| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0124/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Т.Жаргалсайхан, хохирогч Б.М, гэрч Д.Батмөнх, шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Адууч овогт Ө.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710003970124 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Адууч овогт Ө.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.О нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн Samsung S7 маркийн гар утас, Samsung маркийн зөөврийн компьютерийг ашиглан иргэн Б.Мын [email protected] хаягаар үүсгэсэн “Google Adcence” хаяг руу хууль бусаар нэвтэрч, иргэн Б.Мын бүртгэлтэй байсан хувийн мэдээллийг өөрчилж, өөрийн мэдээллийг нэмж оруулан “Google Adcence” хаягийг ашиглах боломжгүй болгон дээрх хаягаар нэвтэрч вэб сайтад сурталчилгаа байршуулсны орлого болох 956 ам.доллар 53 цент буюу 2.337.941 төгрөгийг авах боломжгүй болгон Б.Мын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.М: “...2017 оны 07 дугаар сарын сүүлээр интернетэд админ авна гэж зар тавьсан бөгөөд О нь надтай ирж уулзсан, ирэхэд нь мэдээлэл технологийн талаар мэдэх үү гэхэд мэдэхгүй гэж хэлэхэд нь бид нар сургаж авахаар болсон. 2017 оны 7 сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэл хийсэн ажлын хөлс болох 976 доллар дансанд байсан. Нууц үг, нэвтрэх нэр болон дансийг сольсноор дансанд байсан мөнгийг авах боломжгүй болсон буюу хаягийг Google-с хаасан. Хаягаа хэзээ алдсан болохыг бид нар мэдээгүй. 2017 оны 8 дугаар сарын 17, 18-ны үеэр хаяг руу орж дансаа шалгаж үзэхэд болохгүй байсан. Тухайн үед О рүү залгаж хаягийг сольсон уу гэж асуухад мэдэхгүй гэж байсан. Тэгээд бид нар хаягийг оролдож байгаад нэвтэрч ороход О нэр болон бусад зүйлийг өөрчилсөн байсныг мэдсэн. Ингээд Отэй уулзаж болсон зүйлийн талаар хэлээд бид нарт хохирол төлөөд өг гэж хэлж байсан боловч бодит арга хэмжээ авахгүй байхаар нь цагдаад хандсан. Одоогоор хохирол төлбөрт 800.000 төгрөг авсан. Үлдсэн хохирлыг шат дараатайгаар төлнө гэсэн тохиодолд гомдол саналгүй. Энэ хаягийг нээнэ гэдэг нь маш хэцүү, ур чадвар их шаарддаг. Тухайн хаяг нь миний ажлын мөнгө олох үндсэн багаж хэрэгсэл байсан гэж хэлж болно...” гэв.
Гэрч Д.Батмөнх: “...Эхлээд дээрх хаяг руу нэвтрэх оролдлого хийх үед орж болохгүй байхаар нь удаа дараа оролдож байж нэвтрэх үед 956 ам.доллар 53 цент дансанд байсан. М бид хоёр зэрэгцээд сууж байхдаа нууц үгийг хэлснийг О сонссон байх, түүнээс чангаар хэлсэн зүйлгүй. Энэ хаягийг анх Даваасүрэн гэж хүнээр нээлгэх үед би хамт байсан. Тухайн үед 500,000 төгрөгийг Даваасүрэнгийн дансаар нь шилжүүлж байсан. Одоо энэ хаягийг ашиглах боломжгүй болсон...” гэв.
Шүүгдэгч Ө.О: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.М байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны орой дансаа шалгая гээд орох гэхэд нууц үг 7 хоногийн өмнө солигдсон байна гэсэн мэдээлэл гарч ирээд нэвтэрч орж чадахгүй байсан тул анх дансаа цуг нээж байсан Даваасүрэнгээс асуухад миний зүгээс эккаунтыг сольсон асуудал байхгүй, та нар дотроо шалгаж үз гэсэн. Ингээд маргааш нь буюу Амар, Батмөнх бид гурав хамт сууж байгаад эккаунтын нууц үгээ сэргээх гэж оролдож үзээд Recovery phone хэсэгт 90162657 дугаарыг бүртгүүлсэн, мөн user management хэсэгт [email protected] хаягаар солих хүсэлтийг Google компани руу явуулсан, хаягийн нэрийг Davaasuren гэж байсныг Khongorzul Khongoroo гэж өөрчилсөн, мөнгө хүлээж авах дансыг Худалдаа хөгжлийн банк байсныг Капитрон банк болгож сүүлийн орон нь ***723 гэсэн дансаар сольсон, дансны эзэмшигч нь О Өлзийхүү гэж байсан, холбоо барих дугаарыг 80600210, холбоо барих хүнийг О Өлзийхүү гээд өөрчилсөн байдалтай байсан. Дансаа харахад мөнгө хэвээрээ байж байсан, тэгээд өөрийнхөө дансыг эргүүлээд холбоод орхисон, тэр орой нь Отэй чаталж асуухад “Би тийм их мөнгө байгаа гэж мэдээгүй” гэж хэлсэн. Маргааш нь дахин орох гэтэл орохгүй байсан. Тэгээд Отэй утсаар ярихад ирэхгүй байхаар нь 22-ны өглөө Ог хорооллоос аваад Саппаро дээр уулзацгаасан, тэгээд учрыг нь тодруулахад би хийсэн гээд үг ч дуугарахгүй байсан. ...Одоо хаяг ажиллахгүй, идэвхигүй горимд шилжсэн, орох боломжгүй, сар бүр ордог орлого ороогүй байгаа. Тухайн үед 956 ам.доллар шилжиж орж ирээгүй цаашдаа ч орж ирэх боломжгүй гэж үзэж байгаа, дээрээс нь энэ хаяг маань идэвхигүй буюу дахин ашиглах боломжгүй болсон тул үүнийг үүсгэхэд зарцуулсан 500.000 төгрөгийн хохирол учирсан. ...Ө.Ог авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. ...Ажиллах хугацаанд нь ямар нэг цалин хөлс өгөөгүй, энэ талаар тохиролцоогүй байсан. ...Ө.О үнэгүй.мн сайтад байршуулсан зарын дагуу ирж уулзаад туршилтаар ажиллаж байсан..” /хх-ийн 12-14, 38-39, 127-128/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч М.Амар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр би яг хугацааг нь санахгүй байна М, Батмөнх ах нар Google adsense-т бүртгэлтэй [email protected] хаягийнхаа эккаунт, нууц үгийг алдчихлаа гэж байсан ба намайг дуудаж уулзаад М, Батмөнх ах бид гурав хамт сууж байгаад алдсан [email protected] хаягаа сэргээх гэж оролдоод хуучин бүртгэлтэй дугаараар оролдож үзэхэд сэргэчихсэн. Тэгээд доторхи мэдээллийг нь шалгаж үзэхэд хэрэглэгчийн нэр Ulziikhuu Odkhuu гээд сольчихсон, бүртгэлтэй гадаад валютын дансны дугаарыг мөн сольчихсон байсан. Ингээд Ө.Ог уг мэйл хаягийг хулгайлсныг мэдсэн. Урьд нь Ө.Огээс энэ талаар асуухад мэдэхгүй гээд байдаг байсан. ...Google 2nay сурталчилгааг сайтан дээрээ байршуулж хандалтаараа Google Adsense-ээс ам.доллараар мөнгө авдаг. Мөнгө авдаг данс нь М ахын и-мэйл хаягтайгаа холбуулсан гадаад вальютын дансаар авдаг юм. Би 3 сар ажлаад 3 сая төгрөгний цалин авдаг байсан. Цалингаараа бэлнээр нь Батмөнх ахаас авдаг байсан. ...Ө.О бид хоёрт уг и-мэйл хаягт нэвтрэх эрхгүй байсан. Харин Ө.О, Б.М, Батмөнх ах нарыг хоорондоо ярьж байхад нь и-мэйл хаягт нэвтрэх нууц дугаарыг нь сонсоод мэдчихсэн юм байна лээ...” / хх-ийн 40-41/ гэсэн,
Гэрч Д.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сараас эхлээд М бид хоёр Амар гэх залууг аваад гурвуулаа Google Adsense вэбийг ашиглаж өөрсдийн ашигладаг вэбүүд дээр төлбөртэй сурталчигаа байршуулж түүгээрээ цалинжиж ажиллаж эхэлсэн. Ингээд үйл ажиллагаа улам идэвхитэй болгох зорилгоор фэйсбүүкээр Ө.О гэх залууг ажилд авсан. ...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би [email protected] имэйл хаягаа шалгаж үзэхэд нь эккаунт нь орж болохгүй алдаа заагаад байсан ба Маас асуухад мэдэхгүй, би эккаунт солиогүй гэж хэлсэн. Ингээд 2,3 хоногийн дараа байх Google рүү эккаунт хаягаа сэргээх хүсэлт явуулж байж и-мэйл хаяг руу нэвтэрэхэд эккаунт эзэмшигчийн мэдээллийг Ulziikhuu Odkhuu гэж өөрчилөөд мөн бидний цалин хүлээж авдаг дансыг Капитрон банкны гадаад валютын данс болгоод өөрчилчихсөн холбогдох утасны дугаар, нууц үг сэргээх и-мэйлийг өөрчилсөн. ...Тэгээд эккаунт руу ороод дахин мэдээллээ үнэн зөвөөр бичээд бүртгүүлэхэд Google-ээс сэжигтэй байна гэж үзээд эккаунтыг хаачихсан юм...” /хх-ийн 43-44/ гэсэн,
Гэрч Б.Лхагва мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Google Adsense нь өөрийн вэб сайт дээр зар байрлуулж сайтруу орж байгаа хэрэглэгчдийн даралт /хандалт/-аар мөнгө олох зориулалттай сайт юм. Энэ сайтад өөрийн бүртгэлтэй хаяг болон вэб сайтыг холбож ингэснээр байршуулсан зарын хандалтын тоогоор бүртгүүлсэн гадаад валютын дансанд урамшууллын мөнгөө авах хэлбэрээр ажилладаг. …Gmail хаяг нь эккаунтын нууц үгийг олон дахин буруу хийсэн, мөн гадаад улсаас хандалт хийвэл, хаалгах хүсэлт явуулсан тохиолдолд хаяг хаагдах магадлалтай. Түр хугацаагаар хаагдсан хаягийг хүсэлт явуулснаар нээлгэх боломжтой...” /хх-ийн 45-46/ гэсэн,
Гэрч С.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би одоогоос 2 жилийн өмнө М, Батмөнх нартай танилцаж байсан ба Google Adsense системийн талаар надаас зөвөлгөө авч харилцаж байсан юм. М, Батмөнх нар надаас Google adsense системийг ашиглах эрхтэй аккаунт хаягийг нээлгээд хөлсөнд нь 350,000 төгрөг өгч байсан. Уг эккаунт Google компанид хүлээн зөвшөөрөгдөх шаардлагыг хангасан байх ёстой ба нэгдүгээрт домэйн нэртэй байх, хоёрдугаарт стандарт хангасан вэб хуудастай байх ёстой байдаг. Энэ шалгуурт нийцсэн вэб хийхэд хэцүү байдаг болохоор баргийн хүн хийж чаддаггүй тул 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би уг зарсан [email protected] хаягийн эккаунтыг өөрийн албан ёсны нэрээр буюу Содномпэлжээ Даваасүрэн аккаунтыг хийж бусад мэдээллийг өөрийн төрсөн он сар өдөр, гар утасны дугаар, гадаад валютын дансны дугаар зэргийн үнэн зөв бөглөж дээрх хаягийг нээж байсан юм. Түүнээс хойш Б.М, Батмөнх нар нь уг мэдээллийг өөрчилсөн эсэхийг мэдэхгүй. ...Эккаунтыг 1-2 удаа солиход эккаунт хаягийг дахин сэргээх боломжтой байдаг ба түүнээс олон удаа аккаунтаа сольвол Google компани мэдээллийн аюулгүй байдлын бодлогоос шалтгаалан автоматаар цаанаас нь хаадаг юм. Яг журамдаа бол энэ талаар тусгасан зүйл байдаггүй бөгөөд практикт хаягаа бусдад хакердуулсан байна гэж үзэж ийм зарчим үйлчилдэг. ...2017 оны 9 дүгээр сарын сурталчилгааны мөнгө 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр холбосон дансанд орж ирдэг. Ер нь бол сар бүрийн 21-ний өдөр дансанд ордог гэсэн үг. ...Надад уг хаягийг зарсан талаар ямар нэг баримт байхгүй. Одоо зах зээлд ийм хаяг 1,000,000 төгрөгийн үнэ ханштай зарагдаж байгаа...” /хх-ийн 49-51/ гэсэн,
Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...М ах хамт ажилладаг Батмөнх ахаас [email protected] хаяг руу нэвтрэх код нь юу вэ гэж асууж байсан ба Mongol!@#123 гэж хэлснийг нь би сонсчихсон юм. Тэгээд маргааш өдрөөс нь уг хаяг руу нэвтэрч үзэхэд today гэсэн хэсэгт 0 доллар, month гэсэн хэсэгт 1.6 доллар гэсэн байхаар нь энэ хаягийг идэвхигүй, ажилладаггүй хаяг юм байна гэж ойлгосон. Тэгээд би шинээр ийм хаяг нээж чадахгүй байсан тул уг идэвхигүй хаягийг ашиглая гэж бодоод доторх мэдээллийг Ulziikhuu Odkhuu гэж өөрчилөөд, паспортыг Mon!@#$%12345 гэж өөрчилөөд, дансны дугаарыг нь өөрийн Капитрон банкны 3055002723 дугаарын данс болгон өөрчилсөн. Мөн холбогдох утасны дугаарыг 80600210 болгон өөрчилсөн. Түүнээс хойш би нэвтэрч оролгүй ажлаа хийгээд явж байтал Д.Батмөнх ах чат бичээд нэг и-мэйл хаягийн аккаунт алдагдчихлаа гэж хэлсэн. Тэр орой нь би Зайсан гэртээ очоод байж байтал байрны ах граш засварлахад туслаад өг гэхээр нь ажилдаа явалгүй 2-3 хоног тэр ахад тусалсан. Би тэр хооронд нөгөө и-мэйл рүү Өөрийн өөрчилсөн аккаунтаар нэвтрэх гээд болохгүй байхаар нь тэр хэдийг аккаунтаа сэргээгээд авчихсан бол намайг авсныг мэдсэн байх гэж бодоод залгахад нь айгаад утсаа аваагүй. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа Батмөнх ах залгаад “чи хүрээд ир, зүгээр уулзья” гэхээр нь очиж Батмөнх, М ах нартай уулзахад “чиний хулгайлсан и-мэйл 953 ам.доллар байсан, одоо энэ мөнгийн авч чадахгүй байна, уг и-мэйл хаяг хаагдчихсан, чи энэ мөнгийг өгч биднийг хохиролгүй болго” гэж хэлсэн. Би тэр хэдтэй хамт яваад оффис дээр очиж уг и-мэйл рүү нэвтрэх гээд чадаагүй disabled төлөвтэй болчихсон байсан. ...Би зайсанд гэртээ байхдаа өрийн Samsung S7 маркийн гар утсаараа нэвтрэн уг и-мэйл хаягийг ажиллаж байгаа үгүйг шалгасан юм. Тэгээд ажиллаж байхаар нь маргааш гар утсаа Samsung маркийн зөөврийн компьютээр хүнтэй сольсон юм. Тэгээд Samsung маркийн зөөврийн компьютэр дээрээс уг и-мэйл рүү нэвтрэн аккаунтыг өөрчилсөн. Би компьютерийнхээ History цэсэнд байрлах хандсан хандалтуудаа байнга устгадаг болохоор ямар нэг мэдээлэл хадгалагдаагүй байгаа. Миний компьютер одоо хураагдсан байгаа бөгөөд 550.000 төгрөгөнд бодож авч байсан. ...М ах намайг туршилтын хугацаагаар 7 хоног авч ажиллуулаад сайн ажиллаж байвал цалин өгөөд явна гэж байсан, би туршилтаар 7 хоног ажлаад л дахин очоогүй юм. ...Уг и-мэйлийг нээхэд их төвөгтэй байдаг ба аккаунтын мэдээллийг албан ёсны байхыг шаарддаггүй юм байна лээ..” /хх-ийн 58-59, 125-126/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №4492 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Samsung маркийн зөөврийн компьютерт хоёр төрлийн Google Chrome, Internet Explorer вэб хөтөч суусан байна. Интернет хандалтын түүх буюу бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хандалтын түүх хадгалагдаж байна.
2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн интернет хандалтын бүртгэл хадгалагдаагүй устсан байна.
2. Хадгалагдаж буй вэб хөтөчийн бүртгэлд [email protected] хаяг руу хийсэн хандалт илрээгүй болно.
3. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн вэб хөтөчийн интернет хандалтын түүх устсан түүнийг сэргээх боломжтой...” /хх-ийн 25-27/ гэсэн дүгнэлт,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 33, 34/,
- Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 52/,
- Хохирогч Б.Мын дансны хуулга /хх-ийн 20, 37, 68-71/,
- Ө.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 62-65/,
- Ө.Огийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, дансны хуулга /хх-ийн 61, 73, 131, 134, 136, 157-167/,
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан бичиг /хх-ийн 182/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ө.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ө.О нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн Samsung S7 маркийн гар утас, Samsung маркийн зөөврийн компьютерийг ашиглан иргэн Б.Мын [email protected] хаягаар үүсгэсэн “Google Adcence” хаяг руу хууль бусаар нэвтэрч, иргэн Б.Мын бүртгэлтэй байсан хувийн мэдээллийг өөрчилж, өөрийн мэдээллийг нэмж оруулан “Google Adcence” хаягийг ашиглах боломжгүй болгон дээрх хаягаар нэвтэрч вэб сайтад сурталчилгаа байршуулсны орлого болох 956 ам.доллар 53 цент буюу 2.337.941 төгрөгийг авах боломжгүй болгон Б.Мын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мын “...2017 оны 08 дугаар сарын 16-ны орой дансаа шалгая гээд орох гэхэд нууц үг 7 хоногийн өмнө солигдсон байна гэсэн мэдээлэл гарч ирээд нэвтэрч орж чадахгүй байсан, ...ингээд маргааш нь Амар, Батмөнх бид гурав хамт сууж байгаад эккаунтын нууц үгээ сэргээх гэж оролдож үзээд Recovery phone хэсэгт 90162657 дугаарыг бүртгүүлсэн, мөн user management хэсэгт [email protected] хаягаар солих хүсэлтийг Google компани руу явуулсан, хаягийн нэрийг Davaasuren гэж байсныг Khongorzul Khongoroo гэж өөрчилсөн, мөнгө хүлээж авах дансыг Худалдаа хөгжлийн банк байсныг Капитрон банк болгож сүүлийн орон нь ***723 гэсэн дансаар сольсон, дансны эзэмшигч нь О Өлзийхүү гэж байсан, холбоо барих дугаарыг 80600210, холбоо барих хүнийг О Өлзийхүү гээд өөрчилсөн байдалтай байсан...” /хх-ийн 12-14, 38-39, 127-128/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч М.Амарын “...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр М, Батмөнх ах нар Google adsense-т бүртгэлтэй [email protected] хаягийнхаа эккаунт, нууц үгийг алдчихлаа гэж байсан ба намайг дуудаж уулзаад М, Батмөнх ах бид гурав хамт сууж байгаад алдсан [email protected] хаягаа сэргээх гэж оролдоод хуучин бүртгэлтэй дугаараар оролдож үзэхэд сэргэчихсэн. Тэгээд доторхи мэдээллийг нь шалгаж үзэхэд хэрэглэгчийн нэр Ulziikhuu Odkhuu гээд сольчихсон, бүртгэлтэй гадаад валютын дансны дугаарыг мөн сольчихсон байсан. Ингээд Ө.Ог уг мэйл хаягийг хулгайлсныг мэдсэн...” /хх-ийн 40-41/ гэсэн,
Гэрч Д.Батмөнхын “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би [email protected] и-мэйл хаягаа шалгаж үзэхэд эккаунт нь орж болохгүй алдаа заагаад байсан ба Маас асуухад мэдэхгүй, би эккаунтыг солиогүй гэж хэлсэн. Ингээд 2, 3 хоногийн дараа байх Google рүү эккаунт хаягаа сэргээх хүсэлт явуулж байж и-мэйл хаяг руу нэвтэрхэд эккаунт эзэмшигчийн мэдээллийг Ulziikhuu Odkhuu гэж өөрчилөөд мөн бидний цалин хүлээж авдаг дансыг Капитрон банкны гадаад валютын данс болгоод өөрчилсөн, холбогдох утасны дугаар, нууц үг сэргээх и-мэйл хаягыг өөрчилсөн...” /хх-ийн 43-44/ гэсэн,
Шүүгдэгч Ө.Огийн “...М ах хамт ажилладаг Батмөнх ахаас [email protected] хаяг руу нэвтрэх код нь юу вэ гэж асууж байсан ба Mongol!@#123 гэж хэлснийг нь би сонсчихсон. Тэгээд маргааш өдрөөс нь уг хаяг руу нэвтэрч үзэхэд today гэсэн хэсэгт 0 доллар, month гэсэн хэсэгт 1.6 доллар гэсэн байхаар нь энэ хаягийг идэвхигүй, ажилладаггүй хаяг юм байна гэж ойлгосон. Тэгээд би шинээр ийм хаяг нээж чадахгүй байсан тул уг идэвхигүй хаягийг ашиглая гэж бодоод доторх мэдээллийг Ulziikhuu Odkhuu гэж өөрчилөөд, паспортыг Mon!@#$%12345 гэж өөрчилөөд, дансны дугаарыг нь өөрийн Капитрон банкны 3055002723 дугаарын данс болгон, холбогдох утасны дугаарыг 80600210 болгон өөрчилсөн. ...Би зайсанд гэртээ байхдаа өөрийн Samsung S7 маркийн гар утсаараа нэвтрэн уг и-мэйл хаягийг ажиллаж байгаа үгүйг шалгасан юм. Тэгээд ажиллаж байхаар нь маргааш гар утсаа Samsung маркийн зөөврийн компьютерээр хүнтэй сольсон юм. Тэгээд Samsung маркийн зөөврийн компьютэр дээрээс уг и-мэйл рүү нэвтрэн аккаунтыг өөрчилсөн...” /хх-ийн 58-59, 125-126/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №4492 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Samsung маркийн зөөврийн компьютерт хоёр төрлийн Google Chrome, Internet Explorer вэб хөтөч суусан байна. Интернет хандалтын түүх буюу бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хандалтын түүх хадгалагдаж байна.
2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн интернет хандалтын бүртгэл хадгалагдаагүй устсан байна.
2. Хадгалагдаж буй вэб хөтөчийн бүртгэлд [email protected] хаяг руу хийсэн хандалт илрээгүй болно.
3. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн вэб хөтөчийн интернет хандалтын түүх устсан түүнийг сэргээх боломжтой...” /хх-ийн 25-27/ гэсэн дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 33, 34/, Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 52/, хохирогч Б.Мын дансны хуулга /хх-ийн 20, 37, 68-71/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан бичиг /хх-ийн 182/ болон хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Огийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мад 2,337,941 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч шүүхийн шатанд хохиролд 800,000 төгрөг төлсөн тул үлдсэн 1,537,941 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна.
Хохирогч Б.М тухайн дансыг 500,000 төгрөгөөр худалдаж авсан, уг мөнгөө нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс өөрөөр нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүх, шүүгдэгч Ө.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн насны байдал, ар гэрийн нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1710003970124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан сиди 1 ширхэгийн хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Samsung маркийн саарал өнгийн зөөврийн компьютерийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Од буцаан олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адууч овогт Ө.О-г мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, үйл ажиллагааг хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд Ө.Од зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ө.О-д анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-гээс 1,537,941 /нэг сая таван зуун гучин долоон мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж, хохирогч Б.М /РД: ИП90111271, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхон 44-13а тоот/-д олгож, Хохирогч Б.М-ын 500,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Samsung маркийн саарал өнгийн зөөврийн компьютерийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.О-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн 1710003970124 дугаартай битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР