| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0100/З |
| Дугаар | 128/ШШ2026/0358 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2026/0358
2026 04 14 128/ШШ2026/0358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* У******* /РД:*******/;
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* /цахим/, Ч.Н******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А******* дугаартай Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай захирамжийн дагуу иргэн Д.У******* нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын ******* тоот хаягт байрлах 409 м.кв газрыг жилийн хугацаатай анх эзэмших эрхтэй болсон.
2.2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн дагуу Д.У*******ийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын ******* тоот хаягт байрлах 1******* нэгж талбарын дугаартай, 409 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгасан.
2.3.Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хавсралтад дурдсан 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийн хавсралтын 10-т багтсан байдаг.
2.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргаж, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.5.Тухайн үед нэхэмжлэгч нарын зүгээс өмгөөлөгч М.Хгаар дамжуулан маргаан бүхий тушаалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/1631 дугаартай албан бичгээр гомдол гаргах хугацаа дууссан байх тул таныг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгчээ.
2.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь нэр бүхий иргэдтэй хамтран Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт гомдол гаргасан байна.
2.7.Дээрх гомдолд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01-03/5426 дугаартай албан бичиг, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус хариу өгчээ.
2.8.Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:
“Нэхэмжлэгч Д.У******* нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А******* дугаар захирамжаар тухайн үеийн хаяг байршлаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын ******* тоотод газар эзэмшдэг байсан. Нийслэлээс дахин төлөвлөлтийн ажил эхэлж тухайн байршилд "Ж ” ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх авах гэж байгаа гэж уулзалт хийсэн тул дэмжиж, ГХДТ-Б/156 дугаартай гэрээ байгуулж гэрээнүүдийг тамгалуулахаар "Ж ” ХХК-ийн хүн авч явсан. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд төлөвлөж буй " а" цогцолборын 1 дүгээр ээлжийн А-2 орон сууцны барилгын төслийн 14 давхарт 2 өрөө 38.11 м.кв, 2 дугаар ээлжийн А-2 орон сууцны барилгын төслийн 11 давхарт 1 өрөө 28 м.кв 2 /хоёр/ байраар эзэмшил газраа солихоор тохиролцож Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн.
Нэхэмжлэгчийн оролцоотойгоор Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 "төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах", 18.2 "Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ"-т тус тус заасны дагуу 80-аас доогүй хувийн зөвшөөрөл авч гэрээ байгуулснаар төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 9 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр "Ж " ХХК шалгарсныг батламжилсан. Нэхэмжлэгч нэгэнт төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэгч "төсөл эхний гудамж болох нэхэмжлэгчийн эзэмшлийн Төмөр замын 10 дугаар гудамжнаас эхэлнэ" гэж мэдэгдсэн тул газар дээрээ буухгүйгээр тохиролцсоны дагуу орон сууц ашиглалтад орохыг хүлээж байсан. Нэхэмжлэгч газрын төлбөрөө төлж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны А дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулж, цар тахал болсон тул төслийн ажил удааширч байгааг ойлгож хүлээсэн.
Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга ******* дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан уг захирамж нэхэмжлэгчийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор "Ж "ХХК-иас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах, уг гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулах, "Ж "ХХК төсөл хэрэгжүүлэгчээс шалгарсан эрхийнхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах талбайгаар ашиглах шаардлагагүй болж улс тусгай хэрэгцээнд авахаар болсон тохиолдолд газраа нөхөх олговортойгоор эргүүлэн авах, улс тусгай хэрэгцээнд эргүүлэн авахгүй тохиолдолд зориулалтын дагуу иргэний ахуйн зориулалтаар ашиглаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
Иймд нэхэмжлэгч өмгөөлөгч М.Хгаар төлөөлүүлэн Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/1631 тоот албан бичгээр "гомдол гаргах хугацаа дууссан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье” гэж хариу өгсөн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 19 иргэний хамт нэхэмжлэл гаргасан. Шүүх 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/132023/3867 дугаар захирамжаар " тус тусдаа нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж үзэж ... нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/Ш32023/4277 дугаар захирамжаар шүүхийн захирамжид заасан хугацаанд бүрдүүлбэрээ хангаж ирүүлээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан тул тусдаа нэхэмжлэл гаргахад 2023 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 128/ШЗ2023/4545 дугаар захирамжаар "... нотлох баримт гаргаж өгөөгүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэсэн нь нотлогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ...” гэж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2023/5120 дугаар захирамжаар "... итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, бүрдүүлбэр дутуу... гэж тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах ажил захиалагч нараас шалтгаалахгүйгээр удаашралтай байгаа бөгөөд тухайлбал, төсөл хэрэгжүүлэгч "Ж " ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан 2 дугаар ээлжийн орон сууц 2024 оны 4 дүгээр улирал ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу орох ёстой байсан орон сууцандаа орж чадаагүй нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай илт хууль бус захиргааны акттай шууд холбоотой тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр гудамжныхаа иргэдийн хамт дараахь байгууллага, албан тушаалтанд дахин хандсан болно.
1.2025 оны 05 дугаар сарын 5-нд төсөл хэрэгжүүлэгч "Ж ” ХХК төсөл хариуцсан ажилтан н.А /утас 9/-тай уулзахад "одоо наад асуудал чинь манай компанид хамаагүй, дүүрэг, хорооны Засаг даргатайгаа уулз" гэж хариу өгсөн. Хариуг албан бичгээр авъя гэтэл өгөөгүй.
2.2025 оны 06 дугаар сарын 05-нд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт 11-11 төвөөр дамжуулж гомдол гаргасан. Нийслэлийн орон сууцны бодлогын газраас "Ж ” ХХК-нд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэдтэй уулзалт зохион байгуулж асуудлыг шийдвэрлэн албан бичгээр 2025 оны 06-р сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү" гэсэн 3/913 тоот албан бичиг хүргүүлсэн. "Ж " ХХК-иас Нийслэлийн орон сууцны бодлогын газрыг албан бичигт түүгээрээ хариу өгсөн байх бөгөөд уг бичигт бидэнтэй гэрээгээр тохиролцож байсан 1, 2 дугаар ээлжийн орон сууцыг 2024 онд ашиглалтад оруулсан, бидний эзэмшиж байсан газрын зураг төслийг бидэнд мэдэгдэлгүй өөрчилсөн болохыг мэдсэн.
3.Холбогдох баримт бичгийг хавсарган дахин 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий 21 иргэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-т "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно" гэж заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/Ш332025/5343 дугаартай захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд"... урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй" гэж 2. Нэхэмжлэлийн шаардлагын "Ж ” ХХК-д холбогдох хэсгийн тухайд “... хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна" гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраар бус Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр 2025 оны 08 дугаар сарын 25-нд Нийслэлийн Засаг даргад нэр бүхий 21 иргэний нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч би иргэдийн нэрсийг нэг бүрчлэн бичиж итгэмжлэлийг хавсарган гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 27-нд "Танаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн гомдлыг судалж үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ******* захирамжийн хавсралтад итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэн таны нэр байхгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хүсэлтэд дурдсан асуудлыг тодорхой болгож, холбогдох баримтыг хавсарган дахин хүсэлт гаргах боломжтой" гэж хариу өгсөн.
5.Дахин 2025 оны 09 дүгээр сарын 03-нд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 2025 оны 09 дугаар сарын 08-ны өдөр 3/1387 тоот албан бичгээр гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэсэн хариу ирүүлсэн.
6. Хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрсөн хариу гэж үзэж болох хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж хүчин төгөлдөр байгаа тул гурван талт гэрээ хийх боломжгүй тул шүүгчийн 128/Ш332025/5343 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд "... урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй" гэсэн татгалзлыг арилгаж, нэхэмжлэлийн шаардлагын "Ж " ХХК-д холбогдох хэсгийн тухайд " хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна" гэсний дагуу "Ж " ХХК-нд холбогдох хэсгийн хасч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.
7.Дахин Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/Ш32025/7620 захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 128/Ш32025/8237 захирамжаар 1.... нар тус бүр өмнө нь шүүхэд хандаж байсан. 2.... нэхэмжлэгч тус бүр тусдаа нэгж талбар бүхий газар эзэмшиж байсан. 3. ... иргэн бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөр, өөр гэж... 4.... нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа нь дахин ирсэн нэхэмжлэл гэж үзэхээр байх тул .... хэмээн нэхэмжлэлийг буцаасан болно.
8.Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 0755 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам"-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийг бичгээр гаргаж, түүнчлэн нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох холбогдох баримтыг хавсарган дахин хүргүүлж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Дээрх үйл баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамж илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Үүнд:
1. Сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26.1. "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" 32.1."Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно" гэж тус тус хуульчилсан. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргаж нэхэмжлэгч тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн
2.Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны дагуу тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдаж, тухайн байршил дахь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга мэдэж байсан бөгөөд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-т "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх" гэх заалтыг зөрчсөн.
3.Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Захирамжийн захирамжлах хэсэгт иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэсэн боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 45 (дөчин тав) иргэний 18967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай" гэж тодорхой зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдахаар болж орон сууцжуулах болсон тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч газрын иргэний ахуйн буй гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь дахин төлөвлөлтийн барилгажуулах зориулалттай болж өөрчлөгдсөн тул маргаан бүхий газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарах шалтгаан биш бөгөөд Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгажуулах ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргах нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 60.1.4. шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх гэх заалтуудыг зорчсон нь мөн хуулийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус маргаан бүхий газартай холбоотой "Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба"-аас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам"-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар "Хамтран ажиллах тухай" албан бичиг тус тус ирүүлсэн билээ. Албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын төмөр замын шугмыг тавих ба ашиглахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн Тавдугаар зүйлийн "б"-д .... төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ" гэж, "... дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал /үүний дотор мод/ бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ" хэмээн тогтоож өгсөн байдлыг тодорхойлсон байдаг. Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тус тус чиглэл өгсөн байдаг. Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн", "40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон.
... Өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцсэн асуудлууд болон нотлох баримт шинжлэн судлах үед шинжлэн судалсан баримтуудыг харахад маргаан бүхий захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Мөн дахин төлөвлөлтийн гэрээ болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнүүд хавтаст хэрэгт авагдаагүй буюу байхгүй нөхцөл байдлууд тогтоож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл, нэхэмжлэлийн шаардлагын төрөл:
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Д.У*******т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А******* дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын ******* тоот хаягтай, 409 метр квадрат газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр, мөн даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр тус тус сунгаж шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 50, 52, 72, 74 дахь тал/
2.2.Нэхэмжлэгч Д.У******* нь уг газрыг эзэмших хүсэлтдээ “... Төмөр замын ******* тоотод олон жил амьдарч байна. Удаа дараалан өргөдөл гаргаж байсан боловч миний хүсэлтийг шийдвэрлэж байгаагүй. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг” гэж бичсэн өргөдөл, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын “нөхөр, 3 хүүхдийн хамт Төмөр замын ******* тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт, амьдардаг болохоо нотолсон хашаа, гэрийн фото зураг зэрэг баримтыг хавсаргасан байна /ХХ-2-ын 71, 72, 74 дахь тал/
2.3.Шүүхийн үзлэгээр Д.У******* нь уг газарт амьдардаггүй, түүний амьдарч байсан гэх хашаа, гэр болон уг газарт хүн амьдарч байсан ул мөр байхгүй, тэрээр 12 дугаар хороонд бүртгэлтэй байгаагүй байна.
2.4.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр тус хороонд Төмөр зам ******* гэсэн хаяг байхгүй болох нь тогтоогдсон. /ХХ-2-ын 56 дахь тал/
2.5.Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа, түүний үйлдэж ирүүлсэн зургаар Д.У*******ийн эзэмшиж байсан газар нь төмөр замын хамгаалалтын бүстэй залгаа зэрэгцүүлэн газар байгаагаас гадна нийтийн эзэмшлийн шороон авто зам дээр газар олголт хийсэн болох нь Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон Замын хөгжлийн газрын үйлдэж ирүүлсэн Д.У*******ийн газрын байршлын зургаар болон шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдлоо. /ХХ-2-ын 28, 60-63, 119-120 дахь талууд/
2.5.Дээрх үйл баримтуудаас үзвэл Д.У*******т эзэмшүүлсэн газар нь 2014 онд шинээр олголт хийсэн газар мөн бөгөөд түүний “миний өмнө амьдарч байсан газар” гэж хүсэлтдээ бичсэн нь үндэслэлгүй болохын зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам дээр олгогдсон гэдэг нь тусгай мэдлэг шаардахгүйгээр тогтоож болохоор үйл баримт байна.
2.6.Эдгээрээс гадна Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13 дугаар, 2013 оны 24 дүгээр, 2014 оны А/30 дугаартай тогтоолуудаар баталсан 2013, 2014, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овоо, Төмөр замын хаягтай газруудад шинээр иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэхээр тусгаагүй байх тул төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Баянзүрх дүүргийн Засаг даргаас Д.У******* нарын 45 орчим иргэнд шинээр газар олголт хийсэн болох нь нотлогдож байна. /ХХ-2-ын 103, 124-134 дэх талууд/
2.7.Шүүхийн анхаарч үзсэн онцгой асуудал нь Д.У*******т энэ газрыг эзэмшүүлсэн дээрх уг хугацаанаас “1 сарын өмнө” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллоор тогтоон, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж шийдвэрлэсэн байна. /ХХ-2-ын 59 дэх тал/
2.8.Энэ хугацаанаас өмнө ”Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Сонгогдсон талбарт төсөл хэрэгжүүлэгчийг дэмжих эсэх талаар иргэн, аж ахуйн нэгжээс санал авах үйл ажиллагааны удирдамж”-ийг баталж, /ХХ-1-ийн 90-183 дахь тал/
2.9. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Б” блокод төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Ж ыг дэмжих эсэх санал хураалтын урилга тараах нэрсийн жагсаалт гаргаж байжээ./ХХ-1-ийн 109-124, 131-142 дахь тал/;
2.10.Эндээс үзвэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр тогтоосон газар гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг байгууллага нь мэдсэн, мэдэх ёстой байсан гэдэг нь нотлогдов.
2.11.Эдгээр судалгаа болоод Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/23 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар Гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж ” ХХК-ийг сонгож, баталжээ. /ХХ-1-ийн 66 дахь тал/
2.12.Мөн “Д.У*******т эзэмшүүлсэн газар нь холбоо, мэдээллийн шугамын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын гаргасан зураглалаар “холбооны шугамын хамгаалалтын бүстэй 234,7 метр квадратаар давхцалтай” гэдэг нь тогтоогдлоо. /ХХ-2-ын 215-216 дахь тал/
2.13.Нэхэмжлэгч Д.У******* нь газрын төлбөрт 2015-2022 онд 30,718 төгрөг төлөхөөр ёстой боловч төлөөгүй өр үүссэн болох нь 2026 оны 03 дугаар сарын 213-ны өдрийн Газрын төлбөр тооцоо нийлсэн актаар харагдаж байна./ХХ-2-ын 145 дахь тал/
2.14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, төлөөлүүлэгч Д.У*******ийг “Хотын иргэн” гэж тайлбарласан ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/2178 дугаар албан бичгээр ирүүлсэн Иргэний бүртгэлийн лавлагаагаар Өвөрхангай аймгийн харьяалалтай иргэн болох нь тогтоогдож байгаа тул уг тайлбарыг нотлогдоогүй гэж үзлээ. /ХХ-2-ын 52-54 дэх тал/
2.15.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... “Ж ” ХХК-иас Д.У*******тэй уулзалт хийсэн тул дэмжиж ГХДТ-Б/156 дугаартай гэрээ байгуулж, гэрээнүүдийг тамгалуулахаар авч явсан, буцааж өгөөгүй. 12 дугаар хороонд төлөвлөж буй “ а” цогцолборын 1 дүгээр ээлжийн А-2 орон сууцны барилгын төслийн 11 дүгээр давхарт 2 өрөө, 38,11 метр квадрат, 2 дугаар ээлжийн А-2 орон сууцны барилгын төслийн 14 давхарт 1 өрөө 28 метр квадрат, хоёр байраар эзэмшил газраа солихоор тохиролцож, сонгосон талбайд хувь нийлүүлсэн” гэж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
2.16.Тодруулбал, нэхэмжлэгчээс “Ж ” ХХК-тай байгуулсан хоёр талт гэрээ, Нийслэлийн Засаг дарга оролцсон гурван талт гэрээг байгуулсан гэх баримт хэргийн оролцогчоос гаргаж өгөөгүй, ийм гэрээ байгуулаагүй болохоо нэхэмжлэгч “... “Ж ” ХХК гэрээнд гарын үсгээ зуруулахаар авч яваад буцааж өгөөгүй” гэж тайлбарласнаар “гэрээ байгуулсан гэдгээ нотлох баримт байхгүй болохоо зөвшөөрсөн” гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс ийм гэрээг байгуулахыг шаардаж Нийслэлийн Засаг дарга болон “Ж ” ХХК-д хандаж байсан, эсхүл эрх бүхий этгээдэд хандаж маргаан үүсгэсэн баримт байхгүй байсан болно.
2.17.Нэхэмжлэгчээс, “Ж ” ХХК болон Нийслэлийн Засаг даргаас эрх олгосон этгээдийн бусад иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээг нь гэрээний жишээ болгож шүүх нотлох баримтаар өгсөн боловч энэ хэргийн үйл баримтад хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байна. /ХХ-2-ын 164-173 дахь тал/
2.18.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Хавтаст хэрэг 2-ын 30 дахь талд байгаа цаасан баримтыг шүүхээс “Ж ” ХХК-тай байгуулсан гэрээ, эсхүл орон сууц олгохоор тохирсон тохиролцоо гэж үзэх боломжгүй буюу хэн, хэзээ, хэнд зориулж үйлдсэн нь тодорхойгүй, уг цаасанд бичигдсэн Д.У******* гэдэг нэр нь дээрх бичилтүүдээсээ өөр өнгийн үзэг, балаар, өөр бичгийн хэвээр бичигдсэн зэргээс энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үзээд шүүхэд үнэлэх хууль зүйн боломжгүй болно.
2.19.Нэхэмжлэгч Д.У*******ийн эзэмшиж байсан газар дээр “Ж ” ХХК барилга байгууламж барихаар төлөвлөөгүй, түүнтэй ямар нэг уулзалт хийж, тохироо явагдаагүй болох нь доорхи баримтаар нотлогдлоо.Үүнд:
-2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Б” блокод төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Ж ийг дэмжих эсэх санал хураалтын урилга тараах нэрсийн жагсаалтад Д.У*******ийн нэр байхгүй байгаа ба энэ санал хураалт явагдаж байхад Д.У******* уг газарт газар эзэмших эрх үүсээгүй байсан гэдгээр /ХХ-1-ийн 109-124, 131-142 дахь тал/;
-2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дээр “Ж ”-ыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ХЕТ “Б” блокийн газар өмчлөгч, эзэмшигч иргэд дэмжих эсэх талаарх санал хураалтад Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн нэрсээс “Гэр хорооллын орон сууцны төсөл” ОНӨҮГ-ын тодруулсан нэрсийн жагсаалтад Д.У*******ийн нэр байхгүй байгаагаар /ХХ-1-ийн 127-130 дахь тал/;
-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, санал авч, санал авсан тайлан гаргаж, судалгааг хийснээр;
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ХЕТ “Б” блокод төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Ж ” ХХК-ийн иргэдээс дэмжлэг авах эсэх санал хураалтад оролцох иргэдийн бүртгэлд Д.У*******ийн нэр байхгүй байгаагаар /ХХ-1-ийн 167-180 дахь тал/;
-санал хураалтад оролцох иргэдийн хаяг, хашааны төлөв байдлыг харуулсан зурагт Д.У*******ийн газар, хашааны зураг байхгүй байгаар /ХХ-1-ийн 183 дахь тал/;
- Ж ” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 032/26 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... иргэн Д.У*******тэй ГХДТ-Б/156 дугаар гэрээ байгуулаагүй, хуулийн дагуу аливаа байдлаар эрх, үүрэг хүлээгээгүй, ... Д.У*******ийн эзэмшиж байсан газарт ямар нэг барилга байгууламж төлөвлөж, баталгаажуулсан ерөнхий төлөвлөгөө байхгүй” гэсэн зэрэг болно. /ХХ-1-ийн 58-59 дэх тал/
2.20.“Ж ” ХХК нь шүүхэд хандан “өөрийн хэрэгжүүлж байгаа төсөлд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт хамрагдаагүй тул энэ хэргийн гуравдагч этгээд биш гэж тайлбарласан, гуравдагч этгээдээр оролцохгүй саналаа бичгээр гаргасан ба хэрэгжүүлэх төслийн зургаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зэргийг үндэслэн шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзлээ.
2.21.Хот байгуулалт, хотын стандартын газрын шүүхэд гаргаж ирүүлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 4 дүгээр ээлжийн “Б” хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл”-д тусгасан зургаар Д.У*******ийн эзэмших газарт ямар нэг барилга барихаар тусгаагүй байх ба шүүхийн үзлэгээр төмөр замын хашлаганд тулгаж аливаа байдлаар барилга байгууламж барихаар төлөвлөх, барьж байгуулах “бодит боломжгүй” гэдэг нь харагдсан. /ХХ-1-ийн 236, 240, ХХ-2-ын 1 дэх талд/
2.22.Харин Д.У*******ийн эзэмшиж байсан газарт одоо авто зам тавихаар төлөвлөсөн гэдэг нь Замын хөгжлийн газрын шүүхэд ирүүлсэн Магадлалын ерөнхий дүгнэлт, Магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн 1, 2 дугаар хавсралт, Нарны зүүн зам өргөтгөл болон Сэлбэ голын авто зам, нүхэн гарцын техник-эдийн засгийн үндэслэл болон бусад техникийн баримт бичиг, замын трассын зургийг сансрын зураг дээр буулгаж ирүүлснээр тус тус харагдаж байна. /ХХ-2-ын 5-28 дахь тал/
2.23.Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр Д.У*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдож байна.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох” нь Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх байхаар, 21.5.3-т дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”[1] эрх эдлэхээр заажээ.
3.2.Ийнхүү тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн зохицуулалтаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр тусгасан тохиолдолд дүүргийн Засаг даргаас иргэнд газар эзэмшүүлэх ёстой байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2014 онд Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж Д.У*******т газар эзэмшүүлсэн байна.
3.3.Хариуцагчийн энэхүү шийдвэр нь мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөрчиж, тус Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар тогтоолоор баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөлтөөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллоор төлөвлөж шийдвэрлэсэн газарт шинээр газар олголт хийсэн нь илэрхий хууль зөрчсөн ажиллагаа байжээ.
3.4.Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна” гэж, мөн зүйлийн 29.3-т “Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд мөн хэсгийн 29.3.1-т “барилга, гэр, хашаа барих, мод тарих” гэжээ.
3.5.Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.У*******т газар эзэмшүүлэхдээ холбооны шугамын хамгаалалтын бүстэй давхцуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-т заасныг зөрчсөн байна.
3.6.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Газрын тухай хуулийн Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байна.
3.7.Хуульд зааснаар нэхэмжлэгч Д.У******* нь газрын төлбөрөө төлөөгүй, төлбөрийн өр үүсгэсэн нь тогтоогдсон боловч энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримт юм.
3.8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байна.
3.9.Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гээд мөн хэсгийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж, 106.3.4-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж хуульчилжээ.
3.10.Дээрх хуулийн заалтуудад зааснаар нэхэмжлэгчийн “шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн хувьд “зөвхөн” хууль болон журамд заасан хэм хэмжээний зохицуулалтын дагуу, хууль ёсоор үүссэн эрх, ашиг сонирхлыг хамгаалах тухай ойлголт юм.
3.11.Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн эрх нь хуульд заасан журмаар үүсээгүй буюу хууль зөрчин үүссэн болох нь шүүхэд тогтоогдвол шүүх “эрх үүссэн” гэдгээр хамгаалах, сэргээн эдлүүлэх боломжгүй гэсэн эрх зүйн ойлголт болно.
3.12.Иймд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар цуглуулсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.У******* нь Баянзүрх дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй газарт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/23 дугаар тогтоолоор баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барилгажуулахаар урьдчилан төлөвлөсөн газар болоод холбооны шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцуулан олгохдоо “үнэн” гэж үзэхгүй нотлох баримтыг үндэслэн газар эзэмшүүлсэн болох нь нотлогдсон тул түүний газар эзэмших эрхийг хуулийн дагуу үүссэн эрх гэж шүүх үзэхгүй.
3.13.Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор /хуулийн энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “дүүргийн” гэсэн нэр хасагдсан боловч энэхүү заалт нь маргаан бүхий захиргааны акт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ байна.
3.14.Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байна.
3.15.Хуульд зааснаар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тохиолдол бий болсон бол захиргааны акт гаргах эрхийг хуулиар олгосон байгаа учраас маргаан бүхий актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
3.16.Шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч өөрийн эзэмшиж буй газартаа амьдарч байгаагүй, үүнийгээ шүүхэд “...нийслэлээс уг байршилд дахин төлөвлөлтийн ажил хэрэгжих гэж байгаа тул газар дээрээ буухгүй байхыг хорооноос мэдэгдсэн, мөн захирамж өвлийн улиралд гарсан тул газар дээрээ бууж амжаагүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасанд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна. /2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд. ХХ-2-ын 190 дэх тал/
3.17.Учир нь нэхэмжлэгч Д.У******* гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа зориулалтаар нь ашиглаагүй үйл баримт тогтоогдож байгаа боловч иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшихэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт хамаарахгүй, энэ үндэслэлээр иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй.
3.18.Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У*******ийг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зориулалтаар нь 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэж үзээд түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль бус шийдвэр гэж үзнэ.
3.19.Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргаас анхнаасаа эзэмшүүлэхийг хуулиар хориглосон, зөвшөөрөгдөөгүй газрыг буюу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэг болон Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3.1-т заасныг зөрчиж Д.У*******т газар эзэмшүүлсэн байгаа тул нэхэмжлэгчид шүүхээр хамгаалагдах ёстой “хууль ёсны эрх” гэж байхгүй гэж үзсэн бөгөөд аливаа этгээдэд хууль зөрчиж үүссэн эрхийг шүүх сэргээн эдлүүлэх хууль зүйн ойлголт байхгүй, шүүх ийм эрхийг сэргээн шийдвэрлэвэл Монгол Улсын эрх зүйн суурь зарчим болох “хууль ёсны байх” зарчимд нийцэхгүй болно.
3.20.Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Д.У*******т Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан гэх нотлох баримт байхгүй тул маргаж буй актыг гаргахдаа уг хуульд заасан Д.У*******ийн “сонсох ажиллагаанд оролцож, тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаагүй” хууль зөрчсөн байна.
3.21.Мөн маргаан бүхий захиргааны актыг гарснаар хойш уг актыг мэдэгдсэн, гардуулсан талаарх баримт байхгүй байгаа боловч нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж ирүүлсэн болохыг тэмдэглэж байна.
3.22.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий актыг гаргахдаа “Хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн” гэж байгаа боловч энэхүү маргаан бүхий акт нь хэм хэмжээ тогтоосон захиргааны акт биш тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
3.23.Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэглэсэн буруу, Захиргааны ерөнхий хуулийг зөрчин сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг буруутай үйлдэл гаргасан тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд заасан дагуу хууль ёсоор үүсээгүй болох нь нотлогдсон үйл баримтыг шүүх дэнсэлж энэ маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.24.Ийнхүү шүүхэд тогтоогдсоноор маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчиж гарсан байгаа боловч нэхэмжлэгчийн хууль бусаар үүссэн эрхийг сэргээн эдлүүлэх нь хууль зүйн зөрчилд хүргэх эрх зүйн үр дагавартай учраас дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
5.1.Энэ хэргийг анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч, хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь холбооны хамгаалалтын зурвастай давхцалтай тул уг зургийг гаргуулах” буюу нотлох баримт нэмж цуглуулах хүсэлтийн дагуу хойшлуулсан. /ХХ-2-ын 189-198 дахь тал/
5.2.Үүний дараа буюу 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгч авна гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахдаа “дараа товлосон хуралдаанд ирэхдээ өмгөөлөгчөө хэргийн материалтай танилцуулсан байх, шүүх хуралдаанд энэ байдлаар өмгөөлөгчөө бэлтгэн ирүүлэхийг үүрэг” болгож, шүүгчийн энэхүү үүрэг болгосныг түүнээс хүлээн зөвшөөрснийг нь үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
5.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж заасан байдаг.
5.4.Ийнхүү хууль тогтоогчоос шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлийг хуульчлан тогтоож өгсөн бөгөөд хуулийн зарчим, үзэл санаа нь хэргийн оролцогчийн гаргасан нэг хүсэлтийн талаар дахин шийдвэрлэх, энэхүү үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах эрхийг шүүхэд олгоогүй ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмгөөлөгч авах эрхийг тайлбарлаж өмгөөлөгчөө авсан байхыг сануулахад тэрээ “өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул өмгөөлөгч авах асуудлыг урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн, гэвч өмгөөлүүлэх эрхийг дахин нэг удаа хангаж товлосон шүүх хуралдааныг хойшлуулж байна гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаж, сануулсан болно.
5.5.Ингэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нн “өмгөөлөгч аваад, хэргийн материалтай танилцуулсны үндсэн дээр шүүх хуралдаанд оролцуулах боломжтой хугацаагаа өөрөө 7 хоног байхад болно гэж зөвшөөрсөн”-ийг нь үндэслэн шүүх хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр товлосон ба уг товлосон шүүх хуралдаанаас өмнө /04 дүгээр сарын 13-ны өдөр/ “өмгөөлөгчөө шүүхэд ирүүлэх, хэргийн материалтай танилцуулахыг шаардаж” түүний дугаарын утас руу залгахад утсаа аваагүй, утсанд нь зурвас бичихэд ямар нэг хариу өгөөгүй, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаас өмнө дахин залгахад “Өмгөөлөгч авсан, хэргийн материалтай танилцаад хуралд оролцох эсэх нь тэр хүнээс шалтгаална. Яаруулж байгаа. Өмгөөлөгчдөө хэлнэ” гэж хариулсан, шүүгчийн туслахаас дахин залгахад “Өмгөөлөгч оролцуулах хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж амжихгүй” гэсэн болох нь шүүгчийн туслахаас түүнтэй ярилцсан ярианы тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ-2-ын 224-235 дахь тал/
5.6.Шүүх хуралдааныг эхлүүлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхийг үл хүндэтгэснээс гадна, шүүхийн цахим шуудангаар “өмгөөлөгчөө хэргийн материалтай танилцуулах хүсэлтийг ирүүлсэн байгаа боловч, өмгөөлөгчтэйгөө байгуулсан гэх Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь “арын хуудасгүй, гарын үсэг, тэмдэггүй” тул ийм гэрээ байгуулсан гэдэг нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй, шүүгчийн туслахаас энэ талаар тодруулахаар удаа дараа гар утсанд нь холбогдоход тэрээр утсаа аваагүй, хариу өгөөгүй, мөн түүнчлэн хууль зүйн туслалцаа авахаар тохиролцсон гэх өмгөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн ирээгүй, хэргийн материалтай танилцах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд тайлбарлаагүй, энэ талаар тайлбарласан хүсэлтээ болон шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээ бичгээр тайлбарлаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авсан гэх нотлох баримтаа шүүхэд бүрэн ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “өмгөөлөгч авах” гэдэг шалтгаанаар шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн болно.
5.5.Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч гэх этгээдүүд нь шүүх хуралдаанд биечлэн ирээгүй, шүүхийг үл хүндэтгэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг байлцуулахгүй хийх саналыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байхгүйд явуулахаар шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.3.1 дэх хэсэг, заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У*******ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжийн Д.У*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.У*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] Энэ заалтыг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тухайн хуульд заажээ.