| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00344/И |
| Дугаар | 314/ШШ2025/00372 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00372
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********** дүүрэг, ********дугаар хороо, ***********өргөн чөлөөнд байрлах, “***************** газар”-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******** сумын ****** дугаар баг, ****** байр, ******* тоотод оршин суух, ******** овгийн ********ын ******** /РД:********/-д холбогдох
“Гэм хорын хохиролд 447,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар”-ын Өвөрхангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.******** нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багт байрлах "********" баарны гадаа ******** хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хамран тус газар луу нь гараараа цохисны улмаас түүний биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дээрх үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор О.********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
О.********ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Отгонсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх тусламж, амбулаториор хийх мэс ажилбарын үйлчилгээ үзүүлсэн, тус үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 447000 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим бүртгэлийн программаас гаргасан лавлагаагаар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг О.********аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар "эрүүл мэндийн даатгал" гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг; 3.1.6 дахь заалтад "Эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" хэлнэ гэж хуульчилсан.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг хэлнэ.
Төрийн байгууллага гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ" гэж тодорхойлжээ.
Дээрхээс дүгнэхэд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн байгууллага байх ба О.********ы гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 447,000 төгрөгийг хохирогч С.Отгонсүрэнгийн эмчилгээний зардалд зарцуулснаар эрүүл мэндийн даатгалын сан буюу төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч О.******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.******** би эрүүл мэндийн даатгалын нэхэмжилсэн 447,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.”гэжээ.
Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 447,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар” нь хариуцагч О.********д холбогдуулан гэм хорын хохиролд 447,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 447,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.********д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 447,000 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагч О.********аас 7,030 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР