Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/57

 

Х.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                                       Х.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.Мөнхнаран

Нарийн бичгийн дарга                               П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Э-д холбогдох 2325000000440 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Э нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 байрны урд талын зогсоолд байрлуулсан О.Б-ын эзэмшлийн 00 ОРА улсын дугаартай Тоёота ланд Круйсер Прадо-150 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг гараараа цохиж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Х-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Э-аас 400.000 төгрөг гаргуулан хохирогч О.Б-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 

“... Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Э-ыг ЭХТА-ын 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...хэргийн үйл баримтыг шууд харсан гэх хохирогч О.Б, гэрч Ж.Т, Н.Т нарын мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон гэж үзлээ” гэсэн дүгнэлт нь хийсэн. 

Гэвч дээр дурьдсан гэрч Ж.Т, Н.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн болон нүүрэлдүүлж мэдүүлэг авах үед өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, гэрчүүд хоорондоо болон хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй буюу эргэлзээ төрүүлэйхүйц нөхцөл байдал үүссэн. 

Шүүхийн шатанд гэрчүүдийн мэдүүлэг илтэд зөрүүтэй байсан тул гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар шүүхээс хоёр ч удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Гэтэл нэмэлт ажиллагаа буюу гэрчүүдийг хохирогч болон шүүгдэгчтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад мэдүүлгийг зөрүү арилах бус өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэж, мэдсэн зүйлээ мэдээгүй болж, ганцаараа байсан нь олуулаа болж, салгахаар ирсэн хүмүүс нь хэзээ ирсэн нь тодорхойгүй болж мэдүүлгээ өөрчилсөн. 

Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд тухайн газарт хамт байсан 9 хүн байдаг, үүнээс Х.Э-ыг цохиулаад амнаас нь цус гарсан зогсож байх үед хажууд нь хамт байсан гэх гэрч Г, Сэргэлэн, О, Г нар буюу 4 гэрч хохирогчийн тээврийн хэрэгслийг цохиж байхыг хараагүй гэдэг. Харин Ж.Т /Х.Э-ыг цохиод зам гарч зугтаасан гэх/ болон Ц.Б, Н.Т /салгахаар сүүлд очсон гэх/ нар цохихыг нь харсан гэх боловч болсон үйл явдлын талаар хөтөлбөргүй, тогтвортой, эргэлзээгүй, эх сурвалжаа зааж мэдүүлдэггүй. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо мөн бусад гэрчүүд болон хохирогч шүүгдэгчийн мэдүүлэгтэй мөн адил зөрүүтэй байдаг. Тодруулбал: 

Хохирогчийн тээврийн хэрэгслийн гэрэл хагарсан байдлыг харсан гэх гэрч Ж.Т нь 2023.08.08-ны өдөр болон 2024.02.01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "...бид нар эргээд машин дээр очиход зүүн хойд талын их гэрэл цуурч хагарсан байсан" гэж мэдүүлсэн атлаа 2024.07.19-ний өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авахад нь "... гэрэл хагарсан цуурсанг миний хувьд маргааш нь мэдсэн" гэж, /1 хх 19 ар, 144 ар, 2 хх 31 тал/ 

Маргааныг салгах гэж ирсэн гэх гэрч Ц.Б нь цохиулсны дараа цус гарсан байхад ирсэн гэдгээ /1 хх 15 ар/ "...салгах гээд ... машинаасаа буухад Э-ы амнаас цус гарсан байдалтай байсан мэдүүлсэн байхад гэрч Ж.Т нүүрэлдүүлж мэдүүлэг авахад /2 хх 31/ “...Э-ы урд хоёр хүн байсан нэг нь Ц.Б зогсож байсан, нөгөөхийг нь хэн байсныг сайн мэдэхгүй байна, тэгээд Б Б-ын өөр нэг хүн хоёрын дундуур ороод Э-ыг эгц урдаас нь цохисон” гэж мэдүүлсэн бөгөөд Ц.Б-ыг цохиулсны дараа биш цохиулахаас өмнө ирсэн гэдгийг мэдүүлдэг. Энэ байдал нь тээврийн хэрэгслийг цохисон гэдгийг харсан гэрч Ц.Б нь цохиулаад цус гарсан байхад юм уу цохиулахаас өмнө яг хэзээ ирсэн, тэгээд харсан эсэх нь зөрүүтэй байна.

Мөн гэрч Ц.Б нь 2024.03.01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ /1 хх 150 ap/ “...Э ална аа гээд дайраад байхаар нь би дундуур нь орж болиулсан” гэж мэдүүлсэн атлаа 2024.07.19-ний өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авахад “...би ална аа гэж орилсонг сонсоогүй" /2 хх 44/ гэж мэдүүлгээ өөрчилсөн, 

Хохирогчийн тээврийн хэрэгслийг Х.Э-ыг цохисон гэдгийг харсан гэх гэрчүүд болох : гэрч Н.Т /2 хх 45/ “битүү чимээ гарсан” гэж, гэрч Ж.Т /2 хх 31/ "хагарч байгаа чимээ гарсан” гэж, хохирогч О.Б /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ/ "тас хийсэн чимээ гарсан" гэж зөрүүтэй өөр өөр байдлаар мэдүүлдэг. Гэтэл тээврийн хэрэгслийн дэргэд Х.Этай хамт хажууд нь зогсож байсан гэрч Г, Сэргэлэн, О, Г нар энэ байдлыг хараагүй, сонсоогүй байхад орон зайн хувьд хол байгаа замын цаашаа гүйгээд явсан гэх Ж.Т хохирогч О.Б нар тас хийсэн хагарч байгаа чимээ гарсан гэж зөрүүтэй байдлаар мэдүүлдэг. 

Дээрхи байдлаар гэрчүүд нь удаа дараа буюу 2-3 удаа мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг өөр өөрөөр зөрүүтэй, өмнө нь өгсөн мэдүүлгээ өөрилж, нэг нь нөгөөгийнхөө өгсөн мэдүүлгийг үгүйсгэж, сонссон зүйлээ сонсоогүй болж, мэдсэн зүйлээ мэдээгүй болж, хэзээ ирж маргааныг салгаад байгаа нь тодорхойгүй болсон зөрүүтэй дан ганц гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Харин энэхүү маргаан болох тухайн цаг мөчид эхнээс нь дуустал хамт хажууд нь байсан гэрчүүд цохиогүй гэдгийг удаа дараагийн мэдүүлгүүдээр тогтвортой, эргэлзээгүй мэдүүлдэг. Үүнд: 

Хэргийн 2 хх 57 талд авагдсан нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Ц.Г нь “... Э-ыг машины гэрэл цохисныг би үнэхээр хараагүй, харсан бол харсан гэдгээ хэлнэ, ... би цохисныг нь хараагүй, уг нь хажууд нь л хамт байгаад байсан” 

Хэргийн 2 хх 53 талд авагдсан нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Б.С нь "... хараагүй болохоор мэдэхгүй байна, цохисон эсэхийг мэдэхгүй байна" гэж, 

Хэргийн 2 хх 48-49 талд авагдсан нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Д.О нь “ ... Үнэхээр машины гэрэл цохих үйлдэл гаргаагүй, болсон үйл явдлыг маш сайн санаж байна, Э машины гэрэл цохих үйлдэл гаргаагүй, ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Б руу дайрч давшилсан зүйл байхгүй. Цохиулчихаад шууд газар явсан суусан." гэж гэж тус мэдүүлсэн бөгөөд хэрэг учрал болсон гэх тухайн газар, цаг хугацаанд хамт байсан гэрчүүд цохисон, цохиогүй гэдэг байдлаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн. 

Энэ байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байгаа бөгөөд эсрэгээрээ шүүгдэгчийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байна. 

Мөн хохирогчийн тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлийг гараар цохих үед үүсэх боломжтой эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч хохирогчийн өөрийнх нь үйлдлээс хамаарч энэхүү байдлыг тогтоох боломжгүй гэсэн /1 хх 156 тал/ дүгнэлт гарсан бөгөөд хүний гараар цохиход энэхүү гэмтэл үүсэх боломжтойг тогтоосон хөтөлбөргүй баримт байхгүй болно. 

Иймд шүүгдэгч Х.Э-д холбогдох хэргийн талаар шалгавал зохих нөхцөл байдал, бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн хангалттай тогтоогдоогүй, хоёр ч удаа прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн боловч гэрчүүдийн мэдүүлгийг зөрүү арилаагүй, уг гэмтсэн эд хөрөнгийг ямар хүчин зүйлээр үүссэн, хэзээ үүссэн зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Э-ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Х.Э-д холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ. 

Шүүгдэгч Х.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“ ... анхан шатны шүүх удаа дараа хурлыг хойшлуулахдаа гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй зөрүүг арилгах шийдвэр гаргаж, миний бие хохирогч талын гэрчүүдтэй нүүрэлдэж бүгд зөрүүтэй мэдүүлэг өгч, нотлох баримт хангалтгүй байхад миний эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна ...” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Э тайлбартаа: “... Шүүхээс хоёр талын гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байна, энэ мэдүүлгийг арилга гээд нүүрэлдэхэд нөгөө талын гэрчүүд бүр зөрүүтэй, ямар ч ор үндэсгүй худлаа мэдүүлгүүд өгдөг, бараг бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгсөн байхад шүүхээс тийм шийдвэр гарсан болохоор давж заалдах шатны шүүхэд хандсан ...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран тайлбартаа: “ ... анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын зогсоолд байрлуулсан О.Б-ын эзэмшлийн 00 ОРА улсын дугаартай Тоёота ланд круйсер Прадо-150 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг гараараа цохиж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

  Шүүгдэгч Х.Э нь “ ... миний бие хохирогч талын гэрчүүдтэй нүүрэлдэж бүгд зөрүүтэй мэдүүлэг өгч, нотлох баримт хангалтгүй байхад миний эсрэг шийдвэр гаргасан ... ” гэж,

түүний өмгөөлөгч М.Мөнхнаран нь “ ... гэрчүүдийн мэдүүлгийн зөрүү арилаагүй, уг гэмтсэн эд хөрөнгийг ямар хүчин зүйлээр үүссэн, хэзээ үүссэн нь тогтоогдоогүй, ... гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус гаргасан байх боловч тэдгээрийн давж заалдах гомдлууд нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд буюу

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/,

хохирогч О.Б-ын “ ... тээврийн хэрэгслээ жолоодон О багийн 00 дугаар байрны урд талын таксины зогсоол дээр ирэхэд Ж.Т нь дөрвөн залууд зодуулсан байдалтай зогсож байхаар нь Ж.Т, Г.Г хоёр дээр очиж “юу болсон юм бэ” гэсэн чинь нөгөө залуучууд нь над дээр ирсэн бөгөөд тус залуучууд дунд байсан Э гэдэг залуу Ж.Т-г цохиж авахаар нь дундуур нь орж салгахад миний нүүр хэсэг рүү Э 1 удаа цохиод авсан, тэгэхээр нь би зөрүүлээд түүний нүүр хэсэг рүү цохисон.

Тэгтэл найз Н.Т хажуугаар явж байхдаа намайг харж зогсон уг маргааныг салгах явцад Э надад уурласан уурандаа миний машины зүүн хойд талын их гэрэл рүү гараараа цохиж машины гэрлийг цуулсан тул гомдол гаргах болсон ... Х.Э нь шүдээ цохиулсан уурандаа миний тээврийн хэрэгслийн зүүн хойд их гэрлийг гараараа цохиж цуулсан би худал зүйл хэлээгүй, үнэн зөв мэдүүлж байна ... хэрэг шийдэгдээгүй байсан болохоор гэрэл цуурсан байдал нь байж байх ёстой гэж бодсон бөгөөд тоос шороо ороод байсан болохоор солиулах гэж байгаад болиод смок хийлгэчихсэн юм ... гэх мэдүүлэг /хх 12, 134/,

Шинжээчийн “Тоёота ланд крүйсэр Прадо 150 авто машины зүүн хойд гэрэл 400.000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээнүүд /хх 28-31, 162-166/,

Хохирогч О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 128-130/,

Гэрч Ж.Т-гийн “ ... би цааш зам хөндлөн гарахад Г.Г, О.Б хоёр миний ард үлдээд эргээд машин тавьсан газар луугаа явахаар нь би замаар гарчихаад эргээд зодоон болж байсан автобусны буудал дээр очиход Э О.Б-ын машины баруун талд амнаас нь цус гарсан байдалтай “шүд хугарчихлаа шүү дээ” гээд бид нарыг “алнаа” гэж орилсон ... дайраад байхаар нь О.Б бид хоёр машин байрлуулсан байсан төв замыг урд зүгийн чиглэлд хөндлөн гарч урд зүг рүү зугтааж замынхаа урд гармагцаа эргээд харсан чинь Э тээврийн хэрэгслийн хойд талд зогсож байхдаа  О.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа 1 удаа цохиж харагдсан ... О.Б бид хоёр замын эсрэг талаас харж байсан чинь Э, О, Ганболор гурав О.Б бид хоёрыг хөөж ирэхэд Т, Г, Баяраа нар нь араас ирж салган бид нар бүгдээрээ эргээд машин дээр очиход зүүн хойд талын их гэрэл цуурч хагарсан байсан. Э О.Б-д цохиулсан уурандаа машиных нь гэрлийг гараараа цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх 144-145/,

гэрч Ц.Б-ын “ ... машинаа О.Б-ын тээврийн хэрэгслийн урд талд байрлуулж машинаасаа буухад Х.Э-ийн амнаас нь цус гарсан байдалтай О.Б-ыг “алнаа” гээд дайраад байхаар нь би дундуур нь орж Х.Э-ыг болиулахад тайвшир гэсэн чинь “яаж тайван байх юм” гэсэн.  Тэгтэл О.Б, нэг найзынхаа хамт замын урд зүг рүү зам хөндлөн гараад зугтаахад Х.Э түүний араас хөөж байгаад тээврийн хэрэгслийнх нь хойд талд очиж зогсмогцоо тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг баруун гараараа савж цохихоор нь би болиулж тайвшруулсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн гэрлийг ямар болгосныг анзаараагүй ... Х.Э-ыг машины гэрэл цохиход тухайн үед байж байсан хүмүүс бүгд харсан гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх 150/,

гэрч Н.Т-гийн “ ... Ц.Б-ын хамт машинаас буухад О.Б-ын машины зүүн хойд талд зүс мэдэх Г, Э, С, О нэрийг нь мэдэхгүй өндөр залуу тус тус зогсож байсан бөгөөд Э-ы амнаас нь цус гарчихсан байдалтай “алнаа” гээд орилж байсан. Тэгтэл яг энэ үед О.Б, Ж.Т хоёр Эаас зугтааж араас нь хөөх гэж байхаар нь бид нар болиулсан чинь дахин “алнаа” гээд О.Б-ын Тоёота прадо 150 маркийн 00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа нэг удаа цохихоор нь “хөгшөөн машин тэрэг эвдэллээ болиорой” гэж холдуулаад гэрлийг нь харсан чинь цуураад хагарчихсан байсан ... энэ үйл явдлыг бүгд харсан гэж бодож байна. Замын эсрэг талаас хүртэл О.Б хараад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх 152/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний 32 дугаартай “...00 улсын дугаартай land cruiser prado 150 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын тоормосны гэрлийн баруун доод хэсэг, дохионы гэрлийн баруун дээд хэсгийн гадна, бүрхүүлд ташуу болон хөндлөн байрлалтай үргэлжилсэн 85 x 34 мм хэмжээтэй цуурсан гэмтэл байна ... ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 155-157/ зэрэг нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

Дээрх үйл баримт болсон цаг хугацаанд Орхон аймгийн хэмжээнд хяналтын камер сүлжээ тасарсны улмаас ажиллахгүй байсан нь гэрч Б.П-ийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тухайн үйл баримтыг хяналтын камерын бичлэгээр баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн гэрч Ж.Т, Ц.Б, Н.Т нарыг яллагдагч Х.Э-тай тус тус нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад

гэрч Ж.Т “ ... О.Б-ын машинаа байрлуулсан байсан газрын гэрэл нь машины арыг бол тод харагдуулж байсан. Ямар нэгэн зүйл рүү цохиод хагарч байгаа дуу чимээ сонсогдсон ...” гэж,

гэрч Ц.Б “ ... Юм цохиж байгаа чимээ бол гарч байсан. Миний мэдэж байгаагаар Н.Т байсан, өөр бусдыг нь мэдэхгүй байна. Бухимдсандаа цохисон байх ... “ гэж,

гэрч Н.Т “ ... Б, Ж.Т хоёр замын эсрэг талд гарчихсан байсан. Тэгээд Э ална, тална гээд О.Б-ын машиных нь хойно ирээд арын гэрлийг нь цохисон. Юм цохиж байгаа битүү чимээ бол гарч байсан. Хагарч унасан зүйл бол ойр хавьд нь байхгүй байсан ... Гараараа саваад цохичихсон. Би эмнэлэг явахаас өмнө Бд хандаж чиний машины гэрлийг цохичихсон гэдгийг хэлсэн...” гэж,

гэрч О.С, Ц.Г нарыг хохирогч О.Б-тай тус тус нүүрэлдүүлж мэдүүлэг авахад гэрч О.С “... Бын машины хойд талд ирж ирэхэд дахин маргаан үүсэхэд Б Ж.Т хоёр зам гараад явахаар нь О бид хоёр ямар ч байсан очиход баахан хүмүүс байсан, яг хэн хэн байсанг одоо санахгүй байна, Ц.Г байсан ч байж магадгүй. Э ямар ч байсан машины ард талд үлдсэн. Намайг явахад Э яасанг мэдэхгүй байна, би хараагүй болохоор машины гэрэл цохисонг мэдэхгүй байна... ” гэж,  

гэрч Ц.ГЭнэ яриад байгаа маргаан нь Бын машины яг ард талд зам дээр болсон үйл явдал юм, тэгтэл гэнэт Э нь цохиулчихлаа гэж хэлэхээр нь “юу болсон юм бэ” гээд Э дээр очтол “шүд тагнайтайгаа нийлчихлээ” гээд надад харуулахаар нь “хэн бэ” гэсэн “тэр залуу цохисон” гээд замын эсрэг талд зогсож байсан Быг заахаар нь би Эыг дагуулаад Б дээр явж очиж уулзан бид нар бүгдээрээ эмнэлэг явахаар болсон. Би Эы хамт нэг л удаа зам гарсан, энэ үед Э өөрийн биеэр алхаж явахад ямар нэгэн асуудал байгаагүй, ухамсартай байсан. Э машины гэрэл цохисонг нь би үнэхээр хараагүй, харсан бол харсан гэдгээ хэлнэ, хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэж тус тус мэдүүлсэн байна.

Түүнээс гадна шүүгдэгч Х.Э нь “... би машины ар хэсэгт очиж зогсоогүй, харин араар нь тойрч бол явсан ... , манай найзуудын зүгээс харсан үзсэнээ үнэн зөвөөр мэдүүлэг өгч байгаа, гэтэл намайг гүтгээд байна” гэж мэдүүлсэн боловч тэрээр хохирогч О.Б-ын автомашины хойд талд зогсож байсан нь гэрч Ж.Т, Ц.Б, Н.Т, Ц.Г, Д.О, Г.Г нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

Мөн гэрч Ц.Ганболор “Х.Э зүүн хойд талын гэрлийг цохих үйлдэл гаргаагүй, гараараа амаа дараад шокын байдалтай байсан” гэсэн боловч гэрч Д.Оын “... цохиулсан хойно би араас нь гүйсэн байсан болохоор мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх 137-138/,

гэрч Г.Г-ийн “... Э шүдээ цохиулчихаад ямар ч байсан машины хойд талд зогсож байхдаа О.Б, Т нар луу хандаж ална гээд орилоод байсан, би нөгөө залуучуудтай зууралдаад зогсож байсан болохоор машин цохисон эсэхийг анзаарч хараагүй, энэ үйл явдал хурдан болоод өнгөрсөн ... Эмнэлэг дээр ирээд байж байсан Т, Б нар ярилцахдаа Э машины хойд их гэрэл цохиод хагалсан гээд яриад байсан” гэсэн  /хх 147/ мэдүүлэг хэрэгт авагджээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэн үзвэл шүүгдэгч Х.Э-ыг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэх, мөн эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.

Хэдийгээр дээрх автомашины “цуурсан гэмтлийн гадаргууг хар болон тунгалаг өнгийн хуулга мэт зүйлээр дарж, зах ирмэгийг засварласан, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэзээ үүссэн цуурсан гэмтэл болохыг тогтоох боломжгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгч Х.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, түүнд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч М.Мөнхнаран нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ