Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1066

 

                                          *******т холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөнцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/687 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******т холбогдох 2409009760630 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

овгийн , 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн *** дугаар хороо, хонхор, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/,

Шүүгдэгч ******* 2024 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пи Си тоглоомын газарт тоглож байсан хохирогч *******ийн эзэмшлийн Хаан банкны дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар өөрийн гар утсандаа баталгаажуулан нэвтэрч, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан,

мөн дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 7,184,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 7,184,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

******* дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах, мөн кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 7,184,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруу дээрээ маргаагүй. Мөн гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж буйгаа илэрхийлж байна. Анх удаа хийсэн санамсар болгоомжгүйн үүднээс ийм зүйл боллоо. Миний хэргийг прокурорын шатанд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх, хорихоос өөр төрлийн ял яригдаж байсан. Миний бие хохирогчийн хохирол болох 7,184,000 /долоон сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг нэн даруй барагдуулж байна. Би доороо бага насны гурван дүүтэй айлын том ах, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлийнхээ хоол хүнс, хэрэгцээг хангадаг. Ийм учир надад хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. Хохирогчоос тухайн хэрэг болох нөхцөл байдлын талаар цагаатгаж өгөх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Шүүгдэгчийн ар гэр, өөрийн хүмүүжил, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрийн үйлдэлдээ гэмшиж буй байдал, өмнө нь ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүйг харгалзан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд хохирол төлбөр байхгүй болно. Өмгөөлөгчийн хувьд данснаас мөнгө авсан үйлдлийн улмаас бодит хохирол учирсан буюу бодит объект нь мөнгө тул хулгайлах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Харин мөнгө аваагүй байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзнэ. Иймд хуулийг төсөөтэй хэрэглэж, давхар зүйлчилсэн учраас шүүх анхаарч үзнэ үү. Мөн хохирогч гэмт хэрэг болох шалтгаан нөхцөлийг өөрөө бий болгосноо хэлж “Өмнө дансаар гүйлгээ хийж байхдаа дансны код зэргээ хэлж байсан, хоорондоо мэдэх үйл явдлууд байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналтай гомдол гаргасан. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас давхар зүйлчлэх шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн, ******* нь эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг. Эцэг, эх нь хөгшин настай, биеийн байдлаар сайнгүй хүмүүс байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчтэй удаа дараа уулзахад засрал хүмүүжлээ сайн олсон, Эрүүгийн хуулийн зэмлэлийг маш сайн ойлгож ухаарсан, дахин ийм нөхцөл байдлыг үүсгэхгүй гэдгээ хэлж байсан. Мөн тоомжиргүй зүйлээс болж алдсан гэх зүйл анзаарагдсан бөгөөд маш хүмүүжилтэй, сайн хүүхэд гэж дүгнэж байна. Анхнаасаа гэм буруугаа хүлээж, бүх зүйлээ үнэнээр нь мэдүүлж, хохирогчийн данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлж аваад 3.000.000 төгрөг болгож авснаа буцаагаад 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө данснаас нь мөнгө авсан, буцааж хийж өгнө гэж хэлээд, өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдал байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал яригдаж байснаа өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорилгоо болгож, үүний дагуу Эрүүгийн хууль гарсан. Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “...******* миний гомдлоор шүүгчид *******ыг яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 2 зүйл ангиар шүүхээс тус бүр 6 сар, 1 жил хорих ял оноосон байна. Энэхүү шийтгэх тогтоолын хорих ял оноосон нь хэт хүндэдсэн гэж үзэж байна. Тухайн хохирол учруулах нөхцөл байдлыг би өөрөө бий болгосон. Бид хоёрын хооронд өмнө нь дансаар нээлттэй гүйлгээ хийж код мэдэх үйл явдлууд болж байсан. Үүнийг яг залилан гэж үзэх боломжгүй юм. ******* нь хохирол болох нийт 7,286,000 төгрөгийг миний хаан банк ******* тоот дансанд шилжүүлж хохирлыг барагдуулсан. Иймд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/687 дугаартай тогтоолтой *******ын хулгай болон залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хорих ялыг өөрчилж өгнө үү. Гомдол саналгүй болно...” гэжээ.

Прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж байна. Энэ хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, дансанд хууль бусаар нэвтэрснээр төгсдөг. Шүүгдэгч нь хохирогчийн Хаан банкны дансны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авч, нэвтэрч, дансны мэдээлэлтэй танилцаж 7 удаагийн гүйлгээгээр 7.184.000 төгрөгийг хулгайлсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйл болон 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдсан. Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гэх Пи Си тоглоомын газарт тоглож байсан хохирогч *******ийн эзэмшлийн Хаан банкны дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч, улмаар өөрийн гар утсандаа баталгаажуулан нэвтэрч, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан,

дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 7,184,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш 7,184,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч *******ийн “…2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хорооллын “ ” нэртэй Пи Си тоглоомын газар үйлчлүүлэхээр орж, вип 3-4 дүгээр компьютерт суусан. Тэгтэл хажуугийн ширээн дээр 20 орчим настай хар куртиктэй туранхай залуу сууж байсан. Тэр залуу сүүлийн хэд хоног өдөр бүр үйлчлүүлж байхыг би харсан. Тэр залуу “би хоол идээгүй” гээд байхаар нь ундаа, хоол авч өгсөн. Би оройжингоо сууж тоглосон бөгөөд 16 цагийн үед  би гар утасныхаа симийг жижиг гар утсанд хийгээд тэр утсаа тамхины өрөөнд цэнэглээд үлдээсэн. 21 цагийн үед цэнэглэсэн гар утсаа авсан. Тэгтэл миний хажууд байсан залуу олон удаа босож яваад буцаж ирээд байсан. Тэгээд 00 цагийн үед өөрийн хажууд сууж байсан залууд 26 дугаартай компьютер дээр хоногийн мөнгийг төлж өгөөд гэртээ харьсан. 08 цагийн үед миний фейсбүүк рүү *** гэсэн хаягаас “надад 1 сарын хугацаа өгчих, би чамд 8.000.000 төгрөг болгож өгье, уучлаарай, цагдаад битгий хэлээч хоёулаа уулзъя” гэсэн чат бичсэн байсан бөгөөд бид хоёр өчигдөр тоглосон Пи Си тоглоомын газраа уулзсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний хаан банкны ******* тоот данснаас авсан эхний 2 сая  төгрөгийг 1xbet-н мөрийтэй тоглоомын Хас банкны ******* тоот данс руу гүйлгээний утга нь ******* гэсэн гүйлгээ хийсэн байсан бөгөөд дараа нь ******* тоот данс руу 2.000.000 төгрөгөөр нэг удаа 4.000.000 төгрөгөөр нэг удаа, 1.100.000 нэг удаа, мөн 79.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн байсан. Мөн анхны 1-xbet-н данс руу 2.000.000 сая төгрөг шилжүүлээд түүнийгээ 3.000.000 төгрөг болгож өсгөсөн юм шиг байгаа юм түүнийгээ татаж аваад 2.000.000 төгрөгийг нь буцааж миний данс руу шилжүүлсэн байсан…” /хх 7-8/,

шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Танил болох ******* нь компьютер дээр онлайн покер тоглодог ба компьютерын интернэт хөтөч ашиглан Хаан банкны нэвтрэх нууц үгийг харж цээжилсэн байсан. Шөнө 02 цагийн үед ******* нь нокиа загварын гар утсаа үлдээгээд ариун цэврийн өрөө орох үед нь би өөрийн гар утсанд түүний интернэт банкийг бүртгүүлж нэвтэрсэн ба гар утсанд нь баталгаажуулах код ирэх үед ирсэн кодыг нь хийж баталгаажуулж амжилттай нэвтэрсэн юм. Удалгүй ******* гэр лүүгээ явсан ба би түүний интернэт банк руу нэвтэрч орж 04 цаг 48 минутад 2,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны ******* дугаарын данс руу шилжүүлэн авсан. Үүний дараа 05 цаг 42 минутад 4,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. 06 цаг 23 минутад 1,180,000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан /хх-2/ тэмдэглэл,

хохирогч *******ийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 13/,

шүүгдэгч *******ын эзэмшлийн Хас банкин дахь ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******, хохирогч ******* нар компьютер тоглоомын газарт танилцаж, тоглож байсан байх боловч хохирогч ******* нь өөрийн интернэт банканд нэвтрэх, улмаар данснаасаа мөнгө шилжүүлэн авах эрхийг шүүгдэгчид олгоогүй, харин шүүгдэгч нь хууль бусаар хохирогчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг цээжилж, түүнд мэдэгдэлгүйгээр гар утсыг нь ашиглан баталгаажуулах кодыг авч, өөрийн гар утсанд Хаан банкны интернэт банкийг бүртгүүлэн баталгаажуулж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан, улмаар хохирогчийн данснаас нийт 7 удаагийн үйлдлээр 7,184,000 төгрөгийг шилжүүлэн авч, уг мөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан болох нь нотлогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч ******* хохирогч *******ийн Хаан банкны интернэт банк руу зөвшөөрөлгүй хандаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийн, улмаар хохирогч *******ийн Хаан банкны интернэт банкнаас 7 удаагийн үйлдлээр 7,184,000 төгрөгийг өөрийн Хас банкны дансанд шилжүүлэн авч, мөрийтэй тоглож алдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, төгссөн гэмт хэргүүд юм. 

Иймд, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мөнхбаярын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээр давхар зүйлчлэх шаардлагагүй...” гэх агуулгатай тайлбарыг, хохирогч *******ийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлыг тус тус хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч ******* “...Миний бие гэм буруу дээрээ маргаагүй, үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Прокурорын шатанд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх, хорихоос өөр төрлийн ял яригдаж байсан. Би хохирол барагдуулсан. Доороо бага насны 3 дүүтэй, айлын том ах, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлийнхээ хоол хүнс, хэрэгцээг хангадаг. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр нь “...хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх,

Хохирогч ******* “...Тухайн хохирол учруулах нөхцөл байдлыг би өөрөө бий болгосон, бид хоёрын хороонд өмнө нь дансаар нээлттэй гүйлгээ хийж код мэдэх үйл явдлууд болж байсан. Гомдол санал байхгүй, хохирол 7,286,000 төгрөгийг барагдуулсан. Хорих ял оноосон нь хэт хүндэдсэн гэж үзэж байна. Хорих ялыг өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн даруйд гэм буруугаа ойлгон гэмшиж, өөрийгөө илчлэн хохирогчоос уучлалт гуйж уулзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж оролцсон байна.

Мөн Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 7,184,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн...”-ийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нөхөн төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр гаргаж өгчээ.

Хохирогч ******* нь давж заалдах гомдолдоо “...******* нь хохирол болох нийт 7,286,000 төгрөгийг миний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлж хохирлыг барагдуулсан. Гомдол саналгүй, хорих ял нь хэт хүндэдсэн өөрчилж өгнө үү...” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсон гэж үзэх үндэслэл бүрдсэн байна.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн”, 1.5-т “өөрийгөө илчилсэн...” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, шүүгдэгч *******т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 6 сар хорих ял оногдуулсныг хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 сар 27 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр, хохирогч ******* нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/687 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

 шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулсугай. ...” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 сар 27 хоногоор тогтоосугай...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр, хохирогч ******* нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.          

3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч ******* нь хохирогч *******д гэмт хэргийн хохирол 7,180,000 /долоон сая нэг зуун наян мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                         Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА