Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/1104

 

 

 

 

 

     2024          09             26                                      2024/ДШМ/1104

                                                                 

З.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2407000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

............... овгийн З............. А............., 19.. оны ... дугаар сарын ....-ны өдөр ........................... төрсөн, ... настай, э.эгтэй, ............. боловсрол....., ................. мэргэжил....,  ам бүл ................................. хамт ....................................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../,

Шүүгдэгч З.А нь ...... оны .... дүгээр сарын .... -ны өдөр ................. дүүргийн .. дугаар хороо, ............ амралтын газрын харалдаа “машин голд суучихлаа, сайн зам харж өгөхгүй яасан юм” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий энхэр А.А-ийн эрүүл мэндэд чулуу шидэх, биеийг чулуун дээр хүчээр дарах зэргээр халдсан, мөн ...... оны .. дүгээр сарын ...-ний өдөр .......... дүүргийн ... дугаар хороо, ...... тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглаж хаалга руу түлхэж, гарыг нь өчиж, газар унагаах зэргээр халдаж үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: З.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ............. овогт З............ А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ............... овогт З............ А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шиитгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч З.А давж заалдах гомдолдоо: “...Миний хүү А-аас мэдүүлэг аваагүй атлаа тухайн хэрэг учрал болсон газарт Э гэх манай эхнэрийн ахаас насанд хүрээгүй гэрчийн эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авсан нь мөрдөн шалгах ажиллагааны ноцтой зөрчлийг бий болгосон. Чухамдаа миний хүү А болон А хоёр хэргийн үйл явдал бодит байдлыг “аав аргагүй эрхэнд ээжийг унагасан” гэж тайлбарласан бөгөөд А-ийн үйлдлийг нарийвчлан тайлбарладаг. Өөрөөр хэлбэл А-ийн догшин авирлаж, зандарсан үйлдлийн талаар, машин руу болон над руу чулуу авч шидсэн, орилж хашхирсан үйлдлүүдийг тайлбарласаар байхад мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг санаатай юм эсхүл хэн нэгний захиасаар ч юм шиг хэт нэг талыг барьж явуулсанд гомдолтой байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад А “...... оны ... дүгээр сарын ...-ний өдөр хоорондоо маргалдсан болохоос биед гар хүрсэн” гэж мэдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа намайг буруутгах чиглэлтэй байсан учраас хохирогчийн мэдүүлгийг хөтөлж, гарцаагүй намайг зодсон мэтээр тайлбарлуулах зорилготойгоор мөрдөгчийн зүгээс ажилласан гэж үзэхээр байна.

Миний хувьд ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр бол машин руугаа болон өөр лүүгээ чулуу шидээд байхад хэрүүл хийсэн нь үнэн. Эхнэр өөрийгөө барьж дийлэхгүй болтлоо надад уурлаж голоос гарч ирж надтай хэрүүл хийх явцдаа машин руу чулуу шидээд байхад би болиулах гэж маш их хичээсэн боловч даамжран эд хөрөнгөд болон биед минь халдах үйлдлийг үргэлжлүүлж  хийсэн учраас миний хувьд аргагүй эрхэнд тэвэрч аван унагаасан нь үнэн. Гэтэл уг үйлдлийг шүүхийн зүгээс гарцаагүй байдалд хийсэн үйлдэл биш гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул уг нөхцөл байдлыг дахин хянан шалгаж тогтоож өгнө үү. Дээрх нөхцөл байдлуудыг шүүхийн зүгээс өөрөөр төсөөлж тайлбарлаж намайг буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримттай огтоос нийцэхгүй байх тул дахин шалгаж хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн хянан хэлэлцэхдээ процессын алдаануудыг зөвтгөж тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл Е гэрчийн мэдүүлэг авахдаа насанд хүрээгүй гэрчийн эрх, үүрэг тайлбарлаад мэдүүлэг авсан байдаг. Энэхүү мэдүүлгийг шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь хохирогчийн үйлдлийг зогсоох зорилготойгоор биед нь халдсан үйлдэл байгаа. Иймд үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна. Е нь хохирогчийн ах бөгөөд шүүх хуралдаанд А-ийн эгч нь мэдүүлэг өгсөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхэд нь 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр З.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Прокуророос З.А-ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд З.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томьёог тодорхойлон хуульчилжээ.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэх хууль зүйн ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарласан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолтоор “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

Хэрэгт авагдсан хохирогч А.А-ийн “...Гэр бүлээ батлуулсан, 13 жил амьдарч байна, дундаасаа 3 хүүхэдтэй. ...” /хх 4-6/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 27-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 30-37/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 90/ зэрэг баримтуудаас үзэхэд хохирогч А.А, шүүгдэгч З.А нар нь эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх “...таарамжгүй харилцаагаар шалтаглан маргалдаж шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүд хооронд үүссэн байх гол утга агуулга, шалгууртай учраас “гэр бүлийн гишүүд”-тэй холбоотой суурь ойлголт, харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг “Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад баримтлах” шаардлагатай болохыг анхаарвал зохино. 

Ийнхүү анхан шатны шүүхийн З.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хуулийг буруу тайлбарлан хөнгөрүүлэн зүйлчилсэн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.А-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ