2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/шш2025/04874

 

 

 

 

 

 

 

 

 

   2025             06              05                                            192/ШШ2025/04874

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Н*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

*******,*******, 275 – 325 тоот хаягт оршин суух,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 125,860,650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Ж.Баттөрд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Энхцэцэг миний бие өөрийн төрсөн охин болон эгч ээжийн хамт амьдардаг. Би 2017 онд Жаргалсайханы Баттөртэй танилцаж, 2020 оны 04 дугаар сарын 12 нд бидний хүү төрсөн. Бид танилцсан өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарснаасаа илүү тусдаа байсан хугацаа нь их. 2019 онд би жирэмсэн болж нөхөр маань 2020 оны 1 сард БНСУ-руу ажиллахаар явсан ба би өөрийн ээж эгчийн халамжинд хүүгээ төрүүлэн өсгөсөн ба нөхөр маань 2021 оны 05 сард Монголдоо ирсэн. Нөхөртэйгөө танилцсан өдрөөс хойш маргаан, үл ойлголцол их байсан ба энэ нь даамжирсаар улам бүр хоёр биенээ ойлгохоо больж байнгын хэрүүл маргаантай байх болсон. Бид 2021 оны 07 сарын 30-ны өдөр гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж, түүнээс хойш хүүгээ бодоод эвтэй байхыг хичээсэн ч нэгэнт хоёр биенээ гэхээ больсон болохоор 2021 оны 8 сараас 2022 оны 1 сар хүртэл тусдаа амьдарч, цаашид ийм байдалтай амьдралаа үргэлжлүүлэхийг хүсээгүй тул 2021 оны 11 сард эвлэрүүлэн зуучлахад өргөдлөө өгч, улмаар хоёр удаа уулзалт хийсэн. Бид ярилцлагын дараа ахин нэг удаа хүүгийнхээ төлөө хичээгээд амьдрах гэсэн боловч эр, эм хоёр нэгэнт хайр сэтгэл хүндлэлгүй болсон цагт байдал дээрдэхгүй гэдгийг ойлгоод 2022 оны 5 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Би өөрөө элэгний архаг Б, Д гепатиттай, 40 насанд хүүхэд төрүүлж өсгөх нь амаргүй, үүний хажуугаар хэрүүл, маргаан стресст өртөх нь миний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Хамгийн гол нь ид өсөж хүмүүжиж буй өсвөр насны охин болон бяцхан хүүгээ энэ хэрүүл маргаантай хүйтэн хөндий уур амьсгал дунд өсгөн хүмүүжүүлэхийг хүсэхгүй байгаа тул нөхөртэйгөө ярилцаж, хоёр талаасаа элдэв маргаангүйгээр баталгаагаа салгуулж, цаашид хүүхдүүдээ эрүүл саруул эрдэм боловсролтой өсгөх тал дээр эцэг эхийн үүргээ ухамсарлан хоорондоо холбоотой нэг нэгэндээ хар буруу санаж үзэн ядах сэтгэлгүйгээр салахыг зөвшөөрч, 2022 оны 08 сарын 16 ны өдөр эвлэрүүлэн зуучлахаар орон цаашид хамтран амьдрах боломжгүй хэмээн гарын үсэг зурцгаасан. Иймд миний бид гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүү ийг би өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Бид хамтдаа босгосон эд хөрөнгө байхгүй тул эд хөрөнгийн ямар ч маргаангүй болно” гэжээ.

 

Хариуцагч Ж.Баттөр хариу тайлбартаа: “1. Би 2017 онд танилцаж 2018 оноос хамт амьдарч эхэлсэн. Би гэр оронтой болж, тусдаа гарч амьдрах зорилгоор 2018 оноос хойш БНСУ-д очиж ажиллаж, аль цалинтай ажлыг өглөөнөөс орой болтол хийж зүтгэж сард 2-3 удаа 1 - 3 сая төгрөгийг Д.Энхцэцэгийн Хаан банкны дугаарын дансанд шилжүүлдэг байсан. 2. Ингэж 2018-2022 он хүртэл Д.Энхцэцэгт шилжүүлсэн мөнгөн дүн нь 125,170,650 /нэг зуун хорин таван сая нэг зуун далан мянга зургаан зуун тавин/ төгрөг 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. 3. Миний шилжүүлсэн мөнгөөр Сүхбаатар дүүргийн*******нд байрлах 7 дугаар хорооллын 221 дүгээр байрны 201 тоотын 44,3м/кв 2 өрөө орон сууцыг 2018 оны дундуур авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ 2021 оны 06 дугаар сарын 22-нд гарсан. Уг байрыг худалдан авах гэрээ нь намайг Солонгост ажиллаж байх үед хийгдсэн байсан тул эхнэр Д.Энхцэцэг өөрийн нэр дээрээ байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэрээр гаргаж авсан. Одоо энэ байрандаа амьдардаггүй. Сард 850,000 төгрөгөөр түрээслүүлж, мөнгийг нь Д.Энхцэцэг хувьдаа авч ашигладаг. 4. Мөн БНСУ-д ажиллаж байх үед 2019 оны 09 дүгээр сард Хан Уул дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэрийн 2 гудамж ХД 74 дүгээр  байр 3 тоот хаягт байрлалтай 153.5мкв-тай 4 өрөө байрыг Д.Энхцэцэг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулснаа надад өгч би хороон дээр очиж хаягын бүртгэл хийлгэж байсан. Гэтэл уг өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн эгч Энхтуяагийн Жаргалын нэр дээр болгож дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 11 дүгээр сарын 18-нд авсаныг эвлэрүүлэн зуучлахын үед олж мэдсэн. 5. Би дээрх 2 орон сууцуудыг авах нөхцөлийг бүрдүүлж, БНСУ-аас мөнгө төгрөr явуулж байсан. Сүүлийн байрыг авах үед эхнэр маань жирэмсэний болон амаржсаны чөлөөтэй ажил төрөл хийдэггүй байсан. 6. БНСУ-д байхад мессеж чат илгээж авах байрныхаа зургийг явуулж надтай зөвшилцөж гэрийн тавилгуудыг авах мөнгийг надаас авч байсан. 7. Гэтэл Ковид-19 цар тахалын үед БНСУ руу явж чадахгүй болсоноос хойш зан харьцаа нь эрс өөрчлөгдөж БНСУ руу хурдан яв, мөнгө олооч гэж уурлах болсон. 8. Сүүлийн орон сууцыг худалдаг авахдаа 2 машины дулаан зогсоолыг худалдан авч, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо үйлдвэрийн 2 гудамж ХД 82 дугаар байр зоорийн давхарт 7 тоот 18 м/кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн V-2206010835 дугаарт бүртгүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Энхцэцэг нэр дээрээ гаргуулан авсан. 9. Дээрх авто зогсоолтой 1 өдөр авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ төрсөн эгч Э.Жаргалын нэр дээр шилжүүлсэн нь надад дундын эд хөрөнгө байхгүй болгоx зорилгоор санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд дундын эд хөрөнгийн талаар маргаантай байгаа тул орон сууцнуудаас өөрт оногдох хувиа гаргуулан авна. Хоёр: Д.Энхцэцэгт унуулахаар машин сольж авч өгсөөр одоо приус 30 маркийн 26-04 УАВ улсын дугаартай машин болгон өгснөөс өөрт оногдох хувиа гаргуулж авна. Мөн би Итали Брэнд содон тавилгын дэлгүүрээс зочны өрөөний ком тавилга, гал зуухны ком тавилга, зурагт, хөргөгч, угаалгын машин, гэр ахуйн хэрэгсэл зэрэгт 50 гаруй сая төгрөг зарж авсан. Би үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлнэ гэж хүч хөдөлмөрөө зарцуулан бие хайрлахгүй ажиллаж цуглуулсан бүх мөнгө төгрөгөө амьдрал ахуйдаа зарцуулсан тул нэхэмжлэлдээ эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг зөвшөөрөхгүй. Гурав: Би нэг удаа муухай хараагүй, хэрэлдэж маргалдаж байгаагүй атал, угааж байсан хувцсыг гаргаад шалан дээр хаячихдаг, хувцас боогоод үүдэнд тавьчихдаг зэргээр гэртээ байж суух аргагүй болгодог учраас 2022 оны 6 дугаар сарын 1- нээс хойш 3 сар тустай амьдарч байна.  Дөрөв: Д.Энхцэцэгийн ээж, эгч хоёр нь 2021 оны 9 дүгээр сард өөрсдийн орон сууцаа зарчихсан гээд манайд ирснээс хойш амьдрал эрс өөрчлөгдөж эхнэр болон эгч нь байнга намайг яв гэж хөөх болсон болохоос би болж бүтэхгүй зан чанар огт гаргаж байгаагүй. Намайг ажил хийгээд цалингаа эхнэртээ өгөхөд "Иш чааваас" гэж голоод уурладаг байсан. Чиний эмчийн цалингаар амьдарч чадахгүй Солонгос явж мөнгө хий гэж уурладаг учраас салах шалтгаан үүссэн гэж үзэж байна. Иймд гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна, хүүдээ тэтгэмж өгнө.” гэжээ.

 

Хариуцагч Ж.Баттөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “700,000,000-800,000,000 /долоон зуугаас найман зуун сая/ төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, үүнээс гадна тоот үл хөдлөхийн дугаартай Хан-Уул дүүргийн 15-р хороо,  Үйлдвэр 2, хд- 82 дугаар байр зоорийн давхар 07 тоот байрлалтай гарааш, орон сууцны тавилгад надаас 50-60 сая /тавиас жаран сая/ төгрөг, БНСУ-д байхдаа авч өгсөн 26-04 УАВ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин зэргийг оруулж тооцоход 900,000,000-аад төгрөгийг бий болгоход хүч хөдөлмөр «хөлсөө дуслуулж олсон” бүх мөнгө зарцуулсан. Намайг БНСУ-руу гэрээгээр явж мөнгө төгрөг олсонгүй гэдэг шалтгаанаар 2022 оны 06 дугаар сарын 01-нд гэрээсээ зөвхөн өмсөх хувцсыг минь өгөөд хөөж гаргасан удаатай. Би ганц удаа хэрүүл маргаан үүсгэж үзээгүй. Ковид-19 цар тахлын үед БНСУ-д 1 жил 5 сар болоод ирсэн боловч эргэж явах боломжгүй байсан нь намайг хөөх шалтгаан болсон. Иймд миний бие зөвхөн Хаан банкны дансаар 2017 оны 05 сараас 2022 оны 05 сарын 13 хүртэлх хугацаанд Д.Энхцэцэгийн Хаан банкин дахь тоот данс руу шилжүүлсэн 125,860,650 төгрөг (Нэг зуун хорин таван сая найман зуун жаран мянга зургаан зуун тавин) төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

 Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа 125,860,650 төгрөгт миний машины мөнгө болон нөхөр надаас авсан мөнгөө буцаан шилжүүлж байсан мөнгө ч багтсан байхад уг мөнгийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал: 1. 33-60 УНЛ улсын дугаартай toyota vanguard маркийн машиныг миний ээж нь 2016 оны 5 дугаар сарын 27-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,  821-8 тоот байрны төлбөрт оруулж, уг машиныг авч надад бэлэглэсэн болно. Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 33-60 УНЛ улсын дугаартай toyota vanguard маркийн машиныг Ц.Саруултай худалдах худалдан авах гэрээ хийж, 19,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. /2016.05.27-ны өдрийн toyota vanguard маркийн машиныг шилжин орж ирсэн анхны баримт, 2018.09.27-ны өдрийн Машин худалдах, худалдан авах гэрээг хавсаргав/. Уг төлбөрийн мөнгийг нөхрийн данс руу шилжүүлсэн болно. Нөхрөөс буцааж 17,000,000 төгрөгийг миний данс руу хайртай шүү гээд буцаан хийж байсан. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нөхөр ажилд хэрэглэнэ гээд авч байсан болно. Миний бие хамтран амьдрах дээрх хугацаанд өөрийн дугаартай Хаан банкны данснаас нөхөр болох Ж.Баттөрийн хаан банкны тоот дансруу 29,425,000 төгрөгийг шилжүүлсэн болно. /Дансны хуулга товч тайлбарын хамт хавсаргав./ Эндээс үзэхэд нийт 46,425,000 төгрөгийг нөхөр рүү шилжүүлсэн байна. Уг мөнгөнд машин зарахдаа авч үлдсэн 2,000,000 төгрөг ороогүй болно. Оруулан тооцвол нийт 48,425,000 шилжүүлсэн байна. Нөхрийн надруу шилжүүлсэн үнийн дүн болох 125,860,650 төгрөгөөс миний бие нөхөрлүүгээ шилжүүлсэн 48,425,000 төгрөгийг хасаж тооцвол 78,435,650 төгрөг болж байна. Уг мөнгө бол 5 жилийн хугацаанд 4 ам бүлийн хэрэглээнд зарцуулагдсан. 2. Y-2206009966 дугаартай Хан-Уул дүүрэг,  1 дүгээр хороо, үйлдвэр-2 гудамж хд-74 байр 3 тоот хаягт байрлах 153.5 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай орон сууц болон дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо үйлдвэр-2 гудамж хл 82 байрны зоорийн давхар 7 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын хувьд миний ээж болох нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хаан банкны тоот данс руу 15,212,000 төгрөг шилжүүлж, орон сууцыг худалдан авах нөхцөлийг бий болгосон. Улмаар 2020.01.17-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр 94-14 дугаартай Toyota harrier маркийн машиныг 23,000,000 төгрөгт тооцож байр болон гараашийн урьдчилгаанд шилжүүлсэн. /Уг машиныг 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн №18/68 дугаартай Орон сууц Худалдах худалдан авах гэрээний төлбөрт миний ээж болох нь авч, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр миний нэр лүү худалдан авагчаас шууд шилжиж ирсэн./ Миний ээж нь өөрийн эзэмшлийн газрыг худалдан борлуулж урьдчилгаанд авсан 182,702,881 төгрөгөөс 2020.01.24-ны өдөр 143,600,000 төгрөг, мөн 36,400,000 төгрөгийг дээрх байрны урьдчилгаанд төлснөөр өөрийн нэр дээр байгуулсан гэрээгээ миний нэр лүү шинээр гэрээ байгуулж шилжүүлснээр 2020.01.24-ны өдөр миний нэр дээр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг "Энхбаяраас Энхцэцэгтэй" байгуулсан болно. Орон сууцны үнэ 210 сая, гараашны үнэ 18 сая төгрөг болно. Үлдэгдэл 5,000, 000 төгрөг болон 2,000,000 төгрөгийг нь миний ээжид өгөх ёстой газрын төлбөрийн үлдэгдэл мөнгийг миний данс руу шилжүүлж би уг мөнгийг Ц.Энхбаяр луу шилжүүлсэн болно. Дээрх баримтуудаар орон сууцны үнэ 210 сая, гараашны үнэ 15 сая төгрөг нийт 225 сая төгрөгийн төлбөрийг бүгдийг нь миний ээж төлсөн болохыг баримтаар баталгаажуулан өглөө. Миний бие Д.Энхцэцэг нь уг орон сууц болон гараашд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно. Уг орон сууц болон гарааш нь гэрлэлт бүртгүүлэхээс өмнө бий болсон хөрөнгө болохоос гадна бүх төлбөрийг ээж төлсөн учраас уг орон сууцанд нөхрийн зүгээс нэг ч төгрөг төлөгдөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хөрөнгө болно. Нэгэнт ээж бүх төлбөрийг бүгдийг төлсөн учир уг орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр миний төрсөн эгч болох бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн буцаан өгсөн болно. Y-2203044002 дугаартай, Сүхбаатар дүүрэг,*******, 7 дугаар хороолол 14181/, алтайн гудамж, 221 байр 201 тоотод байршилтай, 11.3 м.кв талбайтай. 2 өрөө орон сууцны хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Уг орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №17/02 дугаартай Орон захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Монтел Констракшитай миний бие байгуулсан. Нөхөр Ж.Баттөртэй танилцаагүй байсан. Уг орон сууцын үнэ 55,080,000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 1. 2016-2017 онд өөрийн дансанд хуримтлуулж ирсэн 33,500,000 төгрөг мөн 10,564,000 төгрөг нийт 44,064,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болно. Монтел Констракшн компаний захирлын тоот дансанд тушаасан болно. 2. Үлдэгдэл төлбөрийг 2017.05.05-ны өдөр 3,000,000 төгрөгийг ээж гийн 5079080036 тоот данснаас, 3. 2017.05.25-ны өдөр 1,000,000 төгрөгийг манай ажил болох Лана бридж байгууллагын цалин буусан өдөр өөрийн тоот данснаас 4. 2017.06.13-ны өдөр 2,000,000 төгрөгийг ээж гийн 5079080036 тоот данснаас 5. 2017.07.03-ны өдөр 1,000,000 төгрөгийг ээж гийн 5079080036 тоот данснаас, 6. 2017.07.26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг нийт манай ажил болох Ланд бридж байгууллагын цалин буусан өдөр өөрийн тоот данснаас тус тус төлж барагдуулсан болно. Дээрх 2 орон сууц болон гарааш нь гэрлэлт бүртгүүлэхээс өмнө бий болсон хөрөнгө болохоос гадна нөхрийн зүгээс нэг ч төгрөг төлөгдөөгүйг бүх баримтаар батлагдаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Энхцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын 2022.08.23-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт, Мэндсаруул өрхийн эрүүл мэндийн төвийн 2022.08.19-ний өдрийн тодорхойлолт, Капитрон банкны баримт, ий төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022.08.16-ны өдрийн 00370 дугаартай Эвлэрлүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, 2022.11.09-ны өдрийн 300 дугаартай итгэмжлэл, А.Баатарболдын гаргасан хүсэлтийн хуулбар, 2018.09.07-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтийн хуулбар, Хаан банк ХК-ийн дансны хуулга, тооцооллын хүснэгт, 2020.01.24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХК дахь гийн депозит дансны хуулга, 2018.08.31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2018.09.01-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2020.01.17-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Хаан банк ХК дахь Д.Энхцэцэгийн депозит дансны хуулга, Ц.Цогтсайханы тодорхойлолт, Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга, 2021.11.17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000932143 дугаартай гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000773306 дугаартай гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, 2017.04.28-ны өдрийн 1702 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Монтед байрны төлбөр төлсөн талаар тооцооллын хүснэгт, Голомт банк ХК дахьгийн дансны хуулга, Хаан банк ХК дахь Д.Энхцэцэгийн депозит дансны хуулга зэргийг баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагчаас Ж.Баттөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тооцооллын хүснэгт, Хаан банк ХК дахь Ж.Баттөрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эмнэлгийн магадлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тооцооллын хүснэгт, солонгос хэл дээрх баримт, 2025.06.04-ны өдрийн 0504 дугаартай итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

           

            Шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/00603 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023.02.01-ний өдрийн 6/1036 дугаар албан бичгийг, Авто тээврийн үндэсний төвөөс 2023.10.05-ны өдрийн №44 дугаартай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2023.09.21-ны өдрийн 1166 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2023.09.22-ны өдрийн 4857 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвөөс 2023.11.28-ны өдрийн 218 дугаартай лавлагаа зэрэг баримтыг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 183/ШЗ2024/03597 дугаартай захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс 2024.09.11-ны өдрийн №09/02 дугаартай албан бичиг, хавсралт 6 хуудас баримт гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Ж.Баттөрд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

3. Хариуцагч Ж.Баттөр нь 2017 оны 05 сараас 2022 оны 05 сарын 13 хүртэлх хугацаанд шилжүүлсэн 125,860,650 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг” нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг болон хариуцагч Ж.Баттөр нар гэр бүл болсныг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон байна.(хавтаст хэргийн 10 дахь тал)

4.2. Гэрлэгчдийн дундаас 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 8 дахь  тал)

 

4.3. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр-2 гудамж, хд-82 байр 7 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 239 дэх тал)

 

4.4. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206009966 дугаартай, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 гудамж, хд-74 байр 3 тоот хаягт байршилтай 153.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэх гэрээгээр Э.Жаргалын өмчлөлд шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 139, 239 дэх тал)

 

4.5. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203044002 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14181/ алтайн гудамж 221 байр 201 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 140 дэх тал)

 

4.6. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (хавтаст хэргийн 11 дахь тал)

 

4.7. Зохигчид тусдаа амьдарч, хүү нь эх хамт байгаа болон гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй.

 

Харин хариуцагч нь хамтын амьдралттай байх хугацаанд шилжүүлсэн 125,860,650 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухайд зохигчид маргаантай.

 

5. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

6. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг, хариуцагч Ж.Баттөр нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй, сүүлийн 3 жил тусдаа амьдарч байгаа,  талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Энхцэцэг болон Ж.Баттөр нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

7. Гэрлэгчдийн хүүхэд болох нь эх хамт амьдарч байгаа, эхийн асрамжид үлдээхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү ийг эх Д.Энхцэцэгийн  асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг Ж.Баттөр нь хүү тэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Д.Энхцэцэгт даалгах нь зүйтэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Баттөрөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

10. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1. “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 129 дүгээр зүйлийн 129.1. “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно”, 129.1.1. “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал” гэж тус тус заасан.

 

Зохигчид 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон байх тул Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр-2 гудамж, хд-82 байр 7 тоот хаягт байршилтай18 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 гудамж, хд-74 байр 3 тоот хаягт байршилтай 153.5 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206009966 дугаартай  4 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14181/ алтайн гудамж 221 байр 201 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203044002 дугаартай орон сууц нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Энхцэцэгийн хуваарьт хөрөнгө байна.

 

Хариуцагч Ж.Баттөр нь гэр бүлийн дундын эд хөрөнгө бий болгоход зарцуулагдсан, 2017 оны 05 сараас 2022 оны 05 сарын 13 хүртэлх хугацаанд 125,860,650 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь “125,860,650 төгрөгт миний машины мөнгө болон нөхөр надаас авсан мөнгөө буцаан шилжүүлж байсан мөнгө ч багтсан, уг мөнгө бол 5 жилийн хугацаанд 4 ам бүлийн хэрэглээнд зарцуулагдсан мөнгө, Орон сууц болон гараашд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй” гэх татгалзал нь үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Хариуцагч Ж.Баттөр нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн эзэмшлийн тоот дансанд 2017 оны 5 сараас 2022 оны 5 дугаар сарын 13-ныг хүртэл хугацаанд “хайртай шүү”, “хянамгай бай”, “Баярын мэнд хайраа”, “Батаа ахаас”, “хайр”, “р”, “о”, “охинд”, “ээжид цагаан сар”, “Баярлалаа хайраа”, “хайртай шүү охинд сургалт”, “хүүгээ санаж байна шүү”, “ээжид шүү бэбэ”, “хайртай”, “хоолоо ид айн”, “сайхан амраад ав хайр”, “амжилт хайр” гэх гүйлгээний утгатайгаар нийт 105 удаагийн гүйлгээгээр нийт 125,860,650 төгрөгийг шилжүүлсэн байх ба уг мөнгийг орон сууц, авто зогсоол худалдан авах зориулалтаар шилжүүлээгүй, бэлэглэл, тэжээн тэтгэх үүргийнхээ хүрээнд шилжүүлсэн, хувийн хэрэгцээнд зориулан шилжүүлсэн байх тул хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн зүйлийн 129.1 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Баттөрийн гаргасан, нэхэмжлэгч Д.Энхцэцэгээс 125,860,650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэлийн шаардлага хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,254 төгрөгийг улсын орлогод үлдээх  нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Замбатив овогт Даваажаргалын Энхцэцэг болон Агданбуу овогт Жаргалсайханы Баттөр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү ийг эх Д.Энхцэцэгийн  асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Баттөрөөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 129.1 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Баттөрийн гаргасан 125,860,650 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Ж.Баттөр нь хүү тэй  уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Д.Энхцэцэгт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР