| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0118/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Жаран овогт Намхайгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710007310059 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, Б дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан , Жаран овогт Н Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжинд иргэн Б.Нтэй маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэг Н.Б: “...Өмнө нь ярьсан зүйл үнэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед дэлгүүр орж 0,33 литрийн архи аваад гэртээ уучихаад байж байгаад орой 18 цагийн үед тамхи олж татахаар гэрээсээ гарсан юм. Би Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 2-р гудамжны баруун үзүүр дээр буюу засмал замын хажууд явж байхад зүс таних Б, дугуй харын Батболд нар архи уугаад зогсож байхаар нь явж очоод юу байна, нэг тамхилаач гэхэд Б гэх эрэгтэй нь нилээн согтуу байсан ба чи надаас тамхи нэхдэг хэн бэ гээд миний куртикны захаас заамдаад бариад авахаар нь би өөдөөс нь зөрүүлээд заамдсан чинь шууд боогоод мөргөх гэж байснаа гараараа нүүр рүү цохиод газар унагаасан. Тэгснээ дээрээс хөлөөрөө дэвссэн ба үснээс зулгаагаад толгойны дагз хэсгээр газар савж мөргүүлсэн. Би тухайн үед ухаан балартаад босч ирээд больё, уучлаарай гээд эгчийнхээ гэр рүү зугтаж орсон. ...Тухайн үед Б намайг чулуугаар бол цохиогүй, харин босоод ирэхэд газраас чулуу аваад айлгах гээд ална шүү гэж байсан...” /хх-ийн 6-7, 8-9/ гэсэн,
Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Л.Батбаатар, Батаанаа хоёр халамжийн мөнгөө аваад зогсож байхаар нь 0,75 литрийн хоёр шил архи авч уугаад тарцгаасан. Тэгээд намайг “Абу” хүнсний дэлгүүрээс гарч ирэхэд нэг эмэгтэй согтоод суучихсан, хажууд нь нялх хүүхэд тэрэгтэй байсан. Гэтэл Н нилээн согтуу хүүхдийн тэрэг рүү өшиглөөд босооч гээд байхаар нь би очоод чи болиоч гэхэд надруу ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй, чи яахаараа надаас тамхи асуудаг юм бэ гээд заамдалцсан, би Нг баруун гараараа 2-3 удаа цохиж унагаад, дээрээс нь нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №13272 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Н-гийн хамарт шарх, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Н.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 26-34/,
- Шүүгдэгч Н.Б-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/,
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-75/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 76/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжинд иргэн Б.Нтэй маргалдан зодолдож, түүний бие махбодид хамарт шарх, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Нгийн “...Би Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 2-р гудамжны баруун үзүүрт буюу засмал замын хажууд зүс таних Б, дугуй харын Батболд нар архи уугаад зогсож байхаар нь очоод юу байна, нэг тамхилаач гэхэд Б гэх эрэгтэй нь нилээн согтуу байсан, чи надаас тамхи нэхдэг хэн бэ гээд миний куртикны захаар заамдаад бариад авахаар нь би өөдөөс нь зөрүүлээд заамдсан чинь шууд боогоод мөргөх гэж байснаа гараараа нүүр рүү цохиод газар унагаасан, тэгсэнээ дээрээс хөлөөрөө дэвсээд, үснээс зулгаагаад толгойны дагз хэсгээр газар савж мөргүүлсэн. Би тухайн үед ухаан балартаад босч ирээд больё, уучлаарай гээд эгчийнхээ гэр рүү орсон...” /хх-ийн 06-07, 08-09/ гэсэн,
Шүүгдэгч Н.Б-гийн “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед намайг “Абу” хүнсний дэлгүүрээс гарч ирэхэд нэг эмэгтэй согтоод суучихсан, хажууд нь нялх хүүхэд тэрэгтэй байсан. Гэтэл Н нилээн согтуу хүүхдийн тэрэг рүү өшиглөөд босооч гээд байхаар нь би очоод чи болиоч гэхэд надруу ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй, чи яахаараа надаас тамхи асуудаг юм бэ гээд заамдалцсан, би Нг баруун гараараа 2-3 удаа цохиж унагаад, дээрээс нь нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №13272 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Н-гийн хамарт шарх, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-гийн хамарт шарх, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 76/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүхээс Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр дурдсан хөнгөрүүлэн нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасны дагуу түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 01 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дахин үйлдсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй...ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг” тогтооно гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Н.Бд 2017 оны 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал шүүгдэгч Н.Б ялтнаар тооцогдох хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул ялыг нэмж нэгтгэсэн болно.
Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар “танхайрах” гэмт хэргийг “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг болгон өөрчилж, оногдуулах ялын доод хэмжээг 1 жил хорих ял болгож хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл болох бөгөөд Н.Бд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг шинэ хуульд нийцүүлэн 1 жилийн хорих ял болгон тооцож, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу тооцож, хорих ял болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон /хх-ийн 109/ бөгөөд түүний цагдан хоригдсон нийт 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаран овогт Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1710007310059 тоот хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР