Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00178

 

З.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02985 дугаар шийдвэртэй,

З.А-ийн нэхэмжлэлтэй, З  СӨХ-д холбогдох,

1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би З  СӨХ-ны захирал Ч.А-той харилцан тохирч, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй З  СӨХ-нд холбогдох шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Тэнгэр даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй З  СӨХ-ны захирал Ч.А-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ба шүүх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03427 дугаар шийдвэр, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02783 дугаар шийдвэрээр тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн үед З  СӨХ-ны захирлаар Ч.А- ажиллаж байхдаа надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, итгэмжлэл олгосны үндсэн дээр би шүүх хуралд 3 удаа оролцсон. Одоо З  СӨХ-ны захирлаар Б.Хаш-Эрдэнэ ажилладаг бөгөөд ажлын хөлс 1,300,000 төгрөгийг өгөхгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: З  СӨХ-ны гүйцэтгэх захирал болох Ч.А-той тус СӨХ-ны бичиг баримт хүлээлцэхэд З.А-тэй гэрээ хийсэн баримтыг хүлээлгэж өгөөгүй. Аливаа ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөр төлсөн, баталгаажуулсан баримт байхгүй.

Б.Хаш-Эрдэнэ би З  СӨХ-ны гүйцэтгэх захирал болох үүрэгт ажлын албан ёсоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуй хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан.

З.А- нь Ч.А-той байгуулсан гэрээний төлбөр, хөлсөө түүнээс аваагүй байж, 1 жил 6 сарын дараа З  СӨХ-ноос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З  СӨХ-ноос 584,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.А-т олгож, нэхэмжлэлээс 715,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З  СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 18,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.А-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. З  СӨХ-ны захирал Ч.А-той гэрээ байгуулж, Тэнгэр даатгал ХХК-тай холбогдох хэргийн 3 удаагийн шүүх хуралдаанд оролцож шүүхийн шийдвэр гаргуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтад зохигч маргаагүй.

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр З  СӨХ-ны захирал Ч.А-той гэрээ байгуулахдаа З  СӨХ-той асуудлаар шүүх хуралд төлөөлөн оролцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Харин Тэнгэр даатгал ХХК-тай холбоотой иргэний хуралд оролцох харилцааг уг гэрээгээр зохицуулаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай. З  СӨХ-тэй холбоотой хуралд оролцохоор гэрээ байгуулж, харин нэхэмжлэгч нар өөрчлөгдөх тухай бүх итгэмжлэл авсан бөгөөд эдгээр хурлууд бүгд Тэнгэр даатгал ХХК-тай холбоотой, шүүх хурал 3 удаа үргэлжилсэн. Иймд 715,500 төгрөгийг гэрээний дагуу З  СӨХ-ноос гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Аливаа мөнгөн дүн бүхий үйлчилгээ төлөөллийн ажлыг 2 тал гэрээ хийж тамга, тэмдэг дарагдсанаар хуулийн дагуу хүчин төгөлдөр болдог.

Гэтэл иргэн З.А- нь өөрийн найз болох З  СӨХ-н түрүүчийн дарга болох Ч.А-той хийсэн тамга тэмдэг бүхий гэрээ байхгүй хэрнээ миний бие тус СӨХ-н даргын ажлыг авсны дараа 23 сар буюу бараг 2 жилийн дараа 1,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь бидэнд ямар нэгэн хардлага төрүүлэх үндэслэл болж байна. Иймд энэхүү хэргийг дахин хэлэлцэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч З.А- нь хариуцагч З  СӨХ-д холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а З.А- болон З  СӨХ-ны хооронд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулагдсан ба З  СӨХ шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлсийг олгох үүрэг хүлээнэ гэж, иргэн З.А- нь З  СӨХ-г төлөөлж шүүх хуралд оролцоно гэж тус тус тохиролцсон байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

3.б З  СӨХ-ны гүйцэтгэх захирал солигдсон болон гэрээнд СӨХ-ны тамга дарагдаагүй байдал нь гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэхгүй юм.

3.в З.А- нь З  СӨХ-г төлөөлж Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02797 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд З.А- нь З  СӨХ-той гэрээ байгуулсан гэрээний үүргээ биелүүлж шүүх хуралдаанд оролцсон гэх үйл баримтыг нотолж байгаа тохиолдолд З  СӨХ нь уг үйл баримтыг үгүйсгэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

3.г З  СӨХ нь хүчин төгөлдөр гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй ба уг үүргээ гүйцэтгэсэн гэх байдлаа нотлоогүй. Түүнчлэн талууд гэрээний үнийг тодорхойлохдоо шийдвэрийн үнийн дүнгийн 10 хувиар тодорхойлно гэж тохиролцсон нь ойлгомжгүй байх боловч анхан шатны шүүх уг тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний ерөнхий агуулгатай харьцуулж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02797 дугаар шийдвэрээр хариуцагч СӨХ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 5,845,000 төгрөгийн 10 хувиар тооцон 584,500 төгрөгөөр тодорхойлж, З  СӨХ-өөс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

4.а Харин З.А- нь Тэнгэр даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.А-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлж оролцсон хөлсийг З  СӨХ-ноос шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

З.А- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн102/ШШ2019/03427 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02783 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэн Ч.Алтантолийг төлөөлөн оролцсон, уг шийдвэрүүдээр Тэнгэр даатгал ХХК болон Б.Баярхүү нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний маргааныг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүх З  СӨХ-ноос дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбоотой хууль зүйн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн.

5. Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 18,185 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгч төлсөн 18,170 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Э.ЗОЛЗАЯА