Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00505

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00505

 

                

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03050 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Оийн хариуцагч “А” ХХК, “М” ХХК, Л.М нарт холбогдуулан гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гурван талт гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг Л.Маас гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Г.Оюунцэцэг, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уянга, өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагч Л.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.О миний бие хариуцагч “А” ХХК болон “М” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ байгуулж талууд харилцан үүрэг хүлээсэн. 2015 оны байдлаар “А” ХХК нь 128,440,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй 7 гишүүнтэй байсан бөгөөд Б.О миний бие уг компанийн 4 хувийг эзэмшиж байсан бөгөөд 4 хувь нь 5,137,600 төгрөг болно. Миний бие болон манай гэр бүл нь “М” ХХК-ийг үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигчид юм. Ийм учраас дээрх гурван талт гэрээгээр хүлээсэн “А” ХХК-ийн үндсэн үүрэг бол миний үүсгэн байгуулсан “М” ХХК-д өөрийн эзэмшиж, ашиглаж буй газраас нийт 5394 м.кв талбай бүхий газрыг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх /гэрээний 2.1/ үүрэг юм. Гэрээнээс харахад 3 тал бүгд үүрэг хүлээсэн мэт харагдах боловч үндсэн үүргийн харилцаа нь “А” ХХК болон миний хооронд үүссэн харилцаа, түүнийг зохицуулахад чиглэсэн болно. Өөрөөр хэлбэл, гурван талт гэрээ нь агуугын хувьд 3 этгээд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэхээс илүү “А” ХХК болон миний хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэхээр юм. Харин “А” ХХК нь “М” ХХК-д газар шилжүүлэх үүрэг хүлээсэн нь миний хүсэлтээр гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээхээр тохирсон Иргэний хуулийн 203 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээ юм. Иймд “А” ХХК-аас “М” ХХК болон миний бие хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй юм. Гэрээний дээрх агуулга нь гурван талт гэрээний 6.6 дахь хэсэгт зааснаас харагдах бөгөөд мөн зүйлд зааснаар аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол харилцан өгсөн авсан зүйлээ буцаах тухай тохирсон. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч хариуцагч “А” ХХК нь газар шилжүүлж өгөх үндсэн үүргээ миний өмнө болон “М” ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй. Бид “А” ХХК-аас газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. “М” ХХК болон “А” ХХК-ий хооронд үүссэн үүргийг Б.О шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Гэрээний гол талуудын хүсэл зориг юу байсан бэ гэхээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авахыг хүссэн болохоос бичиг баримтыг шилжүүлж авахыг хүсээгүй. Өөрөөр хэлбэл, газрыг “М” ХХК-д шилжүүлж өгөхийг хүссэн. Үүний төлбөрт “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн. “А” ХХК-ийн Б.Од төлсөн мөнгө бол хувьцааны үнэ биш. Миний “А” ХХК-д зээлсэн мөнгөний 50 хувьд ч хүрэхгүй мөнгийг эргүүлэн өгсөн. Гурван талт гэрээний дагуу “А” ХХК газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхдөө “М” ХХК-ийн хуулийн зөвлөхөд хүлээлгэн өгнө гэж үүрэг хүлээгээгүй. “А” ХХК нь “М” ХХК-д газраа шилжүүлнэ гэсэн бүх баримт бичгийг Газрын албанд шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байсан. Тэгэхээр эдгээр бичиг баримтыг Энхчулуун гэгч хүнд хүлээлгэн өгснөөр гурван талт гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд миний бие Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гурван талт гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлд зааснаар тус компанийн 4 хувийн хувьцааг Л.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “А” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: “А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.6, 2.9 дэх хэсэгт заасны дагуу Б.Оийн “А” ХХК-д зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 27,900 ам.доллар, түүнд бодогдсон хүү болох 61,617 ам.долларыг буцаан төлөх үүргийг хүлээсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ “А” ХХК бүрэн биелүүлж, 4 ширхэг хувьцааны үнэ, түүнд бодогдох ногдол ашиг, Б.Оийн компанид шилжүүлсэн мөнгөний хүү, түүний үлдэгдэл нийт 156,535 ам.долларыг түүний Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгосон. Гэрээ байгуулснаас хойшхи тооцоог бүгдийг шилжүүлсэн. Газартай холбоотой асуудлаар 3 талт гэрээний 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар “А” ХХК нь өөрийн эзэмшиж байгаа газраасаа 5394 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт Газрын албанд гаргах, газар шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. “А” ХХК нь 3 талт гэрээ байгуулсны дараа буюу мөнгөө шилжүүлснийхээ маргааш нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “М” ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримт бичгийг акт үйлдэн нотариатаар баталгаажуулж шилжүүлэн өгсөн. Газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад Газрын албанд хандсан бичгээ хүртэл өгсөн. Энэ бичиг баримтын дагуу “М” ХХК Нийслэлийн Газрын албанд хандахгүй жил гаруй алга болсон тул бид гайхаад араас нь сураг тавихад Нийслэлийн Газрын албанд хандалгүй, харин ч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэг буюу Б.Оийн гэр бүлийн хүн ажлаас чөлөөлөгдсөн байхдаа “А” ХХК-д газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, өөрөө газар шилжүүлэн авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүсэлт гаргаж байсан. Үүнээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, “А” ХХК хүртэл газаргүй болсон байсан. Ингээд сунгуулахаар хүсэлт гарган шийдвэрлүүлсэн. “М” ХХК ч гэсэн бид нарын хооронд янз бүрийн асуудал байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг “А” ХХК-д дахин гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж бичиг өгсний дагуу Газрын албанаас дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Иргэн Б.О “М” ХХК-ийн өмнөөс газар эзэмших эрхийг шаардах эрхгүй. Мөн 3 талт гэрээний 3.4-т заасны дагуу тохиролцсон асуудлаараа дахин хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй гэж тохиролцоод Б.Оийн 5,137,600 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133,595,022 төгрөгөөр худалдан авч харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгосон. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ “А” ХХК хугацаандаа бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Ийм үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч “М” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:М” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаагаа явуулж байна. Анх “А” ХХК, “М” ХХК хоорондоо холбогдсон түүх гэвэл 2004 онд Худалдаа хөгжлийн банкны барьцаанд хураагдсан уг үл хөдлөх эд хөрөнгийг энэ 2 компани хамтарч худалдаж авахаар тохиролцсон байдаг бөгөөд тухайн 2 компанийн захирлаар Алтанцэцэг ажиллаж байсан байдаг. Ингээд тухайн банктай гэрээг “А” ХХК дангаараа байгуулсан бөгөөд уг гэрээгээр “М” ХХК нь 20, 21, 22 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт авахаар тохирсон байдаг. Гэтэл уг гэрээний асуудлаар маргаан үүсч, Худалдаа хөгжлийн банкны шинэ удирдлагууд өмнөх удирдлагуудын үйл ажиллагааг буруутгаж хүчингүйд тооцуулах шүүхийн маргаан үүсч гэрээ удааширснаас болоод сүүлд шилжүүлж авсан байдаг. Үүнд гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг зөвшөөрсөн бичгийг Худалдаа хөгжлийн банкнаас авах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөх гэх мэт үүргүүд “А” ХХК-д олгогдсон байсан. Шүүхийн маргаан 2015 онд дууссан бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. “Мон-Энзим” ХХК өөрийн өмчилсөн үл хөдлөх хөрөнгийн хэмжээнд тохирох газрыг шилжүүлэн авах ёстой гэх байр сууринд байсан. Үүнийг хэн аль нь хүлээн зөвшөөрч байсан. Удаан хугацаанд 1,2,3 тал болж шүүхийн маргаан үргэлжилсэн. Талууд харилцан тохиролцож энэ бүх асуудлыг шийдвэрлэсэн гэрээ нь 3 талт гэрээ гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн яриад байгаа үндсэн үүрэг хэрэгжсэн гэж үзэхээр байгаа бөгөөд “М” ХХК 20, 21, 22 дугаар агуулахаа өөрийн нэр дээр өмчлөх эрхээ 2016 онд авсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хэрхэн бүртгэгдсэн талаархи баримтыг үзвэл гэрээ байгуулагдсны дараа үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК-д шилжүүлэх тухай “А” ХХК-ийн албан бичиг Улсын бүртгэлийн архиваас тодорхой огноо дугаартайгаа гарч ирдэг. Үүнийг мөн хавтаст хэрэгт өгсөн. Өнөөдрийн маргааны зүйл болж байгаа газар яагаад шилжээгүй асуудлын тухайд маргах зүйлгүй бөгөөд гэрээ бүрэн гүйцэд хэрэгжсэн гэж хэлж болохоор байгаа. Яагаад гэвэл “М” ХХК-ийн нэр дээр бодитойгоор шилжээгүй хэдий ч амьдрал дээр тус компани газраа эзэмшиж, ашиглаад тухайн үл хөдлөх эд хөрөнгөндөө үйл ажиллагаагаа явуулсаар байна. Газрыг шилжүүлээгүй асуудал нь ээдрээтэй шалтгаантай байгааг яагаад ойлгохгүй мэдэхгүй байгаа, яагаад хувьцаа эзэмшдэг компаниас материалыг нь үзэхгүй байгаа, яагаад хувьцаа эзэмшигчдийн хуралд ирэхгүй байгаа зэрэг асуудлыг нэхэмжлэгчээс асуудаг боловч өөрөө ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Японоос дийлэнх хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч ирээд хурал хийе, хүрээд ирээч гэсэн боловч уулздаггүй, ярьдаггүй. Энэ бүхнээс харвал “М” ХХК газар, үл хөдлөх хөрөнгийг 2015 он биш, 2004 оноос хойш худалдаж авах зорилготойгоор төлбөр мөнгө төлөөд өнөөдрийг хүртэл явж байсан нь тодорхой харагдаж байгаа. Миний хувьд энэхүү 3 талт гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой, мөн энэхүү гэрээний дийлэнх хувь бодитойгоор хэрэгжсэн. 4 хувийн хувьцааг “А” ХХК өөрөө худалдаж авах уу, өөр хэн нэгэнд зарах уу гэдгийг гэрээний дагуу ТУЗ шийдвэрлэнэ. Компани хувьцааг худалдаж авсан төлбөрийг Б.Од шилжүүлнэ гэж гэрээнд тодорхой заагаад өгсөн. Төлбөрөө гэрээнд заасны дагуу шилжүүлсэн байна гэж харж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК-д шилжүүлэх асуудал шийдвэрлэгдсэн. “М” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэн. 4 ширхэг хувьцааг зараад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь төлбөрөө авч энэ хүний хүсэл биелсэн учраас нэхэмжлэлээ татан авсан байна гэж харагдаж байгаа. Газрын хувьд 3 талт гэрээг цуцлах ноцтой зөрчил биш, өөрөөр хэлбэл “А” ХХК газраа шилжүүлж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байна. “Мон-Энзим” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгож аваагүй ч гэсэн өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

4. Хариуцагч Л.Мын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.О 3 талт гэрээ болон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн компаний эрх шилжүүлэх гэрээ, компаний хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, “А” ХХК, хувьцаа эзэмшигч Л.М нараас 4 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.О 4 ширхэг хувьцааг 67,018 ам.доллароор “А” ХХК-д худалдахаар гэрээний талууд хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр шилжүүлж байгаа 4 ширхэг хувьцааг тухайн үед компани өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан учраас компаний хувьцаа эзэмшигч Л.Мын нэр дээр шилжүүлсэн асуудлыг Б.О өөрөө мэдэж байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар яриад бүгд гарын үсэг зураад шийдвэрлэсэн асуудал. 3 талт гэрээг үндэслэн Б.О, Л.М нарын хооронд компаний эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Эдгээр нь 4 хувийн хувьцааг Б.Оээс шилжүүлж авах зорилготойгоор хийгдсэн гэрээ. Л.М нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэнийхээ хувьд хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хийгээгүй. Харин хэргийн материалд авагдсан байгаа тухайн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг “А” компанийг төлөөлж Л.М гэдэг хүн гарын үсэг зурж байгуулсан байгаа. Гэхдээ тухайн шилжүүлж авч байгаа хувьцааг компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэх эсэх асуудал нь манай компанийн дотоод асуудал гээд заагаад өгсөн байгаа. Уг гэрээний 2.5-д зааснаар тухайн үед “А” ХХК нь хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжгүй байсан учир гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр монголын хувьцаа эзэмшигч нараас Л.М гэдэг хүний нэр дээр хувьцааг шилжүүлж авахаар болж Л.Мын нэр дээр бүртгэл хийгдсэн. Ингээд улсын бүртгэлд бүртгэсэн тохиолдолд дахиад цаашаа өөр хүний нэр дээр шилжүүлэх эсэх асуудлыг ТУЗ-ын хурлаараа өөрсдөө бие даан шийднэ гэсний дагуу тухайн үед Л.М “А” ХХК-ийг төлөөлөөд Б.О гэдэг хүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл одоо Л.М гэх хүний 7 хувийн хувьцаанаас гаргуулна гэж ярьдаг. Хавтаст хэрэгт улсын бүртгэлээс ирсэн “А” ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн лавлагаа, компаний хуучин болон шинэ дүрэм байгаа. Эндээс “А” ХХК-ийг үүсгэн байгуулахад хувьцаа эзэмшигч Л.М гэх хүн байсан, 2015 онд маргаан бүхий гэрээг байгуулахаас өмнө Л.М нь хууль ёсны 3 хувийн хувьцаатай байсан нь тодорхой харагдаж байгаа. Тухайн үед 3 талт гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу Б.Оийн шилжүүлж байгаа 4 хувийн хувьцааг аваад 7 хувийн хувьцаатай болсон. Гэтэл гэрээний 2.5 дахь хэсэгт бусад хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэх эсэх асуудлыг ТУЗ-ын хурлаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Л.Мын шилжүүлж авсан хувьцааг гадаад хувьцаа эзэмшигчийн болон нийт хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Мөнхбат 1 хувийн, Цэрэндорж 2 хувийн, Л.М 1 хувийн хувьцаа л авсан. Одоо байгаа 4 хувийн хувьцааны 3 нь өөрийнх нь хууль ёсны өмчлөлийн хувьцаа. Гэтэл нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хувьцаа эзэмшигч Л.М анх 3 хувийн хувьцаатай байсан гэдгийг мэдсэн атлаа энэ хүн 4 хувийн хувьцаатай байгаа, “А” ХХК хувьцаагүй байгаа, энэ хүнээс гаргуулъя гэж байгаа нь үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хүн өмчтэй байх эрхтэй гэж өмчлөх эрхийг хууль ёсны дагуу хамгаалахаар заасан байхад дурын нэг этгээд гарч ирээд гэрээнээс татгалзъя, тухайн үед гэрээ байгуулахад өөрт нь байсан хувьцааг нь авъя гэж яриад байх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч хэрэг маргааныг олон жил үргэлжлүүлээд анхан шатнаас дээд шат хүртэл явж байгаа. Ингэх болгондоо нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөөд гэрээнд заасан алдаа юу байна гэдгийг хайж байгаа юм шиг тайлбар гаргадаг. Эдгээр үндэслэлээр хариуцагч Л.Мын хувьд хууль ёсны өмчлөлийн хувьцаагаа Б.Од шилжүүлэх үүрэг үүсээгүй тул Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн хариуцагч “А” ХХК, “М” ХХК, Л.М нарт холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гурван талт гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг Л.Маас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,152 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6а. Анхан шатны шүүх шийдвэртээ “... Б.О нь “М” ХХК-ийг төлөөлөн шаардах эрхтэй гэж дүгнэж болохоор боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1 дэх заалт биелэгдээгүй нь нэхэмжлэгч Б.Оийн болон “М” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна..., үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэхүү иргэний хэрэг Улсын Дээд шүүхээс “Гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар “А” ХХК, “М” ХХК хоорондоо маргаагүй хэдий ч газар эзэмших эрхийг бодитой шилжүүлсэн нь гэрээний зорилгод нийцэх эсэх, энэ талаар мэтгэлцээгүй байна” гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “... “А” ХХК-ий 4 хувийн хувьцааны өмчлөх эрхийг Б.О хоёр өөр гэрээгээр шилжүүлсний аль нь хэрэгжих боломжтой байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байна...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Улсын Дээд шүүх хянаад магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Б.О, Л.М нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг дүгнэлгүй орхиж, “А” ХХК, Б.О, “М” ХХК нарын хооронд байгуулсан гурван талт гэрээг дүгнэн “... Б.О нь “М” ХХК-ийг төлөөлөн шаардах эрхтэй, талуудын хооронд хоёр талт гэрээ байгуулагдсан, “А” ХХК нь гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн...” гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-т заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал, тогтоол нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхийн энэхүү магадлал, тогтоолоор хэргийн үйл баримтыг тогтоолгохоор буцаасан үндэслэлд анхан шатны шүүхээс ямарваа нэгэн ажиллагаа хийгээгүй нь учир дутагдалтай байна.

6б. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр Б.О нь 4 хувийн хувьцааг нэг бүрийг 1000 ам доллараар тооцож, нийт 4000 ам доллараар Л.Мд худалдсан ба тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргаагүй, Б.Оээс худалдан авсан 4 хувийн хувьцаа Л.Мд бодитой байгаа, хувьцааны үнэ болох 4000 ам долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс Б.Оээс Л.Мд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 4 хувийн хувьцааг худалдсан, энэхүү 4 хувийн хувьцаа Л.Мд бодитой байгаа үйл баримтад дүгнэлт өгөөгүй, “А” ХХК-ий 4 хувийн хувьцааны өмчлөх эрхийг Б.О хоёр өөр гэрээгээр шилжүүлсний аль  нь хэрэгжих боломжтой эсэх талаар дүгнэлгүйгээр “А” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй зөрчсөн гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-т заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй” үндэслэлээр “А” ХХК нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэгч Б.Оийн эрхийг ноцтой зөрчиж байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Манай зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байгаа, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Анхан шатны шүүх дээд шүүхийн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой байсан гэх агуулгаар шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхээс 3 талт гэрээг хэрэгжих боломжтой, нэхэмжлэгч 3 талт гэрээнээс татгалзах эрхгүй гэдгийг дүгнэсэн учир 2 дахь хэлээд байгаа гэрээний талаар дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Газрыг бодитой шилжүүлж өгөөгүй байгаа нь өөрөө гэрээнээс татгалзах ноцтой зөрчил мөн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч 3 талт гэрээ ганцхан газартай холбоотой асуудлыг зохицуулаагүй, шүүхийн журмаар хянагдаж байгаа хэргийг буцаахтай холбоотой төлбөр мөнгөний асуудал, “М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үл хөдлөх хөрөнгө, газар, “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг нэхэмжлэгч тал буцаан өгөх заалттай гэрээ юм. Үүнээс ганцхан газар шилжүүлэх нь бичиг баримт шилжээгүй, үл хөдлөх хөрөнгө нь шилжсэн нь хэрэгт авагдсан байгаа. Өмнөх шүүхийн асуудлаар харилцан тохиролцоод төлбөрөө өгч, авч нэхэмжлэлээсээ татгалзаж хэргээ дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан байдаг. Гэтэл зөвхөн газрын асуудлыг нэхэмжлэгч тал хөндөж ярьдаг. “М” ХХК нь энэ газрыг үйл ажиллагаа эхлүүлсэн цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл ашиглаад явж байгаа. Зөвхөн орох, гарах гарцтай холбоотой “М” ХХК-ийн үйл ажиллагаа явуулахад ашиглагдаж байгаа газрыг “А” ХХК өөрийн газраас тасалж шилжүүлж өгөх тухай тохиролцоо байдаг. Энэ газрыг яагаад шилжүүлж өгөх ёстой вэ гэвэл “М” ХХК ямар ч үүрэг хүлээгээгүйгээр хувьцаагаа хямдхан зарсан учраас “М” ХХК газартай болох байсан юм гэх агуулгаар тайлбарладаг. Гэтэл “М” ХХК болон “А” ХХК энэ үл хөдлөх хөрөнгө, газрыг хамтарч худалдаж авах тохиролцоотойгоор “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлэнд хураагдсан хөрөнгийг тодорхой хувь, үнийн дүнгээр төлбөрөө төлж авах гэрээний дагуу худалдаж авсан. Газар нь шүүхийн журмаар “А” ХХК-ийн нэр дээр шилжчихсэн учир тэндээс газраа харилцан тохиролцсон хэмжээгээр шилжүүлж авахтай холбоотой асуудал явж байсан. Газрыг шилжүүлж өгхөд татгалзах зүйл байхгүй, шүүхийн журмаар маргаан явж байгаа учир шилжүүлж чадахгүй байгаа гэх асуудал ярьдаг. “М” ХХК-ийн зүгээс газрыг шилжүүлж өгөхтэй холбоотой бичиг баримтыг авсан. Тэгэхээр газар бичиг баримтын хувьд  шилжээгүй нь 3 талт гэрээнээс татгалзах ноцтой зөрчил биш юм. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Гурван талт гэрээ болон Б.О болон Л.М нарын хооронд байгуулсан хувьцаа шилжүүлэх гэрээг 2 тусдаа гэрээ мэтээр тайлбарлаж Л.М төлбөрийг өгөөгүй байна гэх тайлбарыг гаргаж байна. Энэ нь зөвхөн улсын бүртгэлд хувьцаа шилжихтэй холбоотой байгуулсан гэрээ гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээр Л.М нь Б.Од хувьцааны мөнгийг шилжүүлээгүй талаар маргаж байгаагүй. Давж заалдах шатны гомдолдоо энэ талаар тусгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ялимгүй зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Яагаад гэвэл манай компани газар шилжүүлэхтэй холбоотой бүх бичиг баримтыг “М” ХХК-ийн эрх бүхий этгээдэд өгсөн. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. “М” ХХК тухайн газраа ашиглаж байгаа учир шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч Л.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа гомдол бол өмнө нь энэ хэрэг 2-3 удаа шийдвэрлэгдээд тухайн шатны шүүхэд гаргаж байсан ажиллагаануудыг хийгдээгүй гэх үндэслэл нь давж заалдах гомдол гаргах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Л.Мтай байгуулж байгаа гэрээ болон 3 талт гэрээнээс татгалзаж байгаа гол үндэслэл нь газар эзэмших эрхтэй холбоотой холбогдох бичиг баримтуудыг шилжүүлж өгөөгүй учраас 3 талт гэрээ Л.Мтай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байна гэх үндэслэлээр тайлбарладаг. Тодруулсан нэхэмжлэлийн шаардлага дээр Л.М 4 хувийн хувьцааны 4,000 ам.долларыг төлөөгүй учир бид Л.М гэх хүнд холбогдуулж энэ шаардлагыг гаргаж байна гэх нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Гэтэл анхан шатны шүүх дээр маргаагүй үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4,000 ам.доллартай холбоотой асуудлыг анхан шатны шүүхэд тодорхой тайлбарласан. 3 талт гэрээний 2.5-д зааснаар Б.Оээс шилжүүлж авч байгаа 4 хувь хувьцааг компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч нарт шилжүүлнэ гэсний дагуу Л.М гэх хүнд 4 хувийн хувьцаа шилжиж ирсэн. Энэ гэрээний үнийн дүн “А” ХХК-с шилжсэн холбогдох баримт нь шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

  1. Б.О нь “А” ХХК, “М” ХХК, Л.М нарт холбогдуулан гурван

талт гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээ, компаний хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээнээс тус тус татгалзаж, “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг Л.Маас гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

 

3. “А” ХХК, “М” ХХК, Б.О нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шинжийг агуулсан болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Б.О, Л.М нар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “А” ХХК-ий 4 хувийг шилжүүлэхээр компаний эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрөө худалдах хувьцааны хэмжээ, үнийг зааж компаний хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ тус тус байгуулсан байна. Эдгээр гэрээний дагуу гурван талт гэрээний 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэхийн тулд хийгдсэн байна.

 

4. Дээрх гэрээнүүдэд заасан талуудын тохиролцоог үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч нар уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн байна.    

 

5. Зохигчдын хооронд байгуулагдсан гурван талт гэрээ болон компаний эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолдоо “Б.Оээс Л.Мд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 4 хувийн хувьцааг худалдсан, энэхүү 4 хувийн хувьцаа Л.Мд бодитой байгаа үйл баримтад дүгнэлт өгөөгүй, “А” ХХК-ий 4 хувийн хувьцааны өмчлөх эрхийг Б.О хоёр өөр гэрээгээр шилжүүлсний аль  нь хэрэгжих боломжтой эсэх талаар дүгнэлгүйгээр “А” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэгч Б.Оийн эрхийг ноцтой зөрчиж байна.” гэжээ.

 

6.а. Хэргийн баримтаас үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэхийн тулд Л.М “А” компанийг төлөөлж Б.Отэй компаний эрх шилжүүлэх гэрээ, компаний хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу Б.Оээс шилжүүлэн авсан 4 хувийн хувьцааг гурван талт гэрээний 2.5-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар 2 хувийг Л.Цэрэндоржид, 1 хувийг С.Мөнхбатад, 1 хувийг Л.Мд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /х-3, х-163/

2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “А” компанийг анх байгуулахад Л.М компанийн 3 хувийн хувьцаа эзэмшиж байсан нь компани байгуулах тухай гэрээнд тусгагджээ. /х-2, х-59/ Иймд “Б.Оээс Л.Мд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 4 хувийн хувьцааг худалдсан, энэхүү 4 хувийн хувьцаа Л.Мд бодитой байгаа” гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байна.

 

6.б. Хэлбэрийн хувьд “А” ХХК-ий 4 хувийн хувьцааны өмчлөх эрхийг Б.О 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.Мд шилжүүлсэн гэрээ байх боловч энэ нь гурван талт гэрээний 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэхийн тулд “А” компанийг төлөөлж Л.М Б.Отэй гэрээ байгуулсан байх тул 4 хувийн хувьцааг Л.М өөртөө шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс ““А” ХХК-ий 4 хувийн хувьцааны өмчлөх эрхийг Б.О хоёр өөр гэрээгээр шилжүүлсний аль  нь хэрэгжих боломжтой эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй” гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байна.

 

6.в. Гурван талт гэрээгээр хариуцагч “А” компани “М” ХХК-д 5394 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргийнхээ дагуу “А” ХХК-ий 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 429 дүгээр албан бичгээр нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар эзэмших эрхийн тодорхой хэсгийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт болон газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүд болох улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар ашиглуулах  гэрээ, кадастрын зураг, дүгнэлт, тооцоо нийлсэн акт, газрын төлбөр төлсөн баримт, хавсралт 1-д заасан кадастрын зураг зэрэг нийт 9 хуудас баримтыг “М” ХХК-ий өмгөөлөгч Энхчулуунд актаар хүлээлгэн өгсөн боловч “М” ХХК энэ асуудлаар шийдвэр гаргуулахаар газрын харилцааны асуудлыг тухайн үед хариуцаж байсан нийслэлийн Өмчийн харилцааны газар, шинээр байгуулагдсан нийслэлийн Газрын албанд хандаагүй нь Дотоод аудитын албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 1/84 дүгээр албан бичиг, “А” ХХК-ий 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мэдээлэл хүргүүлэх тухай 466 дугаар албан бичгээр тогтоогдсон байна. “М” ХХК нь газраа шилжүүлэн авах хүсэлт тавьсан тохиолдолд “А” ХХК дахин холбогдох бичиг баримтыг бүрдүүлж шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй талаар “А” ХХК “М” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших гэрчилгээний тухай 83 дугаар албан бичгээр хандаж байсан байна.  

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талд зөрчлийн талаар мэдэгдэж, зөрчлийг арилгах хугацаа өгөх журамтай. Нэхэмжлэгч Б.Оийн зүгээс “А” ХХК-ийг “М” ХХК-д 5394 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзахдаа хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. “А” ХХК гэрээгээр хүлээсэн газар эзэмших эрхийг зохих журмаар шилжүүлж өгөөгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах талаар хүсэл зоригоо нэхэмжлэгч Б.Од илэрхийлж байсан баримт хэрэгт байхгүй тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон үр дүн гаргаагүй гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлэх зүйлээ буцаан шаардах эрх үүсээгүй байна.

 

Гэрээний  нөгөө тал гуравдагч этгээдэд газар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд дахин шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03050 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243 дугаар зүйлийн 243.1, 203 дугаар зүйлийн 203.1 дүгээр зүйлийг баримтлан гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

  

Д.БЯМБАСҮРЭН