2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/06923

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 19 191/ШШ2025/06923

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Бгийн Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Цийн М /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж 70 хувийн хувьцаа түүнтэй холбогдох эрхийг буцаан өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б. Б миний бие 2017 оны 12-р сарын 07-ны өдөр иргэн Ц. Мтой өөрийн 100 хувь эзэмшлийн "Б ХХК-ны 70 хувийг " Хувьцаа худалдах худалдан авах эрх шилжүүлэх гэрээ байгуулж энэхүү гэрээний 2.1-д зааснаар нийт хувьцааны 70 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7 мянган ширхэг хувьцаа түүнтэй холбогдох эрхийг Ц.Мид худалдсан ба гэрээний 4.1 -д заасан "Хувьцаа худалдан авагч нь энэ гэрээний 2.2 болон 2.3-т заасан төлбөрийн үүргийг биелүүлснээр түүний үүрэг биелэгдсэнд тооцно" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл 70 хувь буюу 7 мянган ширхэг хувьцааны үнэ 7.000.000 төгрөгийг надад шилжүүлж өгөөгүй өдий хүрлээ. 

Харин миний хувьд энэхүү гэрээний 4.2-т заасан Хувьцааг хувьцаа худалдан авагчийн өмчлөлд албан ёсоор шилжүүлсэн, энэхүү гэрээний 4.1-т заасан компанийн эрх шилжүүлсэн гэрээний дагуу холбогдох баримт бичгүүдийг хувьцаа худалдан авагчид хүлээлгэн өгснөөр хувьцаа худалдагчийн үүрэг биелэгдсэнд тооцно" гэсэн заалтыг хэрэгжүүлэн холбогдох 70 хувийн хувьцаа / 700000 ширхэг / -гаа холбогдох эрхийн хамт Ц.Мид шилжүүлэн 2017 оны 12 дугаар 15 -ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлснээр миний гэрээгээр хүлээсэн үүрэг 100% биелэгдсэн.

Би Ц. Мид үүргээ хэрэгжүүлэх талаар удаа дараа хэлж, эсвэл эрхээ буцаан шилжүүлж өгөхийг шаардаж байсан боловч үл тоож байсан. Нэгэнт үүргээ биелүүлээгүй учир Ц.Моос өөрийн компанийн 70 хувийн хувьцаагаа эрхийн хамт буцаан шилжүүлэн авна. 

Иймд Хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж 70 хувийн хувьцаа түүнтэй холбогдох эрхийг Ц Мид даалгаж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цийн М Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Б овгийн Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцаад огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 

Б овогтой Бтай миний бие харилцан тохиролцож компанийн хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх тухай гэрээ хийсэн бөгөөд тухайн гэрээг анх 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдөр бичгээр байгуулж харилцан тохиролцож эрхээ шилжүүлсэн байдаг юм. 

Тухайн өдөр буюу гэрээ хийдэг өдөр Б Б нь надаас бэлнээр 50 000 000 төгрөг авсан. Үүнийг нотлох гэрч бол манай эхнэр байгаа. Б надад урьд өмнө уулзаж байгаад хэлэхдээ Ц.Мын "Б" ХХК-д нэртэй компанийг худалдаж авъя надад бэлэн мөнгө байхгүй учир 50 000 000 төгрөг эхлээд урьдчилан гаргаад өгчих гэж харилцан тохиролцоод 50 000 000 төгрөг өгөөд компанийн 70 хувийн эзэмшигч болохоор харилцан тохиролцож энэхүү хэлцлийг хийж байсан юм. 

Энэ хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх тухай гэрээ хийсэн цаг хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдөр нэг бүрийн үнэ 1000 төгрөгийн үнэтэй, нийт 7 000 000 төгрөгийн хувьцааг худалдсан. Энэ худалдсан цаг хугацаанаас хойш 5 жил өнгөрсөн байхад одоо гэнэт хувьцааны үнэ өртөг шилжүүлж өгөөгүй мэтээр шаардаж гэрээнээс татгалзаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Миний хувьд энэ шаардаад байгаа үнэ бүхий мөнгийг нь хангалттай өгсөн байгааг өөрөө нэхэмжлэгч этгээд мэдэж байгаа юм. 

Хэрэв гэрээ хийсэн цаг хугацаанаас хойш гэрээнд тохирсон төгрөгийг өгөөгүй бол нэхэмжлэгч этгээд гэрээ хийсэн цаг хугацааны хувьд 5 жилийн дотор шаардаж авах ёстой байсан. Энэ нь хэлцэлтэй холбоотой маргаан буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх гаргах хугацаа өнгөрсөн байхад шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. 

Хувьцаа худалдан, худалдан авах гэрээ хийсэн цаг хугацаанаас эхлээд өнөөдрийг хүртэл тухайн этгээдэд буюу нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар мөнгө өгч байсан бичгийн хангалттай нотлох баримтууд надад бий .Үүнийг бичгээр он дарааллаар нь гаргаж өгөх болно. 

Гэрээ хийсэн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч этгээдтэй ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байгаагүй бөгөөд гэнэт л шүүхэд энэ нэхэмжлэл гаргасан байгааг миний бие гайхаж байна. 

Нэхэмжлэгчийн гаргасан гэрээнээсээ татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус байна гэж үзэж байгаа болно. Энэ компанийн хувьцаа эзэмшигч болсон цаг хугацаанаас хойш миний зүгээс маш их хэмжээний мөнгө гарсан бөгөөд хэрэв гэрээнээс татгалзаж байгаа бол миний зүгээс гарсан энэхүү компанид зарцуулсан нийт 616 431 899 төгрөгийг бүгдийг нь нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргах болно. гэв.

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б ХХК-ийн дүрэм /хх-5-12/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №01/01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх тухай гэрээ /хх-13-14/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/02 дугаартай Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-16/, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 04/02 дугаартай Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-17/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-18/, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-19/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-26-27/, Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар Тодорхойлолт /хх-38/, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-44-45/, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Итгэмжлэл /хх-46/, 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Ц.Моос П.Тод олгосон 0882 дугаартай Итгэмжлэл /хх-55/, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25/0218 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-74/, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №01 дугаартай Хэлцэл /хх-75/, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/10 дугаар Тодорхойлолт /хх-77/, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-87/,

 

3.3 Шүүхээс: Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/06567 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-33-35/,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/13181 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4-251/7644 тоот албан бичиг /хх-101-105/, ХБ ХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29/3485 дугаар албан бичиг /хх-106-108/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуух тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/13181 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу гэрчийн мэдүүлэг /хх-137-138/, /хх-139-142/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Баас хариуцагч Ц.Мид холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцаа буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үнийг хариуцагч төлөөлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

2.1 Хариуцагч 50,000,000.00 төгрөгөөр худалдан авсан, уг төлбөрийн гүйцэтгэгдсэн тул 5 жилийн хугацаанд шаардлага гаргах ёстой байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

3.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр Б ХХК-ийн нэг бүрийн 1,000.00 төгрөгийн үнэ бүхий 7,000.00 ширхэг хувьцааг, нийт 7,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцож, мөн өдрийн 04/01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 70 хувийн хувьцааг хариуцагч Ц.Мид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна./х.х-ийн 13-15,18 дугаар тал/

 

Улмаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.Быг гүйцэтгэх захирлаар томилжээ./х.х-ийн 13-16 дугаар тал/

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн ба уг лавлагаанд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Б 100 хувийн эзэмшигчээр бүртгэгдсэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.М 70 хувь, Б.Б 30 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдсэн уг үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй./х.х-ийн 34, 35 дугаар тал/

 

Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Эдийн болон эдийн бус эрх иргэний эрх зүйн харилцааны объект байж болохоор хуульчилсан ба тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн гэж, түүнчлэн 16.2-т Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана гээд 16.2.2-т компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тус тус тусгах гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б, Ц.М нарын 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр баталсан дүрэм нь тус компанийн үндсэн баримт бичиг мөн бөгөөд дээр дурдсан хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болсон байна./х.х-ийн 4-12 дугаар тал/

 

Энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 22.3.3-т дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт-ийг бүртгүүлдэг журамтай.

 

Иймд, нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Ц.М нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байна.

 

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Тайлбарвал, хариуцагч Ц.М 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр Б ХХК-ийн нэг бүрийн 1,000.00 төгрөгийн үнэ бүхий 7,000.00 ширхэг хувьцааг, нийт 7,000,000.00 төгрөгийн үнийг төлөх үүргийг хүлээсэн.

 

Гэтэл дээрх худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөөгүй гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хариуцагч Ц.М өөрийн эхнэр Ж.Жын ХБ ХК-ийн *** тоот харилцах данснаас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Бын эхнэр Ж.Сийн ******* тоот мөн банкны харилцах дансанд 10,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн, мөн 50,000,000.00 төгрөгийг бэлнээр төлсөн гэж маргадаг./х.х-ийн 108 дугаар тал/

 

Дээрх үйл баримттай холбоотой гэрч Ж.Сэ ... 2017 оны 09 дүгээр сарын 13-нд 5006 дугаар тоогоор төгссөн дансаар 10,000,000.00 төгрөг орж ирсэн уг мөнгө нь ямар зориулалтаар орж ирснийг мэдэхгүй ... гэрч Ж.Ж ... 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг хувьцааны үнэ гэж шилжүүлүүлсэн .. гэх тус тус мэдүүлгийг өгсөн./х.х-ийн 137-142 дугаар тал/

 

Хариуцагч Ц.М, нэхэмжлэгч Б.Быг 2017 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өр төлбөртэй байсан тул өөрийн дансаар төлбөр авч байгаагүй, бэлнээр болон эхнэрийнхээ дансаар хувьцааны төлбөрийг авсан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг ба үнийг тохирсон хугацаанд бүрэн төлснөөр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үздэг.

 

Гэтэл дээрх гэрчийн мэдүүлэгт дурдсан 10,000,000.00 төгрөг шилжүүлсэн үйл баримттай талууд маргаагүй боловч уг мөнгө нь талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба гэрчийн мэдүүлэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар бусад нолтох баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн бидний хооронд бусад өглөг авлага, лицензтэй холбоотой бусад төлбөр төлсөн гэх үйл баримтыг хариуцагч няцаагаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч Ц.Мийг үнийг төлсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

5. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Тодруулбал, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.

Гэтэл худалдагч Б.Б нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх хугацааг тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэзээ үүссэнийг хуульд заасан журмын дагуу тоолоход 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үүргийг буцаан нэхэмжлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан ажээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар ерөнхий хугацаагаар буюу арван жилээр шаардах эрхтэй гэж маргах боловч худалдагч өөрт олгогдсон эрх, түүнийг хэрэгжүүлэх хугацаанд, гэрээнээс татгалзах эрх, мөн адил хамаарах ёстой ба гэрээний үүргийг хуульд заасан хугацаанд нэхэмжлээгүй атлаа гэрээнээс татгалзах үр дагавраар хөөн хэлэлцэх хугацааг тооцож шаардлага гаргах эрхгүй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг цаг тухай бүрт нэхэмжилж ирсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах, татгалзал үндэслэлтэй байна.

 

Иймд, нэгэнт нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгээгүй, хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байгааг тус тус үндэслэн шүүхээс энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,900.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Б.Бын хариуцагч Ц.Мид холбогдуулан гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцаа буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,900.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА