| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/08073/И |
| Дугаар | 191/ШШ2025/06818 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/06818
2025 08 12 191/ШШ2025/06818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Пийн Э /РД: /,
Хариуцагч: Бы Н /РД: / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 117,694,429.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х
Хариуцагч П.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ТБнаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 210 сая төгрөг зээлсэн. Зээлийн төлбөрөө төлж байх хугацаандаа тодорхой ямар нэгэн шалтгаанаар зээлээ төлөхгүй байсан. 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 322 хоногийн хугацаа хэтэрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед 117,694,429 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар П.Э зээлээсээ төлөөд одоо үлдэгдэл нь 94,902,329 төгрөг үлдсэн байгаа. Нийт 23 сая хасагдсан байгаа. Шүүхэд өгснөөс хойш хүү бодоогүй байгаа.
Шууд үндсэн зээлээс хасагдсан. Одоо үндсэн зээл 76,758,190 төгрөг, хүү 17,336,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 807,680 төгрөг байна. 322 хонон гэхээр бараг жилийн хугацаанд хүлээж байгаа. 17 сая бол 322 хоног хүлээсэн хугацааны хүү байгаа. Шүүхэд өгснөөс хойш П.Эд ямар нэгэн хүү бодогдоогүй, хүү зогсчихсон байгаа. Нэлээн хугацаанд ТБ хүлээсэн. Ямар нэгэн байдлаар боломж бололцоо олгосон гэж үзэж байгаа учраас барьцаа хөрөнгөө зарж нэхэмжлэлээ төлүүлье гэсэн анхны тавьсан шаардлага хэвээрээ байгаа. гэв.
2. Хариуцагч П.Э болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБнаас 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 210 сая төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд 133,241,211 төгрөгийг үндсэн зээлд нь, хүүд 120,823,982 төгрөгийг төлчихсөн байгаа. Нийт 254,065,193 төгрөгийг ТБанд төлчихсөн юм байна. Өөрөөр хэлбэл 210 сая төгрөг аваад 254 сая болгоод ер нь төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл бол 76,7 сая төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл, хүү нь 17 сая гэж байгаа. Би зээлийг авахад орон нутагт найман нэрийн дэлгүүр ажиллуулж байсан. Түүндээ зориулаад эргэлтийн мөнгө л нэмээд аваад байсан. Ер нь 2017, 2018 оноос ч билүү эхэлж авсан зээлтэй. Тэгээд л нэмээд аваад явж байсан зээл, одоо үлдэгдэл үлдчихээд байгаа. Зээлийг тухайн үедээ графикийн дагуу цаг цагт нь төлөөд явж байсан. Хамгийн гол нь 2020 онд манай хүүхэд Энэтхэгт зүрх нь өвдөөд хагалгаанд явах болсон. Гэнэтийн юм гарсан. Дөнгөж төрсөн хүүхэд маань Монголд ерөөсөө эмчлэхгүй гээд маш яаралтай яв гээд явсан. Бид нар бүтэн 1 жил Монголд эмчлүүлнэ гэж хүлээж эмнэлэг болгонд үзүүлээд амьхандаа мөнгө төгрөгийн байдлаасаа болоод Монголд үзүүлэх санаатай байсан. Сүүлдээ бүх эмнэлгүүд ерөөсөө Монголд эмчлэхгүй, маш яаралтай яв гээд эргэлтэд хэрэглэж байсан 210 сая төгрөгөөсөө эмчилгээнд зарцуулаад л явсан. Энэтхэгт явж хагалгаагаа хийлгээд дөнгөж ирэхэд ковид болсон. Эргэлтийн хөрөнгө байхгүй, хамаг эргэлтийн мөнгөөр хүүхдээ эмчилгээнд явуулчихсан. Тэгээд ковидоос болоод орон нутагт дэлгүүрээр ажиллах ч хэцүү болоод хотоос бараа зөөх ч хэцүү болоод эргэлтгүй нам зогссон учраас үйл ажиллагаагаа жигдрүүлээд хөл дээрээ ингээд чадахгүй хүртэл явж байгаа. Эргэлтгүй, банканд зээлтэй учраас надад дахиад янз бүрийн эргэлтийн мөнгө хийчихээр зээл олдохгүй. 2023 оны 6 сар хүртэл би бараг бүх л бололцоогоо хангаад банкны итгэлийг алдахгүйгээр сар сард нь 6 сая төгрөгөө ёстой чадан ядан төлөөд л явсан. 2023 оны 5 сараас мэдээллийн сангийн зээлийн ангиллын дагуу ангилалд оруулаад эхэлсэн. Би ангилалд орсон ч гэсэн төлөөд яваад байсан. Би сардаа багтаагаад төлчихөөр ангилал буурдаггүй байх гэж бодоод байсан чинь 14 хоногийн дотор төлөхгүй бол ангилал буурдаг. Би төлөөд байсан ч гэсэн ангиллаараа доошоо явсан. Би тэрийг ерөөсөө сайн мэдэхгүй, сард нь багтаагаад л ямар ч байсан яг 15-ны өдөр төлөх ёстой бол 15-ны өдөр төлөөгүй, 30-нд багтаагаад төлөөд яваад байсан чинь тэгж болохгүй, ерөөсөө л 14 хоногоос ангилал буурчихдаг. Миний ангилал буураад явчихсан чинь өөр газар хандахад ямар ч бололцоогүй болчихсон. Тэгээд 2024 оны 9 дүгээр сар хүртэл хамаг чадлаараа энд тэндээс мөнгө олоод зээлж байгаа ч болтугай төлөөд л явсан. Түүнээс хойш зогссон. Би тэтгэврийн хүн. Одоо тэтгэврийн зээлтэй, тэтгэврийн зээлийн хугацааг сая гэхэд 24 сая болголоо. Тэгэхээр нь түүний зөрүү мөнгөө аваад зээлдээ хийгээд зээлийг нь аль болох боломжоороо төлж дуусгахын төлөө л явж байна. Би банктайгаа байнгын харьцаатай байдаг. Зугтаж алга болохгүй ийм байна, тийм байна гээд очиж одоо би яах вэ гээд л ярьдаг. Банк ч надад их л тусалж байна. Их л харж үзсэн л дээ. Миний хувьд яг төлөх боломж байхгүй, ажлаа эхлэх гэхээр эргэлтгүй зогсчхоод байгаа л даа. Банк үндсэн хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулна гэж хүсэлт гаргасан байна билээ. Би үндсэн хөрөнгөөрөө хангахгүйгээр өөрөө ямар ч байсан төлье л гэж бодож байгаа. Ямар ч байсан 2 дэлгүүр байгаа. Тэрийг нь зарах гээд хүмүүстэй ярих гэж байгаа. Тэр хугацааг надад өгөөч ээ гээд банкнаас хүссэн. Банк эвлэрэхгүй байгаад байгаа. Хавраас хойш би сая 9 сая төгрөг төлсөн. Миний хүсэл бол нэгдүгээрт хугацаа хүсмээр байна, энэ хооронд бид нар ямар нэгэн байдлаар энэ зээлийг барагдуулж, үл хөдлөхөө ер нь зарна. Хоёрдугаарт би 210 сая төгрөг аваад 120 сая төгрөгийн хүү төлчихсөн. 120 сая гэхээр тийм бага хүү төлсөн биш шүү дээ. 120 сая төгрөг гэдэг чинь үндсэн зээлийнхээ 50%-аас давчихсан бараг 60%-тай тэнцэх хүү төлчихсөн байгаа учраас ядаж 17 сая төгрөгийн хүүг хөнгөлөөд өгнө үү л гэсэн хүсэлттэй байна. Мэдээж үндсэн зээлээ төлнө. гэв.
3. Хариуцагч Б.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ТБнаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 103300738120 дугаартай 210,000,000 сая төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох үндсэн зээл 99,358,189.04, хүү 17,336,460.93, нэмэгдүүлсэн хүү 999,779.35, нийт 117,694,429.32 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлээс харахад авсан зээл 210,000,000 төгрөг, төлсөн зээл 110,641,810.96 төгрөг, хүүд 120,823,982.99 төгрөг, нийт 214,129,333.02 төгрөг. Уг зээлийг авах үед миний бие Б овогтой Н нь насанд хүрээгүй байсан тул зээлийн гэрээнд хариуцах гарын үсэг зураагүй болно. Зээлийн барьцаанд миний нэр дээрх 000235060 дугаартай гэрчилгээ бүхий Гурванбулаг суманд байрлалтай хүнсний дэлгүүрийг тавьсан байна. Уг объектыг хөрөнгө өвлүүлж үүднээс миний нэр дээр бичиг баримт нь гарч байсан. Ээж маань уг зээлийг 2 дэлгүүртээ зориулж авсан ба зээлийн хуваарийн дагуу асуудалгүй төлж байсан ч дүү маань зүрхний хүнд өвчнөөр өвдөж Монголд эмчлэх боломжгүй гэсэн тул яаралтай хагалгаанд явах болж эргэлтийн хөрөнгөөсөө эмчилгээний зардал гаргасан. Дараа нь корона гарч дэлгүүрийн үйл ажиллагаа зогсож үүнээс болж зээлээ төлөхөд хүндрэл гарсан. Гэсэн ч 210,000,000 төгрөг аваад зээлийн хүүд 214,129,333 төгрөгийг төлсөн байна. Миний хувьд дараах хүсэлтийг гаргаж байна. Тус банктай удаан хугацаагаар хамтран ажиллаж байсныг би хувьдаа сайн мэднэ, ээжийн ажилд маш их туслалцаа үзүүлсэн ч ээж маань аргагүй байдалд орсон. 210 сая төгрөгийн зээл аваад 214,129,333 төгрөг төлсөн байгаа тул шүүхээр хооронд нь тохируулж урт хугацаа сунгаж өгүүлэх, энэ зээлийг төлж дуусгах нь ойлгомжтой. Барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулах шийдвэр гаргаж өгөхийг хүссэн банкны хүсэлтийг миний бие зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй бөгөөд оюутан учраас шүүх хуралд ээж хариуцаж оролцох болно. Миний хувьд ээждээ тусалж бид хамтдаа зээлийг төлж барагдуулах болно. Эрхэм шүүгчээ, хүсэлтийг маань харгалзан үзэж эвлэрүүлэн урт хугацаа тохируулан шийдэж өгөхийг танаас хүсэж байна. гэжээ.
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20/3852 тоот Итгэмжлэл /хх-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хүү тооцооллын хүснэгт /хх-8/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 103300738120 дугаартай Зээлийн гэрээ /хх-16-19/, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10300738120-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-20-21/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 103300738120 дугаартай Барьцааны гэрээ /хх-22-24/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 103300738120 дугаартай Батлан даалтын гэрээ /хх-25-26/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 81/11 дугаартай Зээлийн дэд хорооны хурлын шийдвэр /хх-28/, 20200918756600176469-0 дугаартай мемориалын баримт /хх-29/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Эргэлтийн хөрөнгийн зээл /хх-30-31/, 63-11899 дугаар барьцаалбар /хх-37/, 63-11898 дугаартай барьцаалбар /хх-38/, 11-1757773 дугаартай барьцаалбар /хх-39/, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-40/,0230656 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-41/, ****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-42/, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/764 тоот Итгэмжлэл /хх-119/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27/112 дугаар Итгэмжлэл /хх-120/,
4.2 Хариуцагч нараас нотлох баримтаар: Хариуцагч Б.Нгийн хариу тайлбар /хх-72-73/, хариуцагч П.Эгийн хариу тайлбар /хх-79-80/, хууль зүйн туслалцаа /хх-100/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ТБ ХХК-иас хариуцагч П.Э, Ц.Э, Б.Н нарт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 117,694,429.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч П.Э, Ц.Э, Б.Н нарт холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 103300738120 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99,358,189.04 төгрөг, хүү 17,336,460.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 999,779.35 төгрөг нийт 117,694,429.32 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Эээс татгалзсан.
Хариуцагч П.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаас 22,792,100.00 төгрөгийг төлсөн, харин хариуцагч Б.Н үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах өөрт хамаарах шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзал тайлбараа ирүүлсэн.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ТБ ХХК болон хариуцагч П.Э, Ц.Э нар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 103300738120 тоот зээлийн гэрээгээр 210,000,000.00 төгрөгийг, 1 /нэг/ сарын 1.50 хувь, 1 /нэг/ жилийн 18,0 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, мөн өдрийн 103300738120 тоот Батлан даалтын гэрээг тус тус байгуулжээ. /х.х-ийн 16-19, 25, 26 дугаар тал/.
Улмаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 103300738120-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 53 сар буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байна.
Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч П.Эгийн өмчлөлийн ****** тоот хаягт байрлах 361 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай ******* улсын эрхийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ****** тоот хаягт байрлах 182 м.кв талбай бүхий **** дугаарт бүртгэгдсэн эзэмших эрхтэй газар, ********* байршилтай 1071 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, ********** тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий ****дугаар бүртгэгдсэн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Нгийн өмчлөлийн ************ хаягт байршилтай 115,3 м.кв талбай бүхий ******* эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /х.х-ийн 22-24, 37-42 дугаар тал/.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ........................зээл, гадаад, дотоод төлбөр тооцоо...................... явуулах гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, түүнчлэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу зохигчид энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.
Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар зээлийн гэрээний зүйлийг эргэлтийн хөрөнгө буюу бараа материал татах зориулалтаар зээлдүүлсэн ба уг үйл баримттай зохигчид хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч ТБ ХХК-аас гэрээний зүйл болох 210,000,000.00 төгрөгийг зээлдэгч П.Э, Ц.Э нарт шилжүүлэх, зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүрэг хүлээх ба зээлдэгчид нэхэмжлэгчийн өмнө зээлийг буцаан төлөх үүрэг бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид боловч нэхэмжлэгч хамтран хариуцагч Ц.Эээс татгалзаж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч П.Эгаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч 210,000,000.00 төгрөгийг эхний 6 /зургаа/ сарын хугацаанд зөвхөн хүү төлж /үндсэн төлбөр төлөхөөс түр чөлөөлөгдсөн/, харин 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүнд сар бүрийн 15-ны өдөр тогтмол 7,933,900.42 төгрөгийг төлсөөр 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна./х.х-ийн 20-24 дүгээр тал/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч П.Э нь 2020 оны 10 дугаар сарын 15-ний өдрөөс өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр болох 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 110,641,810.96 төгрөг, зээлийн хүүнд 120,823,982.99 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22,792,100.00 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл үндсэн зээл 76,758,191.00 төгрөг хүүнд 17,336,460.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 807,678.00 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн үйл баримттай зохигчид хэн аль нь маргаагүй.
Иймээс, нэхэмжлэгч ТБ ХК нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч П.Эгаас 94,902,329.00 төгрөг гаргуулж, П.Э, Б.Н нарын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ТБ ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болон 2022 оны 12 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хариуцагч П.Эд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг тус тус шаардаж, мэдэгдэлд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор билүүлээгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байна /х.х-ийн 49, 50 дугаар тал/.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай гэдгийг тус хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлд тус тус зохицуулсан ба гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар зохигчид маргаагүй.
Иймд, зээлдэгч П.Эгаас үндсэн зээлийн үлдэгдэл 76,758,191.00 төгрөг хүүнд 17,336,460.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 807,678.00, нийт 94,902,329.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
4. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд П.Э, үүрэг хүлээгээгүй буюу хариуцагч Б.Н нарын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгүүд бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна.
Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд... гэж, 156.3.-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах тухай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ /х.х-ийн 22-24 дугаар тал/.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй гэж, мөн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, мөн 164 дүгээр зүйлийн 164.1-д Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаар ийнхүү газар эзэмших эрхийг бусдад барьцаалуулах бол үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд ****** тоот хаягт байрлах 182 м.кв талбай бүхий **** дугаарт бүртгэгдсэн эзэмших эрхтэй газар, ********* байршилтай 1071 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалах тухай гэрээг харьяа газрын албанд бүртгүүлсэн байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж заажээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч П.Эгаас 94,902,329.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816,622.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зээлийн гэрээний хангагдсан хэмжээнд ногдох 746,422.00 төгрөгийг хариуцагч П.Эгаас, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад ногдох 70,200.00 төгрөгийг хариуцагч Б.Н, П.Э нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч П.Эгаас 94,902,329.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч П.Эгийн өмчлөлийн ****** тоот хаягт байрлах 361 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай ******* улсын эрхийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ****** тоот хаягт байрлах 182 м.кв талбай бүхий **** дугаарт бүртгэгдсэн эзэмших эрхтэй газар, ********* байршилтай 1071 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, ********** тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий ****дугаарт бүртгэгдсэн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Нгийн өмчлөлийн ************ хаягт байршилтай 115,3 м.кв талбай бүхий ******* эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816,622.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эгаас 746,422.00 төгрөг, хариуцагч Б.Н, П.Э нараас 70,200.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА