| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00763/И |
| Дугаар | 103/ШШ2025/00699 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00699
2025 09 03 103/ШШ2025/00699
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Тогос Уулын 0 тоотод оршин суух, Х.******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо,0 тоотод оршин суух ******* холбогдох 4.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Хүүхэнмөнхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Болормаа нь мөнгө зээлдүүлээч, сар болоод хүүтэй нь өгье гэж гуйхаар нь би 4.000.000 төгрөгийг сарын 200.000 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, мөнгийг 2025.03.18-ны өдөр дансаар шилжүүлсэн. Хадгаламжид байсан охиныхоо төрөөс олгодог тэтгэмжийн мөнгийг зээлдүүлсэн юм. С.Болормаа нь тохиролцсон хугацаандаа зээлээ төлөөгүй, 7 дугаар сард хүүнд тооцож 200.000 төгрөгийг өгсөн. Маш олон удаа зээлээ төлөхийг шаардахад эд зүйл зарж байгаад төлнө гэсээр өдийг хүргэлээ. Зээлээ төлөхийг шаардахаар С.Болормаатай уулзахаар Тогос- Уулаас 4-р хороо хүртэл өдөрт 2 удаа явж байгаа. Иймд С.Болормаагаас зээл 4.000.000 төгрөг, хүү 600.000 төгрөг нийт 4.600.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С.Болормаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Болормаа миний бие Хүүхэнмөнхөөгөөс 4.600.000 төгрөг авсан нь үнэн. 2025 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.600.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Болормаад холбогдох 4.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.550 төгрөгөөс 44.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 44.275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.Болормаагаас 44.275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Хүүхэнмөнхөөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО