Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 863

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Д.Халиуна, Н.Долгорсүрэн нарын бүрэлдхүүнтэй,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан “******* банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Хны 2007 оны 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчигээтэй “Loyalty /лояалти/” үгэн барааны тэмдэг, түүнийг бүртгэсэн бүртгэл, Монгол Улсын шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай тушаалын хавсралтын “Х” ХХК-д барааны тэмдэг олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны  хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...”******* банк” ХХК нь Оюуны өмчийн газар болон Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан 2014 онд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1377 дугаартай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаартай тогтоол тус тус гарган "Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан таслах комисс хянан шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан хүсэл зориг Оюуны өмчийн газарт шинээр мэдүүлэг гаргах замаар хангагдах боломжтой гэж тайлбар гаргасан буюу "урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисст (шүүхээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээсний үндсэн дээр) 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргаж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлүүлсэн боловч тус банкны гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.

Иймд “******* банк” ХХК нь дээрх шийдвэрийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гардан аваад Захиргааны хэргийн шүүхэд үүгээр нэхэмжлэл гаргаж байна.

“******* банк” ХХК нь 2006 он орчмоос тус банкнаас гаргадаг төлбөрийн картыг тодорхой хуулийн этгээдээс хийх худалдаа үйлчилгээнд ашиглахад хөнгөлөлт, урамшуулал эдлэх нөхцөлтэйгээр буюу арилжааны банкны лояалти маркетингийн хэрэгсэл болгон "******* Лояалти" /******* Loyalty/ нэрээр гарган ашиглаж эхэлсэн юм. Үүнээс хойш ******* Лояалти нэршлийг банкны хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж, мөн тус банкны лояалти маркетингийн таних тэмдэг, нэршил болгон купон, карт зэрэг хэлбэрээр ашиглаж эхэлсэн юм.

Гэтэл 2007 онд “Х” ХХК "Loyalty" гэх барааны тэмдгийг банк санхүүгийн салбарт эзэмшихээр барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгүүлж, 6516 дугаартай гэрчилгээ аван ашиглаж байжээ. Хэдийгээр 2006 оноос хойш “Х” ХХК болон “ ******* банк” ХХК нь Loyalty болон ******* Loyalty тэмдгийг зэрэгцэн илээр хэрэглэсээр ирсэн боловч “Х” ХХК 2013 оны 07 дугаар сард “******* банк” ХХК-аас ******* Loyalty нэршил буюу бүртгэгдээгүй барааны тэмдэг нь тус банкны Loyalty барааны тэмдгээр олж авсан эрхийг зөрчиж байгаа, цаашид ******* Loyalty-г хэрэглэхээ зогсоохыг шаардаж, Оюуны өмчийн газарт гомдол гаргасан юм.

Уг гомдлыг Оюуны өмчийн газар шалгаад тус газрын улсын байцаагч гомдлыг хүлээн авч, зөрчил арилгуулах буюу “барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ******* Loyalty тэмдгийг ашиглахаа зогсоох, зөрчлийг арилгах" тухай шаардлагыг “******* банк” ХХК-д ирүүлсэн юм. Ингээд “******* банк” ХХК нь улсын байцаагчийн шаардлагыг хууль бус гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 09 дүгээр сард хандсан бөгөөд үүнээс хойш "маргаан бүхий захиргааны актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах", "хууль бус улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах" тухай агуулга бүхий 2 захиргааны хэргийг шийдвэрлүүлсэн юм. Уг хэрэгтэй холбоотой хамгийн сүүлийн шүүхийн шийдвэр /тогтоол/ 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гарсан юм. Дээрх шийдвэрээр дээрх маргааныг захиргааны хэргийн шүүхээр бус захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжтой бөгөөд зүйтэй, тийнхүү шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тухай шийдвэрлэсэн юм.

"Loyalty" гэх нэр томъёо нь бизнесийн удирдлага, маркетингийн ухаанд нэн түгээмэл, нийтэд илэрхий болсон нэр томъёо бөгөөд маркетингийн тодорхой нэгэн төрөл, аргыг нэрлэдэг нэр томъёо юм. Өөрөөр хэлбэл, "Guerilla marketing" /өвөрмөц, этгээд маркетинг/, "Email marketing" /эмейл маркетинг/ гэх мэт маркетингийн арга хэрэгслүүдийн нэгэн адил "Loyalty marketing" нь хэрэглэгч худалдан авагчид тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг авснаар тухайн болон бусад үйлчилгээ үзүүлэгчээс өөр бусад урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах боломж бий болгоно гэх хүлээлт бий болгож, хуучин харилцагчаа хадгалах, шинэ харилцагч татах байдлаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, уг хөнгөлөлт, үйлчилгээг авах эрхийг нотлох зорилгоор лояалти карт, эрхийн бичиг олгох зэргээр хэрэгждэг маркетингийн арга юм.

Энэхүү маркетингийн аргыг хэрэглэж бий болгосон буюу борлуулсан, бараа, үйлчилгээ нь өөрөө эрхийн бичиг, лояалти картыг илэрхийлэх зэрэг шинжтэй бараа, үйлчилгээг "Вгаnd Loyalty" гэж нэрлэдэг байна.

Гэтэл “Х” ХХК өөрийн бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүний үндсэн зорилго хэлбэр буюу уг бүтээгдэхүүнээр хэрэгжүүлж буй маркетингийн аргын нэрээр нэрлээд, нийтэд түгээмэл болсон уг нэр томъёонд барааны тэмдэг авсан нь барааны тэмдгийг авах үед мөрдөгдөж байсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2 дахь заалт, одоо мөрдөгдөж буй мөн хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа юм.

Хны лояалти картууд нь банкны картын үйлчилгээг авахын хамт уг картаар тодорхой байгууллагуудаар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт урамшуулал, давуу байдал олж авах нөхцөлтэй байгаа нь Лояалти маркетинг, Бренд лояалтигийн шинжийг шууд агуулж байна.

Бренд лояалти, Лояалти маркетинг нэр томъёо нийтэд түгээмэл нэр томъёо мөн эсэх, уг нэр томъёо нь бизнесийн удирдлагын болон маркетингийн ухааны нэр томъёо мөн эсэхийг шалгах зорилгоор эдгээр нэр томъёог, интернетийн хамгийн түгээмэл хайлтын системд оруулан хайвал "Loyalty marketing" нэр томъёонд 530,000 хайлтын үр дүн, "Brand Loyalty" нэр томъёонд 987,000 хайлтын үр дүн /уг үгс тухайн дарааллаараа хамтдаа орсон, салангид орсныг тооцохгүйгээр/ тус тус гарч байна. Уг хайлтын үр дүнг нарийвчлан судалж үзвэл нэвтэрхий толь дахь тухайн нэр томъёоны хуудас, бизнес эрхлэгчдийн лояалти бүтээгдэхүүний танилцуулга, мэдээлэл, маркетингийн ухааны судалгааны ажлууд, тайлбар, уг маркетингийг хэрэгжүүлэх зөвлөгөө зэрэг мэдээллийг агуулсан хуудсууд байгаа юм.

Мөн “******* банк” ХХК нь Лояалти /Loyalty/ нэр томъёог Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай 2003 оны Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, уг хуулийн 2010 оны шинэчилсэн найруулгын 3 дугаар зүйлийн 3.1.13-т тодорхойлсон "нийтэд түгээмэл болсон тэмдэг", "нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг"-ийн бүртгэл хийх ёстой, түүнд маргаан бүхий барааны тэмдэг хамаарах ёстой байсан тухай маргаагүй, харин холбогдох хуулиудад тодорхойлсон "нийтээр хэрэглэдэг ... нэр томъёо дангаараа байвал", "нийтэд дэлгэрсэн нэр томъёо"-г барааны тэмдэгт тооцохгүй, “Х” ХХК-ийн Loyalty барааны тэмдэг нь энэ заалттай зөрчилдөж байгаа тухай маргаж байгаа, өөрөөр хэлбэл нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн бүртгэлийн тухай ойлголт болон "нийтээр хэрэглэдэг/ нийтэд дэлгэрсэн нэр томъёо" гэх ойлголтууд нь илтэд ялгаатай, өөр өөр агуулгатай, хуульд өөр өөр нэр томъёогоор тухайлан илэрхийлэгдсэн бөгөөд "Оюуны өмчийн газрын дээрх бүртгэлд бүртгэгдээгүй л бол ямар ч үгийг барааны тэмдгээр бүртгэж болно" гэж тайлбарлагдах боломжгүй гэж үзэж байгаагаа тодруулах нь зүйтэй.

“******* банк” ХХК нь 2015 оныг дуустал буцаагаад энэ маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор маш олон гомдол гаргасан. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэр нь урьдчилан шийдвэрлүүл гэсэн шийдвэр гарчхаад байхад нь Оюуны өмчийн газар шийдэж өгөөгүйгээс өнөөдрийг хүрсэн. “******* банк” ХХК нь анх хэрэглэхдээ ялгамжтай байдлаар хэрэглэсэн. Монгол улсад маш олон байгууллагууд Лояалти маркетинг ашиглаж байгаа, Жи Жи, Кэнди гэх мэт. Тэгэхдээ аль ч байгууллага Лояалти гэдэг үгийг дангаар нь ашиглаагүй. Мөн хавтаст хэрэгт Оюуны өмчийн газраас өгсөн баримтад олон улсад Лояалти гэсэн барааны тэмдэг хэд бүртгэгдсэн байдгийг гаргахад тэнд Лояалти гэдэг үгийг дангаар нь ашигласан компани огт байхгүй байгаа. Ямар нэгэн юмыг хамгийн анх Монгол улсад оруулж ирэхдээ үндсэн нэр томъёогоор нь авчихдаг нь нэг талаасаа мэргэжлийн бус хандлага бол байгаа. Банкны салбар Лояалти гэдэг үг хэрэглэхээс өөр арга байхгүй. “******* банк” ХХК ялгаатайгаар хэрэглэж байхад зэрэгцэж 7 жил хэрэглэчихээд үүний дараагаар “******* банк” ХХК-ийг маркетингийн үйл ажиллагаа өргөжөөд эхлэхээр тухайн үйл ажиллагааг зогсоох зорилгоор нэхэмжлэлээ гаргасан.

Мөн 1957 онд Франц улсын Ницц хотод байгуулагдсан барааны тэмдгийн бүртгэлд ашиглах бараа ажил үйлчилгээний олон улсын ангиллын талаарх Ниццийн хэлэлцээр гэж байгуулагдсан. Энэ Ниццийн хэлэлцээрт Монгол улс 1997 онд нэгдэж орсон. Уг хэлэлцээрийн дагуу Оюуны өмчийн байгууллага бараа ажил үйлчилгээний олон улсын ангиллыг тодорхой давтамжтайгаар шинэчлэн баталдаг. Ийнхүү батлагдсан ангилалд нэгдэн орсон улс орнууд барааны тэмдэгтийн салбарт мөрдөх үүрэгтэй. Энэ ангилал нь Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан агуулгын хүрээнд Монгол улсад заавал мөрдөгдөх шинжтэй Монгол улсын хууль тогтоомж юм. 2016 оноос мөрдөгдөж буй шинэчлэгдсэн 35 дугаар зүйл ******* кодтой хэрэглэгчдэд зориулсан  Лояалти үйлчилгээний программ хэрэгжүүлэх гэсэн тусгайлсан ангилал орж ирсэн. Ангиллын зорилго нь бизнес эрхлэгч өөрийн барааны тэмдэг аль ангиллын хүрээнд авч хамгаалуулахаа шийддэг. Тодорхой нэг ангилалд багтсан бүхий л дэд ангилалд тухайн барааны тэмдэг хамгаалагддаг. Ийм агуулгатай конвенц байгаа. Тэгэхээр бараа үйлчилгээний ангиллынх нь нэрээр барааны тэмдэг авч болохгүй гэсэн агуулга шууд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл аль салбарт хамгаалуулах вэ гэхээр Лояалти маркетингийн салбарт хамгаалуулъя гэж өөрөө хэлж байгаа учраас Лояалти гэсэн барааны тэмдэг ашиглах боломж байхгүй. Энэ 2016 онд мөрдөгдөж байгаа шинэ ангиллын хүрээнд “Х” ХХК Лояалти гэсэн нэр томьёог дангаар нь ашиглах өөрийнх нь боломж байхгүй болж байгаа юм.

Дээрх барааны тэмдгийн бүртгэл нь “******* банк” ХХК өөрийн бүртгүүлээгүй барааны тэмдэг буюу ******* Лояалти /******* Loyalty/ нэрийг үйлчилгээндээ ашиглах боломжгүй болгож байгаа бөгөөд “******* банк” ХХК-аас ******* Лояалти тэмдэг “Х” ХХК-ийн Лояалти барааны тэмдгийн эрхийг зөрчиж байгаа учир ашиглахыг зогсоохыг шаардсан Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2013 оны 041/067 дугаартай дүгнэлт, 041/086 дугаартай албан шаардлагууд байгаа тул бүртгэлийг хүчингүй болгох нь “******* банк” ХХК өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цорын ганц боломж болж байгааг энд мөн дурдъя.

  Иймд:

1.   “Х” ХХК-ийн 2007 оны 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээтэй Loyalty үгэн барааны тэмдэг, түүнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож,

2.   Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай   тушаалын   хавсралтын   “Худалдаа   хөгжлийн   банк”   ХХК-д барааны тэмдэг олгосон хэсгийг хүчингүй болгож,

3.   Мөн “******* банк” ХХК ******* Лояалти бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн  ашиглах,   шаардлагатай   гэж  үзвэл  бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр,  захиргааны актуудыг гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгаж тус тус шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

 Хариуцагч Монгол Улсын Шадар сайд, Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтад "Лояалти  маркөтинг /Loyalty marketing/ гэх үгийг хамгийн түгээмэл хайлтын системд   оруулан   хайвал   530000   хайлтын   үр   дүн    илэрсэн ..."   тухай дурдагдсан. Энэ доорх үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

А. Энэ нь 2015 оны хайлтын үр дүн болохоос 2007 оны нөхцөл байдал биш юм. Учир нь 2007 онд Монгол улсад интернет болон интернетийн хайлтын систем өнөөдрийнх шиг хөгжиж хүн болгоны мэддэг түгээмэл зүйл болоогүй байсан. Иймд Лояалти маркетинг гэх үгийг нийтээр хэрэглэдэг нэр томъёо гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 2007 оны нөхцөл байдлаар сэргээх үндэслэлгүй юм.

Б. Аливаа нэг үг Монгол Улсад нийтэд түгээмэл нэр томъёо мөн эсэхийг интернетийн хайлтын систем ашиглаж тогтоох эрх зүйн болон бусад үндэслэл байхгүй.

В. Оюуны өмчийн газар барааны тэмдгийн бүртгэлийг хийхдээ интернетийн хайлтын биш,  барааны тэмдгээр бүртгэгдэх гэж байгаа үг, дүрс зэрэг нь өмнө нь Монгол Улсад бүртгэгдсэн эсэхийг гол шалгуур болгож үзэх талаар "Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль"-ийн 5 дугаар зүйл болон 5 дугаар зүйлийн 5.2.6-д "Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил" гэж маш тодорхой заасан зохицуулалт байдаг.

2003 онд батлагдаж, 2007 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан "Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль"-д Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын тухай зүйл, заалт болон Маргаан шийдвэрлэх комисс барааны тэмдгийг хүчингүй болгох тухай зүйл, заалт огт байгаагүй. "Лояалти" гэх үг нь 2007 онд нийтээр хэрэглэх нэр томъёо болсон байсан гэж үзлээ гэхэд хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрх зүйн зарчмын дагуу 2007 онд үйлчилж байсан хуулийн дагуу олгосон барааны тэмдэгтэй холбоотой асуудлыг 2010 батлагдан хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу шийдвэрлэж тухайн барааны тэмдгийг хүчингүй болгох боломжгүй юм.

Барааны тэмдэг бол Оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээ авснаар үүсдэг харилцаа. Барааны тэмдэг бүртгэгдэж байж /Үгийн хувьд/ барааны тэмдэг болно. Үгийг Бизнестээ ашиглах гэж байгаа бол заавал бүртгүүлэх үүрэгтэй.

Дэлхийн Оюуны өмчийн газраас баталж гаргадаг бараа үйлчилгээний ангиллын Ниццийн хэлэлцээр гэж байгаа. Франц улсын Ницц хотод баталсан. Энэ хэлэлцээр нь тодорхой хугацаанд бараа үйлчилгээний ангиллыг хэвлэж гаргадаг. Ниццийн хэлэлцээр нэхэмжлэгч талын дурдсан 10 дугаар хэвлэлд үнэхээр барааны үйлчилгээний ангилал гээд орсон байгаа. Лояалти гээд дэд ангиллын нэр орсон. Өнөөдрийн байгаа хууль тогтоомжийн дагуу “Х” ХХК барааны тэмдэг 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдаад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хугацаа нь дуусна. Барааны тэмдэг өөрөө 10 жилээр сунгагдаж явдаг байгаа. “Худалдаа  хөгжлийн   банк” ХХК-ийн барааны тэмдгийн хугацаа дуусч байгаа. Дахин сунгагдахгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ Ниццийн хэлэлцээрийн талаар ерөөсөө дурдаагүй, тайлбарлаагүйг шүүх анхаарна уу.

Иймд “******* банк” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 13а/590 тоот, Барааны тэмдгийн улсын бүртгэлийн № 6516 дугаартай, "Лояалти" барааны тэмдгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“******* банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Шадар Сайд, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “Х” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. “******* банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй улсын байцаагч С.Г*******т холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шүүхийн шийдвэрийн (хэргийн 233-243 дугаар хуудас, захирамжийн 9 дүгээр хуудас) үндэслэх хэсэгт "Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн Loyalty үгэн барааны тэмдэг нь ялгагдах шинж агуулсан төдийгүй, Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан бүртгэхээс татгалзах барааны тэмдэгт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барааны тэмдэгт тавих шаардлагыг хангаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна" гэж нэгэнт дүгнэчихсэн байдаг. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан үндэслэлтэй байх тул “Х” ХХК-д барааны тэмдэг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дахин тогтоож, нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Хоёр. “Х” ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхдагч огноотойгоор "Loyalty" үгэн барааны тэмдгийг эзэмших эрхээ баталгаажуулан, барааны тэмдгийн гэрчилгээг 1957 оны 06 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Ниццийн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 3 дугаар дэд зүйлийн 36 дугаар хэсэг, 2003 оноос 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дагаж мөрдөж байсан Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу "Loyalty" үгэн барааны тэмдгийг олон улсын 36-р ангилал буюу Банк, санхүүгийн үйлчилгээнд ашиглахаар бүртгүүлж, авсан болно.

“Х” ХХК 2006 оноос эхлэн Англи хэлээр "Loyalty", Монгол хэлээр "Лояалти" гэсэн үгийг ашиглан Банкны салбарт өөрийн бүтээгдэхүүний сурталчилгааг хийж эхэлсэн бөгөөд энэхүү "Loyalty" гэсэн үгээ (барааны тэмдэг) нийтэд танилцуулж, бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор хэвлэл мэдээлэл, сурталчилгааны компаниудтай гэрээ байгуулан ажиллаж, их хэмжээний хөрөнгө зарцуулсан болно.

Хөрөнгө зарцуулсан тухай баримт болон Loyalty барааны тэмдгийг ашиглаж нийтэд сурталчилж байсан нотлох баримт болох сонин {2006-2007 онд сурталчилгаа хийлгэж байсан сонингийн хуулбарууд 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1377 дугаар захирамжтай захиргааны хэргийн 103-115 дахь хуудас) болон “М*******” ХХК-тай хамтран ажиллах гэрээ (Улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн 153-154 дэх тал) байгуулан Loyalty карт гаргаж байсан талаарх баримтыг “******* банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмчийн газрын улсын байцаагч С.Г*******т холбогдох захиргааны хэрэгт (захиргааны хэргийн 157-176 дахь хуудас) Хэвлэлийн хүрээлэнгээс нотлох баримтаар гаргуулж хавсаргасан байгаа болно.

Гурав. “******* банк” ХХК нэхэмжлэлдээ "Х” ХХК-ийн Loyalty үгэн барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангаагүй байна, уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар "маркетингийн аргын нэрээр нэрлээд нийтэд түгээмэл болсон уг нэр томъёонд барааны тэмдэг авсан нь барааны тэмдгийг авах үед мөрдөгдөж байсан Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2 дахь заалт, одоо мөрдөгдөж буй хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь заалтыг зөрчиж байна" гэжээ.

2003 оны Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "барааны тэмдэг гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусдын бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно" гэж заасны дагуу “Х” ХХК нь өөрийн банкны карт эзэмшигч бүсгүйчүүд болон мобикомын хэрэглэгчдэд үзүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ (эзэмшигчийн бүртгүүлсэн барааны тэмдгээ ашиглах эрх эдгээрээр хязгаарлагдахгүй)-г бусад банк, санхүүгийн байгууллагуудын бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор барааны тэмдэг авч, хэрэглэсэн болно. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу "Лояалти" (Loyalty) барааны тэмдэг нь үгээр илэрхийлэгдэж байна.

“Х” ХХК Loyalty барааны тэмдгийг зөвхөн маркетингийн арга хэрэгсэл болгож хэрэглэх зорилгоор аваагүй бөгөөд маркетингийн арга хэрэгсэл байсан ч 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжлэх ухааны академийн шинжээчдийн багийн дүгнэлтийн 3 дахь хуудсанд "Маркетингийн үзэл баримтлалын үүднээс авч үзвэл лояалти гэдэг үгийг үйлчилгээний байгууллагууд бүтээгдэхүүний нэр тэмдэг болголж ашиглах бүрэн боломжтой юм" гэсэн дүгнэлт гаргаснаас үзэхэд Барааны тэмдэг болгон ашиглах бүрэн боломжтой байна.

Мөн Loyalty гэдэг үгийг Банк, санхүүгийн үйлчилгээнд ашиглахаар бүртгүүлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд нийтэд дэлгэрсэн, түгээмэл болсон байгаагүй бөгөөд “Х” ХХК-ийн барааны тэмдэг нь 2003 онд батлагдсан 2007 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2 дахь заалтыг зөрчиж олгогдоогүй болно. Түүнчлэн, 2007 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг үндэслэж олгосон барааны тэмдэгтэй холбоотой асуудалд 2010 онд батлагдсан хуулийг хэрэглэж буюу 2010 оны Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй болохыг анхаарч үзэхийг хүсье.

Хэдий 2007 онд барааны тэмдгийн гэрчилгээ авсан боловч тухайн үед бүх сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  сурталчилгаа хийж байсан. Үүнтэй холбоотой төлбөрийн нэхэмжлэл, сонины хуулбарыг хэвлэлийн хүрээлэнгээс гаргуулж авч өмнөх хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Анх “М*******” ХХК-тай хамтарч ажилласан. Энэхүү Лояалти гэдэг үгийг  Лэди Лояалти гэдэг карт гаргах зорилгоор банк анх хийж байсан.  2006 онд “М*******” ХХК-тай хийсэн гэрээ, хамтарч ажиллаж байсан талаар баримт хэрэгт авагдсан байгаа.  “******* банк” ХХК нэхэмжлэлдээ Лояалти гэдэг үг бол маркетингийн арга хэрэгсэл “Х” ХХК барааны тэмдэг болгон ашиглачихлаа, энэ нь хуульд заасан татгалзах үндэслэлтэй юм. Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг байсан гэсэн үндэслэл бүхий тайлбар гаргасан байсан. Энэ асуудлаар өмнөх шүүх хуралд шинжээч томилж байсан. Шинжээчийн дүгнэлтэд маркетингийн арга хэрэгсэл байж болно, мөн Лояалти гэдэг үг нь үйлчилгээний байгууллагууд бүтээгдэхүүний нэр тэмдэг болгож ашиглах бүрэн боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгааг харгалзан үзэхийг хүсье.  Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.7, 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлд заасан одоо барааны тэмдэг эзэмшиж байгаа барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх зөрчигдөх юм. 

Дөрөв. “******* банк” ХХК-ийн ******* лояалти бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай гэж үзвэл бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр, захиргааны актууд гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн тухайд:

“******* банк” ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1-12.2, 12.3.4-12.3.5 дахь заалт, 13 дугаар зүйлд заасан “Х” ХХК-ийн барааны тэмдгийн "онцгой эрх эзэмшигч"-ийн эрхийг зөрчих мөн “Х” ХХК-ийн эрх, ашиг (барааны тэмдгийг эзэмших эрх хөндөгдөж банк, санхүүгийн үйлчилгээний хүрээнд зөвшөөрөлгүй ашиглах) сонирхол хөндөгдөж, банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд хүндрэл учирч, хэрэглэгчид төөрөгдөлд орж болзошгүй тул даалгах шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “******* банк” ХХК урьдчилан шийдвэрлэх гомдлыг гаргах явцад ямар нэгэн барааны тэмдэг авах хүсэлт гаргаагүй, хүсэлтийг хангуулах шийдвэр гаргуулах талаар үндэслэл бүхий шаардлага гаргаж байгаагүй байна.

Иймд, Барааны тэмдгийг бүртгэх тухай Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 65 дугаар тушаалын хавсралт “Х” ХХК-д барааны тэмдэгийн эрх олгосон хэсэг, Оюуны өмчийн газрын Loyalty үгэн барааны тэмдэг, түүнийг бүртгэсэн 6516 дугаар бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар “******* банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* Оюуны өмчийн газрын 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  Хинд “Loyalty /лояалти/” үгэн барааны тэмдгийг бүртгэсэн 6516 дугаартай бүртгэл, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай тушаалын хавсралтын “Х” ХХК-д барааны тэмдгийг баталгаажуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад өмнө нь гаргасан “******* банк” ХХК-ийн “*******Лояалти” бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай гэж үзвэл бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр, захиргааны актуудыг гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд түүнд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрх итгэмжлэлээр олгогджээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэсгийг баталж холбогдох хэргийг, нэхэмжлэлийн бусад шаардлагыг дараах үндэслэлээр  бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарт холбогдуулан 2014 онд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн  шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1377 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 128 дугаар тогтоолоор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх замаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан таслах комисст хандаж гомдол гаргасныг уг комиссын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар дүгнэлтээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ.

 “Х” ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Оюуны өмчийн газарт “Барааны тэмдэг бүртгүүлэх тухай” хүсэлт гаргаж Оюуны өмчийн газрын “ Барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайлан”-гаар 7177 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Улмаар Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тушаалын хавсралтын 55 дугаарт “Х” ХХК-ийн “Loyalty /лояалти/” барааны тэмдгийг 6516 дугаарт бүртгэж баталгаажуулжээ.

Уг барааны тэмдэг нь 2007 оны анхдагч огноотой бөгөөд тухайн үед “Loyalty /лояалти/” гэсэн үг нь банк санхүүгийн салбарт түгээмэл хэрэглээний хэллэг болоогүй байсан төдийгүй барааны тэмдгийг авах үед мөрдөж байсан хуулийн шаардлагыг ханган бүртгэсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 Тодруулбал уг барааны тэмдгийг бүртгэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан “Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэл байгаагүй тул  7177 дугаар мэдүүлэгтэй “Loyalty /лояалти/” үгэн барааны тэмдгийг бүртгэсэн 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Оюуны өмчийн газрын шийдвэр, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тушаал тус тус хууль зөрчөөгүй байна.

Учир нь Хны 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхдагч огноотой “Loyalty /лояалти/” үгэн барааны тэмдгийг эзэмших эрхийг баталгаажуулсан хариуцагчийн шийдвэр 1957 оны 06 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Ниццийн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 3 дугаар дэд бүлгийн 36 дугаар хэсэг, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

“Loyalty /лояалти/” үгэн барааны тэмдгийг 2007 онд нийтэд түгээмэл болсон нэр томъёо байсан гэж өнөөгийн байдлаар тайлбарлах боломжгүй, тухайн үед энэ нэр шинээр нэвтэрч эхэлж байсан, интернетийн орчинд ч түгээмэл хэрэглэгдэж байгаагүй, харин Олон улсын худалдааны байгууллагын сайтад байршуулснаар 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс нийтэд илэрхий нэршил, үйл баримт болсон гэж ойлгогдохоор байгаа  бөгөөд тухайн үед мөрдөж байсан хуулийн хүрээнд бүртгэсэн шийдвэрийг хууль бус гэх үндэслэлгүй. 

Иймд уг барааны тэмдгийг бүртгүүлэх үед буюу 2007 онд “Loyalty /лояалти/” нэршил нийтэд түгээмэл болоогүй байсан тул нийтэд түгээмэл болсон нэр томъёонд барааны тэмдэг авсан гэж үзэхгүй, тухайн үед мөрдөж байсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч “******* банк” ХХК 2006 оноос “*******лояалти” нэршлийг банкны хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж байсан бөгөөд 2007 онд “Х “Loyalty /лояалти/” гэх барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлж авснаар манай эрхийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй болно.

Учир нь нэхэмжлэгч “******* банк” ХХК “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 6 дугаар зүйлд зааснаар ашиглаж байсан гэх барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаагүй бөгөөд энэ утгаараа барааны тэмдгийг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд “******* банк” ХХК “*******Лояалти” бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай гэж үзвэл бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр, захиргааны актуудыг гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Хны 2007 оны 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээтэй Loyalty үгэн барааны тэмдэг, түүнийг бүртгэсэн бүртгэл, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай тушаалын хавсралтын “Х” ХХК-д барааны тэмдэг олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.“Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хууль /2003 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан “Хны 2007 оны 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээтэй “Loyalty /лояалти/” үгэн барааны тэмдэг, түүнийг бүртгэсэн бүртгэл, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай тушаалын хавсралтын “Х” ХХК-д барааны тэмдэг олгосон хэсгийг тус тус хүчингүй болгох” “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК “*******Лояалти” бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай гэж үзвэл бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр, захиргааны актуудыг гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэсэгт уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах тус тус эрхгүй болохыг дурдсугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

                  ШҮҮГЧИД                                 Д.ХАЛИУНА

                                                                                Н.ДОЛГОРСҮРЭН