Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

 

М.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                                       М.Д

Нарийн бичгийн дарга                               П.Пунсалдулам нарыг оролцуулан

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Дд холбогдох 2425000000268 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Мөнхбаатарын Д, Монгол Улсын иргэн, 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 38-02 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, регистрийн дугаар РЮ06212311.

Шүүгдэгч М.Д нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тамгын газрын спорт заалны хувцас солих өрөөнөөс хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар насанд хүрээгүй хохирогч Э.С-ийн эзэмшлийн Самсунг А-52 гар утсыг авч 350,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч О.Д-гийн самсунг нөте 11 загварын гар утсыг авч 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Д-г тус шүүхийн 2023 оны 4 сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялд уг 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 2 жил 6 сарын сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-гаас нийт 850,000 төгрөг гаргуулан 350,000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Э.С-эд, 500,000 төгрөгийг насад хүрээгүй хохирогч О.Д-д тус тус олгуулж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Батбямба шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн 2425000000268 дугаартай М.Д-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Д-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаагаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна. 

Шийтгэх тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам, баримтлах нийтлэг шаардлагыг тодорхойлж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын үзэл санаа, агуулгыг үндэсний хууль тогтоомжид баталгаажуулан хуульчилж өгсөн байдаг. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр шийтгүүлэх үед арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлгийн зөвхөн 8.4, 8.5 дугаар зүйлүүдэд зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэх зохицуулалтыг  хэрэглэхээр нарийвчлан тусгаж өгсөн. 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар өсвөр асны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  хойшлуулах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Харин Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өсвөр насны хүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг 2 дахин багасгах зохицуулалтыг эрэглэхээр хуульчлан өгсөн ба энэхүү зохицуулалт нь үүрэг болгосон хэм хэмжээ тул шүүх, гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан шүүгдэгчид хорих ял оногдуулсан тохиолдолд заавал хэрэглэнэ. 

Гэтэл шүүх шүүгдэгч М.Д-д гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгалгүй нийт эдлэх Ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. 

Хэдийгээр шүүгдэгч М.Д нь шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн боловч түүний насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт дээрх хуулийн зохицуулалтын дагуу өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгон оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зөв байтал шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр насанд хүрсэн хүнд оногдуулахаар заасан ялыг оногдуулж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалан тусгай журмаар нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг буруу хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэж байна. 

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Д тайлбартаа: “...Тайлбаргүй...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр  дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Д-д холбогдох хэргийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Д нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Өндөр сумын Тамгын газрын спорт заалны хувцас солих өрөөнөөс хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар насанд хүрээгүй хохирогч Э.С-ийн эзэмшлийн Самсунг А-52 гар утсыг авч 350,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч О.Д-гийн Самсунг нөте-11 загварын гар утсыг авч 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч Э.С, О.Д нарын гар утсаа хулгайд алдсан талаарх мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг,  яллагдагчийн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Д-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн тул хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

М.Д нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаагаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгч нь дахин гэмт хэрэг үйлдэж, энэ шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн боловч өмнөх шийтгэх тогтоол гарах үед өсвөр насны шүүгдэгчид хамаарч байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Д-гийн насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хорих ял оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл түүнд оногдуулсан ялыг хоёр дахин багасгаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх М.Д-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэх үеийн шүүгдэгчийн нас зэрэгт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хуульд зааснаар хоёр дахин багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шалгах болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... шийдвэрийг хүчингүй болгож ... гэсний дараа ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр уг 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Дээд шатны прокурор Ц.Батбямбын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА