөр, төлбөрийг 2023.10.21-нд 100,000,000 төгрөг, 2023.12.31-нд 265,000,000 төгрөг,  2024.03.31-нд 365,000,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр, тус байрны В2 давхарын 14, 15 тоот хаягт байршилтай 13,5 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг бүрийг нь 25,000,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 48-50 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК дахь Овоо айл ХХК-ийн эзэмшлийн 5134264614 тоот данснаас 2023.10.23-ны өдөр 10,000,000 төгрөгийг “Жаргалаас офисын гэрээний урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2023.10.31-ны өдөр 90,000,000 төгрөгийг “Жаргалаас байр худ.авалтын мөнгө 48-15” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 42-43 дахь тал)

 

3.3. Зохигчдын хооронд 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 0646 дугаартай  "Худалдах, худалдан авах гэрээ” /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж, гэрээний дагуу худалдагч нь улсын бүртгэлийн Ү-2206049251 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48-р байрны 15 тоот хаягт байршилтай 297.97 м.кв талбайтай,  орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 730'000'000 /Долоон зуун гучин сая/ төгрөгөөр худалдахаар, худалдан авагч нь төлбөрөөс 146,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 584,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 459002916 тоот дансанд 167,000,000 төгрөгийг, Жи эс би капитал ББСБ ХХК-ийн 406072471 тоот дансанд 417,000,000 төгрөгийг шилжүүлэн 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 10-11 дэх тал)

 

3.4. Нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Овоо айл ХХК-ийн эзэмшлийн 474042122 тоот данснаас 2024.07.25-ны өдөр 431,600,000 төгрөгийг “JIRIGALA-ААС” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2024.07.25-ны өдөр 152,400,000 төгрөгийг “JIRIGALA -ААС БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛЖ ДУУСГАВ” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 40-41 дэх тал)

 

3.5. 2024.07.24-нд нэхэмжлэгч JIRIGALA нь улсын бүртгэлийн Ү-2206049251 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48-р байрны 15 тоот хаягт байршилтай 297.97 м.кв талбайтай,  орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 13 дахь тал)

 

3.6. Улсын бүртгэлийн Ү-2206049251 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48-р байрны 15 тоот хаягт байршилтай 297.97 м.кв талбайтай,  орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд “Цээнтэй-Ателиер” ХХК нь хэмжилт хийж, 2024 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн ЦА-38/2024 дугаартай “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-д нийт талбайг 255.84 м.кв гэж тогтоожээ.(хавтаст хэргийн 8-9 дэх тал)

 

3.7. Зохигчид нь 2023.10.16-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тухайд, 2024.07.09-ны өдөр 0646 дугаартай  "Худалдах, худалдан авах гэрээ” /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулагдсан тухайд, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн тухайд талууд маргаангүй.

 

Харин гэрээний зүйл доголдолтой эсэх, гэрээний зүйлын доголдлын улмаас дутуу шилжүүлсэн талбайн үнэ 103,218,500 төгрөгийг буцаан гаргуулах тухайд зохигчид маргаантай.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба зохигчид улсын бүртгэлийн Ү-2206049251 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48-р байрны 15 тоот хаягт байршилтай 297.97 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 730'000'000 төгрөгөөр, тус байрны В2 давхарын 14, 15 тоот хаягт байршилтай, тус бүр 13,5 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг бүрийг нь 25,000,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэдийгээр зохигч нь хооронды гэрээгээ “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан нөхцлүүдийг тохироогүй, үнийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд ердийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. 

 

5. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1. “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно” 236.1.3. “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон”, 236.2. “Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж тус тус заасан тул 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 0646 дугаартай  "Худалдах, худалдан авах гэрээ” байгуулснаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болж, талуудын хооронд 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 0646 дугаартай  "Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна.

 

6. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 0646 дугаартай  "Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан тоо хэмжээ, шинж чанар бүхий, 297.97 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөөгүй, 42.13 м.кв-аар дутуу, 255,84 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгсөн болох нь Цээнтэй-Ателиер ХХК-ийн хийсэн сууцны талбайн хэмжилтээр тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1. “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.4. “Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж тус тус заасан байх ба гэрээний зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд доголдлыг арилгах боломжгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан дутуу хүлээлгэн өгсөн талбайн үнэ (42.13*730,000,000/297.97) 103,218,500 төгрөгийг буцаан төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 0646 дугаартай  "Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд хүлээлгэн өгнө” гэж заасан байх ба 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхээ алдаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ш.Мөнхсайхнаас 103,218,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн JIRIGALA-д олгосугай.

 

  8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 674,042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Мөнхсайхнаас 103,218,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн JIRIGALA-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мөнхсайханаас 674,042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн JIRIGALA-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР