Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2026/0039

 

 

 

 

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.*******-*******

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Ж.*******-******* нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч Ж.*******-*******ыг Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/58 дугаар захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

2.2. Улмаар дээрх Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гарган хандсан, ийнхүү Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04/2080 дугаар албан бичгээр шүүхэд хангана уу гэсэн хариуг өгчээ.

2.3. Ийнхүү нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/58 дугаар захирамж, албан тушаалаас халсан учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ж.*******-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.*******-******* нь Төв аймгийн Байгаль орчны газарт 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Төв аймгийн Байгаль орчны газарт 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мэргэжилтэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс тус газрын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд мэргэжилтнээс байгууллагын удирдлага болох хүртлээ төрийн албаны шатлан дэвших зарчмаар ажиллаж, шударгаар хөдөлмөрлөсөн. Төв аймгийн Байгаль орчныг газрыг удирдан ажиллахдаа тус байгууллагын хүний нөөцийг менежментийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, материал техник тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, сум орон нутгийн хамтыг ажиллагааг сайжруулах байдлаар ажиллаж ирсэн. 20 жилийн хугацаанд нийт Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Канад, Бүгд Найрамдах Социалист Вьетнам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудад байгаль орчны чиглэлээр дунд, богино хугацааны мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтуудад хамрагдаж, дотоодын 100 гаруй сургалт, семинар, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт оролцож өөрийгөө тасралтгүй хөгжүүлж ирсэн. Гэтэл Төв аймгийн Засаг дарга ******* нь 2024 онд болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг дарга болж, тухайн үеэс эхлэн нэхэмжлэгчид зүй бус шахалт үзүүлж ирсэн. Нэхэмжлэгчийн хувьд 20 жилийн турш төрийн албанд үнэнч, шударга, зарчимтайгаар ажиллаж ирсэн бөгөөд шинээр томилогдсон Засаг даргын зүгээс намайг 4-5 удаа өрөөндөө дуудан нэхэмжлэгчид болон төрийн албанд огт хамааралгүй зүйлсийг тулгах, цаашлаад ажлаа хүлээлгэн өгөх зэрэг нийтийн албанд байж боломжгүй үйлдэл гаргаж, нэхэмжлэгчид дарамт, шахалт үзүүлэх болсон. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/58 дугаар “*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд энэ захирамжийг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дах хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу дугаар Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг заавал явуулах, тухайн ажиллагааг хэрхэн явуулахтай холбоотой нарийвчилсан журмыг заасан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, мөн зүйлийн 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана" гэж, 27.3.1-д "сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг байрлал, дарааллын талаарх мэдээлэл" гэж, мөн хэсгийн 27.3.2-т "захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт," гэж, мөн хэсгийн 27.3.3-д "захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл" хэмээн тус тус заасан. Гэтэл Засаг дарга ******* нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 28.1. 26.2, 27.3-т заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй буюу Ж.*******-******* надад сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлэх, зөрчил гаргасан гэх үйл баримтад тайлбар гаргах, холбогдох баримтыг гаргаж өгөх ямар ч боломжоор хангаагүй. Энэ нь Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн болохыг харуулж байна. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга *******ийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/58 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн нь тогтоогдсон тул 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэх үндэслэлийг дурдсан. Гэтэл удирдлагаас өгсөн ямар үүрэг, даалгаврыг хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй бөгөөд бодит байдалд ийм үндэслэлээр надад сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй юм. Учир нь аймгийн Засаг дарга жил бүр аймгийн Байгаль орчны газрын даргатай "Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г хамтран баталж, түүний гүйцэтгэлийг жил бүр дүгнэн, дахин шинэчлэн байгуулах байдлаар ажилладаг. Тус төлөвлөгөөгөөр нэг жилийн хугацаанд аймгийн байгалийн нөөц, усны нөөцийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын үндсэн үйл ажиллагааг сайжруулах зэрэг 10 багц, нийт 68 ажлыг хийж гүйцэтгэх, түүний хэрэгжилтийг үнэлэх талаар тусгадаг бөгөөд тус төлөвлөгөөгөөр нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх үүрэг даалгавар, чиг үүрэг зохицуулагдах ёстой. Харин Төв аймгийн шинээр томилогдсон Засаг дарга П.Төмөрчөдөр нь 2025 он гарснаас хойш маргаан бүхий захиргааны актыг гаргах хүртэл 9 сар, 5 хоногийн хугацаанд тус Гүйцэтгэлийн төлөвлөгөөг огт шинэчлэн батлаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан. Ийнхүү Төв аймгийн Байгаль орчны газрын даргатай "Төв аймгийн Байгаль орчны газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г есөн сарын турш батлаагүй эс үйлдэхүй гаргасан атлаа надад ямар эрх зүйн үндэслэлээр үүрэг даалгавар өгч, түүнийг нь хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай зөвшилцөөгүй талаар Төв аймгийн Засаг дарга ******* нь тус аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.*******-*******ыг чөлөөлөхдөө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх, яамнаас холбогдох саналыг нь албан ёсоор буюу бичгээр авах ёстой байтал ийнхүү зөвшилцөөгүй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн хэсгийн 16.2.6-д “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх”-өөр хуульчилсан. ...  Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй буюу Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн байна. ... Гэтэл удирдлагаас өгсөн ямар үүрэг, даалгаврыг хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй бөгөөд бодит байдалд ийм үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй юм. Учир нь аймгийн Засаг дарга жил бүр аймгийн Байгаль орчны газрын даргатай “Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г хамтран баталж, түүний гүйцэтгэлийг жил бүр дүгнэн, дахин шинэчлэн байгуулах байдлаар ажилладаг. Тус төлөвлөгөөгөөр нэг жилийн хугацаанд аймгийн байгалийн нөөц, усны нөөцийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын үндсэн үйл ажиллагааг сайжруулах зэрэг 10 багц, нийт 68 ажлыг хийж гүйцэтгэх, түүний хэрэгжилтийг үнэлэх талаар тусгадаг бөгөөд тус төлөвлөгөөгөөр нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх үүрэг даалгавар, чиг үүрэг зохицуулагдах ёстой. ... Захиргааны байгууллага аливаа этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахын өмнө тухайн этгээдийг тайлбар, санал болон холбогдох баримтыг гаргаж өгөх боломжоор хангах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гэж, мөн зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”-аар заасан. ... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.” гэж заасан бөгөөд үүний дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталсан байна. ... Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах, шаардлагатай мэдээллийг цуглуулах, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, дээрхээс үзэхэд аливаа төрийн жинхэнэ албан хаагч сахилгын зөрчсөн гаргасан гэж үндэслэл баримт, эсхүл гомдол мэдээлэл ирсэн бол дээрх байдлаар нарийвчилсан ажиллагааг хийх, мэдээлэл цуглуулах, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, дүгнэлт гаргах зэрэг тодорхой ажиллагааг хийх шаардлагатай байна. Хариуцагчийн хувьд дээрх байдлаар төрийн албанд 20 жил тасралтгүй зүтгэсэн, өөрийн бие сэтгэлийг зориулж ирсэн Төв аймгийн байгаль орчны газрын албан үүргээс халах сахилгын шийтгэл ногдуулах ийнхүү ажиллагаа огт явуулаагүй, дүгнэлт гаргаагүй, түүнийг танилцуулаагүй нь ноцтой зөрчил болж байна. Ийнхүү хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 48.10, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам 1.4.1, 1.4.5, 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.5 дахь хэсгийг илтэд зөрчсөн буюу сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийг шалган тогтоогоогүй, тухайн асуудлаар дүгнэлт гаргаагүй, Ж.*******-*******ыг оролцуулаагүй байна. Хариуцагчийн Б/58 “*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.4 дэх хэсэгт заасан “...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах” эрх ноцтой зөрчигдөж байна. Нөгөөтээгүүр төрийн албанд их сургууль төгссөн цагаас эхлэн тууштайгаар 20 жилийн турш ажиллаж ирсэн төрийн мэргэшсэн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхдөө зөвхөн хоёр албан бичиг явуулснаа хуульд заасан холбогдох бүх ажиллагааг хийсэн мэтээр тайлбарлаж байгаад нэхэмжлэгч туйлын гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчээс 33,288,799.12 төгрөгийн нөхөн олговороос бусад суутгалыг суутган олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймд хариуцагч Төв аймгийн Засаг дарга *******ийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/58 дугаар “*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Ж.*******-*******

намайг Төв аймгийн Байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 33,288,799.12 цалинг гаргуулж, үүнээс ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв. 

3.2. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.*******-******* нь Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогджээ. Аймгийн Засаг дарга ******* нь 2025 оны 1, 11 дугаар улиралд сум, өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ажиллаж сум, байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, холбогдох үүрэг чиглэл өгч ажилласан. Суманд ажиллахдаа сум, багийн хөгжил, бүтээн байгуулалт, дэд бүтэц хөдөө аж ахуйн салбар, нийгмийн салбарын үйл ажиллагаа болон байгаль орчны чиглэлээр хог хаягдал, уул уурхайд хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн ажлын явцтай танилцаэ салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн. Байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх шаардлагагүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д "Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана". Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д "Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу аймгийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг-Байгаль орчны газрын даргад сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулах болсон учир шалтгаан, үндэслэл: Аймгийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Байгаль орчны газрын үйл ажиллагаатай танилцах явцад дараах зөрчил, дутагдлыг илэрсэн. Үүнд: Байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт шалгалт хийх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн.

- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт удаашралтай.

- Тэр бум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд тарьж ургуулсан ойжуулалт, мод бутын тоо, бодит нөхцөл байдалд зөрүүтэй, хийсвэр тоогоор тайлагнасан

- Аймаг, сумын төвлөрсөн хогийн цэгийг хумих, хог хаягдлын менежментийг сайжруулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулаагүй.

- Албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн, байгууллагын грашдаа байгаагүй.

- Газар дээр очиж ажилтай танилцаагүй, хяналт тавиагүй.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний 01/872 дугаар "баримт, тайлбарыг ирүүлэх тухай" хугацаатай албан бичгийг Байгаль орчны газарт хүргүүлсэн боловч албан бичгийн хугацааг хоцроож аймгийн Засаг даргын Тамгын газрын Бичиг хэргийн албанд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн. Байгаль орчны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07/276 дугаар албан бичигтэй танилцаад байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ хангалтгүй, үр дүн, тоо мэдээлэл нь тодорхойгүй тайлбарласан байсан. Тухайлбал: Байгаль орчны газарт өгсөн 6 үүрэг, чиглэлээс 3 асуудлыг авч үзвэл

- Хогийн цэгийг хумих, хог хаягдлын менежментийг сайжруулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулаагүй гэсэн асуудлаар ирүүлсэн тайлбарт Батсүмбэр Баянчандмань, Борнуур, Зуунмод, Угтаалцайдам, Сүмбэр, Лүн, Цээл сумуудын хогийн цэгийг түрж багасгасан гэж дурджээ. Үүнээс харахад аймгийн 27 сумын 8 сум буюу 29,6 хувь нь хэрэгжилтийг хангаж ажилласан бол бусад 19 сум буюу 70.4 хувь нь ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан талаар дурдаагүй, тайлан, мэдээнд оруулаагүй байна.

- Хог хаягдлыг ангилан ялгах, дахивар хог хаягдлын овор хэмжээг багасгах асуудлаар ирүүлсэн тайлбарт аймгийн Засаг даргын 2024 оны 01/2057 дугаар албан бичгийг сумдад хүргүүлж 2025 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар Алтанбулаг, Баян-Өнжүүл сум буюу 7,40 хувь нь хэрэгжүүлж ажилласан бол бусад 25 сум буюу 92,59 хувь ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан талаар тайлагнаагүй учир дутагдалтай байна үзэж байна.

- Албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн, байгууллагын грашдаа байгаагүй асуудалд ирүүлсэн тайлбарт тээврийн хэрэгслийг хувийн хөрөнгөөр засварлаж, бүрэн дуусгасан гэж тайлбар өгсөн нь албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашигласнаа хүлээн зөвшөөрч верийн хөрөнгөөр засварласан харагдаж байна. Түүнчлэн Байгаль орчны газарт бүртгэлтэй албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдэж, хувийн хөрөнгөөр засварласан гэжээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.6-д төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах" гэсэн хориглосон заалтыг, Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.3.11-д "албаны хэрэгцээнд ашиглаж байгаа "хөх" өнгийн дугаартай автотээврийн хэрэгслийг хувийн дэвсгэр улсын бүхий хэрэгцээнд ашиглахгүй байх” гэснийг тус тус зөрчсөн үйлдэл гаргасан.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д "албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх" гэж заасан.  Сонсох ажиллагаа талаар: Аймгийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Байгаль орчны газрын үйл ажиллагаатай танилцах явцад зөрчил, дутагдал илэрсэн. Зөрчил, дутагдлыг арилгуулахаар аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний 01/872 дугаар "баримт, тайлбарыг ирүүлэх тухай" хугацаатай албан бичгийг Байгаль орчны газарт хүргүүлсэн. Байгаль орчны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07/276 дугаар албан бичгээр хугацаа хоцроож хариу тайлбар ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль есны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 25.1.2-д "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 26.1-д "Захиргааны акт...... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэж заасныг баримталж ажилласан. Аймгийн Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр "Мэдэгдэх хуудас"-аар Байгаль орчны газрын дарга Ж.*******-*******ыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн. Мэдэгдэх хуудсын аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого, сургалт хөгжил хариуцсан мэргэжилтэн Б ******* нь Байгаль орчны газарт очиж, Байгаль газрын дарга Ж.*******-*******д өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ", 27 4-д "Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна", 27.4.3-д "биечлэн уулзах хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ......." гэж заасны дагуу мэдэгдсэн. Сахилгын шийтгэл ногдуулсан захирамж гаргахаас өмнө 2 сар, 11 хоногийн хугацаанд Байгаль орчны дарга Ж.*******-******* нь зөрчил, дутагдлаа арилгах хугацаа хангалттай байсан хэдий ч хариу тайлбараа тодотгож, дахин ирүүлээгүй нь зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мэдэгдэл өгч таныг чөлөөлөх боллоо гэсэн шийдвэр гарсан боловч ээлжийн амралтаа авсан гэсэн учир 9 дүгээр сард гардуулсан байдаг. ... Өмнөх жилүүдэд сайн үнэлгээ авч байсан. Хяналт шалгалт явуулсан байсан. Тухайн үед очиход нь зөрчил дээр ярьсан байна. Машинаа эвдээд граждаа авчраагүй байсан. Засаг даргын тайлбарын  дагуу гаргасан шийдвэр нь хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Ажлын бус цагаар албаны тээврийн хэрэгслийг хувьдаа ашигласан гэдэг зүйл байгаа. 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2025 оны 11 дүгээр сард шүүх хуралдаан хойшлох үед албаны тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэр өдрийн үдээш хойш авчирч тавьсан байсан. Зөрчил гараагүй байхад нь халаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийнхаа үүргийг биелүүлээгүй. Албаны эд хөрөнгийг хувийн зорилгоор эвдсэн гэх үүднээс хариуцлага ногдуулсан гэж тайлбарласныг уламжилж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг: Нэхэмжлэгч Ж.*******-*******ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

1.1. Иргэн Ж.*******-******* нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх[1] гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

1.2. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх гэсэн шаардлагаа, ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарснаас хойш энэ өдрийг хүртэл тооцож, нийт дүнгээр 33,288,799.12 төгрөг, энэ үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл суутгагдах дүн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[2].

 

Хоёр: Нэхэмжлэгч Ж.*******-******* нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчээс “Хариуцагч Засаг дарга нь захирамж гаргахдаа Байгаль орчин,уур амьсгалын өөрчлөлтийн яамтай зөвшилцөөгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийж, оролцоог хангаагүй шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, тухайн оны Гүйцэтгэлийн төлөлвлөгөөг батлаагүй атлаа ямар үүрэг даалгаварыг хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй байхад удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн гэсэн болон тайлан мэдээний бодит тоог хийсвэр тоогоор зөрүүтэй мэдээлсэн, хог хаягдлын менежмент сайжруулах үр дүнтэй ажил зохион байгуулаагүй гэж шууд хариуцах үүрэггүй ажлыг хамаатуулсан, мөн албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн нь тогтоосон гээд баримтгүй шийдвэр гаргасан...” гэж,

2.2. Хариуцагчаас “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлүүдийг зөрчсөн учир хариуцлага тооцсон. Байгаль орчныг хамгаалах хуулийн 16-д зааснаар зөвшилцөж чөлөөлөх, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар халах хоёр нь тусдаа учир халахтай холбоотой зөвшөлцөх гэсэн зүйл байхгүй. Зөрчил гаргаагүй байхад нь халаагүй. Хяналт шалгалт хийх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт удаашралтай, сумдын төвлөрсөн хогийн цэгийг хумих үр дүнтэй ажил зохион байгуулаагүй, газар дээр нь очиж танилцаагүй, албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдэлсэн учир хариуцлага ногдуулсан ...” гэж тус тус маргасан.

2.3. Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.*******-******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн нь тогтоогдсон тул 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халж шийдвэрлэжээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Төв аймгийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр Төв аймгийн Байгаль орчны газрын үйл ажиллагаатай очиж танилцсан бөгөөд Байгаль орчны газрын 22-92 ТӨВ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгсэл грашдаа байхгүй байсан.

2.5. Ийнхүү Төв аймгийн Засаг даргаас 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/872 дугаар Баримт, тайлбар ирүүлэх тухай албан бичгийг[3] Төв аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.*******-*******д хаяглан хүргүүлсэн.

Уг албан бичигт 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр танай байгууллагын үйл ажиллагаатай танилцахад дараах зөрчил, дутагдал илэрсэн тул холбогдох тайлбар, мэдээллээ 05 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ үү. гээд,

1. Байгаль, орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт шалгалт хийх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт удаашралтай

3. "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд тарих ургуулсан ойжуулалт, мод, бутын тоо, бодит нөхцөл байдалд зөрүүтэй, хийсвэр тоогоор тайлагнасан.

4. Аймаг, сумын төвлөрсөн хогийн цэгийг хумих, хог хаягдлын менежментийг сайжруулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулаагүй.

5. Албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн, грашдаа байгаагүй.

6. Газар дээр нь очиж ажилтай танилцаагүй, хяналт тавиагүй байна гэжээ.

2.6. Дээрх албан бичгийн хариуг Төв аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  07/276 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар[4] хариуг хүргүүлжээ.

2.7. Үүний дараа, Төв аймгийн Засаг даргаас 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Мэдэгдэх хуудсыг Ж.*******-*******д хаягласан ба мэдэгдэх хуудаст Байгаль, орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлж байгаа тул аймгийн Байгаль орчны газрын дарга *******ийн *******-******* таныг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг мэдэгдье. Зөрчил, дутагдал:

1. Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтыг явуулж, зөрчил дутагдал арилгаагүй. Тухайлбал: Зуунмод сумын Одонтой хөтөл чиглэлийн автозамын хойд хэсгийн шороог зөвшөөрөлгүй тээвэрлэхэд хяналт тавиагүй, нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт удаашралтай, хугацаа хоцроодог.

 3. "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд тарьж ургуулсан ойжуулалт, мод, бутын тоо, бодит нөхцөл байдалд зөрүүтэй, хийсвэр тоогоор тайлагнасан.

4. Аймаг, сумын төвлөрсөн хогийн цэгийг хумих, хог хаягдлын менежментийг сайжруулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулаагүй.

5. Албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн.

6. Аймгийн Засаг даргын 2025 оны 01/872 дугаар албан бичгийн хариу тайлбарыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй (Ажлын 6 хоног хэтэрсэн). Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх дээд шатны байгууллагад гаргах эрхтэй гэжээ.

2.8. Улмаар Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 83 дугаар зүйлийн 83.3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийг тус тус үндэслэн: Захирамжлах хэсгийн 1-т Аймгийн Байгаль орчны газрын дарга *******ийн *******-******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн нь тогтоогдсон тул 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, 2-т Ж.*******-*******ын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг байгуулж холбогдох ажил хэрэг, эд хөрөнгө, санхүүгийн тооцоог 2025 оны 09 дүгээр сарын 08-ны дотор зохион байгуулж дуусгахыг Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2.9. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж, 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж тус тус заасан.

2.10. Харин маргаан бүхий захиргааны актад  дурдсан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн гэсэн нь чухам ямар ямар үүрэг даалгавар хэзээ өгөгдөж, хэрхэн хангалтгүй биелэлттэй болсон, албаны тээврийн хэрэгсэл нь хэзээ хэрхэн ямар байдлаар эвдэрсэн болоод тэрхүү эвдрэл нь хэний ямар буруутай үйлдэлд хамаарах байдлаар тодохойлогдсон болох нь бодит дүгнэлт, баримтаар тогтоогдоогүй байх тул сахилгын зөрчил гэж гаргасан захиргааны акт нь зохих журмын дагуу, үндэслэл бүхий гарсан акт гэж үзэх үндэслэлгүй байна.

2.11. Учир нь шүүхээс маргааны төрөл, зүйл, онцлогт холбогдуулан маргааны үйл баримт, түүнийг шалган тогтоож, дүгнэн шийдвэр гаргасан үйл ажиллагаа зэргийг аль аль талаас нь хянаж үзэх бөгөөд энэхүү маргаан бүхий актад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа, 1-дугаарт. Маргаан бүхий актаар арга хэмжээ авагдсан нэхэмжлэгч нь уг зөрчил дутагдлыг гаргасан эсэх, гаргасан нь хэрхэн тогтоогдож байгаа эсэх, гаргасан зөрчилд хариуцлага ногдуулах боломжтой, эрхтэй эсэх зэргээс хянах. 2-дугаарт. Хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтан нь маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан арга, журмын дагуу  ажиллагаа явуулж, хангалттай нотлох баримтын үндсэн дээр дүгнэлт хийж, зөрчил дутагдлыг тогтоосны үндсэн дээр акт гаргасан эсэхийг шалгадаг бөгөөд энэ маргааны хувьд хариуцагч захиргааны байгууллага өөрөө акт гаргахаас өмнө  шалган тогтоож, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй, улмаар нэхэмжлэгчийн гэм буруу, зөрчлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч талаас тодорхой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайлсан баримтаар тодохойлогдохгүй байгаа ийм нөхцөлд шүүхээс хэн аль талыг зөвтгөх, эсхүл буруутгах байдлаар баримтыг нөхөн цуглуулах, нөхөн тогтоох шаардлагагүй байна.

2.12. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө шалган тогтоосон баримт, дүгнэлтийг үндэслэн шийдвэр гарсан, эсхүл нөгөө талаас нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдэл, зөрчил гаргасан нь маргаангүй тогтоогдон нотлогдох баримт шүүхэд ирж, баримтыг үгүйсгэхгүй тохиолдолд шүүх маргаан бүхий актын зорилгын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой боловч энэ маргаанд нэхэмжлэгчийн зөрчил гаргасан талаарх баримт байхгүй, хариуцагч шалган тогтоосон баримтгүй тул, хариуцагчийн захиргааны акт гаргах ажиллагаанд холбогдуулан актыг дүгнэж үзсэн болно.

2.13. Энд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчжээ.

   2.14. Тодруулбал, хариуцагч аймгийн Засаг дарга 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамжаар гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага .. цуглуулна”, 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох” 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-т “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-т “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасан хуулийн заалтуудыг тус тус зөрчжээ.

2.15. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргаан бүхий захиргааны актад “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн” гэх боловч уг асуудлыг шалгасан эсэх, шалгагчаас тухайн албан хаагчаас тайлбар авсан эсэх, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, баримтад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах ажиллагааг хийж гүйцэтгээгүй, шалган тогтоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй сахилгын шийтгэл ногдуулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх үзлээ.

2.16. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэлгүйгээр зөвхөн аймгийн Засаг дарга Төв аймгийн Байгаль орчны газрын үйл ажиллагаатай танилцаж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг тогтоохдоо тэмдэглэлээр бус албан тоотоор баримтжуулсан, мөн тэмдэглэл үйлдээгүй, хууль, хуульд нийцүүлэн гаргасан журмын дагуу нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, зөрчил бүрийг баримтаар шалгаж тогтоогүй атлаа нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

2.17. Үүнд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө”, 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 1.3.2.-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн”, 1.5.3-т “төрийн албанаас халах”, 1.6-т “Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид "албан хаагч" гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.1-т “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхуйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно” 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно”, 2.3-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно”, 2.5-т “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 2.6-т “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана”, 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж нарийвчлан журамласан ажиллагаа хийгдээгүй байна.

2.18. Хэрэгт авагдсан баримтууд болон дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзэхэд, шүүх маргаан бүхий шийдвэрийг гаргах болсон шалтгаант нөхцөл бодитоор бүрдсэн байсан эсэх, тус шийдвэр үндэслэлтэй эсэх, мөн тус шийдвэр оновчтой, зорилгодоо нийцсэн эсэхтэй холбогдуулан хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул нэгэнт хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн зөрчлийн талаар ямар нэг баримтыг шалган тогтоогоогүй, акт гаргах хууль журам зөрчсөн  болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актын үндэслэлд заасан зөрчлүүдийн талаар болон нэхэмжлэгчээс тус зөрчил гэж тодорхойлсон зүйл болгонд холбогдуулан гаргасан тайлбарын үндэслэл бүрээр дүгнэлт өгч шийдвэрлэх шаадлагагүй болохыг дурдах зүйтэй байна.

2.19. Дээрхээс үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл

 

бүхий байх” гэж заасан, Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамж нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгч Ж.*******-Ячилийн тухайн ажил албан тушаалыг эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. ...”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулан, зөрчигдсөн эрхийг нь сэргээн шийдвэрлэлээ.

2.20. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх гэсэн шаардлагаа, ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарснаас хойш энэ өдрийг хүртэл тооцож, нийт дүнгээр 33,288,799.12 төгрөг, энэ үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл суутгагдах дүн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, хариуцагч талаас уг хугацааны цалинг тооцоолж үзвэл тохирч байгааг хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 2.21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******-*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "*******ийн *******-*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.*******-*******ыг Төв аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******-*******ын нийт ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 33,288,799.12 төгрөгийн олговрыг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,  үүнээс нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг суутгалыг хийн, нөхөн төлж бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1] 1 дүгээр хавтас 1-3 тал

 

[3] 1 дүгээр хавтас 55 тал

[4] 1 дүгээр хавтас 56-59 тал