| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2024/01785/И |
| Дугаар | 192/ШШ2025/06533 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/06533
2025 08 27 192/ШШ2025/06533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 43 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 103/2 дугаар байр, 27 тоот хаягт оршин байх “******* *******” ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 72а дугаар байр, 43 тоот хаягт оршин байх “******* ” ХХК/РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19 дүгээр хороо, үйлдвэр туул гол гудамж, 72а дугаар байр, 43 тоот хаягт оршин суух овогт ын /РД:/ нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,322,927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал би өөрийн байгууллагын ажилтан н.той хамт “******* ” ХХК-ийн захирал Б.тай уулзаж Улаанбаатар хот, ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Америкийн нэгдсэн улс/цаашид “АНУ” гэх/-ын Элчин сайдын яамны шинэ байршлын 40,000 м.кв талбайд торон хашааг барьж суурилуулах ажлыг 45 хоногийн хугацаанд, захиалагчийн бараа материал/хэв хашмал, 250 марктай бетон зуурмаг, ус, тог/-аар, 50,000,000 төгрөгийн ажлын хөлсөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “******* ” ХХК-тай 19MG1022P0199 тоот дугаартай “Торон хашаа барих ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Улмаар гэрээт ажлыг 2023 оны 07 дугаар сарын 07 өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон. Тохиролцсон ёсоор би ажил гүйцэтгэх үүргээ биелүүлж эхэлсэн бөгөөд ажил гүйцэтгэхэд шаардлагатай 200 ширхэг хэв хашмал, 244 ширхэг булангийн хэв хашмал, бетон зуурмагаа нийлүүлэх, ус, цахилгаан үүсгэх генератор бэлдэж өгөхийг хүсэхэд “бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй байна, 2 ширхэг миксер аваад өгье. Гараараа зуураад хийчих” гэсэн. Захисан бараа материалтай хамт 1 ширхэr миксер авч ирж өгсөн. Ингэхдээ “1 ширхэг миксерээр түр аргалж бай. Хоёр ширхгийг авах мөнгөний боломжгүй байна. Хэд хоногоос боломжтой болоод авч өгье” гэсэн. Бид захиалагчаас өссөн бараа материал, тоног төхөөрөмжөөр ажлаа гүйцэтгэж байгаад яаравчлуулах зорилгоор бетон зуурмагаа гараараа зуурч бүх боломжоороо ажилласан. Гэрээний хугацаанд захиалагчийн зүгээс бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй бетон зуурахад шаардлагатай усаар хангахгүй, миксерээ өгөхгүй, хуучин генератор авч ирснээс байн байн ажиллахгүй, засварлуулах хүсэлт гаргахад засаж өгөхгүй уддаг гэх мэт/ шалтгаануудаас байнгын үл ойлголцол маргаан үүсэж цаашлаад ажил удааширч байсан. Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харуулна. Мөн ажил хийх боломжгүй байхад болж байнга “Ажилчдаа аваад зайл, ямар нэг арга олоод ажлаа хурдан хий” гэх мэт үл ялих жижиг зүйлсээр шалтаглаж дарамталж, доромжилдог харилцаанаас нь болж хурал хийх болгонд хэрүүл маргаан үүсдэг байсан. Хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний зүгээс н. болон түүний ажилтан н.Уртнасан нарт “Манай ажилтнуудыг болон намайг бидний буруугүй шалтгаанаар удаа дараа хөөж, дарамталж байна. Цаашид энэ байдлаа болихгүй бол ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд хүндрэлтэй байна” гэж хэлэхэд “Чи юу юм. Ажилчдаа аваад одоо зайл. Та нарыг гуйх юм уу. Гэрээгээ цуцаллаа. Танайхаар хийлгэхгүй гэсэн. Би гэрээгээ цуцалж байгаа юм бол хийсэн ажлынхаа мөнгийг авъя гэхэд “Өмгөөлөгчтэй уулзаарай, юу ч өгөхгүй, заргалдаад аваарай” гэж хэлсэн. Энэ маргаан болсны дараа манайх ажлаа үргэлжлүүлэн хийхээр очиход н.Уртнасан нь Элчин сайдын яамны хамгаалагч нарт “нэг ч хүн битгий оруул” гэж хэлсэн байсан, өөрсдийнхөө багаж хэрэгсэл ажилжд хэрэглэж байсан портер машинаа авъя гэхэд хамгаалагч нар өгөөгүй. Долоо хоногийн дараа манай портер машиныг унаад явж байхаар бид нар түлхүүрээ булааж авч байж портер машин болон бусад юмнуудаа авсан. Энэ үед ч бид нар “Ажлынхаа хөлсийг авъя, тооцоо нийлье, гэрээгээ дүгнэе” гэхэд “танайд ямар ч мөнгө өгөхгүй, чаддаг юм бол аваарай” гэж хэлсэн. “******* ” ХХК болон иргэн Б. нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “...захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, ...хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэснийг зөрчиж байна. Хуулийн энэ заалтыг үндэслэн “******* ” ХХК-иас ажлын хөлсөө шаардаж байна. Бид гэрээний хугацаанд 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгэхээс 28,322,927 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн. Өнгөрсөн хугацаанд Б. нь 15,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн бөгөөд 13,322,927 төгрөгийг төлөөгүй байна. Мөн Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хөрөнгөөр төлбөр төлөх талаар зохицуулсан. Манай байгууллагатай гэрээ байгуулахад “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. гарын үсэг зурсан бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Б. өөрөө байна. Үүнээс Б.ыг “******* партерс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэж байна. Хуулийн энэ зохицуулалтаар Б. нь манай компанид учруулсан хохирлоо өөрийн хөрөнгөөр төлөх агуулгатай байна. Б.аас гэрээний төлбөрөө шаардаж байна. 2023 оны 05 дугаар сард “******* ” ХХК-ийн захирал н.тай уулзаж байсан. Уулзахдаа 800 метр том хашаа бариулъя гэж тохиролцсон. Тухайн үед гэрээгээ ерөөсөө үзээгүй, хараа ч үгүй байсан. Тэгээд юу гэж тохиролцсон бэ гэхээр 800 метр хашааг бариад өг. Тэд нар бараа материалаа бүгдийг нь гаргаад, бэлтгээд өгчихсөн. Зураг, бетон зуурмагийг бас авч өгөхөөр тохиролцоонд хүрсэн юм. Чи ямар нэгэн байдлаар энэ саналаа гаргаад өг, тохиролцсоны дагуу би 50,000,000 төгрөгөөр ажиллая гэсэн үнийн санал гаргаж өгсөн. Тэгээд маргааш өдрөөс нь ярилцсаны дагуу гэрээ зурагдаагүй байхдаа ажил эхэлчихсэн. Тэгээд “******* ” ХХК бүх юмаа бэлдчихсэн байсан. Газар шорооныхоо ажлыг экскаватор дээрээс нь цемент, хайрга бүгдийг нь буулгачихсан байсан. Одоо ямар тоног төхөөрөмжүүд шаардлагатай юм бэ бид нар аваад өгье гэж хэлээд манай 2 хүнийг дагуулаад энэ бетон зуурагч түрээсэлсэн гээд биччихсэн байсан. Эднийх худалдаж авсан. Манай хүмүүсийн шаардлагын дагуу бас генератор худалдаж авсан. Тэгээд бусдыг нь түрээсэлсэн. Бид нар түрээсэлсэн гээд хэрвээ манайх энэ багаж тоног төхөөрөмжийг гаргахаар байсан бол бид нар энийг ийм үнэтэй түрээслэхгүй байх байсан. Бүгдийг нь худалдаад авах байсан. Усыг хүртэл худалдаад авдаг байсан. Тэгээд ер нь муудалцсан шалтгаан нь болохоор тухайн үед зун байсан болохоор бороо их орж, цахилгаангүй газар байсан. Цахилгааны генератор эвдрэх тохиолдлууд байсан. Мөн ус их тасарч байсан. Иймэрхүү шалтгаануудаас болоод ажил хойшлогдоод сунжирчихсан юм. Тэрнээс болоод та нар ажлаа сайн хийхгүй байна, сунжраад байна. Дээрээс нь хамгийн том сунжрах шалтгаан нь бетон зуурмагийг үйлдвэрээс авна гэж ярьж байснаа шууд миксерээр авчраад цутгуулаад, ашиглуулаад, шууд миксерээрээ хийгээд өгье гэж ярьж байгаа юм. Яг гэрээнийхээ дагуу СИ-200 маркийн бетон дээр хүрэхгүй болонгуут та нар гараар зуурчих гээд ажил хойшлох хамгийн том шалтгаан нь бетоныг гараар зуурснаас болсон. Тэгээд ерөөсөө та нар ажлаа хийхгүй байна гээд өдөр болгон дарамтлаад, ерөөсөө бид нар портероо авна. Та нар өөрсдөө портероо авчирна гээд ерөөсөө дандаа иймэрхүү жижиг сажиг үйлдлээс болоод ус асгасан байна, ус их хэрэглэж байна гэх зэргээс тэнд ажиллаж байсан хүмүүс нүүр ам, хувцас хунар нь шороо болчихсон. Тэд нараас шалтгаалаад орой ус их хэрэглэнэ. Тэр усыг хүртэл та нар хэрэглэж болохгүй, наадхыг нормынхоо дагуу авчирчихсан байгаа ус гэх шалтгаанаар дандаа бид нарт шахалт үзүүлж дарамталж байсан. Би сүүлдээ та нар ажил хийлгэх юм уу, хийлгэхгүй юм уу гээд бүх хүмүүсээ авчраад зогсоогоод н.ыг хүлээсэн. Хамгийн сүүлд муудалцаад гардаг өдөр н.тай ойлголцох юм болов уу гээд хүмүүсийнхээ нүдэн дээр байж байсан чинь шууд ирээд л намайг түлхэж авсан. Тэгээд энэ хүнтэй ойлголцохгүй юм байна гээд бид нар явлаа гээд өөрсдийнхөө хэрэглэсэн багажуудыг бүгдийг орхиод, манай портер байсан бас тэрийгээ орхиод бүгдээрээ явцгаасан. Тэрний дараа маргааш өдөр бид хэд багаж хэрэгслээ авъя машинаа авъя гэхэд оруулахгүй байсан. Тэр хилчин хашаандаа н. гээд манай хүн яваад, хоёулаа юмаа хүлээлцье, бид нар багажаа авмаар байна гээд хүлээлцэх акт үйлдээд бүх юмаа тоолуулаад эдний манайхыг авсан гээд байгаа бүх юмыг нь тэр хашаанд буюу өөрт нь хүлээлгэж өгсөн. Нийт ажлын 284 ширхэг шон хийхээс манайх 214 ширхэг шоноор бүтэн хийж дуусгасан. Тэрийгээ мэргэжлийн төсөвчнөөр гаргуулаад гүйцэтгүүлсэн байгаа. Бид нар өөрсдөө ингээд санаанаасаа зохиогоод гаргачихвал энэ хүмүүс хүлээж авахгүй гэдэг утгаараа барилгын төсөвчнөөр төсөв гаргуулаад гарчихсан. Бид нар өөрсдийнхөө бодлоор 84 хувьтай ажлаа гүйцэтгэсэн, мөнгөө авъя гэсэн боловч гэв гэнэт гэрээнд заагаагүй. Би портер түрээсэлсэн гээд гэв гэнэт гэрээ нь анх ярьж байсан зүйлээ үгүйсгээд бүгдийг нь манайхаас нэхэмжлээд, мөнгийг өгөхгүй гэж хэлсэн. Харин энэ төсөвт өртгийнхөө 28,000,000 төгрөгөөс бид нар урьдчилгаа болгоод 15,000,000 төгрөгөө авсан. Тэр зөвхөн бетон зуурмагийн хүмүүсийн ажилчдын цалинг өгөөд, хоол хүнсэнд таарсан. Одоо үлдэгдэл 13,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Ихэнх зардлууд болохоор дандаа ажлын хөлсөнд яваад байгаа юм. 05 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хүмүүсийн ажилчдын цалинг тухайн үед 8 хүн ажиллаж байсан. Зөвхөн бетоны зуурмаг дээр. Тэр хүмүүсийн өдрийн цалин гэхэд хамгийн багадаа 100,000 төгрөг байдаг. Ихэвчлэн цалин хөлсний зардлууд их гарч байсан. Хариуцагч тал манайхаас нэхэмжилсэн зөндөө зүйлүүд байгаа юм. Портер түрээс, тэр дундаас харахад Элчин сайдын яамны өндөр хамгаалалттай газраас бид нар тэр жижигхэн гэрийн өрхийг нь аваад явах уу энэ мэтчилэн шаардлагагүй зүйлүүдийг дандаа нэхэмжилчихсэн. Хүлээн зөвшөөрөх юм бол зуурагч машиных ремин нь аягүй ачаалалтай ажиллаж байсан болохоор байнга тасардаг. 17,000 гаран төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Бусдыг нь буюу зуурагч машины түрээсийн зардал 6,000,000 төгрөгийг зуурагч машины өөрийн үнэ бараг 3,500,000 төгрөгийн үнэтэй буюу хүчин чадал сайн. Хэрвээ бид нар тэрийг түрээслэхгүйгээр худалдаж авах юм. Энэ мэтчилэн ерөөсөө шаардлагагүй зардлуудыг манайхаас нэхэмжилчихсэн. Бодит байдал дээрээ бол тэнд хүмүүс ажиллаж байна, ажил явагдаж байна, бид нар бол ерөөсөө хангалттай хүчин чармайлтаараа ажилласан. Тэрнийхээ мөнгийг л нэхэмжлээд байгаа. Ажилласан хүмүүсийн ажилчдын цалин гээд бүх л юм. Ажил нь хойшилж байгаа шалтгаан нь болохоор гадаа учраас бороо ороод л тэр болгон дээр чинь хүмүүс цалинг нь өгөхгүй юм бол ирэхгүй. Тэгээд бүгдийг нь өгөөд л явдаг байсан. Манай зардал ерөнхийдөө би төсөвчнөөр гаргуулаад, бид нарын тооцоон дээр л хийсэн ажил дээрээ л үндэслээд ярьж байгаа боловч яг бодит зардал 28,000,000 төгрөгөөс давчихсан. Та нар ч гэсэн өөрсдөө гаргасан дүнгүүдээ буюу нийт манайд өгсөн мөнгөтэй нэмээд өөрсдийнхөө нэхэмжилж байгаа мөнгөө нэмэх юм бол 35,000,000 төгрөг болж байгаа. Та нар мэдсээр байж энэ ажил чинь 50,000,000 төгрөгөөр хийгдэж байгаа ажил. Бодит зардал нь 35,000,000 төгрөг гарчихлаа. Тэгэнгүүтээ 40 хувь гээд гарчихсан. Бид нарыг угаасаа албаар хохироогоод байгаа юм шиг ийм дүр зурагтай үйлдэл, гэрээг хийхэд угаасаа яг үнэхээр итгэлцлийн түвшинд явсан. Энэ ажлыг хийчих, завсарлахгүй дуусгачихна, бүх юмаараа хангаад өгчихнө гээд гэрээ зурахдаа манай оффис байхгүй байна танай оффис дээр очъё гээд манай оффис яг үнэндээ ажлын байр гарааш, оффис байхгүй. Тэгэнгүүт н. миний машинд хоёулаа багшийн дээд дээр орой 10 цагт мэдээж би энэ гэрээн дээр гарын үсэг зурж байгаа. Тэгээд яг тохиролцсоны дагуу байгаа юм болов уу гэсэн чинь яг үнэндээ энэнээс 2 жилийн дараа өчнөөн гэрээ хийсэн. Би 4, 5 хуудас байдаг. Тэгэхэд энэ гэрээ зузаан буюу гэрээгээр бид хэдийг угаасаа, анхнаасаа шахалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм болов уу гэж би бодож байна, харагдаж байна. н.Уртнасан гэдэг хүн ямар ч барилгын шат угсрах, бетоны ямар ч мэдээлэл байхгүй, мэдлэг байхгүй хүмүүсийг ажиллуулах чадвар байхгүй. Ямар сайндаа л орой өдөржин ажилласан хүмүүс шавар шавхайгаа угаахаар ус хэрэглэлээ гэж загнаж байхав дээ. Тэгэхэд ус дутаасан байна гэж байгаа нь амьдралын зөрөөтэй, ямар ч амьдрал дээр буух мэдлэггүй хүмүүс компани удирдаж байгаа юм. н.Уртнасан, н.Мөнхбат гээд 2 хүн энэ компани дээр байгаа. Ямар ч өөр ажилтан байхгүй. Тэгээд бид нарыг гэрээгээр хянаж цагдаад, гэрээн дээр аймаар өндөр марк биччихсэн, түүгээрээ тулгаад дараад байдаг. Бид нар өндөр 9 давхрын тусгай зөвшөөрөлтэй байшин барьж байсан бол хамаа байхгүй. Тэгэхэд нь зүгээр нэг торон хашаа барихад гэрээгээр шаардаж тулгаад, шаардлага тавьж байсан. Бид нар аль болох чадлаараа хичээсэн, өчнөөн хохирол гаргасан. Одоо хүртэл хүмүүсийн цалин мөнгө, асуудлууд зөндөө явж байгаа тул үнэн зөвөөр шударгаар шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******* ” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “ *******” ХХК-тай “******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын элчин сайдын яамны шинэ байршлын талбайд 40,000 м.кв торон хашаа суурилуулах ажлыг 50,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр байрлах харилцан тохиролцож 19MG1022P0199 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Талууд гэрээгээр захиалагч талаас ажлын үндсэн бараа материал болох хашааны тор, ган төмөр шон, өргөст тор зэргийг гаргах, гүйцэтгэгч “ *******” ХХК нь гэрээний 10.1-т зааснаар ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бараа материал, багаж хэрэгслийн үнэ, тээвэр, машин, тоног төхөөрөмж, ажиллах хүчний зардал болон бусад зайлшгүй шаардлагатай зардлыг хариуцахаар тохиролцсон. Гэтэл гэрээ байгуулагдсаны дараагаар ажил эхлэхэд “ *******” ХХК нь ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэлгүй ирснээс гадна барилгын инженергүй болох тогтоогдож, анхнаас гэрээний үүргийн зөрчилтэй ажлыг эхлүүлсэн тул захиалагч талаас гэрээнд заасан ажлыг түргэн шуурхай гүйцэтгүүлэх зорилгоор гэрээний 3.2.8-т заасныг үндэслэн тус компанийн ажлын хөлснөөс суутгуулж авахаар дараах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авч ашиглалтын зардал, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр, зөвлөх инженер авсан ажлын хөлс зэрэгт 20,861,643 төгрөгийн зардлуудыг гаргаж, нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх хугацаанд нийт 35,861,643 төгрөг зарцуулсан. Улмаар гүйцэтгэгч нь ажиллах хүч хомс, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэлгүй нөхцөл байдалтай ажлыг гүйцэтгэсээр хүлээлгэн өгөх хугацаа болоход нийт ажлын 40%-г буюу гэрээний нийт төлбөрийн 20,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Ажил явагдаж байх хугацаанд захиалагч талаас гүйцэтгэгчид хандан гэрээний үүргийн зөрчлүүдээ арилгахыг удаа дараа шаардаж байсан хэдий ч дээрх зөрчлүүдээ арилгалгүй ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн тул гэрээг цуцалсан. Гэрээг цуцлахад барилгын ажлын талбайд гүйцэтгэгч компанийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл үлдээгүйгээс гадна нэхэмжлэгч нь барилгын талбайд анхнаасаа портер маркийн тээврийн хэрэгсэл болон багаж хэрэгсэл авчраагүй болно. Манай компанийн зүгээс гэрээг цуцлахад ажлыг гүйцэтгүүлэхэд гаргасан зардал, урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөг нийлээд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээнд тохирсон байх гэж үзээд тухайн цаг хугацаанд ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй юм. Харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад нийт гарсан зарцуулалтаа нарийвчлан тооцоход нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээнээс илүү төлбөр зарцуулагдсан байна. М. нь тухайн гэрээг компанийн нэрийн өмнөөс байгуулсан бөгөөд компанийн тухай хуулийн 85.2-т заасан үндэслэлд нэхэмжлэлийн шаардлагатай. хамааралгүй өөр хууль зүйн үр дагавруудыг шаарддаг тул эрх бүхий тушаалтнаас нь төлбөр гаргуулах үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь ажлын хөлс нэхэмжлэх эрх үүсээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “******* ” ХХК болон хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал н.ыг хамт хариуцагчаар татчихсан байгаа юм. Гэрээ байгуулагдсан тал дээр маргахгүй. Энэхүү гэрээг байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнг 50,000,000 төгрөг байхаар байгуулсан. Ингэхдээ талууд ажил гүйцэтгэх шаардлагатай үндсэн бараа материал тоног төхөөрөмжийг захиалагчаас, харин гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх төлбөрт гэрээний тусгай нөхцөлийн 10.1-д зааснаар энэ ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бараа материалын багаж хэрэгслийг, мөнгө, тээвэр машин ажиллах үйлчилгээг ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх л зардлыг гүйцэтгэгч хариуцахаар тохиролцсон. Улмаар гэрээ байгуулсны дараагаар ажил гүйцэтгэх эхлэл болоход эдгээр тоног төхөөрөмж буюу ажил гүйцэтгэх шаардлагатай шүүхэд жагсаалт гаргаж өгсөн. Сүүлийн шүүх хуралдааны үеэр гаргаж өгсөн жагсаалт байгаа. Тэдгээр тоног төхөөрөмж байхгүй байсны улмаас захиалагчаас эдгээр тоног төхөөрөмжийг гаргаад мөн урьдчилгаа 15,000,000 төгрөгтэй нийлээд нийтдээ захиалагчаас эдгээр ашиглалтын зардал болон тоног төхөөрөмжийг тооцоод үзэхлээр 40,419,143 төгрөг гаргадаг юм. Мөн энэхүү гэрээгээр талууд яг юу гүйцэтгэх ёстой байсан бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх нь зүйтэй байх. Энэ зүгээр нэг шон зоогоод, тор татаад өгчих ажил бол биш. Хавтаст хэрэгт авагдсан торыг ажлын хэсэгт суулгах, гүйцэтгэж дууссаны дараах үеийн зураг байдаг. Үүнд эхлээд эдний хэлээд байгаачилан шонгийн суурийг цутгаад бэхэлсний дараагаар бол торыг дээрээс нь тороо багана болгон доор нь бэхлэгчээр бэхлэх, дээр болон доод талд нь хооронд нь холбож, нэг ёсондоо түшицтэй болгож өгөх зэрэг, тэгээд дээр нь 3 давхар тор өргөсгөх зэргээр деталь ажил байсан. Ажил гүйцэтгэх, туслах болсон шалтгаан нь ердөө энэ ажиллах хүч хомс байсны улмаас ажил гүйцэтгэх хугацаанд урьдчилан сануулсаар байхад амжихгүй, гүйцэтгэж дуусахгүй, боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манайхаас гэрээг цуцлах мэдэгдэл өгөөд цуцалсан. Гэрээг цуцлахад ажлын гүйцэтгэл 40 хувь буюу нийт гэрээний нийт дүнтэй 20 хувийн ажлыг гүйцэтгэсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох ёстой. Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл ажил гүйцэтгэх гэрээний үр дүн байдаг. Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүд заачихсан байгаа. Нэхэмжлэгч талын хүлээх үүрэг энэ ажлын төлбөр эхлээд урьдчилгаа 15,000,000 төгрөг, үе шатад нэг ахиад 15,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг ажлыг бүрэн бүтэн хүлээж авсны дараагаар олгох төсвийн төлбөр байсан. Гэтэл үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь ажлын ил болон далд ажлын акт ямар ажил гүйцэтгэсэн юм. Тэр өдөр тутамд гүйцэтгэж байгаа ажлынхаа тайланг тухай бүр явуулах ёстой байсан энэхүү тайлан нь ямар учиртай гэхлээр хэрвээ 80 хувийн ажил гүйцэтгэсэн гэж байгаа бол тэр 80 хувийнхаа ажлын илд, далдын ажлын акт ямар акт үйлдсэн юм, хэдэн хүн ажилласан юм гэдэг нөхцөл байдлаа тодорхойлох боломжтой байгаа юм. Энэ гүйцэтгэлтэй холбоотойгоор мэдээж манайхаас ийм ажил хийсэн. Тухайн гэрээний үүргийн зөрчлийг нь нийт 40 хувийн гүйцэтгэлтэй байна гэж дурдаад ямар шалтгаанаас хойшилсон, хэдэн шалтгааныг нь тодорхой дурдчихсан байгаа юм. Хэрэв үнийн дүнг тухайн үед зөвшөөрөөгүй зүгээр хэн аль нь гүйцэтгэх ажлын гүйцэтгэл нь болчихсон юм байна гээд орхиод би хэлсэн тавьсан хүсэлтүүд байгаа. Нэхэмжлэгч талаас энэ ажлын төсөвт өртгийг гаргаж өгдөг. Энэ төсөвт өртгөөр ажлын гүйцэтгэл тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэхлээр энэ төсөвт гэдэг зүйл маань ажил гүйцэтгэхийг, ажил эхлэхээс өмнө нийт ямар төсөвт өртөг, ямар ажлыг ямар тоо хэмжээгээр хэдэн төгрөгийн цалин хөлстэй ямар бараа материал шаардагдах юм гэдгийг сүүлд нь тооцоолол гаргаад ирж байгаа юм. Мөн гэрээний үнийн дүнтэйгээ яаж уялдуулж байгаа вэ гэдэг асуудал тодорхойгүй. Төсөв байдлаар нэршлээ гаргуулж болно. Гэхдээ ажил гүйцэтгэхдээ энэ үр дүнг юунд тооцоод ажил гүйцэтгэсэн гээд гараад ирчихсэн гэдэг нь тодорхойгүй байна. Үүнтэй уялдаад ажил гүйцэтгэх цагт ажиллах хүчний зардлаа тухайн үедээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төсөвлөөд явсан нөхцөл байдал нь бодит байдал байдаг юм уу, байгаагүй юм уу, тээвэр бараа материал гээд байгаа нь яг ямар зарцуулалттай гарсан юм гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэг хийсвэр байдлаар ийм ийм ажил гүйцэтгэсэн юм. Хэрвээ гүйцэтгэсэн бол хэд болох байсан юм гэдэг байдлаар гэрээ нь маргаанд хамааралгүй байдлаар хийсвэр байдлаар гаргаад ирсэн байна. Эдгээр нөхцөлүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийн хүрээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ портер машины тухайд анхнаасаа захиалагч талаас гаргаж өгсөн машин. Хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглуулж байсан гэдэг нөхцөл байдал бол байгаа юм. Мөн энэ ажил гүйцэтгэх шаардлагатай тоног төхөөрөмжийн хүлээлцсэн жагсаалт дээр энэ портер машиныг мөн дурдаад хүлээж авсан. Тэгээд энэ үнэлгээг нь төлүүлэх, хэдэн сая төгрөгийн үнэлгээтэй, ямар маркийн, ямар дугаартай гэдгийг дурдчихсан байгаа учраас энэ тайлбар үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Мөн энэ тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагатай төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны хувьд ажил гүйцэтгэх гэрээний явцад зориулсан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтаар талууд ажил гүйцэтгэх эрхтэй гэрээний үнийн дүн болон гэрээний үнийн дүнгийн ажил гүйцэтгэх шаардлагатай бараа материал тоног төхөөрөмж аль тал яаж гаргах юм гэдэг зүйл тохиролцдог. Үүнтэй холбоотойгоор талууд Иргэний хуулийн 102 дугаар зүйлд зааснаар хуулийн хүрээнд гэрээг талууд эрх чөлөөтэй талуудын тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан байгаа юм. Яагаад вэ гэхлээр нэхэмжлэгч компани нь өөрөө зүгээс нэг иргэн байнгын үйл ажиллагаа эрхэлдэггүй субъект биш. Үүнтэй холбоотойгоор мэдээж тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэх харилцаанд оролцож байгаагийн хувьд түрүүний хэлээд байсанчлан эднийх хуурч мэхлээд нэг ёсондоо гэрээнийхээ гарын үсэг зуруулаад ажил гүйцэтгүүлээд тэрийг нь сүүлд мэдчихсэн юм гэдэг юм уу, ийм байдлаар тайлбарлаад явдаг нь үндэслэлгүй. Тодорхой үүрэг хүлээгээд, үүрэг хүлээж байгаатай холбоотойгоор буцааж эрх олж авах тийм харилцаанд оролцож байгаа бол хариуцлагатай байх хэрэгтэй. Хуурч мэхэлсэн ч гэдэг юм уу, ноцтой төөрүүлсэн ч гэдэг юм уу, тийм нөхцөл байдал байсан бол энэ нөхцөл байдлаа нотлох ёстой байна. Нотлогдоогүй учраас гэрээний стандарт нөхцөл буюу ажил гүйцэтгэх шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, туслах ажилчид ажилчдын цалин хөлстэй холбоотой зардлыг эднийх гаргах ёстой байсан учраас гэрээний 3.2.8-д зааснаар суутгаж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн 80 хувийн ажил гүйцэтгэсэн гэдгийг нотлогддоггүй. Гэрээнд заасны дагуу ажлын бид бас хүнээс мөнгө авах гэж байгаа. Эргээд үр дүнг нь хүлээлгэж өгөх гэж байгаа бол ямар үе шаттайгаар, ямар акт үйлдсэн. Хэрвээ тийм акт байхгүй бол ажлын ямар төлөвлөгөө тайланг захиалагч компани руугаа өгч байсан үүнийгээ баримтад үндэслээд нотлох боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгоод байгаа баримт гэрээний цар хүрээнд бид нарт хамааралгүй асуудлаар төсөв гаргуулсан. Тухайн төсөв нь ямар баримт бичиг үндэслэлээр гарсан. Үнэхээр тийм зардал гарсан юм уу, гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа учраас үндэслэлгүй байна. Хариуцагчаас бараа материалын зардал буюу түрүүн хэлсэнчлэн 40,419,000 төгрөгийн зардал нийт гарсан байна. Энэ зардлыг нийт 40,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлд суутгаж тооцох үндэслэл тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байр суурьтай байна. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчийг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаар хариуцагчаар татсан байсан. Энэхүү зохицуулалтаар уг зүйлд заасан хууль бус үндэслэлгүй гаргасны улмаас хувьцаа эзэмшигч болон компани зээлдүүлэгч нарт хохирол төлөхөд хамааралтай зохицуулалт байгаа. Тийм учраас энэ үндэслэлээр компанийн хувьцаа эзэмшигчид, хариуцагч нар татсан үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл/1хх 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 2 тал/, итгэмжлэл/1хх 3 тал/, “Торон хашаа барих №19MG1022P0199 джгаар ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, хавсралтууд№1-10/1хх 4-40 тал/, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн нэгдсэн төсөв/1хх 45-52 тал/ зэргийг,
Хариуцагч талаас “******* ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, гэрчилгээний хуулбар/хх 69-70, 77 тал/, Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх 71 ар тал/, хариу тайлбар/1хх 75-76 тал/, итгэмжлэл/1хх 78-79 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 104-120, 155, 182-189, 246-248 тал/, кассийн зарлагын ордер/1хх 121 тал/, бараа материал хүлээлгэн өгөх жагсаалт/1хх 122 тал/, зарлагын баримт/1хх 123, 126-127, 131, 133, 134, 136, 139, 140, 141, 143, 144 тал/, төлбөрийн баримт/1хх 124, 132, 152, 161 тал/, И-баримт/1хх 125, 128, 129, 130, 135, 137, 138, 142, 154, 156-160 тал/, нэхэмжлэх/1хх 145, 149, 153 тал/, түрээсийн гэрээ/1хх 146-148 тал/, авлага, өглөгийн товчоо/1хх 150-151 тал/, автомашин түрээслэх гэрээ/1хх 162-163 тал/, Б.ын хаан банкны 5030687535 дугаар дансны хуулга/1хх 164-165 тал/, аюулгүй байдлын мэдэгдэл/1хх 166 тал/, аюулгүй ажиллагааны зааварчилгаа/1хх 167-172 тал/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан/1хх 180-181 тал/, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт/1хх 184 тал/, “******* ” ХХК-иас гаргасан тоног төхөөрөмж багаж хэрэгслийн тооцоо/1хх 249-250 тал/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.
Шүүхийн журмаар: Үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1хх 188-215 тал/, гэрч асуусан тэмдэглэл/1хх 9-14, 15-20, 21-23 тал/ зэрэг нотлох баримт бүрдсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* ” ХХК, Б. нарт холбогдуудан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсөнд 13,322,927 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “******* *******” ХХК нь “******* ” ХХК-ийн захирал Б.тай ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байршлын 40,000 м.кв талбайд торон хашааг барьж суурилуулах ажлыг 45 хоногийн хугацаанд 50,000,000 төгрөгийн ажлын хөлсөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч тодорхой шалтгаанууд болох бетон зуурмагийг үйлдвэрээс авахаар бетоны чанарт тохирохгүй болсон тул гараар зуурах болсон, гараар зуурахтай холбогдуулж ус татах, зуурагч миксер машин өгөхгүй байх, түүний ремин тасрах, усны хэрэглээ гэх зэрэг болон бороо орох, цахилгаангүй газар байсан тул цахилгааны хуучин генераторууд эвдэрч засуулах, ус тасалдах зэрэг ажил сунжирсан шалтгаануудаас үл ойлголцол үүсэж 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээгээ цуцаллаа танайхаар ажил гүйцэтгүүлэхгүй гэсэн тул гэрээ цуцлагдсан ч ажлын хөлсөө шаардах эрхтэй, 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгэхээс 28,322,927 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн, түүнээс 15,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн тул үлдэгдэл 13,322,927 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, нийт ажлын 284 ширхэг шон хийхээс манайх 214 ширхэг шон бүтээц хийж 186 шонгийн суурийн нүхний болон 34 шонгийн суурийг цутган босгосон ажлыг мэргэжлийн төсөвчнөөр үнэлүүлэхэд 28,322,927 төгрөгөөр үнэлсэн боловч бодит зардал 35,000,000 төгрөг болж байгаа, 8 хүний 2 сарын цалинд 15,000,00 төгрөг зарцуулагдсан, уг ажлыг чадлаараа хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж,
Хариуцагч тал “******* ” ХХК нь татгалзалдаа 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “ *******” ХХК-тай “******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын элчин сайдын яамны шинэ байршлын талбайд 40,000 м.кв торон хашаа суурилуулах ажлыг 50,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 19MG1022P0199 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан гэрээгээр захиалагч талаас ажлын үндсэн бараа материал болох хашааны тор, ган төмөр шон, өргөст тор зэргийг гаргах, гүйцэтгэгч “ *******” ХХК нь гэрээний 10.1-т зааснаар ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бараа материал, багаж хэрэгслийн үнэ, тээвэр, машин, тоног төхөөрөмж, ажиллах хүчний зардал болон бусад зайлшгүй шаардлагатай зардлыг хариуцахаар тохиролцсон боловч хариуцагч компанийн зүгээс ажлын хөлснөөс суутгуулж авахаар тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авч ашиглалтын зардал, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр, зөвлөх инженер авсан ажлын хөлс зэрэгт 20,861,643 төгрөгийн зардлуудыг гаргаж, нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх хугацаанд нийт 35,861,643 төгрөг зарцуулсан, нийт ажлын 40%-ийг буюу гэрээний нийт төлбөрийн 20,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа, гэрээг цуцлагдан нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээнээс илүү төлбөр зарцуулагдсан учир төлбөр гаргуулах үндэслэлгүй, хариуцагч Б.аас мөн нэхэмжлэх эрх үүсээгүй, хийж гүйцэтгэх ажил тор татаад болчих ажил биш, шонгийн суурийг цутгаад бэхэлсний дараа торыг дээрээс нь багана болгон доор нь бэхлэгчээр бэхлэх, дээр болон доод талд нь хооронд нь холбож, торны дээд талд 3 давхар өргөст тор тогтоох зэргээр деталь ажлууд их байсан, гэрээг цуцлахад ажлын гүйцэтгэл 40 хувь буюу нийт гэрээний нийт дүнтэй 20 хувийн ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгч талаас ажлын төсөвт өртгийг ажлын гүйцэтгэлийг тодорхойлох үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн NEC19MG1022P0199 дугаар “Торон хашаа барих ажил гүйцэтгэх гэрээ"-гээр Улаанбаатар хот, ******* дүүрэг, 18 дугаар хороонд байрлах АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байршилд 40,000 м.кв талбайтай 800 метр урттай талбайд хамгаалалтын зурвасын дагуу торон хашаа барьж суурилуулах ажлыг гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн дагуу ажлын 45 хоногийн дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх ажлын нийт хөлс 50,000,000 төгрөг байхаар тохиролцсон.
Ажлын хөлсийг ажил эхлэхэд 15 хувь буюу 7,500,000, дунд үед 15 хувь буюу 7,500,000, үлдэгдэл төлбөр буюу 65 хувь 32,500,000 төгрөгийг ажил дууссан үед төлөхөөр, 5 хувийг ажлын гүйцэтгэлийн баталгаа болгон авч үлдэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогддог.
Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон ажлын хөлсөнд 15,000,000 төгрөг авсан үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч/ажил гүйцэтгэгч/ тал уг ажлыг гүйцэтгэх хугацаа дууссан боловч 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлыг дуусахаас өмнө гэрээ цуцлах саналыг хариуцагч тал/захиалагч/ гаргаж мөн сарын 06-ны өдрөөс гэрээ цуцлагдсан, хариуцагч тал уг ажлыг өөр туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэн дуусгасан байдалтай байгаа гэх тайлбарыг гаргадаг. Дээрх гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргадаггүй.
Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор мөн үе хүртэлх хугацаанд хийсэн ажлын хөлсийг өгөөгүй үндэслэлээр мэргэжлийн төсөвчний үнэлгээг нэхэмжлэгч тал үндэслэн хөлсөө гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал хийсэн ажлын гүйцэтгэлийн 40 хувьтай тэнцэх хэмжээний 20,000,000 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгэсэн, 15,000,000 төгрөгийг төлсөн, зөрүү болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талын буруугаас 20,861,643 төгрөгийг зардлуудыг хариуцагч тал гаргасан тул нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үүрэг байхгүй, суутган тооцох үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, тус гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөн зүйлийн 343.2, 343.3-т зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд гэрээний зүйлийг ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр заасан.
Гэвч гэрээ цуцлах хүртэл хугацааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй боловч зохигч талууд энэ тухай мэйлээр 2023 оны 07 дугаар сарын 03, 06-ны өдрүүдэд албан байдлаар харилцаж байсан болохыг үгүйсгээгүй. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч ашиглан дутуу гүйцэтгэсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн талаар зохигч талууд болон Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хийж гүйцэтгэсэн зарим ажлын доголдлын талаар хариуцагч тал маргадаггүй.
Гэрээгээр талууд ажлын хөлсийг 50,000,000 төгрөг байхаар нэхэмжлэгч тал 800 м урт талбайд гэж тооцон төсөв зохиож өгсөн боловч уг хэмжээнээс их байсан тухай тайлбар гаргадаг ба Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар талууд ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоогүйгээс одоо хөлс тооцох талаар маргажээ.
Өөрөөр хэлбэл хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар маргасан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 345 дугаар зүйлийн 345.1-д зааснаар гэрээнд зааснаар талууд хөлс төлөх журмыг л тохиролцсоноос бус ямар хэмжээний ажлыг хэдий хэмжээний гүйцэтгэлээр үнэлэх тухай тохиролцоогүй гэж үзэхээр байгаа тул гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөхөөр заасан тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч талын хийж дууссан ажлын гүйцэтгэлийн талаар МУ-ын мэргэшсэн төсөвчин Ч.Баттөмөрөөр үнэлүүлсэн үнэлгээ, гэрч В.ын мэдүүлэг, үзлэгийн болон гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзвэл ажлын талбайд байсан гэх зүүн талын хуучин бетон хашааг буулган 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлж, үүнээс хойш газар тэгшлэх ажлыг эхэлснээс гадна хашааны суурь цутгах талбайд дуран тавьж тэг тэнхлэг татах, хашааны шонгийн механизмаар ухсан нүхнүүдийг гараар засаж тэгшилж ухах ажлууд мөн 214 ширхэг хашааны шонгийн нэмэлт залгаа төмөр 3 м хэмжээний дагуу цахилгаан тасдагчаар тасдаж бэлтгэх, хашааны шонгийн нэмэлт залгаа төмөр гадас газарт суулгах, газарт суулгасан төмөр гадсан дээр хашааны үндсэн цайрдсан төмөр шонг гагнаж залгах, хашааны шон бүрийн 2 талаас нь тулаас болон хөндлөн шонгоор тулж бэхлэн тэгшилгээ хийх ажлууд, 293,76 м.кв цутгамал бетоны хэв хашмалын бамбай бэлтгэх, 73 м.куб бетон зуурмаг зуурч бэлдэх, зуурч бэлдсэн бетон зуурмагийг 200 м зайд машинд ачиж зөөж цутгах зэрэг ажлуудыг ширхгээр болон м.кв, м.куб хэмжээгээр тус бүрд нь хүн цагаар тооцон нийт 28,322,927 төгрөгийн тооцоолол гаргасан байдаг.
Тус 28,322,927 төгрөгийн тооцооллын дийлэнх хэсэг 21,794,202 төгрөг нь ажиллах хүчний зардлын тооцоо байх бөгөөд машин ашиглалт, тээвэр, материалын шууд зардалд 558,886/электрод, зүсэгчийн ир, үйлчилгээний машин/ төгрөгийг төсөвлөсөн, үлдэгдлийг нь ашиг болон НӨАТ тооцсон байдлаар тооцоолон гаргасан байдаг.
Харин хариуцагч тал татгалзлын үндэслэл болгон гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзвэл зуурмагийн зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөр, төмөр утас, бээлий, селикон, усан сан, хувин, хомут, төмөр, бетон зуурагч, сорьц авах хуванцар хэв, нойлын утас, ган диск перда, таб, хүрз, конус, чигтүүр, тавцан, шугам, хутгуур, усны сав зэргийг худалдан авсан санхүүгийн баримтууд болон гэрийн эд зүйлс болон хэв хашмалын түрээсийн зүйлийн эвдрэл гэмтэл түрээстэй холбоотой 3,315,000 төгрөгийн өглөг авлагын тооцоо, тулгуур хэрэгсэл автомашинаар ачаа тээвэрлэх түрээсийн үйлчилгээний болон шатахуун түлшний төлбөрийн баримт, сэлбэг, генератор/дизель, бензин цахилгаан үүсгүүрүүд/-ын засвар үйлчилгээний зардал зэрэг баримтуудад үндэслэн 25,419,143 төгрөгийн зардлын тооцоо гарган өгдөг.
Мөн хариуцагч талаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Тэнцвэр эстимэйт” ХХК-иар бетон зуурагч, усны сав, 2 ширхэг генератор, шат, био нойл гэр зэргийн түрээсийн дундаж ханшаар тооцон 14,993,500 төгрөгийн зардлын тооцоо гарган уг зардлыг нэхэмжлэгч тал хариуцахаар гэрээнд заасан тул суутган тооцох үндэслэлтэй гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3, 352 дугаар зүйлийн 352.5.3-т зааснаар ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байраар хангах нь захиалагчийн үүрэг, захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх нь ажил гүйцэтгэгчийн эрх тул хариуцагчийн татгалзалд дурдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авсан болон ашиглалтын зардал, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр, зөвлөх инженер авсан ажлын хөлс зэрэгт зарцуулсан гэх 20,861,643 төгрөгийн зардлуудыг ажлын хөлснөөс суутган тооцох үндэслэлгүй.
Гэрээ цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээг цуцалж, цуцалсантай холбогдон учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
Гэвч нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч буруугүй бол захиалагчид учирсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлыг хариуцагч тал авч ашигласан ашиг сонирхолтой байсан гэж үзсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагчаас нэхэмжлэгч талын нэхэмжилсэн төсөвчний үнэлгээний дийлэнх хэсэг болох 21,794,202 төгрөгийн зардал ихэнхдээ ажиллах хүчний зардлын тооцоолол эзэлж байх тул 13,322,927/28,322,927-15.000.000/ төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж ханган шийдвэрлэв.
Зохигч талууд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар зөрүүтэй тайлбар гаргадаг ч хариуцагч тал хийж гүйцэтгэсэн гэх ажлын тоо хэмжээний талаар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй, нэхэмжлэгчийн үндэслэсэн төсөвчний үнэлгээг няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн хариуцагчаар Б.ыг тодорхойлон гэрээнд гарын үсэг зурж төлөөлсөн үндэслэлээр үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 242 дугаар зүйлийн 242.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “******* ” ХХК, Б. нараас 13,322,927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “******* ” ХХК, Б. нараас 224,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 242 дугаар зүйлийн 242.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “******* ” ХХК, Б. нараас 13,322,927 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “******* ” ХХК, Б. нараас 224,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***