Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 311

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч................, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1632/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

.......................дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овгийн ........................т холбогдох эрүүгийн 1708 0189 00172 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч.................. овгийн .................Монгол Улсын иргэн, ........... оны ... дугаар сарын ...-ний өдөр ........... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч болон 14 насны хүүхдийн хамт ................ дүүргийн ... дүгээр хороо, ................ дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:.....................).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ................... нь 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр .............дүүргийн ... дүгээр хороо, ..............төвийн хоёрдугаар давхарт худалдаа эрхэлдэг иргэн ...................ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 784,000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................... мэдүүлэхдээ: ................тай солонгос хэлний курсэд хамт суралцаж байгаад танилцсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сард ...................ийн ажил дээр очиж наадмаар “Хүй 7 худагт” бие засах газар ажиллуулах зөвшөөрөл хамт авъя гэж 200,000 төгрөг авсан. Ингээд бие засах газрын зөвшөөрлийг авахаар  200,000 төгрөгөө өөр хүнд өгсөн боловч зөвшөөрөл авч чадаагүй, мөнгөө алдсан. 2017 оны 6 дугаар сард ломбардад тавьсан найзынхаа эд зүйлийг чөлөөлнө гэж 200,000 төгрөг авч, ломбардаас эд зүйлийг чөлөөлөөд, авсан ээмэг бөгжөө ээждээ 300,000 төгрөгөөр зарсан, гэхдээ ..................т мөнгийг нь буцааж өгөөгүй.  2017 оны 7 дугаар сард шараа тайлна гэж 100,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 10 жилийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзана гэж 100,000 төгрөг, автобусанд суух унааны мөнгө, хоолны мөнгө гэх зэргээр цувуулж 150,000 орчим төгрөг тус тус авсан. Тухайн үед ажилгүй байсан тул мөнгийг нь өгч чадаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улс тунхагласан баярын өдөр ..................гийн хуучин ажиллаж байсан газар нь очиж 300.000 төгрөг өгөх гэхэд байгаагүй, утас нь холбогдохгүй байсан. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр над руу цагдаагаас ярьсан. Би 03 дугаар сарын 07-ны өдөр цагдаад очиж уулзаад хохирлыг барагдуулсан. 2017 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд 784,000 төгрөг авсан гэдгээ зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1708 0189 00172 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч ..................ийн мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 03 дугаар сарын дундуур Солонгос хэлний сургалтанд сууж байхдаа ..................г гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тухайн үедээ бид хоёр их дотноссон. Тэгээд найзлаад явж байгаад 2017 оны 04 дүгээр сарын сүүлээс эхлээд надаас 20.000-50.000 төгрөгийг бага, бага хэмжээтэйгээр зээлээд яваад байдаг байсан. Тухайн үед “Найз нь хороололд шөлөндөөд тогооч хийдэг, шөнийн ээлжинд гардаг, манай хүүхэд оюутан, сая хичээл дээрээ уначихсан. Давтан шалгалтын мөнгийг нь өгөх гэсэн юм” гэх мэтийн шалтгаан хэлж зээлдэг байсан. Тэгээд 5 дугаар сард манай ажил дээр ирээд “Хоёулаа наадмаар Хүй-7 худаг дээр бие засах газар ажиллуулъя, их ашигтай байдаг гэнэ, эртхэн хөөцөлдөөд нэг хүнээс эрхийг нь авчихъя. Зөвшөөрлийг нь 200.000 төгрөгөөр аваад олсон ашгаасаа би чамд 100.000 төгрөг өгнө” гэж хэлээд надаас 200.000 төгрөг аваад явсан. 2017 оны 06 дугаар сард бас хүрч ирээд “Манай найз ломбарданд монетон гинжээ тавиад алдах гээд байна. Тэрийг нь хоёулаа аваад мөнгө нэмээд зарчихъя” гэж хэлээд дахиад 200.000 төгрөг аваад явсан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа хүрч ирээд “Би нөгөө гинжийг ээждээ 300.000 төгрөгөөр зарчихлаа. Дээр нь 5000 төгрөг нэмээд нөгөө таньдаг хүнээсээ 35.000 төгрөгөөр 3 хуушуурны зөвшөөрөл 105.000 төгрөгөөр авчихлаа. Тэгээд 1 хуушуурны зөвшөөрлийг 500-700 мянган төгрөгөөр зардаг юм. Энийг зарчихаад чиний өрийг өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш наадмын өмнөхөн манай ажил дээр Баяраа, Зоригоо гэдэг 2 залуутай хамт шартсан байдалтай хүрч ирээд “Шараа тайлъя. 100.000 төгрөг зээлээч” гэж хэлээд надаас мөнгө аваад манай Драгоны 2 дугаар давхарт Солонгос хоолонд орчихоод яваад өгсөн. 07 дугаар сард Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн өдөр нь ..................т хуушуурын зөвшөөрөл олж өгөх хүн нь яриад зөвшөөрлөө ирж ав гэж хэлсэн юм байна лээ. Маргааш өдөр нь ................шартсан байдалтай манай ажил дээр хүрч ирээд бид 2 хамтдаа нөгөө хүнийхээ ........... дугаар луу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгэхээр нь эхнэрийнх ............. дугаар луу залгаад ярьтал “Манай нөхөр Тэрэлж явчихсан байна. Над руу хүмүүс залгаад зөвшөөрөл нэхээд байна. Би нөхрийгөө ирэхээр нь хэлээд өгье” гэж байсан. Тэгээд 7 дугаар сарын 10-ны өдөр болоход нөгөө ................ дүүрэгт ажилладаг хүн нь ирээгүй. Эхнэр нь “Би таны мөнгийг нөхрөөсөө авч өгнөө” гэж яриад байсан. Тэгсэн чинь ..............“Би наад хүнтэй чинь хэл ам хийж байгаад ямар ч гэсэн 1 сая төгрөг нэхэж авна” гэж хэлээд ажил дээр нь очиж уулзчихаад над дээр ирэхдээ “Найз нь 1 сая төгрөг авахаар болчихсон шүү, хэд хоногоос мөнгөө авчихаад өрийг чинь өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр ажил нь худлаа болсон. Дараа нь 8 дугаар сард над дээр хүрч ирээд “найз нь багийн найзуудтайгаа уулзах гэсэн юм, муу явж байгаагаа харуулмааргүй байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө “i phone 5s” маркийн гар утас, өөрийнхөө даашинзнаас өмсүүлээд 100.000 төгрөг зээлүүлээд явуулсан. Маргааш өглөө нь би ярьж байгаад очиж утсаа авсан. ........... надад эгчийгээ хиамны цехэд ажилладаг, “хямдхан гахайн мах авах уу, 6000 төгрөгөөр зарж байгаа юм байна” гэж хэлээд 25.000 төгрөг аваад явсан. Тэгээд тэрнээс хойш ганцхан удаа л утсаар холбогдсон. Надад нэг ч удаа мөнгө өгч байгаагүй. Би тэгээд л нэмээд зээлдүүлээд явж байдаг байсан. .................... мөнгө яг юунд зарцуулаад байгааг нь сайн мэдэхгүй. Сүүлд ээж, дүү хоёртой нь очиж уулзахад ээжээсээ бас зөндөө мөнгө худлаа хэлж авсан байна лээ. Дүү нь болохоор “Эгч нэг хүнтэй найзлаад байх шиг байна. Тэр хүн л ингэж ийм зүйл хийлгүүлээд байгаа байх. Би тэр хүнийг нь бараг гадарлаж байна” гэж ярьж байна лээ....” гэх мэдүүлэг [1],

 

2. Хохирогч .....................ийн мөрдөн байцаалт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлсэн “... ..................т би мөнгө өгч байх үедээ ганцаараа л байдаг байсан. Өөр ямар нэг хүн хажууд байгаагүй. Мөн энэ талаар өөр хүн мэдэхгүй. ...............нэг удаа л .................. гэх хоёр шартсан залуутай ирж мөнгө авч. Би мөнгө өгөхдөө дандаа бэлнээр уулзаж байгаад л өгдөг байсан.  ...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

3. Гэрч ................гийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “... ................ бид хоёр 1993 оноос найзалж байна. ...................нь эхээс тавуулаа бөгөөд айлын дунд хүүхэд юм. ...Эгч нь хиамны цехэд ажилладаг.  ..............г ............ дүүргийн ... дүгээр хороо .... тоотод амьдардаг байсан. Ерөнхий боловсролын сургуулиа .............дүүргийн ... дугаар сургуульд суралцаж төгссөн, ......... мэргэжилтэй, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, архи бага зэрэг хэрэглэдэг, тамхи татдаггүй байсан. Зан араншингийн хувьд хүнд их тусархуу, нийтэч, хүнд их санаа зовдог, өвдлөө гэхэд эм хоол бариад гүйгээд ирэхээр хэмжээний л хүн юм. Уур уцаар байхгүй, сэтгэл сайтай, тайван дөлгөөн зантай эмэгтэй. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

4. Гэрчээр ..............ийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “............. бид хоёр 2017 оны 10 сараас эхлээд хамтран амьдарч байгаа. ... .................. нь охиныхоо хамт надтай цуг гурвуулаа ................ дүүрэг... дүгээр хороо ....тоотод ээжийнх нь хашаанд амьдарч байна. Охин нь бид хоёрын дундаас гарсан хүүхэд биш 14 настай сурагч юм. ................. нь ажилгүй, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, зан араншингийн хувьд их тайван тогтуун, их тусархуу, уур уцаар багатай, сэтгэл сайтай эмэгтэй. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. ....................ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Миний бие 2017 оны хавар 3 дугаар сарын үед солонгос хэлний сургалт явагдаж байх үед .....................тай цуг сургалтад сууж байгаад танилцсан.

Би тухайн үед ажилгүй, амьдрал жаахан хүнд байсан үе болохоор учир байдлаа хэлээд 2017 оны 04 дүгээр сараас эхлээд нилээд хэдэн удаа 20,000-50,000 төгрөг зээлж авч байсан, яг ямар шалтгаанаар авч байснаа санахгүй байна, ямар ч байсан их хэрэг болоод л авч байсан. Тухайн үед .................. ............. төвд лангуу ажиллуулдаг байсан. Би 2017 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна манай найз ................гийн танидаг хүн нь наадмаар Хүй-7 худаг дээр бие засах газар ажиллуулах боломжтой гэж хэлээд 500,000 төгрөг хэрэг болно гэхээр нь би өөрөө 300.000 төгрөг гаргаад ................аас 200.000 төгрөг зээлж аваад хоёулаа хамт ажиллуулаад мөнгөө хувааж авъя гэж хэлсэн. Ингээд нийт 500.000 төгрөг бэлнээр . ...............ийн найзад өгсөн. Тэгээд ................гийн найз утсаа салгаад алга болсон. 2017 оны 06 дугаар сард манай найз монетон гинжээ ломбарданд тавиад алдах гээд байсан. Намайг 200,000 төгрөгөөр авбал ав гэхээр нь би ...................ын ажил дээр нь очоод байдлаа хэлээд 200,000 төгрөг зээлээд 1 дүгээр хороололд монетен гинжийг нь аваад Хархорин зах дээр алт мөнгөний ченжид 350,000 төгрөгөөр зараад ...................аас зээлсэн мөнгөө өгөх гэтэл тухайн үед чухал асуудал тулгараад /ямар асуудал тулгарснаа санахгүй байна/ мөнгийг нь хэрэглэчихсэн. Би тухайн ....................т мөнгийг нь хэрэглэсэн талаар хэлээд дараа өгье гэсэн. Тэгээд би хуушуурны зөвшөөрөл авах гээд мөн авч чадаагүй. Түүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын эхээр одоо нэрийг санахгүй байна, 2 залуутай танилцсан байсан. Жаахан юм уучихъя гэхээр нь .................... дээр очиж 100.000 төгрөг зээлээд Драгон төвийн 2 давхарт байх солонгос хоолны газар орж хоол идэж, пиво уучихаад гараад явсан. Тэгээд сонгуулийн үеэр шиг санагдаж байна нөгөө бие засах газрын зөвшөөрөл гаргаж өгнө гэж байсан хүн над руу яриад би хуушуурны зөвшөөрлийг чинь бүтээж өгнө гэсэн. Би ...................т “өө баяр ёслолын үеэр хүний 500.000 төгрөг аваад явчихсан хүнээс чинь одоо ядаж 1 сая төгрөг авна даа, тэгээд өрийг чинь бүгдийн өгнө гэж хэлж байсан.  Тухайн 1 сая төгрөгөө авч чадаагүй, бас л алга болчихсон. Үүнээс хойш 8 дугаар сарын дундуур манай багийн найзууд уулзах гэхээр нь би өмсөх хувцас, мөнгөгүй байсан болохоор .......................аас “i phone 5s” маркийн гар утас, даашинз, 100.000 төгрөгтэй авсан, гар утсыг нь орой уулзаж дуусаад авчирч өгсөн. Мөнгө даашинз хоёрыг нь өгөөгүй. Би ..................аас яг хэдэн төгрөг авснаа хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нийт 1 сая төгрөг орчим байгаа. Энэ асуудлаас хойш буюу 2017 оны 08 дугаар сарын дунд үеэс хойш холбоо бариагүй уулзаагүй. Би тухайн үед мөнгийг нь өгөх боломжгүй байсан. Тэрнээсээ болоод санаа зовоод юу гэж хэлнээ гэж бодоод над руу залгахад нь утсаа ч аваагүй. Над руу зөндөө залгаж байсан. Ер нь мөнгийг нь мөнгөтэй болох үедээ өгнө гэсэн бодолтой л явсан. ......................гаас дандаа бэлнээр мөнгө авч байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл [6],

 

7. Шүүгдэгч ......................гийн иргэний үнэмлэхийн хуулбар [7], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [8], Оршин суугаа хаягийн тодорхойлолт [9] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч .......................  .................. дүүргийн ... дүгээр хороо Драгон төвийн 2 давхарт худалдаа эрхэлдэг иргэн ...................аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 784.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Отгонбаяр нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхийн дүгнэлт:

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч .................... нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын хооронд ..............дүүргийн ... дүгээр хороо, Драгон төвийн хоёрдугаар давхарт худалдаа эрхэлдэг иргэн .................ийг “Хүй долоо” худагт бие засах газрын зөвшөөрөл авч, ашгаа хуваая, хямдхан гахайн мах авч өгье, найзынхаа ломбардад тавьсан монетен гинжийг аваад, мөнгө нэмээд заръя, хүүхэд хичээл дээрээ уначихсан, давтан шалгалтын мөнгийг нь өгөх гэсэн юм” гэх зэргээр удаа дараагийн үйлдлээр хуурч, урьдын танилын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 784,000 төгрөгийг буюу эд хөрөнгийг нь шилжүүлэн авч  залилсан, хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч ..................ийн мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 11-нйи өдөр өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын дундуур Солонгос хэлний сургалтанд сууж байхдаа .................тэй танилцаж, найзлаад явж байхад 2017 оны 04 дүгээр сарын сүүлээс эхлээд надаас 20.000-50.000 төгрөгийг бага, бага хэмжээтэйгээр зээлээд байсан. ...5 дугаар сард ...манай ажил дээр ирээд “Хоёулаа наадмаар “Хүй долоо” худаг дээр бие засах газар ажиллуулъя, ашигтай байдаг, зөвшөөрлийг нь 200.000 төгрөгөөр аваад, ашгаасаа чамд 100.000 төгрөг өгнө” гээд 200.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард “Манай найз ломбарданд монетен гинжээ тавиад алдах гээд байна, хоёулаа аваад мөнгө нэмээд зарчихъя” гээд дахиад 200.000 төгрөг, “Шараа тайлъя, зээлээч гээд 100.000 төгрөг, ...8 дугаар сард “найз нь багийн найзуудтайгаа уулзах гэсэн юм, муу явж байгаагаа харуулмааргүй байна” гээд ....100.000 төгрөг, ...эгчийгээ хиамны цехэд ажилладаг. “Хямдхан гахайн мах авах уу гэж хэлээд 25.000 төгрөг тус тус авсан. ...” гэх мэдүүлэг [10], хохирогч .......ийн мөрдөн байцаалт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч ..............ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өсгөн: “...2017 оны хавар 3 дугаар сарын үед солонгос хэлний сургалт явагдаж байх үед ..............тай цуг сургалтанд сууж байгаад танилцсан. ...2017 оны 04 дүгээр сараас эхлээд нилээд хэдэн удаа 20,000-50,000 төгрөг зээлж авч байсан,  ...Би 2017 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, …наадмаар “Хүй долоо” худаг дээр бие засах газар ажиллуулах боломжтой,  500,000 төгрөг хэрэг болно гэхээр нь ... ..................... аас 200.000 төгрөг зээлж авсан. ...2017 оны 06 дугаар сард манай найз монетен гинжээ ломбарданд тавиад алдах гээд, ...би Намхаймядагаас 200,000 төгрөг зээлээд 1 дүгээр хороололд монетен гинжийг нь аваад ...350,000 төгрөгөөр зараад ...мөнгийг нь хэрэглэчихсэн. ...2017 оны 07 дугаар сарын эхээр … ............. дээр очиж 100.000 төгрөг зээлээд Драгон төвийн 2 давхарт байх солонгос хоолны газар орж хоол идэж, пиво уучихаад гараад явсан. ...8 дугаар сарын дундуур манай багийн найзууд уулзах гэхээр нь ... ...................гаас  ...100.000 төгрөг авсан.  ...2017 оны 08 дугаар сарын дунд үеэс хойш холбоо бариагүй уулзаагүй болно. ...Над руу зөндөө залгаж байсан. ................... аас дандаа бэлнээр мөнгө авч байсан...” гэх мэдүүлэг [11], түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилго нь гэмт этгээдийн хувьд үйлдлээ хэрэгжүүлж, эхлэхээс өмнө бий болдог ба бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх, ашиг хүртээхээр амлах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ................. нь “тухайн үед ажилгүй, амьдрал хүнд байсан үе болохоор мөнгө авч байсан” талаар мэдүүлсэн байх ба хохирогчоос удаа дараа авч байсан мөнгийг эргүүлэн төлөх санхүүгийн эх үүсвэргүй, өөрөөр хэлбэл буцаан төлөх бодит баталгаагүй гэдгээ мэдсээр байж, хохирогчтой танилцсаны дараа түүнтэй найзалж, уг харилцаа, итгэлийг нь ашиглаж, хуурч эд хөрөнгийг нь залилсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч .................. нь залилангийн гэмт хэргийг 2017 оны 4 дүгээр сараас эхэлж үйлдсэн байх ба үйлдэл төгссөн хугацаа нь 2017 оны 8 дугаар сард байна. Иймд ................ холбогдох эрүүгийн хэргийг 2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдөж байгаа Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч .....................т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх тус зүйл, хэсэг, заалтад зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч .................. нь хохирогч .................т учруулсан 784,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл [12] зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүгдэгч ...............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Отгонбаяраас шүүгдэгч ..............т улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон  торгуулийн ялыг  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан багасгаж, 450.000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг  тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч ...............т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч .................. нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзаж, 450,000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг  шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3 сарын буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ........................ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................овгийн ........................... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..................ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ...............т торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  .................. нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Намхаймядагт энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, ...................т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ....................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1]  хавтаст хэргийн 12-15 дугаар тал.

[2] хавтаст хэргийн 56-57 дугаар тал.

[3] хавтаст хэргийн 18-20 дугаар тал.

[4] хавтаст хэргийн 21-23 дугаар тал.

[5] хавтаст хэргийн 33-35 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[9] хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[10]  хавтаст хэргийн 12-15 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 33-35 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал.