| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0202/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-н овогт Н-гийн Г-эд холбогдох эрүүгийн 1810006970259 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...........” ХХК-нд харуулын албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5-р хороо Яармагийн ............. тоотод оршин суух,
- Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 488 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б-н овогт Н-гийн Г- /РД:........../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн автобусны 2 дугаар буудлын ойролцоо иргэн Г.Э-тай маргалдан улмаар түүний толгой хэсэгт чулуугаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Мөн эрүүгийн 1810006970259 дугаартай хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Н.Г- 2018.04.25-ны өдөр мэдүүлэхдээ: ... Миний төрсөн өдөр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тохиосон бөгөөд би тухайн өдөр төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй учраас 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эхнэр болон хоёр найзынхаа хамт тэмдэглэхээр ХУД-ийнн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” пабд орж үйлчлүүлээд шөнийн 01-02 цагийн орчим эхнэр Туулын хамт гэртээ харихаар гарсан. Эхнэр бид хоёр “Дээд бодь” хийдийн орчим гудамжаар алхаж байхад танихгүй залуу ирээд айл асуусан. Би тэр залуугийн асуусан айлыг мэдэхгүй, харин эхнэр Туул тухайн айлыг нь мэдэж байсан учраас зааж өгсөн. Манай эхнэр тэр залуугийн асуусан хүнийг “Өдөр архи уусан согтуу явж байна лээ” гэж хэлэхэд нөгөө залуу “манай хүнийг согтуу гэж хэллээ” гээд чулуу аваад шидэхэд эхнэрийн нуруу хэсэгт оносон. Би тэр залуутай барьцалдаж аваад түүнийг хавсарч газарт унагаасан. Би тэр залуугийн дээр нь дарж унасан. Газарт чулуу харагдахаар нь гартаа барьж байгаад нөгөө залуугийн толгой хэсэгт цохисон. Тэгээд нэг нэгнийхээ дээр гараад өнхөрсөн. Би тэр залууг цагдаа иртэл явуулахгүй гэж бодоод дээр нь дараад хэвтэж байхад цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
2. Хохирогч Г.Э- 2018.03.29-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 сарын 19-ний шөнө 01 цагийн үед ХУД-ийн 4 хороо Яармагийн 2 дугаар буудлаас урд талынх нь буудал руу гарч Зайсан руу аавынх руу явах гээд автобусны буудал дээр зогсож байтал Гандангийн тэр хавиас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирсэн. Би айл асуутал эмэгтэй нь “юугаа яриад байгаа архичин бэ” гээд хэл амаар доромжлохоор нь “танаас би зүгээр юм асууж байна ш дээ, адилхан архи уусан байж архичинаар дуудлаа” гэхэд нөгөө эмэгтэй над руу чулуу аваад шидсэн. Би “та яаж байна” гэхэд эрэгтэй нь намайг барьж авч унагаагаад газраас чулуу аваад миний толгойг хагалж, чулуугаар бие рүү хэд хэдэн удаа цохисон. Толгойноос цус гарахаар би нөхөртэй нь барьцалдаад автал эхнэр нь хажуу талаас миний хөл, нуруу руу өшиглөөд байсан. Цаанаас 2-3 хүн гарч ирсэн ба нэг эмэгтэй нь “наадахаа хэтрүүлээд байна ш дээ, болиоч” гэж хэлж байсан. Би тэр эрэгтэйг зугтаачихаж магадгүй гээд газар дараад хэвтэж байсан. ... Удалгүй цагдаа ирсэн. ... Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,
2018.04.23-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би Г-эд зодуулснаас болж нэг сар ажилдаа яваагүй ба өдрийн 22.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Би Г-ээс ажилгүй байсан хугацааны цалин 660.000 төгрөг, толгойгоо хагалуулснаас болоод эм тариа хэрэглэсэн. Би нийтдээ 700.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
2018.04.30-ны өдөр мэдүүлэхдээ: ... Г- миний толгой хэсэг рүү чулуугаар цохисон. Мөн миний хавирга хэсэг рүү гартаа барьсан чулуугаар цохисон. Газарт унаад өнхөрөлдөж байх үед цохисон учраас яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. ... Г- миний биед гэмтэл учруулсан. ... Хохирлын мөнгөө бүрэн хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
3. Гэрч П.П- 2018.04.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр а/а Д.Баатарсүхийн хамт “Эрхэс-11” чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 01-02 цагийн орчимд Яармагийн 2-р буудал “Дээд бодь” хийдийн хажууд согтуу хүн танхайраад байна гэсэн дуудлагын дагуу очиход жижиг биетэй 45 орчим настай бага зэргийн халамцуу ах зүс таних Эрхэмбаяр гэх залуугийн дээр нь дараад хэвтэж байсан. Тэр хоёрыг салгаад юу болсон талаар асуухад өөрийгөө Г- гэж танилцуулсан хүн “манай эхнэрийг чулуугаар цохихоор нь би газраас чулуу аваад Эрхэмбаярын толгой руу цохисон” гэхэд Эрхэмбаяр нь “Г-эд зодуулсан” гэж хэлсэн. Эрхэмбаярын толгойн орой хэсгээс цус гарч байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
4. Гэрч Х.Т- 2018.04.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... Манай нөхөр Н.Г-ийн төрсөн өдөр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болдог. Тухайн үед нь нөхрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэж чадаагүй болохоор 2018 оны 03 дугаар сарын 18-ны орой найз Отгончимэг, Сайнхүү нарын хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны “Ундарга” пабд орж 1 шил 0,33 литрийн савлагаатай архи аваад пабын караокены өрөө рүү орсон. ... Манай нөхөр маргааш нь ажилтай байсан учраас бид хоёр эрт харьж амаръя гэж бодоод 01 цагийн үед гарсан. Бид хоёр “Дээд бодь” хийдийн хажуу талд явж байхад зүс таних 30 гаран настай залуу нөхөр бид хоёрын хажуугаар өнгөрөхдөө “Ээрийгийн гэр хаана байдаг юм бэ” гэхээр нь нөхөр бид хоёр гэрийг нь зааж өгсөн. Би “Ээрий архи уучихсан явж байна лээ” гэхэд нөгөө залуу газраас чулуу аваад миний зүүн талын бөөрний ар хэсэгт цохисон. Би “ёоё, чи намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд манай нөхөр уурлаад “Чи яахаараа эмэгтэй хүнийг цохидог юм бэ” гэж хэлээд тэр залуутай барьцалдаж авсан. Манай нөхөр тухайн залууг хавсарч газарт унагаагаад тэр хоёр дээр доороо ороод өнхрөлдөөд байсан. Би тэр хоёрын зодооныг салгах гээд голоор нь орох гэхэд намайг ойртуулахгүй байсан. Тэгээд би сандраад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р хуудас/,
5. Шинжээч эмч Т.Чимэд-Очир 2018.05.17-ны өдөр мэдүүлэхдээ: ... 7-р хавирганы хугарал гэмтэл нь гар хөлөөр цохих, цээжин дээрээс нь дарж унах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3938 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Э-ын биед зүүн талын 7-р хавирганы хугарал, зулайн хуйханд шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун ташаа, зүүн дал, бүсэлхийн зүүн хэсэг, зүүн ташаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх зүүн талын 7-р хавирганы хугарал, зулайн хуйханд шарх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №4380 дугаартай дүгнэлтэнд:
1. Туулын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 31-р хуудас/,
8. Хохирогч Г.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- “Төвшин центурион” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/,
9. Шүүгдэгч Н.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37-р хуудас/,
- Хан-Уул дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/,
- “Анжел стар” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 44, 68-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/,
- Баянгол дүүргийн шүүхийн 1998.07.29-ний өдрийн 488 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 48-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Н.Г-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн автобусны 2 дугаар буудлын ойролцоо “Чи яахаараа эмэгтэй хүнийг цохидог юм бэ” гээд хохирогч Г.Э-тай “эхнэрийг цохилоо” гэх шалтгаанаар маргаж, газарт хавсарч унагааж толгой руу нь чулуугаар цохиж зодон “...зүүн талын 7-р хавирганы хугарал, зулайн хуйханд шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун ташаа, зүүн дал, бүсэлхийн зүүн хэсэг, зүүн ташаанд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.Э-ын ... Гандангийн тэр хавиас эрэгтэй, эмэгтэй 2 хүн /Г-, Туул/ гарч ирсэн. Би айл асуутал эмэгтэй нь /Х.Т-/ “юугаа яриад байгаа архичин бэ” гээд хэл амаар доромжлохоор нь “танаас би зүгээр юм асууж байна ш дээ, адилхан архи уусан байж архичинаар дуудлаа” гэхэд нөгөө эмэгтэй /Х.Т-/ над руу чулуу аваад шидсэн. Би “та яаж байна” гэхэд эрэгтэй /Н.Г-/ нь намайг барьж авч унагаагаад газраас чулуу аваад миний толгойг хагалж, чулуугаар бие рүү хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,
2018.04.30-ны өдөр: ... Г- миний толгой хэсэг рүү чулуугаар цохисон. Мөн миний хавирга хэсэг рүү гартаа барьсан чулуугаар цохисон. Газарт унаад өнхөрөлдөж байх үед цохисон учраас яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. ... Г- миний биед гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч П.П-гийн ... Шөнө 01-02 цагийн орчимд Яармагийн 2-р буудал “Дээд бодь” хийдийн хажууд согтуу хүн танхайраад байна гэсэн дуудлагын дагуу очиход жижиг биетэй 45 орчим настай бага зэргийн халамцуу ах /Н.Г-/ зүс таних Г.Э- гэх залуугийн дээр нь дараад хэвтэж байсан. Тэр хоёрыг салгаад юу болсон талаар асуухад өөрийгөө Н.Г- гэж танилцуулсан хүн “манай эхнэрийг чулуугаар цохихоор нь би газраас чулуу аваад Г.Э-ын толгой руу цохисон” гэхэд Эрхэмбаяр нь “Г-эд зодуулсан” гэж хэлсэн. Эрхэмбаярын толгойн орой хэсгээс цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Х.Т-ын ... Нөхөр бид хоёр “Дээд бодь” хийдийн хажуу талд явж байхад зүс таних 30 гаран настай залуу /Г.Э-/ нөхөр бид хоёрын хажуугаар өнгөрөхдөө “Ээрийгийн гэр хаана байдаг юм бэ” гэхээр нь нөхөр бид хоёр гэрийг нь зааж өгсөн. Би “Ээрий архи уучихсан явж байна лээ” гэхэд нөгөө залуу газраас чулуу аваад миний зүүн талын бөөрний ар хэсэгт цохисон. Би “ёоё, чи намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд манай нөхөр уурлаад “Чи яахаараа эмэгтэй хүнийг цохидог юм бэ” гэж хэлээд тэр залуутай /Г.Э-/ барьцалдаж авсан. Манай нөхөр тухайн залууг хавсарч газарт унагаагаад тэр хоёр дээр доороо ороод өнхрөлдөөд байсан...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р хуудас/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очирын ... 7-р хавирганы хугарал гэмтэл нь гар хөлөөр цохих, цээжин дээрээс нь дарж унах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3938 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Э-ын биед зүүн талын 7-р хавирганы хугарал, зулайн хуйханд шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун ташаа, зүүн дал, бүсэлхийн зүүн хэсэг, зүүн ташаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх зүүн талын 7-р хавирганы хугарал, зулайн хуйханд шарх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Г.Э-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Г- түүнийг чулуугаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Н.Г-ийн хохирогч Г.Э-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Прокуророос тэдгээрийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч Н.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Г.Э- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 69-р хуудас/ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай прокурорын саналаар Н.Г-эд холбогдох эрүүгийн 1810006970259 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, Н.Г-ийн сарын орлогыг нь харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Г-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Э- нь “...Хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 70-р хуудас/ гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгч Н.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.