Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

 

 

2024       09         18                                           2024/ДШМ/59

 

 

С.Б-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                       С.Б

Нарийн бичгийн дарга                               П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор С.Б-ад холбогдох 2425000000279 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Б нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Овоотын 00 тоотод оршин суух Д.А-гийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Г.С-ыг согтуурсан байдлыг далимдуулан Айфоне-13 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.070.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-ад энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнө тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон нийт 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оноосон бөгөөд өмнөх ял шийтгэл болох 1 жилийн тэнсэн харгалзах ялыг нэгтгэн, 1 жил 6 сараар нээлттэй хорих ангид ял шийтгэлийг эдлүүлэхээр тогтсон билээ. Миний бие ам бүл 3 бөгөөд нагац ах өндөр настан одоо 68 настай, охин 7 дугаар анги 12 настай, надаас өөр харж хандах ойрын хүн үгүй учир ар гэрийн маань нөхцөл байдлыг харж үзэн ял шийтгэлээс минь хөнгөрүүлж, мөн өмнөх ял шийтгэл болох 1 жилийн тэнсэх ялаас минь цагдан хоригдсон 19 хоног болон гадуур бүртгүүлж эдэлсэн 2 сарын ял шийтгэлийг нийт ялаас хасаж тооцож өгнө үү ...” гэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б тайлбартаа: “... давж заалдах болсон шалтгаан нь би ах, охин хоёртойгоо өрх толгойлж амьдардаг. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хоёрдугаарт миний 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялаас хасуулах хүсэлтэй байгаа. Мөн 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд гадуур шалгагдсан. Эдгээр хоногуудыг эдлэх ялаас минь хасаж өгнө үү...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Батбаатар дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Овоотын 00 тоотод оршин суух Д.А-гийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Г.С-ыг согтуурсан байдлыг далимдуулан Айфоне-13 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.070.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан болох нь

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.С-ы өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Дэнжийн Норжоо дэлгүүрийн урд явж байгаад нэг залуутай танилцаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 16 дугаар гудманд нэг монгол гэртээ айлд очсон. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би хэсэг хэвтэж байх үед миний Айфоне-13 промакс загварын гар утсаар Бадрах гэх залуу дуу сонсож байсан юм. Тэгээд хэсэг унтаад сэрээд харсан чинь нөгөө Бадрах гэх залуу байхгүй миний гар утас байхгүй аваад гараад явсан гэж надад хэлсэн ... ” гэх мэдүүлэг /хх 9-10/,

түүний дахин өгсөн “... Тэр эрэгтэй намайг унтаж байхад миний Айфоне-13 маркийн гар утсыг хулгайлж авч явсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гар утсаа хүлээж авсан. Гар утсаа аваад шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байна лээ. Ийм учраас надад цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх 12/,

гэрч Э.М-ийн “... 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн хажууд Шанд руу анд таксинд суух гэж зогсож байсан чинь танил Бадрах гэх залуу таарсан. Тэгээд такси байхгүй байхаар нь Согоот баг Пирамид худалдааны төвийн урд талд ирсэн чинь Бадрах Айфоне-13 промакс загварын гар утас 50.000 төгрөгөөр авах уу гэж хэлсэн юм. Тэгээд цуг явж байсан залуу нь олсон гэж ярьж байсан юм. Тэгээд би дансаар шилжүүлэх гэсэн чинь данс байхгүй гэхээр нь АТМ орж 50.000 төгрөг авч Б-д бэлэн өгсөн юм. Бадрах манай нөхөртэй багын найзууд болохоор таньдаг юм ...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

гэрч Д.Агийн “... 2022 оноос хойш Бадрах гэж залуу самарт явах гэж анх танилцаж байсан юм. Тэрнээс хойш манай гэрээр орж гардаг болсон ... Бадрах 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэг танихгүй урт үстэй залуутай ирж манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нөгөө танихгүй залууг тасраад унтсан чинь гар утсыг нь аваад манай гэрээс гараад явсан, нөгөө залуу нь сэрээд миний гар утсаар цагдаа дуудсан юм ...” гэх мэдүүлэг  /хх 19/,

Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай ... Айфоне 13 промакс загварын гар утас 2.070.000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх 29-33/,

яллагдагч С.Б-ын “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр танихгүй согтуу залуутай хамт Агийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 16 дугаар гудамж руу очсон. Тэгээд би А-гийн гэрт байхдаа танихгүй залуугийн гар утсан дээр дуу сонсож байгаад унтаад өгөхөөр нь утсыг нь авч гарсан. Тэгээд Согоот баг Пирамид төвийн гадаа таньдаг хүнтэйгээ таарч 50,000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /хх 43/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч С.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

            Мөн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ын үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч С.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... ар гэрийн маань нөхцөл байдлыг харж үзэн ял шийтгэлээс минь хөнгөрүүлж, мөн өмнөх ял шийтгэл болох 1 жилийн тэнсэх ялаас минь цагдан хоригдсон 19 хоног болон гадуур бүртгүүлж эдэлсэн 2 сарын ял шийтгэлийг нийт ялаас хасаж тооцож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх ба анхан шатны шүүх албадлагын арга хэмжээ авагдсан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин шүүгдэгч С.Б нь эрүүгийн 2225001060100 дугаартай хэрэгт 19 хоног цагдан хоригдсон талаар уг шийтгэх тогтоолын 5 дахь заалтад /хх 67/ дурьдсан байх ба шүүх энэхүү шийтгэх тогтоолын 2 дахь заалт буюу тэнсэж, албадлагын хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, түүнд хорих ял оногдуулсан тул тухайн хэрэгт цагдан хоригдсон 19 хоногийн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Б-ын давж заалдах гомдолд дурьдсан “1 жилийн тэнсэх ялаас цагдан хоригдсон 19 хоногийг хасаж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 заалтын “...8 /найм/ хоногийг...” гэснийг “...27 /хорин долоо/ хоногийг...” гэж өөрчлөлт оруулж, харин түүний давж заалдах гомдлын бусад хэсэг болох “...гадуур бүртгүүлсэн 2 сарыг хасаж тооцно уу” гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ буюу шүүхэд бүртгүүлсэн хугацаа нь шүүхээс оногдуулсан ялаас хасаж тооцогддоггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “...8 /найм/ хоногийг...” гэснийг “...27 /хорин долоо/ хоногийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Бын давж заалдах гомдлын “...1 жилийн тэнсэх ялаас цагдан хоригдсон 19 хоногийг хасаж өгнө үү... ” гэсэн хэсгийг хүлээн авч, “...гадуур бүртгүүлсэн 2 сарыг хасаж тооцно уу” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ