Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/61

 

С.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч                                                       С.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.О /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      С.Г                                         

Нарийн бичгийн дарга                               Д.Ундрах нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-ийн гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр С.Г-т холбогдох 2425000740281 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн баруун талын төв асфальтан замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй Ч.Г-ын эзэмшлийн Хьюндай Соната-6 загварын 00-00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Оийг мөргөж эрүүл мэндэд нь “умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал /эрвээхэй хэлбэрийн/” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар С.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т зааснаар шүүгдэгч С.Г-аас нийт 42,081,200 төгрөг гаргуулж, хохирогч Л.О-т 41,753,400 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаартай дансанд 327,800 төгрөг олгуулж,

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар намайг 10 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн юм. Би шүүхээс намайг гэм буруутайд тооцсонд мөн ийм ялаар шийтгэсэнд гомдохгүй. Гэвч үүнээс бага ялаар шийтгэж болох байсан гэж бодоод энэхүү өргөдлийг гаргаж байна. 

Өөрөөр хэлбэл би гэм буруугаа хүлээж байгаа, эмчилгээний болон бусад зардлыг сайн дураараа төлчихсөн байсан. Харин сэтгэл санааны хохирлыг хохирогчийн төлөөлөгч нь шүүх хурал дээр л гаргаж тавьсан болохоор маш богино хугацаанд төлөх боломжгүй байлаа. Тэхдээ би намайг төл гэсэн 41 сая төгрөгийг төлнө. Энд огт маргахгүй. 

Миний энэхүү өргөдлийг гаргаж байгаа учир гэвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан учир ажлаасаа халагдаж байгаа. 27 сая төгрөгийн хохирлыг төлөх гэж эхнэр бид 2 тэтгэврийн зээл авсан. Одоо халагдах учраас цалингийн зээл авч болохгүй боллоо. Хохирол төлөхийн тулд би ямар нэг ажил хийх хэрэгтэй байдаг, Орхон аймгаас гарч болохгүй байдаг. Тэгэхээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэж энэхүү өргөдлийг гаргаж байгаа юм. Арай бага хугацаатай байвал хохирлыг хурдан төлөх боломж гарна гэж л бодоод байгаа юм. Иймд надад оногдуулсан ялын хугацааг хасаж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт орно ...” гэжээ. 

Дээд шатны прокурор Ц.Батбямба шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“ ... Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн 2425000740281 дугаартай С.Г-т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Шийтгэх тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Харин шүүгдэгч С.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгийг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг зөрчсөн байна. 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хумьж, чиглэлийг тогтоох зэргээр зорчих эрхэд нь тодорхой хязгаарлалтыг тогтоож буй шийтгэлийн төрөл юм. 

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 23 сая төгрөгийн хохирол төлсөн. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: “... Энэ хүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлыг төлсөн, цаашид сэтгэл санааны хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, урьд нь гэмт хэрэгт холбогдож шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: “... Зорчих эрхийг хязгаарлах ял нь ялтанд ял эдлүүлэхдээ зорчих эрхийг нь хязгаарлаж, тодорхой хэмжээ хязгаарын дотор зорчихыг даалгадаг. Тэгэхээр энэ нь ял шийтгэл, зорилготой нийцэхгүй байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Г-ийн давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

   Шүүгдэгч С.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн баруун талын төв асфальтан замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй Ч.Г-ын эзэмшлийн Хьюндай Соната-6 загварын 00-00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 16.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал” бүхий хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

            Тухайн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Дээд шатны прокуророос “ ... анхан шатны шүүх Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгийг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг зөрчсөн тул өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай эсэргүүцлийг гаргажээ.

 

            Шүүгдэгч С.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзвэл шүүх хуралдаан даргалагч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ С.Г-ийг 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж уншиж сонсгосон байна.

 

            Гэтэл прокурор, оролцогч нарт гардуулсан болон хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж” гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосноос зөрүүтэй бичиж албажуулжээ.

 

            Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан ноцтой зөрчилд хамаарах тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч С.Г нь  “... Сэтгэл санааны хохирлыг төлнө. Ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Ялтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг тодорхой хугацаанд өөрчлүүлэх шаардлага бий болсон тохиолдолд энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурьдах нь зүйтэй.

            Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Орхон аймгийн...” гэснийг “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын...” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ