| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0323/З |
| Дугаар | 128/ШШ2026/0395 |
| Огноо | 2026-04-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г********* /РД:*********/,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Б.Н********* нарын хооронд үүссэн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгахтай холбоотой төрийн албаны захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Б.Г*******, Б.Г*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Г*********оос анх Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “...нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*********с Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “...нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ********* аймгийн цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах, Цагдаагийн хурандаа Б.Н*********ийг ********* аймгийн цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ2026/3035 дугаартай захирамжаар хүлээн авсан.
1.3. Нэхэмжлэгч Д.Г*********оос анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*********с гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/387 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгч цагдаагийн хурандаа Д.Г*********ийг ********* цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын ажлаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 04 дүгээр сарын 13-ны өдрөөс ********* аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилсны дагуу ажиллаж байсан.[1]
2.2. Нэхэмжлэгч Д.Г*********ийг ********* аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажиллаж байх хугацаанд Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн ********* дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.
2.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ********* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай захирамжаар “...эрүүгийн ********* дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал яллагдагч Д.Г*********т төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар” шийдвэрлэжээ.[2]
2.4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дугаартай тушаалаар ********* аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Г*********ийн албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хурандаа цолыг хураасан байна.[3]
2.5. Нэхэмжлэгч Д.Г*********ийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/100 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Б.Н*********ийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ********* аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.[4]
2.6. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Б.Н*********ийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ********* аймгийн цагдаагийн газрын даргаар жинхлэн томилсон байна.[5]
2.7. ********* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаартай шийтгэх тогтоолоор “…шүүгдэгч Д.Г********* ... нарыг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэсэн.[6]
2.8. Дээрх шийтгэх тогтоолыг Д.Г********* эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж, ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлалаар “...********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г********* ... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.[7]
2.9. Дээрх магадлалыг эс зөвшөөрч прокуророос хяналт журмаар эсэргүүцэл бичихэд, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.[8]
2.10. ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Д.Г*********оос 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан “…урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” агуулгаар хүсэлт гаргасан.[9]
2.11. Хавтас хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газраас явуулсан сонсох ажиллагааны тэмдэглэлд, нэхэмжлэгч Д.Г*********т 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 12 дугаар сарын 25-ны өдөр *********амралт, сувиллын даргын сул орон тоо, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ********* аймгийн цагдаагийн газрын ********* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын сул орон тоо, 2026 оны 03 дугаар сарын 20 болон 24-ний өдөр ********* Цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын сул орон тоог тус тус санал болгосон байдаг.[10]
2.12. Нэхэмжлэгчээс дээрх сонсох ажиллагаанд санал болгосон ажил, албан тушаалд ажиллах боломжгүй, урьд эрхэлж байсан ********* аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдож, нэр хүндээ сэргээлгэх хүсэлтэй байгаа талаар удаа дараа тайлбар өгсөн болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.[11]
2.13. Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол[12] гаргахад, Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04/146 дугаартай албан бичгээр уг гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын даргад шилжүүлсэн.[13]
2.14 Дээрх гомдлын хариуд, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/129 дугаартай албан бичгээр “…Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан, эсхүл уг арга хэмжээг хүчингүй болгосон, өөрчилсөн талаар шүүхийн шийдвэрийг тус байгууллагад ирүүлээгүй, мөн тухайн албан тушаалыг урд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр шүүхээс гараагүй тул Д.Г*********т урд ажиллаж албан тушаалын цалин хөлс, зэрэглэлтэй дүйцэх *********амралт, сувиллын дарга, ********* аймгийн цагдаагийн газрын ********* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын орон тоонд тус тус томилуулахаар 3 удаагийн сонсох ажиллагаа хийсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй.” гэх хариуг Төрийн албаны зөвлөлд өгсөн байдаг.[14]
2.15. Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/431 дугаартай албан бичгээр “…гомдлыг дахин хянан шийдвэрлэх боломжгүй тул гомдолд дурдсан асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэх хариуг нэхэмжлэгч Д.Г*********т өгчээ.[15]
2.16. ********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *********дугаартай захирамжаар “…эрүүгийн ********* дугаартай хэрэгт ********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г*********т төрийн албан ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.[16]
2.17. Тус захирамжийг ********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08/235 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.[17]
2.18. Нэхэмжлэгчийн зүгээс “...гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй бол төрийн алба хаагч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох эрхтэй. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэн тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн өргөдлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй буюу өргөдлийг шийдвэрлэхгүйгээр эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.19. Хариуцагчийн зүгээс “...эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан, эсхүл уг арга хэмжээг хүчингүй болгосон, өөрчилсөн талаар шүүхийн шийдвэрийг тус байгууллагад ирүүлээгүй, мөн тухайн албан тушаалыг урд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр шүүхээс гараагүй байсан ч албан тушаалын цалингийн зэрэглэл ТТ-3, цагдаагийн хурандаа цолны зэрэглэл бүхий томилох боломжтой сул орон тоонд томилуулахаар 3 удаагийн сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу явуулахад хүлээн зөвшөөрөөгүй. Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад хүчингүй болгосон тохиолдолд урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох гэсэн хууль, эрх зүйн зохицуулалтгүй байна.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.20. Гуравдагч этгээдийн зүгээс “…Цагдаагийн албан хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдон үүрэг гүйцэтгэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бие даан хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “…Нэхэмжлэгч цагдаагийн хурандаа Д.Г*********ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/387 дугаар тушаалаар ********* цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын ажлаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс ********* аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилсон. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн Б/451 дугаар тушаалаар ********* аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Г*********ийн сарын үндсэн цалинг ТТ-15 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар, төрийн болон албаны нууц хамгаалах ажилтны нэмэгдлийг 30, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25, цолны нэмэгдлийг 30 хувиар тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс олгохоор шийдвэрлэсэн.
Гэвч Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн ********* дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Д.Г*********ийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Энх-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 дахь заалтад "тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх" гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Г*********т төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ********* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай "Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай" захирамжаар эрүүгийн ********* дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал Д.Г*********т төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх буюу ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаал буюу төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн.
Тиймээс нэхэмжлэгч Д.Г********* нь ********* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай "Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай" захирамжид гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *********дугаар захирамжаар гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Үүний дараа дээрх буюу ********* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай "Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай" шүүгчийн захирамжийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Г*********ийн албан үүргээ биелүүлэх бүрийн эрхийг мөн өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хурандаа цолыг хурааж, цалин хөлс олгохыг зогсоож, цагдаагийн цол, албан дүрэмт хувцас хэрэглэхийг хориглож шийдвэрлэсэн.
Дээрх тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газраас томилсон ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр нэхэмжлэгч Д.Г*********ийн ажлыг ********* аймгийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилогдсон цагдаагийн хурандаа Б.Н*********ид хүлээлцүүлсэн.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, нэхэмжлэгч Д.Э*********, М.С*********, Б.О*********, Б.О*********, Б.*********, Д.Б*********, Д.Г*********, Д.Э*********, Т.У*********, Т.Б*********нарын 10 хүнд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хэргийг ********* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ********* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *********дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Э*********, М.С*********, Б.О*********, Б.О*********, Б.*********, Д.Б*********, Д.Г*********, Д.Э*********, Т.У*********, Т.Б*********нарын 10 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн прокурорын газраас дээрх цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэн бөгөөд ********* аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *********дугаартай магадлалаар цагаатгагдсан Д.Г*********, Д.Э********* нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх магадлалыг улсын яллагдагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас эс зөвшөөрч, Монгол улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/97 тогтоолоор ********* аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *********дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр буцаасан.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул эрүүгийн ********* дугаартай хэргийн анхан шатны шүүх хуралдаан дахин хуралдаж М.С*********, Б.О*********, Б.О*********, Б.*********, Д.Б*********, Д.Г*********, Т.У*********, Т.Б*********нарын 8 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан ба ********* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Д.Г*********ийг иргэн Г.Э*********тын согтуугаар ********* хэрэгсэл жолоодсон зөрчлийг хуульд заасны дагуу шалгаж, хариуцлага тооцохгүйгээр явуулж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба уг ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн.
Дээрх шийтгэх тогтоолыг нэхэмжлэгч Д.Г********* нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд ********* аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын нэхэмжлэгч Д.Г*********т ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Ингэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг магадлалд дурдсан.
Нийслэлийн прокурорын газраас Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Монгол Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" тогтоолоор прокурорын эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
Ингэснээр, ********* аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлал буюу нэхэмжлэгч Д.Г*********ийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Төрийн албаны тухай 41 дүгээр зүйлийн 41.4 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна" гэж, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно", 55.2 дахь хэсэгт "Энэ хүүлийн 55.1-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол шийдвэр гаргасан этгээд энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ", 55.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно", 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт "Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, 61.1.4 дахь хэсэгт "хуульд заасан бусад үндэслэл" гэж тус тус заасан.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт "Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана", 61.1.10 дахь хэсэгт "хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа" гэж, харин Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дахь хэсэгт "Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг үг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно", 80.1.1 дахь хэсэгт "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн" гэж, 80.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно", 83 дугаар зүйлийн 83.1 дахь хэсэгт "Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана" гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй бол төрийн алба хаагч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох эрхтэй байна.
Тиймээс нэхэмжлэгч Д.Г*********ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэн тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн өргөдлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй буюу өргөдлийг шийдвэрлэхгүйгээр эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгодог.
Тиймээс нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасныг баримтлан, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлд "урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр тухай" гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан.
Гэвч, Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдөр ирүүлсэн 04/10 дугаартай "Гомдолд хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "гомдолд дурдсан асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна" гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.” гэжээ.
3.2. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Төрийн албаны тухай хуулийн 10.1-д "Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:" гээд 10.1.3-д "төрийн тусгай албан тушаал;", 13.1-д "Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:" гээд 13.1.4-т "зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, гадаадын иргэн, харьяат, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын удирдлага;" гэж тус тус хуульчилсан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 4.1-д "Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.", 5.1-д "Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална.", 80.3-д "Энэ хуулийн 80.11-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно." гэж тус тус заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан, эсхүл уг арга хэмжээг хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэр гарсан бол прокурор, эсхүл мөрдөгч уг шийдвэрийг яллагдагч болон холбогдох байгууллага, хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ.", Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 55.1-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол шийдвэр гаргасан этгээд энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ." гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч нь эрүүгийн ********* дугаартай хэрэгт 2022 оны 12 дугаар дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын сарын 27-ны өдөр яллагдагчаар татагдан улмаар ********* аймаг дахь сум 20-ны өдрийн *********дугаартай захирамжаар "Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ" авсныг ********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/Ш3/222 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Г*********оос ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлалаар өөрт нь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон учир урд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж нэр хүнд, алдар хүндээ сэргээн ажиллах боломжоор ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан, эсхүл уг арга хэмжээг хүчингүй болгосон, өөрчилсөн талаар шүүхийн шийдвэрийг тус байгууллагад ирүүлээгүй, мөн тухайн албан тушаалыг урд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр шүүхээс гараагүй байсан ч албан тушаалын цалингийн зэрэглэл ТТ-3, цагдаагийн хурандаа цолны зэрэглэл бүхий томилох боломжтой *********амралт, сувиллын даргын албан тушаалыг 2025 оны 12 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд, ********* аймгийн цагдаагийн газрын ********* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын албан тушаалыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүгчийн захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсний дараа 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ********* цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын сул орон тоонд тус тус томилуулахаар 3 удаагийн сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу явуулахад хүлээн зөвшөөрөөгүй.
Цаашид цагдаагийн байгууллагаас алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуульд заасан эрхийг эдлүүлэх, адилтгах албан тушаалд томилох бодлого барин ажиллаж байна. Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад хүчингүй болгосон тохиолдолд урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох гэсэн хууль, эрх зүйн зохицуулалтгүй байна.
********* аймгийн цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг 2025 оны шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах шаардлагын хүрээнд, Д.Г********* нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн төв байгууллагын даргад хандан "Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн *********магадлалтай хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хүчин төгөлдөр болсноор албан үүргээ биелүүлэх бүрэн эрхээ түр түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон тул урд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, нэр хүнд, алдар хүндээ сэргээн ажиллах боломжоор ханган шийдвэрлэж өгөх хүсэлт"-ийг гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас "Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ" авсныг шүүхээс хүчингүй болгоогүй байхад Д.Г*********ийг томилох талаар Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулсан.
Мөн дээрх хүсэлтийг гаргах цаг хугацаанд ********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай захирамжаар авсан "Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ" хүчин төгөлдөр байсан байна.
Д.Г********* нь эрүүгийн ********* дугаартай хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татагдан улмаар ********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай захирамжаар "Албан үүргээ биелүүлэхийг Түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ" авсныг ********* аймаг дахь сум Дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/Ш3/222 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэн, захирамжийг тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08/235 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн.
Цагдаагийн хурандаа Б.Н*********ийг ********* аймгийн Цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгуулах" шаардлагын хүрээнд, Цагдаагийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсэгт "Гурван сар хүртэл хугацаагаар түр эзгүй байгаа цагдаагийн алба хаагчийн албан үүргийг болно." 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, эрх бүхий албан тушаалтан цагдаагийн өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлж сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно:" гээд 80.1.1 дэх заалтад "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн;" гэж тус тус хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/146 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Цагдаагийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ын 2.1 дэх хэсэгт "Цагдаагийн албаны тухай хуулийн 77.4-т заасны дагуу гурван сар хүртэл хугацаагаар түр эзгүй байгаа цагдаагийн алба хаагчийн албан үүргийг эрх бүхий албан тушаалтан цагдаагийн өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлнэ.", 2.2 дахь хэсэгт "Түр эзгүй байгаа алба хаагч гэдэгт дараахь тохиолдлыг тооцно:" гээд 2.2.7 дахь заалтад "хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх." гэж тус тус заасан.
Дээрхээс үзвэл гэмт хэрэг, зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг шүүгчийн шийдвэрийг үндэслэн асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж, тухайн алба хаагчийн албан үүргийг өөр алба хаагчаар гурван сар хүртэл хугацаагаар түр орлон гүйцэтгүүлнэ. Нөгөөтээгүүр 3 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд цагдаагийн алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлснийг цуцлах боломжтой бөгөөд өөр алба хаагч томилохыг хориглоогүй байна.” гэжээ.
3.3. Гуравдагч этгээд Б.Н*********оос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Н********* миний бие 2023 оны 01 дүгээр сард газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/442 дугаар тушаалаар тус Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдон үүрэг гүйцэтгэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бие даан хүлээн зөвшөөрөх болон томилгоотой холбоотой асуудлаар шүүх хуралд Цагдаагийн байгууллагыг төлөөлөн оролцох боломжгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/387 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгч Цагдаагийн хурандаа Д.Г*********ийг ********* цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын ажлаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 04 дүгээр сарын 13-ны өдрөөс ********* аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилсны дагуу ажиллаж байсан.
1.2. Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн ********* дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г*********ийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ********* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай захирамжаар “...Эрүүгийн ********* дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал яллагдагч Д.Г*********т төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар” шийдвэрлэсэн байна.
1.4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дугаартай тушаалаар ********* аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Г*********ийн албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хурандаа цолыг хураасан.
1.5. Нэхэмжлэгч Д.Г*********ийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/100 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Б.Н*********ийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ********* аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
1.6. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Б.Н*********ийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ********* аймгийн цагдаагийн газрын даргаар жинхлэн томилжээ.
1.7. ********* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаартай шийтгэх тогтоолоор “…шүүгдэгч Д.Г********* ... нарыг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэсэн.
1.8. Дээрх шийтгэх тогтоолыг Д.Г********* эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж, ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлалаар “...********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г********* ... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
1.9. Дээрх магадлалыг эс зөвшөөрч прокуророос хяналт журмаар эсэргүүцэл бичихэд, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
1.10. ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Д.Г*********оос 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан “…урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” агуулгаар хүсэлт гаргасан.
1.11. Хавтас хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газраас явуулсан сонсох ажиллагааны тэмдэглэлд, нэхэмжлэгч Д.Г*********т 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 12 дугаар сарын 25-ны өдөр *********амралт, сувиллын даргын сул орон тоо, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ********* аймгийн цагдаагийн газрын ********* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын сул орон тоо, 2026 оны 03 дугаар сарын 20 болон 24-ний өдөр ********* Цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын сул орон тоог тус тус санал болгожээ.
1.12. Нэхэмжлэгчээс дээрх сонсох ажиллагаанд санал болгосон ажил, албан тушаалд ажиллах боломжгүй, урьд эрхэлж байсан ********* аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдож, нэр хүндээ сэргээлгэх хүсэлтэй байгаа талаар удаа дараа тайлбар өгсөн болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Хоёр. “Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг системчилсэн байдлаар тайлбарлана.
2.2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно.”, 55.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 55.1-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол шийдвэр гаргасан этгээд энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ.”, 55.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно.” гэж зохицуулжээ.
2.3. Мөн тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:” гээд, 60.1.9 дэх заалтад “ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн;” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:” гээд, 61.1.4 дэх заалтад “хуульд заасан бусад үндэслэл.” гэж заажээ.
2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа төрийн албан хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоох боловч ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн хугацаанд ажлын байрыг нь хэвээр хадгалах үүрэгтэй байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн шийдвэр дуусгавар болсон тохиолдолд тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй байна.
2.5. Маргаан бүхий энэ тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/387 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгч Д.Г*********ийг ********* цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын ажлаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 04 дүгээр сарын 13-ны өдрөөс ********* аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилсны дагуу ажиллаж байсан.
2.6. Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн ********* дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г*********ийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
2.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ********* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай захирамжаар “...Эрүүгийн ********* дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал яллагдагч Д.Г*********т төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар” шийдвэрлэсэн байна.
2.8. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дугаартай тушаалаар ********* аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Г*********ийн албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хурандаа цолыг хураасан.
2.9. ********* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаартай шийтгэх тогтоолоор “…шүүгдэгч Д.Г********* ... нарыг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэсэн.
2.10. Дээрх шийтгэх тогтоолыг Д.Г********* эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж, ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлалаар “...********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г********* ... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.11. Дээрх магадлалыг эс зөвшөөрч прокуророос хяналт журмаар эсэргүүцэл бичихэд, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.12. ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Д.Г*********оос 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан “…урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” агуулгаар хүсэлт гаргасан.
2.13. ********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *********дугаартай захирамжаар “…эрүүгийн ********* дугаартай хэрэгт ********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г*********т төрийн албан ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.[18]
2.14. Тус захирамжийг ********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08/235 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.[19]
2.15. Дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болон хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд, нэгэнт ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлалаар “...********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г********* ... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь буюу ********* аймгийн Цагдаагийн газрын даргаар томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээх үндэслэлтэй байна.
2.16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээх” тухай шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зөв байна.
2.17. Харин “нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж хүсэлт гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах” шаардлагын тухайд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт хандсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг бүхэлд нь олгох ёстой” гэх агуулгаар, хариуцагчаас “********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *********дугаартай захирамжаар “…эрүүгийн ********* дугаартай хэрэгт ********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г*********т төрийн албан ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлтэй” гэх агуулгаар маргасан.
2.18. Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно:” гээд, 80.1.1 дэх заалтад “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн;” гэж, мөн зүйлийн 80.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно.” гэж зохицуулжээ.
2.19. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, шүүгчийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлсэн цагдаагийн албан хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг бүхэлд нь нөхөн олгохоор заажээ.
2.20. Тиймээс зарчмын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины тайлбар буруу боловч маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Г*********т холбогдох эрүүгийн хэрэг нь гэм буруугүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон уу, эсвэл гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон уу гэдэг хууль зүйн фактыг тодруулах нь чухал үүрэгтэй байна.
2.21. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд анхаарах гол нөхцөл нь “гэм буруугүй нь тогтоогдсон” гэх нөхцөл байна.
2.22. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Г*********т холбогдох эрүүгийн хэргийг ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *********дугаартай магадлалаар “...********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г********* ... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу эрүүгийн эрх зүй дэх “in dubio pro reo”[20] зарчмыг хэрэглэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлийг баримталжээ.[21]
2.23. Тиймээс шүүх Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл /гэм буруугүй нь тогтоогдсон гэх/ бүрэн хангагдаагүй тул хэрэглэхгүй гэж үзэн, харин Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт хандсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг бүхэлд нь олгох ёстой” гэх тайлбарыг энэ тохиолдолд хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.
2.24. Хэдийгээр ********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *********дугаартай захирамжаар “…эрүүгийн ********* дугаартай хэрэгт ********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *********дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г*********т төрийн албан ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож” шийдвэрлэсэн боловч тус захирамжийн тодорхойлох хэсэгт[22] “... Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Д.Г********* нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ Д.Г*********т авсан төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна ...” гэж дүгнэсэн байх тул логикийн хувьд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээ нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц дуусгавар болох үр дагавартай гэж үзэх бөгөөд үүнд нэхэмжлэгч Д.Г*********ийн буруутай үйлдэл, эс үйлдэл байхгүй юм.
2.25. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
2.26. Тиймээс “нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж хүсэлт гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах” шаардлагыг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн үзэл баримтлалд нийцүүлэн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааг оролцуулан хангаж шийдвэрлэх нь зөв байна.
2.27. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж хүсэлт гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн үзэл баримтлалд нийцүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын[23] 1.4-д “Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно:” гээд, 1.4.1-1.4.5-д “үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал” хамаарахаар заасныг баримтлан цалин хөлсний тооцоог бүрэн хийж, нэхэмжлэгчид олгох ёстойг тэмдэглэх нь зүйтэй.
Гурав. “Цагдаагийн хурандаа Б.Н*********ийг ********* аймгийн Цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дугаартай тушаалаар ********* аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Г*********ийн албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хурандаа цолыг хураасан байна.
3.2. Нэхэмжлэгч Д.Г*********ийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/100 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Б.Н*********ийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ********* аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
3.3. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Б.Н*********ийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ********* аймгийн цагдаагийн газрын даргаар жинхлэн томилсон байна.
3.4. Энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Г*********ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дугаартай тушаалаар ********* аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түр түдгэлзүүлснээс хойших хугацаанд ажлын байрыг нь хадгалах үүргийг хариуцагч хүлээх ёстой бөгөөд энэ хугацаанд гуравдагч этгээд Б.Н*********ийг ********* аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд жинхлэхгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах учиртай атал жинхлэн томилсон нь буруу байх тул маргаж буй Цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
3.5. Хэдийгээр хариуцагчаас “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/146 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цагдаагийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын[24] 2.1, 2.2.7-д зааснаар түр орлон гүйцэтгэж ажиллах хугацаа 3 сар байх бөгөөд тэр хугацаа дууссан тул Б.Н*********ийг жинхэлсэн” гэж тайлбарлаж байх боловч энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсэгт “Гурван сар хүртэл хугацаагаар түр эзгүй байгаа цагдаагийн алба хаагчийн албан үүргийг эрх бүхий албан тушаалтан цагдаагийн өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно.” гэж зааснаар зөвхөн цагдаагийн албанаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн хувьд хэрэглэгдэхээр байна.
3.6. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Г********* нь Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсэгт зааснаар албанаас түр чөлөөлөгдөөгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд журмын дагуу төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан албан хаагч байсныг хариуцагч анхаараагүй нь буруу.
3.7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3.8. Харин хариуцагчаас гуравдагч этгээд Б.Н*********ийг өөр адил ангилал, зэрэглэлийн ажил албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэх нь зүй ёсны бөгөөд тэрхүү үйл ажиллагаанд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
3.9. Гуравдагч этгээд Б.Н*********оос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “…Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдон үүрэг гүйцэтгэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бие даан хүлээн зөвшөөрөх болон томилгоотой холбоотой асуудлаар шүүх хуралд Цагдаагийн байгууллагыг төлөөлөн оролцох боломжгүй болно.” гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “…би эмнэлэгт хагалгаанд орсон үргэлжлүүлээд 20 хоног хөдөлгөөнгүй гам барих шаардлагатай” гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 60.1.9 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 61.1.4 дэх заалт, Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г*********ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ********* аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Г*********ийг ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг буцаан олгож, нэхэмжлэгчээс хариуцагчид хандан хүсэлт гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Д.Г*********ийг ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох, цагдаагийн хурандаа цолыг буцаан олгох тушаал гаргах, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ********* аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх *********аар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 82 дахь тал
[2] Хх 12-14 дэх тал
[3] Хх 95 дахь тал
[4] Хх 142 дахь тал
[5] Хх 143 дахь тал
[6] Хх 19-52 дахь тал
[7] Хх 53-64 дэх тал
[8] Хх 65 дахь тал
[9] Хх 10 дахь тал
[10] Хх 85-89 дэх тал
[11] Хх 85-89 дэх тал
[12] Хх 67-69 дэх тал
[13] Хх 70 дахь тал
[14] Хх 71 дэх тал
[15] Хх 72 дахь тал
[16] 73-74 дэх тал
[17] Хх 124 дэх тал
[18] 73-74 дэх тал
[19] Хх 124 дэх тал
[20] Үндэслэл бүхий эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим
[21] Хх 64 дэх тал /өвөр болон ар хэсэг/
[22] Хх 74 дэх талын ар хэсэг
[23] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389706554831&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[24] Хх 150 дахь тал