2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05109

 

 

 

 

 

 

 

 

   2025             06              12                                            192/ШШ2025/05109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол  дүүргийн 3 дугаар хороо,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  22 дугаар хороо,*******,*******-д  холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Одонгэрэл, хариуцагч Б.Энх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Одонгэрэл нь хариуцагч Б.Энх-Одод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Э.Одонгэрэл миний бие анх 2011 онд Б.Энх-Одтой танилцаж улмаар 2016 онд гэр бүл болсон. Бид 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* бүртгэлийн дугаар бүхий гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний охин ******* 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хүү Э.Сод-Од нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Сүүлийн хоёр жилд бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэх гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах төвд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Б.Энх-Одтой хамтран амьдрах боломжгүй гэж үзэж хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээх, гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэх гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү охин хоёрыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний хувьд ямар нэг эд хөрөнгийн маргаангүй мөн хүүхдийн эцгээс тэтгэлэг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэхийг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Энх-Од нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баттулгын Энх-Од миний бие нь Энхбаярын Одонгэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

 

 

 

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Сод-Од, ******* нар нь эрүүл бойжиж байгаа талаарх Манай эмч ӨЭМТ-ийн 2024.06.19-ний өдрийн тодорхойлолт, Э.Одонгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******ын төрсний гэрчилгээний хуулбар, Э.Сод-Одын төрсний гэрчилгээний хуулбар, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Сод-Од нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгт сурч хүмүүжиж байгаа талаарх 2024.06.19-ны өдрийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрлүүлэн зуучлагчийн 2023.07.30-ны өдрийн 00337 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Одонгэрэл  нь хариуцагч Б.Энх-Одод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Энх-Од нь бүхэлд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Э.Одонгэрэл болон хариуцагч Б.Энх-Од нар гэр бүл болсныг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 8 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин *******, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Сод-Од нар төрсөн болох  нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (хавтаст хэргийн 10 дахь тал) 

 

3.4. Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талууд маргаангүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Э.Одонгэрэл нь хариуцагч Б.Энх-Од нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа, 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж Э.Одонгэрэл болон Б.Энх-Од  нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Сод-Од нарыг эх Э.Одонгэрэлийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг Б.Энх-Од нь *******, Э.Сод-Од нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Одонгэрэлд даалгах нь зүйтэй.

 

8. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь хууль нийцнэ..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Энхбаярын Одонгэрэл болон Боржигон овогтой Баттулгын Энх-Од нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Сод-Од нарыг эх Э.Одонгэрэлийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Энх-Од нь охин *******, хүү Э.Сод-Од нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Одонгэрэлд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР