| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0025/З |
| Дугаар | 128/ШШ2026/0307 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* ХХК/РД:5097428/
Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******, Б.Х******* нарын хооронд үүссэн татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З*******, хариуцагч татварын улсын байцаагч Б.М*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 2-т заасан 1,034,545,454.54 төгрөгийн зөрчил түүнд ногдох нөхөн татвар торгууль, алдангийг хүчингүй болгуулах,
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нараас Б******* ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2020 онд 178,181,818.18 төгрөгийн, 2021 онд 709,090,909.09 төгрөгийн, 2022 онд 147,272,727.27 төгрөгийн нийт 1,034,545,454.54 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан үндэслэлээр 103,554, 545.46 төгрөгийн нөхөн татвар, 41,411,818.18 төгрөгийн торгууль, 38,884,600 төгрөгийн алданги, нийт 183,850,963.64 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
2.2 Нэхэмжлэгч Б******* ХХК-аас нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч, Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, гомдлыг хангаагүй хариуг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
3. Нэхэмжлэгч Б******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Татварын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 2 дах заалт нь хууль, тогтоомжийн заалтуудыг болон татвар төлөгчийн эрх ашгийг зөрчсөн байна. Тус хуулийн этгээд нь 1,234,000,000.00 нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нөхөж 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр залруулан тайлагнасан нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 дугаар сарын 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх ******* тоот томилолт олгогдсон тул Татварын ерөнхий хуулийн 31.4-т "Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-т заасан залруулгыг хийхгүй гэсэн заалтыг зөрчсөн байна гэж тодорхойлсон.
3.2. Манай компани 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 6 дугаар сар хүртэл 7 удаа нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч 2023 оны 08 сард нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэсэн. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг тайлагнаагүй дээрх орлогыг 2023 оны 12 дугаар сарын тайланд залруулга хийсэн бөгөөд татварын алба холбогдох хууль, журмын заалтыг зөрчөөгүй байна гэж үзэн хүлээн авсан нь тодорхой юм. Хэрэв хуулийн зөрчил байна гэж үзэх юм бол нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 14 сарын дараа бүртгэсэн татварын албаны хариуцлагын тухай асуудал яригдах юм.
3.3. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг татвар төлөгчид татварын тайлангаа залруулах байдлаар хариуцлагаас зугтах тохиолдол гарч байсны улмаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Татварын ерөнхий хуулийн 31.4-т татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-т заасан залруулгыг хийхгүй гэсэн заалтыг нэмсэн байдаг. Бидний хувьд татварын хяналт шалгалт хийх талаар мэдээгүй байсан ба залруулга хийх асуудал нь татварын шалгалттай ямар ч холбоогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орлогыг нэмж тайлагнах талаар 2022 оноос ажилласан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэж чадахгүй байсны улмаас хойшлогдож ирсэн.
3.4. Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын байцаагч нарын актаар тавигдаж байгаа татвар нь манай татварын тайлангаар тайлагнасан татвартай давхардаж байгаа тул манай компанийн 2023 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж өгөх хүсэлтийг албан бичгээр болон амаар удаа дараа тавьсан боловч шалгалт хийгээгүй нь бодит байдлыг тогтоох хүсэлгүй, алдаатай гарсан өмнөх татварын улсын байцаагчийн шийдвэрийг хамгаалах, татвар төлөгчид татварын дарамт үүсгэх, татвар ногдуулах тухай хуулийн зарчимд нийцэхгүй шийдвэрийг гаргасан. Татварын улсын байцаагч нар шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-т хуульд үндэслэх; 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно", Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.3-т шударга байх", гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1-т утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;" гэж үзэх үндэслэл байгаа тул Татварын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын 2-т заасан 1,034,545,454.54 төгрөгийн зөрчилд ногдох 103,454,545.46 төгрөгийн нөхөн татвар, 41,381,818.18 төгрөгийн торгууль, 38,867,440.0 төгрөгийн алдангийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******, Б.Х******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Татварын хяналт шалгалтаар нийт 1,035,545,454.54 төгрөгийн зөрчилд 103,554,545.46 төгрөгийн нөхөн татвар, 41,411,818.18 төгрөгийн торгууль, 38,884,600.00 төгрөгийн алданги, нийт 183,850,963.64 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2020 онд 178,181,818.18 төгрөгийн, 2021 онд 709,090,909.09 төгрөгийн, 2022 онд 147,272,727.27 төгрөгийн, нийт 1,034,545,454.54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа борлуулсны орлогод НӨАТ ногдуулаагүй зөрчилд 103,454,545.46 төгрөгийн нөхөн татвар, 41,381,818.18 төгрөгийн торгууль, 38,867,440.00 төгрөгийн алданги, нийт 183,703,803.64 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
4.2. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг нягталж шалгахад 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 292,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг давхардуулж 584,000,000.00 төгрөгөөр тайлагнасан мөн 2020 оны 292,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос НӨАТ-ын босго давсан 96,000,000.00 төгрөгийн орлогыг хасч тооцоогүй, 2020 онд 196,000,000.00 төгрөгийн, 2021 онд 780,000,000.00 төгрөгийн, 2022 онд 162,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг цэвэрлэсэн дүнгээр зөрчилд аваагүй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн байцаагчид нягтлан шалгаагүй байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана." гэж заасны дагуу тус компани 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр бүртгүүлэх хүсэлтийг цахимаар илгээсэн боловч хуульд заасан холбогдох материалыг хавсралтаар ирүүлээгүй шалтгаанаар хүсэлтийг буцаагдсан байна.
4.3. Тус компани 2020-2022 оны нийт 1,234,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг 2023 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайланд нөхөж 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр залруулан тайлагнасан нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх ******* тоот томилолт олгогдсон байсан тул Татварын ерөнхий хуулийн 31.4-т "Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй.", мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дугаар татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмын 4.3.1-д "хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно." гэсэн заасныг зөрчсөн байна. Иймд 2020 онд 178,181,818.18 төгрөгийн, 2021 онд 709,090,909.09 төгрөгийн, 2022 онд 147,272,727.27 төгрөгийн, нийт 1,034,545,454.54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж хариуцлага тооцсон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар Б******* ХХК-ийг ...2020 онд 178,181,818.18 төгрөгийн, 2021 онд 709,090,909.09 төгрөгийн, 2022 онд 147,272,727.27 төгрөгийн, нийт 1,034,545,454.54 төгрөгийн орлого олсон атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан... үндэслэлээр 103,554, 545.46 төгрөгийн нөхөн татвар, 41,411,818.18 төгрөгийн торгууль, 38,884,600 төгрөгийн алданги, нийт 183,850,963.64 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Б******* ХХК-аас тус актаар тогтоосон нөхөн татвар, алдангийг хүлээн зөвшөөрсөн, харин ...суутган төлөгчөөр бүртгүүлэхээр удаа дараа хүсэлт гаргахад хүлээн аваагүй атлаа хожим торгууль ногдуулж буйг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2023 онд тайланд нөхөн залруулга хийсэн байхад нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн... гэж марган нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
4. Тус компанийн тухайд, 2020 онд 178,181,818.18 төгрөгийн, 2021 онд 709,090,909.09 төгрөгийн, 2022 онд 147,272,727.27 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй.
5. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.-д нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг; гэж, 6 дугаар зүйлийн 6.1.-д Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана. гэж зааснаар 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан атал хуульд заасан хугацаанд өргөдлөө зохих ёсоор гарган бүртгүүлж, гэрчилгээ авахгүйгээр 2023 оны 8 сарын 14-ний өдөр бүртгүүлсэн байна.
6. Нэхэмжлэгчээс ...2022 оны 6 дугаар сараас эхлэн удаа дараа хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, суутган төлөгчөөр бүртгэх үүргээ татварын алба хэрэгжүүлээгүй буруутайн улмаас нэмэгдсэн өртгийн албан татварын Х тайлан өгсөөр байсан... гэж маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг татварын цахим системээр гаргаж байсан нь нотлогдоно.
7. Гэвч, татварын хяналт шалгалтад хамрагдсан 2020, 2021 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүрэг үүссэн байхад суутган төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй, мөн 2022 оны 6 дугаар сараас эхлэн татварын цахим системээр хүсэлт гаргасан боловч тухай бүр ...материал дутуу үндэслэлээр цуцлагдсаныг эс зөвшөөрсөн бол холбогдох байгууллагад гомдол, нэхэмжлэл гарган маргаагүй байна.
8. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-п Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.1.1.-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; гэж, 8 дугаар зүйлийн 8.1.-д Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:, 8.1.1.-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд; гэж тус тус заасны дагуу борлуулалт хийсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан тайлагнаагүй нь буруу, энэ үндэслэлээр нөхөн ногдуулалт хийсэн акт үндэслэлтэй.
9. Нэгэнт дээрх хуулийн холбогдох заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдрийг хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг ойлгохоор хуульчилсан, Татварын ерөнхий хуулийн 84.1.-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:, 84.1.1.-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн; гэж заасан тул ...суутган төлөгчөөр бүртгүүлж чадаагүй тул Х тайлан гаргасан... гэсэн тайлбар үндэслэлгүй.
10. Нэхэмжлэгчээс ...хяналт шалгалт орохоос өмнө 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр залруулга хийсэн учраас зөрчил гаргасанд тооцогдохгүй... гэсэн үндэслэлийн тухайд, маргаан бүхий актаар Б******* ХХК-ийг албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан зөрчил үйлдсэн гэж үзэн нөхөн ногдуулалт хийсэн тул 2020-2022 онд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр залруулсан нь тухай бүр татвар ногдуулж, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
11. Түүнчлэн, шүүхээс хийсэн үзлэгээр татварын хяналт шалгалт хийх мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б******* ХХК-д татварын цахим системээр мэдэгдсэн болох нь тогтоогдсон, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.-т Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж заасныг зөрчиж тайлангийн залруулга хийсэн байна.
12. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан Б******* ХХК-ийн Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******, Б.Х******* нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 2-т заасан 1,034,545,454.54 төгрөгийн зөрчил түүнд ногдох нөхөн татвар торгууль, алдангийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ