Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00170

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00170

 

 

Ц.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгчЦ.Ичинхорлоо, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03912 дугаар шийдвэртэй

Ц.Х-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, түүний өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай.

1.а. Нэхэмжлэлийн үндэслэл: 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Х-ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, гэрээ байгуулсан ба уг гэрээнд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг болох 31,327,999.99 төгрөгийн төлбөрт барьцааны гэрээний зүйл болох хариуцагчийн эзэмшлийн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт Арцатын аманд байрлах 18665312137814 нэгж талбар, 18665312163918 нэгж талбартай, тус бүр 700 м.кв талбай бүхий 2 ширхэг газрыг тооцон авч, өр төлбөр дуусахаар харилцан тохиролцсон, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02705 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож барьцаа хөрөнгө болох 2 ширхэг газрыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ буруу бичсэн. Улмаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/019545 дугаар захирамж, мөн өдрийн 101/ГХ2020/00134 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч миний бие захирамж алдаатай, буруу гарсныг мэдээд 2021 оны 06 дугаар сард шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүх алдааг зөвтгөж 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 101/Ш32021/010124 дугаар захирамжийг гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд Ц.Х-миний бие Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн 31,327,999.99 төгрөгийн өр төлбөрт тооцуулан барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт Арцатын аманд байрлах тус бүр 700 м.кв талбайтай 2 ширхэг газрыг өгөхөөр тохиролцсон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид миний эзэмшлийн дээрх газарт хөрөнгө үнэлгээний Итгэлт истимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгож, нийт 14,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн. Мөн албадан дуудлага худалдаагаар нэг газрыг 4,300,000 төгрөг, нөгөө газрыг 4,500,000 төгрөгөөр тус тус бусдад худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг ноцтой зөрчиж, хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийг хохироосон.

Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаас газрыг үнэ хүрэхгүй гэж маргах нь хамааралгүй бөгөөд гагцхүү талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний тохиролцооны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулахаар шүүхийн шийдвэрт заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Ц.Х- миний эзэмшлийн 2 газрыг төлбөр авагчид шилжүүлснээр дуусах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид шүүхээс дээгүүр эрх мэдэл гаргаж шүүхийн шийдвэрт зөвтгөж заасан ажиллагааг явуулалгүй дур мэдэн өөрчлөн, буруу тайлбарлан дуудлага худалдаа явуулсан. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт удаа дараа санал, хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн шийдвэрт заасны дагуу хэрэгжих ёстой тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгч Ц.Х-ад холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай.

2а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02705 дугаар захирамжаар Ц.Х-аас 31,327,999 төгрөгийг гаргуулж, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Х-ад шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байршилтай тус бүр 700 м.кв талбайтай төлбөр төлөгчийн эзэмшлийн 2 ширхэг газрыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц.Х- 2 айлын газрыг 40,000,000 төгрөгийн санал, төлбөр авагч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-аас шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/77 дугаар тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилоход 2 айлын газрыг нийт 14,000,000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4-186/11706 дугаар албан бичгээр мэдэгдсэн. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32021/010124 дугаар захирамж нь хөрөнгө хураах ажиллагаа явагдсаны дараа гарсан тул бид энэ талаар ажиллагаа явуулах боломжгүй. Захирамжийн 3 дахь хэсэгт газраар нэхэмжлэлийн шаардлага хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн. Төлбөр нь мөнгөөр хэрэгжих тул газарт холбогдуулан ажиллагаа явагдах шаардлагатай бөгөөд төлбөр төлөгчөөс төлбөрийг төлөөгүй учраас ажиллагаа явуулсан гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй тухай.

3а. Шүүхийн шатанд хариуцагч зээл төлөх хугацаа олгох талаар санал гаргасан тул 2 сарын хугацаа олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Гэтэл Ц.Х- нь зээл олгосноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад зээлээ огт төлөөгүй, зээл төлөх талаар оролдлого гаргаагүй байж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр дээрх барьцаа хөрөнгүүдийг нийт 14,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зээлийн төлбөрт хүрэхгүй байгаа нь манай байгууллагыг хохироож байгаа бөгөөд албадан дуудлага худалдаагаар зарагдсан байхад ажиллагааг түдгэлзүүлж, төлбөр төлөхөөс зориудаар зайлсхийж байна. Бид 31,327,999.99 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож эвлэрсэн байтал Ц.Х- нь үнэлгээндээ хүрэхгүй барьцаа хөрөнгийг зориудаар төлбөрт тооцон авахыг шаардаж байгаа нь хууль, шударга ёсонд нийцэхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02705 дугаар захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00134 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэж гарсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20260298 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/77 дугаар шинжээч томилох тухай тогтоол болон уг тогтоол гарснаас хойших хугацаанд хийгдсэн ажиллагаануудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6/77 дугаар тогтоол гарахаас өмнөх ажиллагааг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:

а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай.

5а. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх өөрийн санаачилгаар өөрчлөн тодорхойлж хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гуравдагч этгээд буюу төлбөр авагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 010124 дугаар захирамжид заагдсан өөрчлөлт нь зээлийн гэрээний талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд заасантай нийцэж байгаа талаар тайлбарласан гэж дурдсан. Гэтэл шүүх хуралдааны үеэр уг захирамж нь эвлэрлийн гэрээнд нийцэхгүй байгаа талаар тайлбарлаж, мэтгэлцсэн. Шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлийг өөрчилж шүүхийн шийдвэрт тусгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Мөн тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой атал тус шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй зүйлийг дурдсанаараа хууль зөрчсөн.

5б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжилсэн нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хандаж болноНэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлно. Шүүххөндлөнгийн байх, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж оролцохоор хуульчилсан.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд явуулах үүрэгтэй. Харин нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлох эрхгүй.

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр (нэхэмжлэлд бичсэн огноогоор) Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай... шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр, гуравдагч этгээдэд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус гардуулсан байдаг. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй, багасгаагүй. Иймээс шүүх уг шаардлага бүхий иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргахаар байна. Гэтэл анхан шатны шүүх нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчлөн тодорхойлж буюу нэхэмжлэлийн таван шаардлага байгаа мэтээр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн таван шаардлага гаргаж байгаа бол шаардлага тус бүрт нь улсын тэмдэгтийн хураамж төлөх, хариуцагч, гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн өөрчилсөн, ихэсгэсэн шаардлагыг гардуулах зэрэг хуульд заасан ажиллагаа хийгдэхёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчдын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар мэтгэлцээний үндсэн дээр шүүх шийдвэр гаргахаар байна. Гэтэл шүүх нь нэхэмжлэлд, талууд мэтгэлцээгүй асуудлаар буюу 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/77 дугаар шинжээч томилох тогтоол болон уг тогтоол гарснаас хойшхи ажиллагааг хүчингүй болгожшийдвэрлэсэн хуульд заасантай нийцэхгүй байна.

5в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.344.4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч хийгээгүй, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаар үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгийн үнэлгээний талаар асуудлаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд хандсан гэж үзвэл хуульд заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр товлож, төлбөр төлөгчид мэдэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөрхоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр товлож, төлбөр төлөгчид мэдэгдэж, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус тус явуулсан. Гэтэл уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Хууль зүйн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдүүд хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх учиртай. Иймээс хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй бол
гомдол гаргах эрх
, маргах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд тухайн ажиллагаа хуулийн хүчин
төгөлдөр болдог. Хууль хэрэглээний хувьд тухайн үед уг гүйцэтгэх хуудас хүчин төгөлдөр
байсан хугацаанд гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн
 гэжээ.

6. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгсөн. Шүүхээс холбогдох захирамжийг буруу гаргасныг 2021 оны 06 дугаар сард мэдээд хүсэлт үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр алдааг засч захирамж гарсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд иргэний хэргийг гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжтой.

 

2. Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02705 дугаар захирамжид явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1, 67/

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02705 дугаар захирамжаар /хх86-87/ хариуцагч Ц.Х- нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д 31,327,999.99 төгрөгийг төлөх тухай шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох түүний эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах иргэний ахуйн зориулалтаар олгосон тус бүр 700 м.кв талбайтай 2 газрыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсантай тус хэрэгт талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний /хх17/ үгийн шууд утгад нийцээгүйн улмаас тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02705 дугаар захирамжийн 3 дахь заалтыг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ГХ2020/00134 тоот гүйцэтгэх хуудсын 2.2 дахь заалтыг тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/010124 дугаар захирамжаар тус тус өөрчилжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02705 дугаар захирамжид орсон өөрчлөлтийн агуулга нь барьцааны зүйл болох 2 газрыг хамтад нь 31,327,999.99 төгрөгт тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахад зохигчийн хэн аль татгалзахгүй талаар заажээ.

 

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ГХ2020/00134 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/010124 дугаар захирамжид заагдсаны дагуу өөрчлөлт оруулсан гүйцэтгэх хуудаст зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах учиртай.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй явагдсан байх тул уг ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/010124 дугаар захирамжийн дагуу гүйцэтгэх хуудаст орсон өөрчлөлтийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад энэ шийдвэр саад болохгүй.

 

4. Гуравдагч этгээд Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх боловч уг гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.

 

4а. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл гуравдагч этгээд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/010124 дугаар захирамжид орсон өөрчлөлт нь эвлэрлийн гэрээнд нийцэж байгаа талаар тайлбарлаагүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарахгүй.

 

4б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хуульд нийцүүлэн гаргах үүрэггүй юм. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн тодорхойлж болно. Гэхдээ энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж залруулав. Гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02705 дугаар захирамжийг үндэслэн гарсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ГХ2020/00134 тоот гүйцэтгэх хуудсын дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03912дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02705 дугаар захирамжийг үндэслэн гарсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ГХ2020/00134 тоот гүйцэтгэх хуудсын дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА