Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Цагаан морьтон овогт Баясгалангийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810002710128 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, түгээгч мэргэжилтэй, “Их гүрэн констракшн” ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 03 сар хорих ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Цагаан морьтон овогт Б. М .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, Жаргалантын 2 дугаар гудамжинд хамтран амьдрагч Н.Иг “худлаа ярьж, гадуур явлаа” гэж маргалдан нүүрэн тус газар цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед баруун нүдний доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.М: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны ...шөнө 01 цагийн үед манай ээж над руу залгаад хүүхэд чинь уйлаад байна, та хоёр хаана байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би эхнэр И руу залгаж асуухад найз нартайгаа уулзчихаад одоо гэртээ харилаа гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлэн РС-нд  тоглож байхад ээж над руу дахин залгасан. Тэгэхээр нь би эхнэр Итой утсаар ярьж номын сан дээр уулзаад, шөнө 3 цагийн үед гэртээ харихаар явсан. Машинаас буугаад Ид байнга архи ууж байх юм, би чамайг зөндөө уучилж, тэвчиж байна гэж хэлэхэд над руу дайраад байхаар би нэг удаа цохисон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би найзуудтайгаа уулзаж паб болон караоке орсон. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч М руу хайр нь уучихсан байна, намайг ирээд аваач гэхэд М хоёулаа номын сангийн автобусны буудал дээр уулзья гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад гэр рүүгээ явсан. Гэртээ харихаар алхаж байхдаа хоорондоо маргалдсан. Тэгтэл М чи худлаа яриад гадуур яваад байх юм ер нь чи хүүхдээ аваад, юмаа аваад манайхаас яв гэж хэлээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Эхлээд нэг цохих  үед нь толгой эргээд юу билээ гээд бодох зуур дахин 2 удаа дарааллаад цохисон, тэр үед миний хамраас цус гарсан. Би тухайн үед найз нартайгаа уулзаад архи, пиво уусан, М эрүүл байсан. ...Би эмчилгээ хийлгээгүй. Миний нүд тухайн үедээ хөхөрсөн байж байгаад хөх нь арилчихсан. Одоо надад ямар нэг өвчин зовиур байхгүй. Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” /хх-ийн 8-9, 10-11/ гэсэн,

 

Гэрч Д.Дашдулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 4-5 цагийн үед И над руу залгаад М намайг зодоод, хүүхэдтэй маань гэрээс хөөгөөд байна гэж ярьсан. Би тэгэхээр нь эмээ нь одоо очиж чадахгүй, миний хүү цагдаа дуудчих гэж хэлсэн. Маргааш нь И манайд ирэхдээ Мд зодуулсан гээд нүд нь хавдаад хөхөрчихсөн, хамар нь мурийсан байдалтай байсан...” /хх-ийн 17-19/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ...01 цагийн үед ээж залгаад та хоёрын ядаж нэг нь ирээч хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь И очиж байгаа гэж хэлсэн. Удалгүй 02 цагийн үед ээж дахин залгаад И ирээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би И руу залгатал утас нь дуудаж байгаад сүүлдээ унтарчихсан. Би 03 цагийн өнгөрч байхад тоглоомын газраас гарч И руу залгахад “Сансарт байна, согтчихлоо хамт явцгаая, номын сангийн буудал дээр уулзья гэсэн. Би номын сангийн буудал дээр очоод хүлээж байхад И таксинаас согтуу бууж ирэхээр нь гэртээ харина гэж явчихаад архидаад алга болчих юм, хэнтэй уусан юм гэхэд үг дуугарахгүй байсан. Тэгээд бид хоёр 1000 төгрөгний унаанд суугаад Яармагийн хуучин эцэс дээр 04 цаг болж байхад ирсэн. Таксинаас буугаад гэртээ харихаар алхаж байхдаа би Ид байнга ингэж архи уудаг байдлаа болиоч, олон удаа уучилсан, цаашид ийм байдалтай байвал салья гэж хэлтэл чи надгүй бол амьдарч чадахгүй амьтан шүү дээ гэхээр нь миний уур хүрээд баруун нүд орчимд нь гараа атгаж байгаад нэг удаа цохиход Игийн хамарнаас цус гарсан, надад танайхаас өөр очих газар зөндөө байгаа шүү гэхээр нь би зайл гээд гэрээсээ хувцаснууды нь аваад гарч 1000 төгрөгийн унаанд суулгаж өгсөн...” /хх-ийн 31-35/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1903 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Игийн биед баруун нүдний зовхи, хамарт цус хуралт хавантай гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй...”  /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

 

- Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 39-41/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-50/,

- Шүүгдэгч Б.Мын ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/,

- Б.Мын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 65/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-58/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, Жаргалантын 2 дугаар гудамжинд хамтран амьдрагч Н.Иг “худлаа ярьж, гадуур явлаа” гэж маргалдан нүүрэнд нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь баруун нүдний доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Игийн “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би найзуудтайгаа уулзаж паб болон караоке орсон. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч М руу хайр нь уучихсан байна, намайг ирээд аваач гэхэд М хоёулаа номын сангийн автобусны буудал дээр уулзья гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад гэр рүүгээ явсан. Гэртээ харихаар алхаж байхдаа хоорондоо маргалдсан. Тэгтэл М чи худлаа яриад гадуур, яваад байх юм ер нь чи хүүхдээ аваад, юмаа аваад манайхаас яв гэж хэлээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Эхлээд нэг цохих  үед нь толгой эргээд юу билээ гээд бодох зуур дахин 2 удаа дарааллаад цохисон тэр үед миний хамраас цус гарсан. Би тухайн үед найз нартайгаа уулзаад архи, пиво уусан, М эрүүл байсан...” /хх-ийн 8-9, 10-11/ гэсэн,

 

Гэрч Д.Дашдуламын “...2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 4-5 цагийн үед И над руу залгаад М намайг зодоод, хүүхэдтэй маань гэрээс хөөгөөд байна гэж ярьсан. Би тэгэхээр нь эмээ нь одоо очиж чадахгүй, миний хүү цагдаа дуудчих гэж хэлсэн. Маргааш нь И манайд ирэхдээ Мд зодуулсан гээд нүд нь хавдаад хөхөрчихсөн, хамар нь мурийсан байдалтай байсан...” /хх-ийн 17-19/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ...03 цагийн өнгөрч байхад тоглоомын газраас гарч И руу залгахад “Сансарт байна, согтчихлоо хамт явцгаая, номын сангийн буудал дээр уулзья гэсэн. Би номын сангийн буудал дээр очоод хүлээж байхад И таксинаас согтуу бууж ирэхээр нь гэртээ харина гэж явчихаад архидаад алга болчих юм, хэнтэй уусан юм гэхэд үг дуугарахгүй байсан. Таксинаас буугаад гэртээ харихаар алхаж байхдаа би Ид байнга ингэж архи уудаг байдлаа болиоч, олон удаа уучилсан, цаашид ийм байдалтай байвал салья гэж хэлтэл чи надгүй бол амьдарч чадахгүй амьтан шүү дээ гэхээр нь миний уур хүрээд баруун нүд орчимд нь гараа атгаж байгаад нэг удаа цохиход Игийн хамарнаас цус гарсан, надад танайхаас өөр очих газар зөндөө байгаа шүү гэхээр нь би зайл гээд гэрээсээ хувцаснууды нь аваад гарч 1000 төгрөгийн унаанд суулгаж өгсөн...” /хх-ийн 31-35/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №1903 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Игийн биед баруун нүдний зовхи, хамарт цус хуралт хавантай гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...”  /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.   

Шүүгдэгч, хохирогч  нар нь 2014 оноос хамтран амьдарч байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч Б.Мыг хамтран амьдрагч Н.Игийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Игийн биед баруун нүдний зовхи, хамарт цус хуралт хаван бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.

Шүүхээс Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.М-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Н.И гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Цагаан морьтон овогт Б.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810002710128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР