| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 101/2025/00196/И |
| Дугаар | 191/ШШ2025/00890 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00890
2025 01 30 191/ШШ2025/00890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг, дугаар хороо, хотхон, гудамж, байр, хаягт оршин суух, Эр овогт Ча-ийн Эр /РД:....../-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бо овогт До-ийн Ар /РД:....../-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Эр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ар-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ч.Эр нь Д.Ар-д холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах худалдан авах хэлцлийн үүрэгт 29,000,000 төгрөг гаргуулахаар Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/Ш32024/19803 дугаар захирамжаар хариуцагч Д.Ар-ын оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Ар нь Ч дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж, дугаар байр, 4 тоотод оршин суудаг боловч анхан шатны шүүхээс тус хаягт мэдэгдэх хуудас явуулсан боловч хариуцагч нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн монгол шуудангийн хариу ирсэн бөгөөд түүний ......, ......, ......, ...... дугаар холбогдоход хариуцагч нь хөдөө байна, удахгүй шүүхэд ирж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан гэсээр өнөөдрийг хүрсэн.
Ийнхүү, Ч.Эр-ын зүгээс өөрийн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Д.Ар-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Худалдах худалдан авах хэлцэл, Депозит дансны хуулга /хх-5-7/
2.2 Тээвэрийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-8/
2.3 Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2024/19803 дугаар захирамж /хх-9-10/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/03061 дугаар захирамжаар Д.Ар-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Эр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ар-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Ч.Эр, Д.Ар нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Д.Ар нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Ч.Эрын шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Хүсэлт гаргагч Ч.Эр нь Д.Ар-ын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бо овогт До-ийн Ар /РД:....../ нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 25 дугаар байр, 43 тоот хаяг оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2024/19803 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Ч.Эрын хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ар-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч Ч.Эрын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Ч.Эрын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бо овогт До-ийн Ар /РД:....../-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ар-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Ч дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Ч.Эр-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ар-ыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Ма /....../-д мэдэгдэхийг Ч дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ