Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/58

 

 

 

 

 

 

 

 

  2024      09          18                                          2024/ДШМ/58

 

 

                                              Э.Эт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Н.Дүүрэнжаргал

Яллагдагч                                                   Э.Э

Яллагдагчийн өмгөөлөгч                          Н.Мөнхнаран

Хохирогч                                                       Э.И

            Нарийн бичгийн дарга                             Б.Золжаргал нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Э.Э-т холбогдох 2425000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг “Эрдэнэт” их дэлгүүрийн хажуугийн зам дээр шалтгаангүйгээр хохирогч Э.И-гийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь гурван шүдний булгарал, дөрвөн шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

             Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн яллагдагч Э.Эт холбогдох эрүүгийн 2425000000262 дугаартай хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцгийг хэргийн хамт буцаан хүргүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дүүрэнжаргал шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-д зааснаар эсэргүүцэл бичиж байна. Шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

1. Хохирогч Э.И-тэй хамт явж байсан гэх гэрч Д.Н, Б.У нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. 

Гэрч Д.Н ... 6-5 дугаар байрны тэнд цагаан куртиктэй бор царайтай ахад цохиулаад байж байсан тэгээд У бид 2 юу боловоо гээд гүйгээд очсон гэж, гэрч Б.У ... 6-5 дугаар байрны хойд талын замаар “Эрдэнэт” их дэлгүүр тал руугаа гарах гэж байгаа нэг цайвар куртиктэй залуу И-г цохичхоод шууд зам хөндлөн гараад зугтчихсан гэж мэдүүлсэн ба илтэд зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, гэрч нар өөрийн харсан үзсэн зүйлээ, өөр өөрсдийнхөө оюун бодолдоо сэргээн дүрсэлж мэдүүлсэн мэдүүлсэн байх ба агуулгын хувьд нэг зүйлийн талаар мэдүүлсэн болох нь тодорхой байна. Дээрх 2 гэрчийн мэдүүлгийг үг үсэггүй ижил бичигдэж, мэдүүлсэн байхыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. 

2. Прокурор хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн дүрс бичлэг бүхий сидины бичлэгийг дахин шалгаж үзсэн ба 1 дискт 3 бичлэг хуулагдсан байх ба шүүгчийн захирамжид дурдагдсан бичлэг байгааг шүүх анзаарч үзэлгүйгээр шүүхэд ирүүлэхээр даалгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 

3. Хохирогч Э.И “Эрдэнэт” их дэлгүүрийн гадаа бусдад зодуулж байгаа нь тогтоогдож байхад гэж шүүх урьдчилсан байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 7.2 дугаар зүйлд заасан гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. 

Хохирогч Э.И ... гомдол гаргахгүй байгаа шалтгааныг нь тодруулаагүй гэсэн  байх ба хохирогч Э.И ... хэсэг бүлэг залуусаар цохиулсан боловч миний шүдийг унатал цохиж зодоогүй, ... би нэг залуутай зууралдаж байтал тэр залуу миний 2 хацар болон дух толгойн хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон харин миний ам, уруул, шүд рүү бол огт цохиогүй гэж тодорхой мэдүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр ... 3 шүдний булгарал, 4 шүдний гэмтэл тогтоогдож энэ нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх талаар тодорхой тусгагдсан байх ба хохирогч өөрт учирсан гэмтэл, учруулсан хүнд холбогдуулан гомдол гаргасныг буруутгах үндэслэлгүй байна. 

Яллагдагч Э.Э-ын мөрдөгчид гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг түүний эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Мөрдөгч хүсэлтийг хүлээн аваад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж буй шийдвэрийг оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан ба мөрдөгчийн шийдвэрт гомдол гаргах эрх нь нээлттэй байхад яллагдагч өөрөө гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйг эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэхгүй. Оролцогчийг эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарлах гэх ойлголт нь хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэхгүй байх, хуульд тусгагдаагүй ямар нэгэн хязгаарлалт тогтоох тухай ойлголтыг хамааруулан ойлгоно. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан ... эх сурвалжаа зааж чадаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй ... эгч чинь ажлаа хийж байгаа юу гэх жишээний юм ярьж байсныг нь би санаад байна гэх яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9, 11, 14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. 

Мөн шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн мэтээр шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 480 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Э.Э тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран тайлбартаа: “...Хохирогчид учирсан хохирлыг хэн учруулсан болохыг шалгах шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.И тайлбартаа: “...Би гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.        

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Э.Э-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг “Эрдэнэт” их дэлгүүрийн хажуугийн зам дээр шалтгаангүйгээр хохирогч Э.И-гийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь гурван шүдний булгарал, дөрвөн шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцэж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн мэтээр шийдвэр гаргасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг зөрчиж хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргасан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан.

Шүүгч тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудын агуулга, тухайн хэрэгт хэр зэрэг ач холбогдолтой болох харилцан хамаарлын байдал, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж байгаа ач холбогдол зэргийг үнэлж дүгнэхгүйгээр нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна гэж хийсвэр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаажээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11.д “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй...” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжиндаа нотлох баримтанд урьдчилан дүгнэлт хийж гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогчийн гомдол гаргахгүй байгаа шалтгааныг тодруулах, хуурцагт “Эрдэнэт” их дэлгүүрийн гадаа зодолдож байгаа нь нотлогдож байна гэх зэргээр яллагдагчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. 

Иймд шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлт нь хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Яллагдагч Э.Э-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

4. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА