Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 651

 

Б.Б-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 886 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 1903004230240 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Ө овогт Б Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б- гаргасан гомдолдоо “...Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдэлснээр шүүгдэгч гэм буруугаа ухамсарлаж ойлгох, нийгэмших цаашлаад дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг тайлбарлан дурдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг анхаарсангүй. Миний хувьд Эрүүгийн хуулийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй боловч миний ажил эрхэлдэг байдлыг үл харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзвэл зохих зүйлсийг анхаарахгүйгээр ялын төрлийг сонгох боломжтой хуулийн зохицуулалттай байхад миний эрх зүйн байдлыг илт дордуулсан ялыг оногдуулсан гэж үзэж байна. Б.Б- миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд болсон үйл явдлыг үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн гэдгээ тодорхой дурдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийн дагуу гэм буруугаа хүлээж, гэмшиж болгоомжгүй авто ослын улмаас бусдад учруулсан гэм хороо бүрэн төлж барагдуулсан ба цаашид өөрийн зан үйлдээ гэмт үйлдэл хийхгүй байхыг бүрэн ухамсарлаж ойлгосон. Анхан шатны шүүхийн өмнө хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах талаар түүнд хандаж байсан ба Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэж ирсний дараа нь “Монгол Хьюндай” эмнэлгийн эмчилгээний үнэлгээг жишиг болгож 6 сая төгрөг төлөхөөр харилцан зөвшилцсөн байсан боловч тухайн үед хохирогчийн байр суурь өөрчлөгдсөнөөс хохирлын мөнгийг шийдвэрлэж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч Б-д нийт 9,845,182 төгрөг төлөхөөс 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 3,845,182 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард төлж барагдуулахаар харилцан тохирч, нотариатаар баталгаажуулж, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Миний бие нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг биечлэн гүйцэтгэх боломжгүй байгааг харгалзан үзэхийг хүсч байна. Тус ял нь өдөрт 5 цагаар ажиллахад ойролцоогоор 5-6 сарын турш ажиллахаар байгаа тул ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгаа юм. Магадлалд дурдсан шиг миний бие өөрийн хүсэл зоригт нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг сонгох талаар гомдол гаргаагүй бөгөөд хуульд байгаа эрүүгийн хариуцлагыг сонгох боломжийг надад оногдуулсан ял шийтгэл дээрээ харгалзан үзэхийг хүсч байна. Б.Б- миний бие “Хан-Өндөр” ХХК-ийн эмийн үйлдвэрийн түгээгч, менежер албан тушаалаар 2019 оны 6 дугаар сарын 12-ноос одоог хүртэл ажиллаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг торгох ялын доод хэмжээгээр өөрчилж, хохирогчид төлбөл зохих гэм хорын хохирлыг богино хугацаанд төлж барагдуулах, шүүгдэгч миний ажлын байраа хадгалж амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж, надад оногдуулсан ялын төрлийг өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б- нь үйлдсэн гэмт хэргийн талаар маргахгүй байгаа. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын талаар гомдол гаргасан байна. Шүүх хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан бөгөөд түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө “Хүнс хөдөө аж ахуйн яам”-ны урд замд “Тоёота приус-30” загварын 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь эрх зүйн байдлыг дордуулсан талаар агуулгатай гомдол гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж  дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 886 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН