| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2025/0037/з |
| Дугаар | 120/ШШ2026/0021 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 120/ШШ2026/0021
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Хөгжил цог жавхлан” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******,
Хариуцагч: ******* аймгийн *******ын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч *******, *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, , хариуцагч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “******* аймгийн *******ын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА-11250000014 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай”-аар маргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Хариуцагч ******* аймгийн *******ын газрын татварын улсын байцаагч *******, ******* нар нь “Хөгжил цогжавхлан” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 1125501240 дүгээр томилолтоор /эрсдэлд суурилсан-бүрэн/ шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 он 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, тус компанид нийт 152,209,005.23 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Нөхөн ногдуулалтын акт” үйлдсэн.
2.2. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг ******* аймгийн *******ын газрын дэргэдэх *******ын маргаан таслах зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 04 дугаартай тогтоолоор “...НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж...” шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд анх гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 120/ШЗ2025/0245 дугаар захирамжуудаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...илрүүлсэн зөрчил гэх 1,190,969,032.91 төгрөгт 152,209,005.23 төгрөгийн төлбөрийг НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актаар ногдуулан төлүүлэхээр илт хууль бусаар шийдвэрлэснийг бүхэлд эс зөвшөөрч хүчингүй болгуулна.
Нэг. 2022 онд 2,817,236.95 төгрөгийн татвар ногдох орлого дутуу тайлагнасан гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй. Манай компани татвар ногдох орлогоо бүрэн гүйцэд тайлагнан тусгадаг байтал татварын байцаагч нар тооцооллын алдаа гаргасан.
Хоёр. 2021 онд 55,909,090.91 төгрөг, 2022 онд 98,681,818.18 төгрөг нийт 154,590,909.09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар харилцан хамаарал бүхий “Эрдэнэс цогжавхлан” ХХК-иас,
хуурамч хий бичилттэй падан тараагч “Уорлд-Еруна” ХХК, “Элст хошуу” ХХК-иудаас 2021 онд 34,699,636.37 төгрөг, 2022 онд 162,395,445.47 төгрөг нийт 197,095,081.84 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал авсан мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулсан гэсэн.
Харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгж хоорондоо ажил гүйлгээ хийхийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар хориглоогүй, /барааны илүүдэл, дутагдал/ зайлшгүй шаардлагын улмаас бараа бүтээгдэхүүнийг нөгөө дэлгүүрээс нөгөө дэлгүүрт шилжүүлсэн буюу “Эрдэнэс цогжавхлан” ХХК-иас худалдан авалт хийж цахим төлбөрийн баримт, падааныг үйлдүүлсэн. “Эрдэнэс цог жавхлан” ХХК татварын хяналт шалгалтад хамрагдсан, энэ шалгалтаар татвар ноогдох орлоготой холбоотой зөрчил дутагдал илэрсэнгүй.
Өөрөөр хэлбэл, бид нар шударгаар үнэн, зөв, бүх аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг үнэн, зөв баталгаажуулсан. Энэ нь “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн актад мөн хавсралтуудаар тайлагнасан орлого, мөн шалгагдсан хоёр орлого тэнцүү гэдэг нь нотлогдоно. Тайлангаар холбогдох шалгагдсан орлого дотор 154.6 сая төгрөг явж байгаа. Бараа шилжүүлсэн “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн хувьд, бодит татвар ноогдох үнэн зөв орлого гэж зөв дүгнэсэн атлаа худалдан авагч “Хөгжил цог жавхлан” ХХК дээр ирэхээрээ харилцан хамааралтай гээд болохоо байчихдаг. Эсвэл авсан мэтээр гээд болохоо байчихдаг. Энэ нь “Эрдэнэс цог жавхлан” ХХК дээр үйлдэгдсэн актаар няцаагдаж, актын 2 дахь зөрчил үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна.
“Уорлд-Еруна” ХХК, Элст хошуу ХХК-иудаас нийт 197,095,081.84 төгрөгийн дүнтэй бараа авсан нь нэхэмжлэл, падаан, и-баримт, бусад баримтаар нотлогддог. Хэргийн материалд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн танилцуулга, хууль хяналтын байгууллагаас авсан тодорхойлолт байгаа боловч тус хоёр компанийг хий бичилттэй гэдгийг нотлох баримт хэргийн материалд байхгүй, бидний хувьд энэ компаниудаас бодитоор бараа, бэлэн бүтээгдэхүүн бэлэн мөнгөөр худалдан авсан нь үнэн, баримт нь хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас энэ хоёр компани дээр хийсэн дүгнэлтийн хувьд татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй байна.
Гурав. Аж ахйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 378,288,623.35 төгрөг, 2023 онд 42,900,159,72 төгрөг, нийт 422,278,783.07 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ногдуулах орлого бууруулсан гэсэн.
Энэ нь бодитой гарсан, бүртгэлээр баталгаажсан, цахим төлбөрийн баримтаар нотлогдсон зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулсан тооцсон. Тооцооллын алдаа гаргасан байна.
Дөрөв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл 2021 оны 635,408.52 төгрөг, 2022 оны 1,425,988.45 төгрөгийн, 2023 оны 1,183,740.0 төгрөг, нийт 3,245,136.97 төгрөгийн дутууг 369 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төлөөгүй, цалин болон түүнтэй адилтгах орлого тайлангаарх үлдэгдэл 2021 оны 587,310.0 төгрөг, 2022 оны 226,215.0 төгрөг, 2023 оны 172,050.00 төгрөг нийт 985,575.0 төгрөгийн дутууг 354 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэсэн.
Манай компани нь бусад татварын нэр төрлөөр илүү төлөлттэй байсан бөгөөд тухайн татваруудыг төлж дуусгасан.
Тав. 2021 онд 98,192,650.0 төгрөг, 2022 онд 163,467,760.0 төгрөг, 2023 онл 148,295,900.0 төгрөг нийт 409,956,310.0 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй гэсэн.
Дээрх зөрчил гэх асуудал нь утга агуулга ойлгомжгүй, ямар аж ахуйн нэгжтэй ажил гүйлгээ хийсэн гээд байгаа нь тодорхойгүй, үнэ шилжилт хийж ямар нэр төрлийн татварыг ногдуулан төлөөгүй гэж байгаа талаар дүгнээгүй. Шалгалт хийсэн байцаагч нар татварын ерөнхий хуулийн 39.1, 40.1, 40.2-ыг зөрчсөн.
Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд хүнсний дэлгүүрүүд үнэ шилжилт хийдэггүй, бүх ажил гүйлгээ нь цахим төлбөрийн и-баримт, падаан үйлдэгдэн хариуцагч татварын албандаа бүртгэгдсэн байдаг. Манай бүх гүйлгээ нууцлагдаагүй, ил тод нээлттэй байгаа.
Зургаа. *******ын байцаагч нар намайг болон манай аав Цогбат, ээж Дүгэрмаа, ах Жавхлан, ахын “Эрдэнэс цог жавхлан”, “Эрдэнэс цэлтэр миш”, “Шимт цэлтэр миш”, “Өгөөж цэлтэр миш”, “Хөгжил цог жавхлан” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж хэт өндөр дүнтэй буюу нийт 1,5 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмыг баримтлаагүй.
Бүгд хүнсний дэлгүүр, зарим нь үйл ажиллагаа зогсоосон. Аймаг сумын Засаг даргын Тамгын газраас хүнсний дэлгүүр ажиллуулахад заавал компани байх шаардлагыг тавьдаг тул арга буюу байгуулагдсан. Түүнээс хувь хүн бидний тухайд 5 компани байгуулах шаардлага байгаагүй.
*******ын байцаагч нар 2024-2025 он буюу бүтэн 2 жил дамнуулан 1 жил 4 сарын хугацаанд шалгаж, бодит байдалд нийцээгүй, актыг энэ оны 7 дугаар сарын 08-ны өдөр буюу Үндэсний их баяр наадмаар цахимаар ирүүлж, дарамт айдаст автуулж, эрх зүйн туслалцаа авах, гомдол гаргах боломжийг хязгаарлах гэж оролдож цаг хугацаагаар хяссан зэргээр ёс зүйгүй, хүний мөсгүй жудаггүй үйлдлүүд гаргасан.
Долоо. Маргаан таслах зөвлөл нь хуулийн хугацаанд хуралдаагүй, маргалдагч бидний гомдлын талаар тодруулж холбогдоогүй, актыг хэвээр үлдээх шийдвэрийг шалгалт хийсэн татварын байцаагч нар мэдэж байсан нь хуралдааны явцад тодорхой болсон, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулаагүй зөвхөн 5 татварын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь *******ын ерөнхий хуулийн 46, 47-р зүйлийг зөрчсөн, Маргаан таслах зөвлөлийн өмнө татвар төлөгч, татварын байцаагч бүгд тэгш эрхтэй гэсэн зарчмыг алдагдуулсан.
Найм. *******ын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт, гаргасан хууль бус шийдвэрээ танилцуулж, эх хувийг гардуулаагүй нь *******ын ерөнхий хуулиар татвар төлөгч бидэнд олгогдсон эрхүүдийг эдлэх боломжоор хангаагүй хууль тогтоомж ноцтой зөрчсөн.
Мөн нөхөн ногдуулалтын актын хууль эрх зүйн үндэслэлгүйгээр үйлдэж татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн *******ын ерөнхий хуулийн 76-р зүйлийг зөрчсөн.
Иймд татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.
4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэг. Тус компани 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа нийт 2,277,131,684.51 төгрөгийн дүнтэй татвар ноогдох орлогыг, мөн оныхоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийтдээ 2,274,314,447.56 төгрөгийн орлогыг тус тус тайлагнасан байдаг. Тухайн хоёр тайлан 2022 оны хувьд, аж ахуйн нэгжийн тайлан НӨАТ-ын тайлангийн өссөн дүн буюу 1-12 сарын нийт дүнгээрээ нийт орлого нь таарч явах ёстой.
Гэтэл аж ахуйн нэгжийн тайлан нь 2,277,131,684.51 төгрөг, НӨАТ-ын тайлан нь 2,274,314,447.56 төгрөг гээд энэ хоёрын зөрүү 2,817,236.95 төгрөгөөр НӨАТ-ын тайланд дутуу тусгасан учраас үүнийг зөрчил гэж үзсэн, энэ нь https //tais.mta.mn/home/return/receive хаягаар и-баримтын мэдээллээр нотлогдож байгаа.
Хоёр. Тус компани нь дэлгүүрийн бараагаа салбар 2 буюу “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас мөн аймгийн худалдааны төвүүдээс татдаг, борлуулалтын орлогууд нь ихэвчлэн захирал Намуун болон худалдагч нарын дансаар ордог, мөн ах гийн дансаар орлого, зарлага хийгддэг гэж ярилцлагад дурдсан байдаг ч худалдан авалтын төлбөрийг төлөхдөө ихэвчлэн хувийн данснаасаа хийдэг нь дансны хуулгаар нотлогддог.
2021 онд 55,909,090.91 төгрөг, 2022 онд 98,681,818.18 төгрөг, нийт 154,590,909.09 төгрөгийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас худалдан авалт хийснээр тайланд тайлагнасан. Захирал Намууны ирүүлсэн болон арилжааны банкнуудаас ирсэн дансны хуулгаар гарсан барааны төлбөр төлөлтийг тулгалт хийж үзэхэд тус шилжүүлсэн болон хүлээн авч байгаа бараанд ямар ч төлбөр төлдөггүй болох нь харагддаг атал нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн байдаг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх ногдуулалт нь бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаар илүү үүссэн байх ба шалгагдах хугацаанд нийт 24,078.44 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байгаа зэргээс харахад ямар ч төлбөр хийгдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн нь нотлогддог тул илрүүлсэн зөрчил хуулийн үндэслэлтэй.
Гурав. “Уорлд-Еруна” ХХК, “Элст хошуу” ХХК-иудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх худалдан авалтаа архи авсан гэдэг ч тус 2 компанийн хувьд гаалийн ямар ч мэдээлэл байхгүй, харин ч тус 2 компанийн хувьд хоорондоо мөн падаан бичилцсэн байдаг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн баримт зэргээр нотлогдоно. Эдгээр ажил үйлчилгээг касснаас бэлэн мөнгөөр төлснөөр журналд бүртгэгдсэн, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падан шивэгдсэн, энэ падаан нь өөрөө хэдэн тоо ширхэг, ямар материал татан авсан тодорхойгүй, бараа материалын орлого зарлагын гүйлгээний тамга тэмдэгтэй анхан шатны баримт байхгүй, тус хоёр компанийн гаалийн мэдүүлгийг программаас дуудаад үзэхэд хоёулан дээр нь гаалийн мэдүүлэг байдаггүй, бас албан бичиг явуулж шалгахад онцгой албан татварын тэмдэг аваагүй нь тогтоогдсон.
Дөрөв. Тус компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бодитой гарсан, холбогдох бүртгэлээр баталгаажсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмыг хангасан, цахим татварын и-баримтаар нотлогдсон зардлыг татвар ноогдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон гэсэн хэдий ч шалгалтын явцад и-баримтаар худалдан авахтай холбогдуулж үзэхэд өртөгөө зөрүүтэй тусгасан, Аж ахуйн нэгжийнхээ тайланд өртөг дээр тавьж өгсөн дүнгээсээ дүн нь и-баримтаараа нотлогдохгүй дутуу байсан учраас бид нар өртгийн тооцоолол хийх гэж үзсэн. Ингээд бараа материал татан авсан тооцооллыг “Электрон Мон” ХХК-иас авсан. Тэндээс нь өртгийн тооцооллыг үзэхэд өртөг гэсэн хэсэг буюу программдаа огт бүртгэхгүй, заримыг нь “0” гэсэн утгаар бүртгээд, зарим нь хэдэн тэрбумаараа бүртгэгдээд орчихсон тохиолдлууд гарч байсан учраас энэ программыг сүүлд нөэтбүүктэй нь ирүүлээд, эцсийн байдлаар тулгалт хийгээд, эцсийн дүнг нь авсан. Тооцоолол хийхдээ хүснэгтэлж байгаад өртгийн тооцооллыг нь гаргасан, 2021, 2023 он дээр зөрүү гараад, энэ дүн дээр нь зөрчил илэрсэн учраас нөхөн татвар, торгууль тавьсан байгаа.
Тодруулбал, и-баримтаарх хүдалдан авалт зөрүүтэй байсан учир санхүүгийн тайлангийн бараа, материалын эхний болон эцсийн үлдэгдэл, барааны татан авалт, жагсаалтаас өртгийг тооцоход илүү тооцсон нь тогтоогдсон тул илрүүлсэн зөрчил үндэслэлтэй.
Тав. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2021 онд 635,408.52 төгрөг, 2022 онд 1,425,988.45 төгрөг, 2023 онд 1,183,740.00 төгрөг, нийт 3,245,136.97 төгрөгийн дүнтэй тайлагнасан атлаа хуулийнхаа хугацаанд буюу дараа оныхоо 02 дугаар сарын 10-ны дотор тайлагнаж төлөөгүй, 369 хоног хожимдуулж төлсөн учраас тэр хоорондох хугацааны алданги, торгууль бодсон.
Зургаа. Мөн цалин хөлс дээр мөн адилхан тайлагнасан, дутуугаа хуулийн хугацаанд төлөөгүй, Хувь хүний орлогын албан татварын хуулиар дараа оныхоо 02 дугаар сарын 15-ны өдрөөр төлж тайлагнасан байх ёстой. Мөн бусад татвараараа илүү төлөлттэй байхад тэрийг суутган тооцоолол хийсэнгүй гэдэг. Энэ дээр нэмэгдсэн өртгийн албан татвараар тухайн аж ахуйн нэгж илүү төлөлт үүсэх нь үүссэн байсан, энэ нь төлөх ёстой татвар биш.
Эднийх хүнсний бараа татдаг, буцаан авах буюу илүү төлөлттэй гэх дүн нь бараа худалдан авахад төлсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татвараарх худалдан авалтаар илүү үүссэн, шалгагдах хугацааны буюу бүтэн 3 жилийн хугацаанд нийт 24,078.44 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байдаг.
Ямар тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараар илүү төлөлтийг суутгадаг вэ гэхээр нэмэгдсэн өртгийн албан татвараар илүү төлөлт байгаа гэдэг нь татварын хяналт шалгалтаар ороод баталгаажсан тохиолдолд үүнийг бусад улсын төсвийн татварт суутган тооцох боломжтой. Гэтэл эднийх тухайн үедээ илүү төлөлтөө баталгаажуулаагүй, бусад татвартаа суутган тооцуулах хүсэлт өгч байгаагүй.
Долоо. *******ын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцан хамааралтай этгээд хооронд барааг шилжүүлсэн, хүлээн авсан болох нь тогтоогддог ч “Эрдэнэс цог жавхлан” ХХК-тай хийсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй. *******ын цахим программаар ороод үзэхээр “Хөгжил цог жавхлан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Намуун өөр бусад компанийн эзэмшигчийн бүртгэлд байхгүй. Харин Цогбат, Дүгэрмаа, Жавхлан нартай аав, ээж, төрсөн дүү нь гэсэн мэдээллүүд байдаг. Үүгээр харилцан хамааралтай этгээд болох нь нотлогддог. 2021 оны 98,192,650 төгрөг яаж гарсан бэ гэхээр “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас “Хөгжил цог жавхлан” ХХК руу бараа шилжүүлсэн, нөгөө талдаа “Хөгжил цог жавхлан” ХХК-иас “Эрдэнэс цог жавхлан” ХХК руу хүлээж авсан барааны нийлбэрээр энэ харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээ гэж үзсэн, энэ нь “Электрон Мон” ХХК-иас авсан хүлээн авсан, шилжүүлсэн барааных нь дүнгээр нотлогддог, энэ дүнгээрээ тухайн аж ахуйн нэгж тайландаа тайлагнах ёстой гэдгээр бид нар үнэ шилжилт дээр зөрчил гэж үзэж акт тавьсан.
Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тогтоолоор үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрхэн үнэ шилжилтийг хэрэглэх гэсэн журам байгаа, энэ журмын 8.3-т татвар төлөгч нь харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээг *******ын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд заасан үнэ шилжилтийн тайлангаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу торгуулийн арга хэмжээ авсан.
Ер нь анх 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг эхлүүлж шалгахад дансаар орсон орлого зарлагын гүйлгээ бараг гараагүй, тодруулахад иргэдийн дансаар орлого зарлагын гүйлгээ хийгддэг, мөн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн орлого нь иргэдийнхээ дансаар ордог гэсэн тул дангаар нь шалгаад орлого зарлагыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шалгалтын хугацааг хойшлуулж, холбогдох харилцан хамааралтай иргэд болон бусад компаниудыг хамт шалгах шаардлагатай гэж эрсдэл тооцогдож дээд газрын даргын татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, олгосон томилолтын дагуу бүрэн шалгалтыг хийсэн тул холбогдох хууль журмын дагуу албан үүргээ гүйцэтгэсэн, хууль зөрчөөгүй, маргаан бүхий актыг хуульд зааснаар гардуулсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Хөгжил цог жавхлан” ХХК нь “******* аймгийн *******ын газрын татварын улсын байцаагч нарын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий *******ын улсын байцаагч нарын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч талаас “...татвар ногдох орлогоо бүрэн гүйцэд тайлагнан тусгадаг байтал татварын байцаагч нар тооцооллын алдаа гаргасан, “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас худалдан авсан барааны төлбөрийг баримт үйлдэн бэлэн мөнгөөр төлсөн байхад манайхаас хүргүүлсэн баримтуудыг бүрэн үзээгүй, акт дахь зөрчил гэх асуудал нь утга агуулга ойлгомжгүй, ямар аж ахуйн нэгжтэй ажил гүйлгээ хийсэн гээд байгаа нь тодорхойгүй, үнэ шилжилт хийж ямар нэр төрлийн татварыг ногдуулан төлөөгүй гэж байгаа талаар дүгнээгүй, шалгалт хийсэн байцаагч нар хууль зөрчсөн...” гэх агуулгаар,
4. Хариуцагч талаас “...холбогдох хууль журмын дагуу албан үүргээ гүйцэтгэж, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий акт гаргаж, хүргүүлсэн хууль зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
5. ******* аймгийн *******ын газрын татварын улсын байцаагч *******, ******* /Цаашид хариуцагчид гэх/ нар нь *******ын Ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан “*******ын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу 1125501240 тоот томилолтоор “Хөгжил цог жавхлан” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан-бүрэн шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, 7 төрлийн 1,190,969,032.91 төгрөгийн зөрчил илрүүлж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тус компанийг:
Зөрчил 1. Нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын тайланд 2022 онд 2,817,236.95 төгрөгийн татвар ногдох орлого дутуу тайлагнасан,
Зөрчил 2. 2021 онд 55,909,090.91 төгрөг, 2022 онд 98,681,818.18 төгрөг, нийт 154,590,909.09 төгрөгийн НӨАТ-ын падаанаар харилцан хамаарал бүхий “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан,
Зөрчил 3. Хуурамч хий бичилттэй падаан тараагч “Уорлд-Еруна” ХХК, “Элст хошуу” ХХК-иудаас 2021 онд 34,699,636.37 төгрөг, 2022 онд 162,395,445.47 төгрөг, нийт 197,095,081.84 төгрөгийн НӨАТ-ын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан,
Зөрчил 4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 378,288,623.35 төгрөг, 2023 онд 43,900,159.72 төгрөг, нийт 422,278,783.07 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол, үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан,
Зөрчил 5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл 2021 онд 635,408.52 төгрөг, 2022 онд 1,425,988.45 төгрөг, 2023 онд 1,183,740.00 төгрөг, нийт 3,245,136.97 төгрөгийн дутууг 369 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй,
Зөрчил 6. Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /Суутган 1/ тайлангаарх үлдэгдэл 2021 онд 587,310.00 төгрөг, 2022 онд 226,215.00 төгрөг, 2023 онд 172,050.00 төгрөг, нийт 985,575.00 төгрөгийн дутууг 354 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй,
Зөрчил 7. 2021 онд 98,192,650.00 төгрөг, 2022 онд 163,467,760.00 төгрөг, 2023 онд 148,295,900.00 төгрөг, нийт 409,956,310.00 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил, гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй зөрчлүүд гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.11.3, 11.19.1, *******ын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.5 заалтыг үндэслэн 77,678,201.11 төгрөгийн нөхөн татвар, 39,590,933.34 төгрөгийн торгууль, 34,939,870.78 төгрөгийн алданги, нийт 152,209,005.23 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ. /1 дүгээр хавтас, 35-37 дугаар хуудас, 192-193 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 31 дүгээр хуудас/
6. ******* аймгийн *******ын газрын дэргэдэх *******ын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаар тогтоолоор дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./1 дүгээр хавтас, 56-60 дугаар хуудас/
7. Маргаан бүхий захиргааны акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.11.13, 11.19.1, *******ын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.5-д заасныг үндэслэж нөхөн татвар,торгууль, алданги тооцжээ.
8. *******ын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсэгт “*******ын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй”, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “*******ын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.4.3 дахь хэсэгт “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус заасан.
9. *******ын улсын байцаагч нарын төлбөр төлүүлэхээр гаргасан нөхөн ногдуулалтын акт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байна”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох” гэж тус тус заасан энэ зохицуулалтыг хариуцагч хэрэгжүүлж, ногдуулсан хариуцлага нь нөхөн ногдуулалтын актад баримталсан хуулийн заалтад нийцсэн, зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх ёстой.
Өөрөөр хэлбэл, маргааны бүхий актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг үйл ажиллагаандаа чанд баримталж хэрэгжүүлсэн байх нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн хэр хэмжээнд тохирсон байна”, 2 дахь хэсгийн “зөрчилд шийтгэл ногдуулах” шударга ёсны зарчимд хэрэгжсэн гэж үзэх үндэслэл болно.
10. Актын тэмдэглэх хэсгийн 5, 6-д болон 7-д 2021 онд 98,192,650.00 төгрөг, 98,192,650.00 төгрөг, 2022 онд 163,467,760.00 төгрөг, 2023 онд 148,295,900.00 төгрөг, нийт 409,956,310.00 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй тайлагнаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан татварын хууль зөрчил гэж үзсэн байдаг.
Зөрчлийг хуулийн зүйл, хэсгээр зөв тогтоосноор тухайн зөрчлийн дагуу хүлээх хариуцлагын хэмжээг тогтоох, хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн болон *******ын хуульд заасан хугацаагаар тооцоход ач холбогдолтой, үүнээс шалтгаалж эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх ажиллагаа, эрх хэмжээ нь аль хуульд хамаарах тодорхой болох болно.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх заасан зөрчилд шийтгэлийн хуудсаар, *******ын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
Гэтэл маргаан бүхий актад Зөрчлийн болон *******ын хуулийн хамтад нь баримталсан байх тул хуулийг зөв хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.
11. Маргаан бүхий актын “ТОГТООХ нь” хэсэгтээ төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг /зөрчил тус бүрд/ хэдэн төгрөг нь ямар хуулийн аль заалтад заасан зөрчилд хамаарч хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг хуулийн зүйл, хэсгээр салган бичээгүй нь *******ын шалгалтаар тогтоосон зөрчил нь хуульд заасан зөрчилтэйгөө тохироогүй, тооцоолол тодорхойгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байхын зэрэгцээ үүнийг шүүхээс тогтоох боломжгүй байна. Тухайлбал, актын 5-7-д тэмдэглэгдсэн буюу хожимдуулсан, хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, харилцан хамааралтай аль этгээдтэй хийгдсэн ажил, гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусган тайлагнаагүй гэх зөрчлүүд ямар хуульд хамаарч, аль заалт хариуцлага хүлээлгэх үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцсон гэж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа хэрхэн хийгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 18.3-т “Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна” гэж тус тус заасан ба нягтлан бодогч нь нэхэмжлэгч компанийн санхүүгийн тайлан гаргах, татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх зэрэг үүрэгтэй байхаар мөн хуульд зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “...дүү Намуунаа нягтлан бодогч хоёр хамтран тайлан, тооцоо, бүртгэл зэргийг хийгээд явдаг, нягтлан бодогч сүүлд Австрали руу явсан байгаа боловч цахимаар ажлаа явуулдаг, ” гэх агуулгаар тайлбар гаргаснаас үзэхэд татварын хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгч байгууллагын нягтлан бодогчийг оролцуулаагүй /тус компани нягтлан бодогчтой эсэхийг тодруулаагүй/ гэж үзэхээр байна.
12. Иймд захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хэрэгжүүлээгүйгээс татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд хариуцагч нар нь актаа зөвтгөх, тооцооллоо нягтлах, нэхэмжлэгч талын гомдол, нэхэмжлэлийн үндэслэлийг судлах, хууль хэрэглээний алдааг залруулах зэргээр холбогдох ажиллагааг хуульд заасны дагуу зөв явуулж, дахин шинэ акт гаргах бөгөөд ийнхүү гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартайг тэмдэглэх нь зүйтэй.
14. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас “...актыг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр буюу Үндэсний их баяр наадмаар цахимаар ирүүлж, эрх зүйн туслалцаа авах, гомдол гаргах боломжийг хязгаарлах, хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангаагүй, Маргаан таслах зөвлөл нь хуулийн хугацаанд хуралдаагүй, гомдлын талаар тодруулж холбогдоогүй, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулаагүй зөвхөн 5 татварын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн...” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас маргаагүй, нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг ******* аймгийн *******ын газрын дэргэдэх *******ын маргаан таслах зөвлөл хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 04 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн, уг тогтоолтой маргаагүй байх тул нэхэмжлэгч талын дээрх тайлбартай холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* аймгийн *******ын газрын татварын улсын байцаагч /*******, *******/-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ