| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00687/И |
| Дугаар | 307/ШШ2025/01542 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 307/ШШ2025/01542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/00684/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******** хороо, ******** гудамж, ******** байр, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас *********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ********* хороолол, ******** байр, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, 82,500,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Гэрээний 236,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баатар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*******, ******** нар нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ******** дугаартай гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** баг, ******* гудамж, ******** тоот хаягт байрлалтай нэгж талбарын ********* дугаартай, 461 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 200,000,000 төгрөгөөр, 0556 дугаартай гэрээгэр тухайн газар дээр байрлах бүртгэлийн ******** дугаартай 158 мкв талбайтай авто засварын зориулалттай объектыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн гэж тусгасан.
Тухай өдрөө буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр *******гийн ХААН банкны ******** дугаартай данснаас ********ын ХААН банкны ********* дугаартай дансанд 60,000,000 төгрөгийг, ******** нь татвар төлөх мөнгөгүй гэсэн тул 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 21,850,000 төгрөгийн үнэ бүхий 180 ширхэг авто машины дугуйг 20,000,000 төгрөгөнд тооцон ********д өгсөн.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөх үлдэгдэл 237,500,000 төгрөгийг дээрх газрын болон авто засварын зориулалттай объектын эрхийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дээр нэр өүрэн шилжүүлмэгц өгөхөөр тохирсон байсан.
Ингээд 2 хоногийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явж байгаагаа ********д эхлээд дуут шуудангаар /мессенжер войс/ мэдэгдэж, дараа нь цаг агаарын хүнд нөхцөл үүсч Баянчандмань орчимд зам хаасны улмаас цааш явах боломжгүй тул эндээсээ буцлаа, цаг агаарын нөхцөл хэвийн болмогц очьё гэж видео дуудлагаар хэлэхэд тухайн нөхцөлд үүссэн байгулийн давагдашгүй хүчин зүйл, цаг агаарын аюултай нөхцөл байдлыг ******** нь үл тоомсорлож дургүйцлээ илэрхийлж, хараалын үг хэрэглэн зүй бусаар харьцсан. Ингэхдээ ******** нь гэрээ цуцлах саналыг анх гаргаж, гэрээний төлбөрт авсан дээрх дүн бүхий төлбөрийг буцааж шилжүүлэх тухай мэдэгдэж дансны дугаараа илгээхийг шаардсан.
********ын гэрээнээ татгалзаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч дансны дугаараа даруй илгээсэн боловч төлбөрийг буцаан шилжүүлээгүй.
Түүнээс хойш гэрээний татгалзатай холбоотойгоор заавал шүүхээр шийдвэрлэлгүй, авасан өгснөө буцаах тухай удаа дараа ярилцаж, харилцсан боловч үр дүнд хүрээгүй.
*******гийн хувьд ч ********ын гаргасан илт дээрэнгүй зүй бус харьцааны улмаас болон ******** гэрээнээс татгалзаж буйгаа анхлан мэдэгдсэнээр цаашид энэ гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй, итгэл үнэмшилгүй болсон.
Иймд 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай ********, 0556 дугаар гэрээнүүдээс татгалзаж, өгсөн 82,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа:
...Анх фейбүүк дээрх граш түрээслэнэ гэх зарын дагуу Приус центр авто засварын газар ажиллуулдаг гэх *******гийн туслахтай чатаар холбогдоод 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн грашаа үзүүлж, 350 сая төгрөгөөс доош буулгаж 320 сая төгрөгөөс 20 сая төгрөгт нь 180 ширхэг автомашины дугуй, үлдэгдэл 300 сая төгрөгийг өөрийн ХААН банкны дансанд авахаар тохиролцсон.
...Ингээд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээ /Өмчлөлийн газар/, 0556 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээг тус тус байгуулж нотариатаар баталгаажуулсан бөгөөд тухайн өдрөө би худалдаж буй эд хөрнөгөө хүлээлгэн өгч түлхүүрийг нь гардуулсан. Энэ өдөр татварын шимтгэлд 2.5 сая төгрөг, урьдчилгаа төлбөр 60 сая төгрөгийг авч 20 сая төгрөгт тооцсон 180ш дгуйгаа Улаанбаатар хотын Амгалан салбараас нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр очиж авсан.
Ийнхүү гэрээгээ баталгаажуулсаны дараа 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр газрын кадастр зураг гаргаад *******тай ярьтал цасаах шуураад зам муу байна цаашаагаа явж болохооргүй болчихлоо би Баянчандманиас буцлаа чи өөрөө улсын бүртгэл рүү очоод нэрээ шилжүүлчих гэсэн. Ингээд би улсын бүртгэл дээр очиход худалдан авч буй тал заавал өөрийн биеэр байж хурууны хээгээ уншуулж баталгаажуулдаг, эсхүл та итгэмжлэл аваад нэрээ шилжүүлэх боломжтой гэдэг хариуг өгсөн. Тэгээд улсын бүртгэлийн газраас гарч ирээд *******тай яриад би ганцаараа бол шилжүүлж болохгүй юм байна, та нэг туслахдаа итгэмжлэл хийгээд маргааш нашаа явуулчих, эсхүл энэд байгаа хүнд итгэмжлэл хийж өгөөд нэр усаа шилжүүлээд дуусгая гэхэд тэрээр маргаашдаа бол худлаа зам муу байгаа болохоор нэг мөр дараа долоо хоногтоо больё гэсэн. Ингээд ахиад төлбөр мөнгө 7 хоног хүлээгдэх болчихоод миний дараа дараагийн ажил амжихгүй болох гээд байсан тул би газрын кадастрын нэр тань дээр шилжчихсэн болохоор та газрын үлдэгдэл төлбөрөө шилжүүлээд газрын төлбөр тооцоогоо дуусгая гэхэд ******* нь үгүй нэг мөсөн үл хөдлөхийн гэрчилгээ шилжүүлсэний дараа төлбөр тооцоогоо дуусгана гэж хэлсэн. Тухайн үед орын хоногтоо миний худалдсан хөрөнгөний төлбөр надад ороод ирнэ гэж тооцон дараа дараагийн ажлаа төлөвлөсөн байсан тул та гэрээний үүргээ биелүүлээд төлбөрөө төлчихөөчдээ миний дараагийн ажил бүтэхгүй болчих гээд байна гээд бидний дунд үл ойлголцол үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэгвэл наймаа буцъя гээд урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхсэн. Уг нь автозам буу бол вагоноор зорчих, Дарханд байгаа хүнд итгэмжлэл хийж өгөх, эсхүл цасан шуурга зогссон үед зорчих гэх мэт олон арга байсан ч нэхэмжлэгчийн үгээс би дараа 7 хоногоос очно, намайг хүлээгээд байж бай гэсэн илт бүдүүлэг, дээрэнгүй хандлага гаргасан.
Би үл хөдлөх хөрөнгөө зарахын тулд засварын газарт байсан дугуй эд зүйлээ шилжүүлж зөөх, зөөсөн дугуйгаа борлуулах контэйнэр, сав худалдан авах бусад бараагаа хэт хямд үнээр борлуулах, анх авсан үнээ буулган буцаах гэх мэтээр үл хөдлөх хөрөнгөө суллах бүхий л арга хэмжээг авсан. Үүн дээр нэмээд БНХАУ-аас 2 машин өргөгч лифт, дугуй, бусад бараа эд зүйлс захиалан дараагийн төлөвлөсөн үйл ажиллагаа хэрэгжүүлээд эхэлчихсэн. Мөн үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөх үед хашаанд байсан агуулахыг маань хэрэггүй хэмээн үзээд нураачихсан атлаа гэнэт л бидний хооронд үүссэн үл ойлголцлоос шалтгаалж наймаагаа буцаая гэж урьдчилгаа төлбөрөө үндэслэлгүйгээр шаардаж эхэлсэн. Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд миний худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийг гэрээ байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, газрын нэр худалдан авагч шилжсэний дараа төлбөрийг төлнө гэсэн заалт огт байхгүй. Гэсэн хэдий ч би хариуцагчийн боломж бололцоог харгалзан төлбөр төлөх хугацааг хойшлуулан хүлээж байсан боловч хариуцагчийн зүгээс гэрээнд тусгагдаагүй нөхцлийг надад тулгасан. Үл хөдлөх хөрөнгийн нэр шилжихэд ч дан ганц хариуцагчийн зүгээс шалтгаалсан асуудал бөгөөд би өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийж гүйцэтгэсэн, гэрчилгээ гаргуулахад зөвхөн тэр хүн хурууны хээгээ дарахад л хангалттай байсан боловч гагцхүү хариуцагч нь ирж амжихгүйгээс болж миний дараачийн төлөвлөсөн ажил удааширч, би алдагдал хүлээх гээд байсан тул арга буюу гэрээний үүргээ биелүүлээч гэж шаардсан. Би тухайн авто засвараа нээн ажиллуулахын тулд 5 жил БНСУ-д гэрээгээ ажиллан мөнгө хурааж, өөрийн орон сууцаа зарж борлуулан байж нээсэн. Гэтэл худалдан авч байна гэж хүчин төгөлдөр гэрээ байгуулчихаад одоо болохоор болилоо гээд намайг граш ч үгүй, дараагийн бизнес ч үгүй болгож нэг ёсондоо миний 10 жил хөлсөө дуслуулж бий болгосон эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хохироож байна.
Үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа гэрээний хувьд гэрээг бичгээр байгуулах нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д шаардсан ба энэ хэлбэрийн шаардлагыг талууд зөрчөөгүй, тухайлбал гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн.
Худалдан-худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд гэрээнд зааснаар худалдаж буй үл хөдлөх хөрөнгө, газрын үнийг гэрээ байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, газрын нэр худалдан авагч талд шилжүүлсний дараа төлбөрийг төлнө гэсэн заалт огт байхгүй тул хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсаныг буруутгах боломжгүй.
Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний талууд үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй тул хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгө, газрыг шилжүүлэн өгсөн учир нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагчаас хүлээн авсан үл хөдлөх хөрөнгийн түлхүүр, холбогдох баримтыг хариуцгчид хүлээлгэн өгөөгүй байна.
Худалдан авагч талын гэрээгээр тохиролцсон үүргээ зохих хугацаандаа гүйцэтгээгүйгээс шалтгаалан худалдагч тал гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг шаардсанаас үүдэн үүссэн үл ойлголцсоныг худалдагч тал гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв ийнхүү татгалзсан бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу яваглаагүй гэрээний татгалзал нь хүчин төгөлдөр бус байна. Дээрх байдлаар үүссэн ялимгүй бухимдлыг хариуцагчийн үнэн санаанаасаа гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчээс шаалтгаалсан үүргээ зохих ёсоор, заасан хугацаанд нь гүйцэтгээгүй үйлдэлд хариуцагчийн ялимгүй бухимдсан үйлдэл нь гэрээнээс татгалзах санал биш байх бөгөөд нэхэжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :
...Худалдан авч байна гэж хүчин төгөлдөр гэрээ байгуулчихаад одоо болохоор болилоо гээд намайг граш ч үгүй, дараагийн бизнес ч үгүй болгож нэг ёсондоо миний 10 жил хөлсөө дуслуулж бий болгосон эд хөрөнгийг үнэгүйдүүлж намайг хохироож байна.
Иймд нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 236,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:
...Гэрээ байгуулахтай холбоотой зардал, цаг хугацаа, хүч хөрөнгө зарцуулаад явж байхад ********ын гаргасан илт дээрэнгүй зүй бус харьцааны улмаас мөн ******** гэрээнээс татгалзаж буйгаа анхлан, удаа дараа мэдэгдсэнээр *******гийн хувьд цаашид энэ гэрээг үргэжлүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч *******гийн хувьд үр дүнгүй хөрөнгө зарцуулагдаж хохирсон. Хариуцагч ******** нь өөрөө гэрээнээс эхэлж татгалзсан. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ********ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Зохигч талуудын хооронд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай ******** дугаар, ******** дугаар гэрээнүүдийг бичгээр байгуусан бөгөөд ******** дугаартай гэрээгээр ******** нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******** байр, ******** тоот, 461 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 200,000,000 төгрөгөөр *******д худалдахаар,
0556 дугаартай гэрээгээр ******** нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******** байр, ******** тоот, 158,0 мкв талбай бүхий авто засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр худалдахаар тус тус тохиролцсон. /хх-6-9/
Талууд дээрх байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч ******** нь бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******** байр, ******** тоот, 461 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлж, харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********д 180 ширхэг автомашины дугуйг 20,000,000 төгрөгт тооцож, түүний эзэмшлийн ХААН банкны ********* тоот дансаар 60,000,000 төгрөгийг, хариуцагчийн төлөх ёстой байсан гэх татварын хураамж 2,500,000 төгрөгийг тус тус өгсөн ба нийт 82,500,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Зохигч талууд дээрх үйл баримтууд болон байгуулсан үл хөдлөх хөрөнгө /газар, авто засварын зориулттай барилга/ худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
3. Нэхэмжлэгч талаас ...хариуцагч ******** нь хараалын үг хэрэглэн зүй бусаар харьцаж, анхлан гэрээнээсээ татгалзах саналыг гаргасан, цаашид худалдаа наймаа хийхэд түүнд итгэл төрөхгүй байгаа учраас гэрээнээсээ татгалзаж, өгсөн 82,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан ба хариуцагч талаас ...гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээнээс татгалзаагүй, татгалзах үндэслэлгүй ... гэх агуулгаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэг 236,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
5. Хэрэгт авагдсан зохигч талуудын фэйсбүүк чатаар 2025 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд харьцсан зурвас/2025.06.23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/, тэд хоорондоо фэйсбүүк чатаар холбогдсон ярианы бичлэг /2025.09.15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/, гэрч ********* мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймагт очих боломжгүй болсон талаараа хариуцагч ********д мэдэгдснээр талуудын хооронд маргаан үүсэж, дээрх үл хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа анх хариуцагч ******** мэдэгдсэнийг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, дансны дугаараа илгээсэн үйл баримт тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч ******** нь гэрээнээс татгалзаагүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхийг шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээрхи хэрэгт авагдсан үйл баримтыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй, мөн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үйл баримтыг гэрээнээс татгалзах болсон үндэслэл шалтгаан болсон байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн гаргасан талуудын хооронд байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай ********, 0556 дугаартай гэрээнүүдээс татгалзаж, хариуцагчаас 85,200,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ********ын гаргасан гэрээний үүрэг 236,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ********аас 82,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчийн гаргасан гэрээний үүрэг 236,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,650 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,340,450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамж 640,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА