| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0292/Э |
| Дугаар | 301 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 301
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Б.Уранцэцэг,
хохирогч ................,
шүүгдэгч ................. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
........................ дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................овгийн .............................. холбогдох эрүүгийн ......................... дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч,энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ................... овгийн ...................Монгон Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 01-нд ................ аймгийн .................... суманд төрсөн,эмэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт ................ аймгийн ..................сумын ... дүгээр баг, ................ байнга оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ................... дүгээр гудамжны .... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй /РД: ...................... /.
Холбогдсон хэргий нталаар /Яллахдүгнэлтээр/:
Шүүгдэгч ................. нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ................... дүүргийн ... дугаар хороо, ................. байрны ... тоотод төрсөн охин ....................тай маргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХНЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууды гшинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
1.Шүүгдэгч...........................................: Мэдүүлэг гаргахгүй гэв.
2.Хохирогч ........................ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт хамаатны эгч ирээд намайг янз бүрээр доромжлоод, бас ээж намайг гуйлгачин гэж дуудаж зурагтны удирдлага авч шидэж, миний фудволкыг урсан, би тэр өдөр их тэссэн. Би урьд нь аавын нэр дээр зээл аваад машин авсан байсан. Энэ зээлийг би цалингийн зээл авч талыг нь дарж, 1,700,000 төгрөгийн зээл үлдсэн байсан. Зээлийг төлж дуусах хугацаа 2018 оны 3 дугаар сард дуусах байсан боловч ээж наана нь надаас 1,700,000 төгрөгийг нэхээд байсан.
2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нөхөр ээлжийн ажилдаа явсан байсан. Тухайн өдөр ээжийг уурлаад байхаар нь хоёр хүүхдээ аваад найзындаа очиж хоносон. Тэгээд нөхөртөө “1,700,000 төгрөгийг нь олоод өгөхгүй бол хэрүүл шуугиан намжихгүй юм шиг байна, би хоёр өдөр тэслээ” гэж хэлсэн. Маргааш нь манай нөхөр намайг найзын гэрээс ирж аваад бид хоёр 1,700,000 төгрөг аавын данс руу хийгээд, аав руу утасдаж“ данс руу чинь 1,700,000 төгрөг хийсэн, одоо хэрүүл хийхгүйгээр та хоёр одоо зүгээр манай гэрээс яваад өгөөрэй” гэж хэлсэн. Аав миний урдаас юу ч хэлээгүй утсаа тасалсан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед гэртээ очсон. Би гэртээ ороод эхлээд хэрүүл хийгээгүй, бага хүүхдийнхээ хувцсыг нь тайлж байхад, манай том хүүхэд том өрөөнд хувцсаа тайлж байхдаа “эмээ та одоо болтол яваагүй байгаа юм уу, манай гэрт юу хийж байгаа юм” гээд хэлчихсэн чинь ээж “та хоёр гаднаас хүүхэддээ үг зааж өгөөд орж ирсэн үү” гээд уурлаж “миний дүүгийн байшинд амьдарч байсан түрээсний мөнгөө өг, та хоёр 1,700,000 төгрөг өгөөд болчихно гэж бодож байна уу, яривал та хоёрт өшөө өөр өр төлбөр байгаа, 7000 төгрөгөөр зарах гэж байсан өвсийг та хоёроос болж зүгээр өгсөн” гээд хэрүүл хийсэн. Би “тэр хүн чинь надаас байрныхаа түрээсийн мөнгийг нэхээд байгаа бол утасдаад ав гэж хэл, одоо надад өгөх мөнгө байхгүй, бага багаар нь өгье” гэж хэлнэ гээд гар утсаа автал ээж утас руу цохиж аваад, шууд миний чих рүү алгадаад үсдээд авсан, хоолой боож цамц урсан. Тэгээд аав ирээд бид хоёрыг салгасан. Би ээжийгээ зүгээр байхад нь цагдаад өгөөгүй. Гэрт нэг хүн үглээд хэрүүл маргаан гаргаад байхаар их хэцүү байдаг. Би өмнө нь их тэссэн болохоор энэ маргааныг таслах гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд аав, ээж хоёрыг “та хоёр одоо энэ айлаас явахгүй бол энэ айлын хэрүүл маргаан тасрахгүй юм байна. Одоо та хоёр яв” гэсэн чинь аав тэгий, тэгий бид хоёр одоо явлаа гэсэн. Ээж би хүргэнээрээ хүргүүлнэ гэсэн чинь цагдаа “та хүүхдээ зодчихоод нөхрөөр нь хүргүүлнэ гэж хэлэхдээ ичихгүй байна уу, та өөрөө арга эвээ олоод одоо хувцсаа аваад яв” гэсэн чинь ээж би гомдолтой, энэ хүүхэн өөрөө өөрийгөө зодсон, би цагдаад гомдол өгнө гээд энэ хэрэг шүүх рүү хүртэл ирсэн. Би цагдаад дуудлага өгсний дараа намайг гомдлоо бичиж өг гэсэн. Би тухайн үед бие өвдөөд байсан болохоор цагдаагийн ажилтнаас өргөдөл бичиж өгөхийг гуйсан. Тэгээд цагдаа өргөдөл бичиж өгсөн. Тэр өргөдөл дээр зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Энэ хэргийн улмаас би чихний зураг 110,000 төгрөгөөр авахуулсан. 15 хоног ажлаа хийгээгүй. Чихний хэнгэрэг нөхөлт хийлгэсэн. Энэ нь тогтохгүй бол хагалгаа хийнэ гэсэн. Гэхдээ хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0082 40270 дугаартай хэргээс:
1.Хохирогч ...................ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “... ...................... дүүргийн ... дугаар хороо .......................байрны ... тоотод оршин суух гэртээ 2018 оны 1 дүгээр сарын 21-ний амралтын өдөр 2 хүүхдийнхээ хамт байж байтал ээж ............... надаас өрөө нэхээд уурлаад байсан. Би удахгүй өгнө гэж хэлээд хоёр хүүхдээ аваад айлд очиж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим нөхөр мөнгө олоод ирэхээр нь бид хоёр “.......” банк орж ээж .....................гийн данс руу мөнгө шилжүүлчихээд аавтай утсаар ярьж “мөнгийг чинь шилжүүлчихлээ, одоо өр ширгүй боллоо хэрүүл уруул хийлгүй яваад өгөөчээ” гэж утсаар ярьсан. Тэгээд 16 цагийн орчим нөхөр хоёр хүүхдээ дагуулаад гэртээ иртэл аав, ээж яваагүй манай гэрт байсан. Би юм ярилгүй шууд жижиг өрөөнд ороод хоёр хүүхдийнхээ хувцасыг тайлж байх үед манай том охин ...................“эмээ та одоо хүртэл манайхаас яваагүй байгаа юмуу яваач” гээд хэлчихсэн. Тэгтэл ээж ...............өрөөнд орж ирээд над руу уурлаж “чи үр хүүхэддээ ийм юм зааж өглөө” гээд уурлаж загнаад “энэ өрөө өгөөд болчихно гэж бодоо юу та хоёр надад төлж баршгүй өртэйгээ мэдэж байна уу”, “та хоёрын нодлин жилийн амьдарч байсан миний дүүгийн байшингийн мөнгийг би төлсөн. Тухайн үед би 70 ширхэг боодол өвсийг та хоёроос болж зүгээр өгч байсан. Тэгээгүй бол нэг ширхэгийг нь 7,000 төгрөгөөр бодоод зарсан бол 490,000 төгрөг болох байсан, одоо тэр мөнгөө өг” гэж нэхсэн. Тэгэхээр нь би “та өвснийхөө учрыг өөрөө ол, би байшингийнхаа түрээсийг нэхэж байгаа хүн лүү утасдаж байгаад увуулж цувуулаад өгчинө” гэж хэлээд байшингийн эзэн рүү залгатал ээж .................миний үснээс зулгааж байгаад цохисон. Тэр үед аав ................... салгасан. Тэгээд би цагдаа дуудсан. Тухайн үед бүгдээрээ эрүүл байсан. Ээж хөдөө .........аймгийн ................... суманд амьдардаг. Хөдөөнөөс ирээд манай гэрт 2 сар орчим болж байгаа юм.Нөхөр бид хоёр манай аавын нэр дээр банкнаас мөнгө зээлж аваад машин авчихсан байсан. Тэгээд тэр мөнгөө төлөөд 1,7 сая орчим төгрөг үлдчихсэн байсан. Тэр мөнгөө нэхсэнээс болж хэрүүл маргаан үүссэн. Анх удаа ийм асуудал болж байна. Тухайн болсон асуудлыг манай аав......................, нөхөр ..........................нар харсан. Миний биед учирсан гэмтлийг төрсөн эх ..................... намайг цохиж алгадаж, үсдэж, самардаж учруулсан. Надад ямар нэгэн баримт байхгүй. Нэхэмжилэх зүйл, гомдол санал байхгүй, ээж дахиж манай гэрт ирж хэрүүл хийхгүй байхад болно....” гэх мэдүүлэг [1],
-түүний 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн “... ...............өөрөө эхэлж миний нүүр лүү нулимаад байхаар нь би зөрүүлээд 2-3 удаа нулимсан. ...” гэх мэдүүлэг [2],
2.Гэрч .........................гийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “... ..............миний төрсөн бага охин ба, хотод амьдардаг юм. Эхнэр ....................бид хоёр хотод 2017 оны 10 дугаар сард эмчилгээнд ирээд охин .................ын гэрт нь түр байсан юм. Эхнэр .................. бид хоёр охин ...............т машин авахад нь тусалж 6,500,000 төгрөгийн зээл авч өгсөн байсан. 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ....................... бид хоёр хүргэн лүүгээ залгаад та хоёр хаана явна гэж асуутал бид хоёр гадуур ажилтай явж байна ингэсгээд очино гэсэн. Тэгээд удалгүй охин .................над руу залгаад ааваа бид хоёр эхний ээлжинд 1.700.000 төгрөг хийлээ шүү, хэний нэр дээр хийх бэ гэж асуухаар нь ээжийнхээ данс руу хийчихээ гэж хэлсэн. Тэгээд удалгүй хүргэн охин хоёр гэртээ ирсэн. Би эцэг хүний хувиар сургаалын үг хэлсэн. Тэгтэл охин ээжийнхээ урдаас хэг ёг гээд байхаар нь би “чи ээжийнхээ урдаас хэг ёг хийлээ” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр ....................“чи өвчтэй аавынхаа үгийг сонсохгүй байна” гэсэн. Тэгтэл .................ээж .................г үүд рүүгээ чирээд “гар” гэж хэлэхээр нь би болиулсан. Тэгээд ................ ээжийнхээ нүүр рүү нулимхаар нь би “чи ээж рүүгээ нулимлаа, одоо үед гудамжинд хүртэл шүлсээ хаядаг хүн байхгүй болсон” гэж хэлсэн. Тэр үед эхнэр.................., охин .....................ыг нэг алгадсан....” гэх мэдүүлэг [3]
3.Гэрч .............................нымөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Эхнэр бид хоёр хадам ээж, аавтай мөнгөний асуудлаас болж маргаантай байсан тул бид хоёр өглөө нь хүнээс мөнгө зээлээд хадам ээжийн дансанд хийчихээд, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оройхон гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд юм яриагүй. Тэгтэл манай охин эмээ өвөө хоёрыгоо “та хоёр одоо хүртэл манай гэрээс яваагүй байгаа юм уу, юу хийгээд явахгүй байгаа юм” гэж хэлтэл хадам ээж .................. уурлаж “та хоёр хүүхэддээ ийм юм зааж өгч гаднаас орж ирлээ” гэж хэлээд хашгирч “та хоёр 1,700,000 төгрөг өгчихөөд болно гэж бодож байна уу, нодлин жил та хоёр манай дүүгийн байшинд өвөлжсөний түрээсийн мөнгөө өг, тухайн үед би та хоёрын өмнөөс 490,000 төгрөгний боодолтой өвс үнэгүй өгсөн” гэж хэлэхэд нь манай эхнэр тэр байшингийн эзэн рүү утсаар залгах гэтэл хадам ээж ..........................., .....................ын гар луу цохиж утсыг нь унагаасан. Тэр үед “манай охин та хоёр манай гэрээс явахгүй юу хийж байгаа юм бэ” гэж хэлтэл ...................уурлаж ....................ыг шууд алгадаж нүүрнээс нь базаж, үснээс нь зулгаасан. Тэр үед би очоод салгасан..Өмнө мөнгөнөөс болж хэрүүл маргаан болдог байсан, гэхдээ зодоон цохион болж байгаагүй................. өөрөө эхэлж нулимсан тул ................ зөрүүлээд ганц хоёр удаа .................лүү нулимсан. ...” гэх мэдүүлэг [4],
4......................... гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Манай нөхөр .....................гийн бие нь муу эмнэлэгт үзүүлж харуулахаар ........................хотод 2017 оны 10 дугаар сарын дунуур ирсэн. Өөрийн төрсөн охин ...........................ын гэрт нь буюу ......................дүүргийн ... дугаар хороо ..............................байрны ... тоотод түр байх хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр .................нь гаднаас нөхөртэйгээ орж ирэхээр нь манай нөхөр ......................тэр хоёрт хандаж бид хоёр танай гэрт ирээд 3 сар боллоо, одоо та хоёр өөрсдөө хүүхдээ хар, удахгүй цагаан сар болох гэж байна бид хоёр нутагтаа очиж сар шинэ гэртээ гаргамаар байна гэж хэлсэн. Би тэр үед гал тогоонд нь хоол цай хийгээд байж байтал манай охин .................. аавынхаа урдаас та “дуугай бай, олон юм яриад бай” гэж хэлсэн. Би ........................т хандаж “чи бие муутай эцгийнхээ урдаас ингэж хэлж болдог юм уу” гэж хэлтэл ....................... шууд утсаар залгаад цагдаад дуудлага өгье гээд гэрийнхээ хаягийг хэлээд, энэ хоёр хүнийг манайхаас гаргаад өгөөч гэж ярихаар нь “чи юу яриад байгаа юм бэ, юун цагдаа шүүх болоод байгаа юм бэ” гэж хэлтэл .................... шууд гэрийнхээ хаалгыг онгойлгоод “намайг гар” гэж чирсэн. Тэр үед .................. боль гэж гарыг нь тавиулсан.Тэгтэл .................... миний нүүр лүү хоёр удаа нулимсан тул би “чи яаж байгаа юм бэ, хүн гудамжинд хүртэл шүлсээ хаядаггүй юм” гэж хэлээд нэг удаа алгадсан. Мөн нүүрийг нь самардсан. Тэгээд цагдаа ороод ирсэн 2016 онд ...............т машин авахад зориулж нөхөр бид хоёр 6,500,000 төгрөгийн зээл авч өгсөн байсан.Тэр мөнгийг нөхөр бид хоёр өөрсдөө төлж байгаа. ............... цөөхөн удаа төлж байсан нь дансны хуулган дээрээс харагдаж байгаа. Өмнө бид хоёрын дунд ямар нэгэн асуудал болж байгаагүй. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтойгоо эвлэрч учир байдлаа ойлголцсон болохоор прокурорт хүсэлтээ гаргаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бодолтой байна. ...” гэх мэдүүлэг [5],
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1811 тоот шинжилгээний дүгнэлтийн:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацрын хажуу хэсэгт нилэнхүйдээ 0.1х2см-с 0.5х6см хүртэл хэмжээтэй олон тооны босоо зэрэгцээ улаан хүрэн гүн зулгаралттай, зүүн нүдний гадна хажуу дээд хэсэгт 0.1х2см улаан хүрэн зулгаралттай, зүүн чихний доод хэсэгт 0.5х1.5см, 0.2х1см, 0.5х1см, ар доод хэсэгт 0.2х1.5см, 0.2х1см улаан хүрэн гүн зулгаралттай, хүзүүний ар дунд хэсэгт 0.5х8см улаан хүрэн хөндлөн зулгаралттай, баруун хацрын урд ба хажуу хэсэгт 0.3х3см, 0.4х1.5см, 0.2х2см, 0.1х2.5см, 0.1х1см, 0.1х0.9см, цээжний дээд дунд хэсэгт 1х5см, 0.2х1см, 0.5х3см, 0.5х2.5см, 0.2х2см, 0.5х2см улаан хүрэн цус хуралт, зулгаралттай.
2018 оны 1 дүгээр сарын 24-ний Улсын Нэгдсэн Төв Эмнэлгийн толгой, хөхлөг сэртэнгийн КТГ-д: гавал ясанд гэмтэлгүй, эдэд голомтот өөрчлөлтгүй, тархилаг эд хавантай, ховдлууд хэвийн, гол бүрдэл хазайлтгүй, хамар, ухархай ясанд гэмтэлгүй, дайвар хөндийнүүдэд агууламжгүй, 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн, ясанд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, дотор чих, дунд чихний байрлал хэвийн, эмгэг агууламжгүй, шинжээч эмч С.Чулуунсүх, 2018.01.25 гэжээ.
Амбулаторийн картаас: 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр УНТЭ-ийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт: онош: баруун чихний хэнгэрэг хальсны цооролт гэжээ.
Дүгнэлт:
1. .................. ын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний гадна хажуу ба зүүн чихний доод хэсэг, хүзүүний зулгаралтууд, баруун хацар, цээжний цус хуралт, зулгаралт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З,5,6-д Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
7.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8.Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй гэмтэл болно.
9.Цаашидгэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /шинжээч Б.Ундармаа/...” гэсэн дүгнэлт [6],
6. Аюулын зэргийн үнэлгээ [7], .................гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [8], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [9], Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[10], эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа[11], ..............гийн ........ банкинд эзэмшдэг дансны хуулгын хуулбар (2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр орлогын утга........., ..................аас .........................зээл хаав гээд 1,700,000 төгрөг шилжүүлсэн тухай лавлагаа, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар дансны үлдэгдэл 622,959.36 төгрөг)[12], .......................ийн эзэмшилд 7966 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тухай лавлагаа[13], .....................гийн хүсэлт (хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай)[14] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд хохирогч ..................аас “би ээжийгээ шалгуулах гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, мөн би өөрийн гараар бичгээр гомдол гаргаж өгөөгүй” гэж мэдүүлсэн боловч нөгөө талаас хэргийн 6 дугаар талд авагдсан 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон,........................ дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргах нь гэх баримтыг “би бие өвдөөд цагдаагийн ажилтныг гуйж бичүүлсэн, гэхдээ би гарын үсэг зураагүй”, цагдаагийн ажилтан ................... гэж гарын үсэг зурсан байна, гэхдээ миний хүсэл зоригийн дагуу бичсэн юм гэж мэдүүлсэн.
Түүнчлэн хэргийн 5 дугаар талд авагдсан 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолсон “зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гомдол, мэдээллийг хүлээн авсан” тухай тэмдэглэл гэсэн баримтын гомдол, мэдээлэл гаргасан гэсэн хэсэгт зурсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна гэж хохирогч ................ мэдүүлсэн ба уг баримтад “.................гэсэн утаснаас ....................регистртэй, ......................аас “...төрсөн ээж .................. намайг зодчихлоо...” гэсэн гомдол гаргасан, тэмдэглэл үйлдсэн Өргөдөл гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно, 2 дахь хэсэгт “Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна.”гэж заасан байна.
Иймд дээр дурдсан баримтаас дүгнэвэл хохирогч ..................... анх холбооны хэрэгсэл ашиглаж гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гомдол гаргасан байх ба энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, нөгөө талаар өөрийн хүсэл зоригийг илэрхийлж цагдаагийн ажилтнаар өргөдөл бичүүлсэн гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн ба талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
................... дүүргийн прокурорын газраас ..............д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулж тус тус ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч .....................нь хохирогч ...............................тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Гэм буруугийн талаар.
1.Шүүгдэгч ...................... нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр .........................дүүргийн ... дугаар хороо, .................байрны ... тоотод “ өр төлбөрөө төл, гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар өөрийн төрсөн охин ...................тай маргалдаж, түүний биед гараараа цохиж, биед нь тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний гадна хажуу ба зүүн чихний доод хэсэг, хүзүүний зулгаралтууд, баруун хацар, цээжний цус хуралт, зулгаралт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч .......................ын мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн“...2018 оны 1 дүгээр сарын 21-ний амралтын өдөр ...ээж ................надаас өрөө нэхээд уурлаад байсан. ...2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим нөхөр мөнгө олоод ... ......... банк орж ээж ..................ийн данс руу мөнгө шилжүүлж, ...өр ширгүй боллоо хэрүүл уруул хийлгүй яваад өгөөчээ” гэж утсаар ярьсан. ...16 цагийн орчим нөхөр 2 хүүхдээ дагуулаад гэртээ иртэл аав, ээж хоёр яваагүй манай гэрт байсан. ...том охин ....................”эмээ та одоо хүртэл манайхаас яваагүй байгаа юмуу яваач” гээд хэлчихсэн. ....ээж ................өрөөнд орж ирээд “чи үр хүүхэддээ ийм юм зааж өглөө” гээд уурлаж загнаж, энэ өрөө өгөөд болчихно гэж бодоо юу та хоёр надад төлж баршгүй өртэйгээ мэдэж байна уу” гээд ...миний үснээс зулгааж байгаад цохисон. ...” гэх мэдүүлэг [15], хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
-гэрч .......................гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “.... 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ...охин .............над руу залгаад ааваа бид хоёр эхний ээлжинд 1.700.000 төгрөг хийлээ шүү, хэний нэр дээр хийх бэ гэж асуухаар нь ээжийнхээ данс руу хийчихээ гэж хэлсэн. Тэгээд...хүргэн охин хоёр гэртээ ирээд, охин ээжийнхээ урдаас хэг ёг гээд байсан. ...Тэгээд ................. ээж ..................гээ үүд рүүгээ чирээд гар гэж хэлэхээр нь би болиулсан. ... ....................... ээжийнхээ нүүр лүү нулимхаар нь би “чи ээж лүүгээ нулимлаа одоо үед гудамжинд хүртэл шүлсээ хаядаг хүн байхгүй болсон” гэж хэлсэн. Тэр үед эхнэр ................охин .........................ыг нэг алгадсан. ...” гэх мэдүүлэг [16],
-гэрч .........................ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Эхнэр ....................бид хоёр хадам ээж, аав хоёртой мөнгөний асуудлаас маргаантай байсан тул хүнээс мөнгө зээлээд хадам ээжийн дансанд хийчихээд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оройхон гэртээ ирсэн. ...манай “охин эмээ өвөө хоёрыгоо та хоёр одоо хүртэл манай гэрээс яваагүй байгаа юм уу, юу хийгээд явахгүй байгаа юм” гэж хэлтэл хадам ээж .................... уурлаж “та хоёр хүүхэддээ ийм юм зааж өгч гаднаас орж ирлээ” гэж хэлээд хашгирч “та хоёр 1,700,000 төгрөг өгчихөөд болно гэж бодож байна уу... гэж хэлээд ыг гар луу нь цохиж утсыг нь унагаасан. Тэр үед “манай охин та хоёр манай гэрээс явахгүй юу хийж байгаа юм бэ” гэж хэлтэл.................. уурлаж .................ыг шууд алагдаж нүүрийг базаж үснээс нь зулгаасан....” гэх мэдүүлэг [17],
-................ гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ...манай охин .................... аавынхаа урдаас та “дуугай бай олон юм яриад бай” гэж хэлэхээр нь би ......................т хандаж “чи бие муутай эцгийнхээ урдаас ингэж хэлж болдог юм уу” гэж хэлсэн. ................ шууд утсаар залгаад цагдаад дуудлага өгье гээд гэрийнхээ хаягийг хэлээд, энэ хоёр хүнийг манайхаас гаргаад өгөөч гэж ярьсан. ...“чи юу яриад байгаа юм бэ юун цагдаа шүүх болоод байгаа юм бэ” гэхэд .....................шууд гэрийнхээ хаалгыг онгойлгоод “намайг гар” гэж чирсэн. ... ............... миний нүүр лүү 2 удаа нулимсан тул би чи яаж байгаа юм бэ, хүн гудамжинд хүртэл шүлсээ хаядаггүй юм гэж хэлээд нэг удаа алгадсан. Мөн нүүрийг нь самардсан....” гэх мэдүүлэг [18],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1811 тоот дүгнэлт [19], Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл [20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч ................... нь шүүгдэгч .................гийн төрсөн охин нь байх ба шүүгдэгч нь ................ аймагт оршин суудаг боловч түр хугацаагаар охин ....................ын гэрт ирж амьдарч байсан байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч ................. өөрийн эцгийн нэр дээр зээл авахуулсан, тус зээлийн өр төлбөрийн асуудлаас болж эцэг эхтэйгээ хэрүүл маргаан үүсч, улмаар тэдний хооронд таарамжгүй харилцаа бий болсон байна. Нөгөө талаас уламжлал, зан заншлын нэгэн хэсэг болох эцэг эх, үр хүүхдээ хүндлэх, хүндэтгэх ёсыг зөрчсөн, ёс суртахууны дутагдал зэрэг нөлөөлсөн байна.
Мөн хохирогч ..................нь төрсөн эх ...........................г чирч гэрийн хаалгаа онгойлгон гар гэж гэрээсээ хөөх, нулимах зэрэг зүй бус ажиллагаа гаргасан, мөн шүүгдэгч, хохирогч нарын хэн алиных нь уур бухимдлаас болж гэмт хэрэг гарчээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шүүгдэгч ...........................нь гэм буруугийн талаар маргаагүй.
2 . ...................... дүүргийн прокурорын газраас шүүгдэгч...................г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д зааснаар тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, мөн төрүүлсэн хүүхэд, эцэг, эхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж тодорхойлсон ба мөн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, бие махбодод халдах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Хохирогч ............................., шүүгдэгч .....................нар нь төрсөн эх, охин болох нь хэрэгт цугларсан баримтаар, шүүгдэгч .................. төрсөн охин хохирогч ...................ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж, үйлдсэн бол тус зүйл, хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч .................... ньтөрсөн охин ..................ыг зодож, санаатай хөнгөн хохирол учруулсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч .....................ын бие махбодид хөнгөн хохирол учирсан байх боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос“нэхэмжлэх зүйлгүй” гэжмэдүүлсэнтул хохирогч нэхэмжлэх зүйлгүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч нь шүүгдэгч .................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, торгуулыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч ................ эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй.
Шүүхээс шүүгдэгч ................д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ...................... нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээанх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын шатанд ................... нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын санал болгосон 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцаж, гарын үсгээ зурсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч ................... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүйг болон ............................дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч .........................д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан, торгуулыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Нямсүрэнгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .......................овгийн ...........................г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......................г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар .......................нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Нямсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Мөнхбаяр нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ...................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолддавж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ....................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1]Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.
[2]хавтаст хэргийн 14 дүгээр тал.
[3]хавтаст хэргийн 15 дугаар тал.
[4]Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[5]хавтаст хэргийн 26 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[7]хавтаст хэргийн 44-45 дугаар тал.
[8]Хавтаст хэргийн 29 дугаар тал.
[9]Хавтаст хэргийн 30дугаар тал.
[10]Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[11]Хавтаст хэргийн 33 дугаар тал.
[12]Хавтаст хэргийн 37-40 дүгээр тал.
[13]хавтаст хэргийн 36 дугаар тал.
[14]Хавтаст хэргийн 48 дугаар тал.
[15]хавтаст хэргийн 12- 14 дүгээр тал.
[16]хавтаст хэргийн 15 дугаар тал.
[17]Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[18]хавтаст хэргийн 26 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[20]хавтаст хэргийн 5 дугаар тал.