| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00747/И |
| Дугаар | 103/ШШ2025/00685 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00685
2025 08 28 103/ШШ2025/00685
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүгч П.Туяа, шүүгч Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 0 дугаар багт оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нугын талд байрлах Монсуль ХХК-д холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч:Р.Батаа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагчийн өмгөөлөгч *******
Иргэдийн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Рэнцэндорж овогтой Батаа нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүрэг дэх Монсуль ШТС-аас Бонго маркийн машиндаа 20 литр түлш хийлгэсэн боловч түгээгч ажилтан нь эхлээд 2 литр бензин андуурч хийсэн. Үүний улмаас машинд эвдрэл гарсан. Энэ тухай тухайн ажилтанд мэдэгдсэн бөгөөд тухайн ажилтан хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Гэвч дараа нь утсаа авахаа больсон. Машины эвдрэлийг оношлуулахад порсук 200.000*4=800.000 төгрөг, өндөр даралтын насос 500.000 төгрөг, шүүр 250.000 төгрөг, ажлын хөлс 250.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Монсуль ХХК нь 1.500.000 төгрөгийг иргэн ******* 2025 оны 08 дугаар сарын 29-ний дотор төлөхөөр, нэхэмжлэгч Р.Батаа нь нэхэмжлэлийн шаардлагын 500.000 төгрөгөөс татгалзахаар харилцан тохиролцов гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Р.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Монсуль ХХК-д холбогдох гэм хорын хохирол 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Р.Батаа нэхэмжлэлийн шаардлагын 500.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.500.000 төгрөгийг Мон суль ХХК 2025 оны 08 дугаар сарын 29-ний дотор ******* төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монсуль ХХК-иас 38.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧ П.ТУЯА
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ