| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2025/00095/И |
| Дугаар | 191/ШШ2025/00886 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00886
2025 01 30 191/ШШ2025/00886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг, дүгээр хороо, , , тоотод байрлах, Хэ-ний ли ХХК /РД:/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ал Ха овогт Пү-ийн За /РД:....../-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Хэ-ний ли ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.За-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн П.За нь манай компанитай 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр БЗГ/2022-34044 барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,409,910 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч П.За нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple Iphone 13 Pro Max Sierra Blue загварын 256GB гар утсыг Пи Си Мо ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
П.За нь БЗГ/2022-34044 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 8,197,022.15 төгрөг төлөх байснаас 746,300 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 7,450,722.15 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 896 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн У хот, С дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2023/18581 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
П.За-г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, тэрээр зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч П.За-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
2.2 Барьцаат зээлийн гэрээ /хх-6-7/
2.3 Зээлдэгчийн мэдээлэл, Нэхэмжлэл, мэдэгдлэл /хх-9-15/
2.4 Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-16/
2.5 С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2023/18581 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-17/
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/03027 дугаар захирамжаар П.За-гийн оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Хэ-ний ли ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.За-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хэ-ний ли ХХК, П.За нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба П.За энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Хэ-ний ли ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Хэ-ний ли ХХК нь П.За-гийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ал Ха овогт Пү-ийн За /РД:....../ нь С дүүрэг, дугаар хороо, Б дугаар гудамж, тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2023/18581 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Хэ-ний ли ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.За-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг С дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч Хэ-ний ли ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Хэ-ний ли ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ал Ха овогт Пү-ийн За /РД:....../-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.За-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг С дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Хэ-ний ли ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.За-г хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мө, Х.Ху, Ч.Оч /....../ нарт мэдэгдэхийг С дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ