Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/1110

 

 

 

 

   2024            10              01                                      2024/ДШМ/1110

 

                                               Ш.Б-эд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

яллагдагч Ш.Б-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1816 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ш.Б-эд холбогдох 2309019471774 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б-э,

 

Ш.Б-э нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Ц-ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох дизель генератор, иж бүрэн 5 ханатай гэр 4 ширхэг, арматур төмөр 5 тонн, модон ширээ 5 ширхэг, ус нөөцлөх сав 2 ширхэг, 150 м цахилгаан кабель утас зэргийг өөрийн өмчлөлийн “Howa” загварын ****УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачин Сонгинохайрхан дүүргийн ****** тоот хашаанд авчиран 2023 оны 04 дүгээр сард тухайн эд зүйлсийг бусдад зарж борлуулан завшсаны улмаас 33.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж зохицуулсан.

Тодруулбал, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн тодорхойлолт “...нийт 33.600.000 төгрөгийн үнэ ханштай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна.” гэж заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээ хийхийг хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараах зүйлийг тусгана “...шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар, шинжилгээ хийх болсон үндэслэл, шинжилгээний төрөл, хэлбэр, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл, эцэг /эх/, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээлэл, шинжилгээний объектын талаарх мэдээлэл шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц, шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээлэл, шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл, тоон болон чанарын үзүүлэлт, бусад..." гэж заасан боловч шинжээч М.Эрхэмбаярын хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтод дээр дурдсан мэдээлэл, тусгай мэдлэг ашигласан, хөрөнгийн үнэлгээг хэрхэн харьцуулан шинжилсэн зэрэг ямар ч мэдээлэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тогтоосон шинжилгээ хийлгэх журмыг зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлаар мэргэшсэн хувийн сонирхолгүй этгээд шинжилгээ хийсэн байх нь дүгнэлтийн хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг илэрхийлдэг тул үүнд онцгой анхаарвал зохино.

Цаашилбал, шинжилгээнд хэрэглэсэн арга зүй, гарсан үр дүн нь тухайн салбарын орчин үеийн чиг хандлага, хөгжлийн түвшинд тохирсон болон учир зүй, логикийн дараалалд нийцсэн төдийгүй хөрөнгийг үнэлгээг хийхдээ зах зээлийн болон өртгийн, хандлагын үнэлгээний аль аргыг ашигласан, хөрөнгийн чанар, тоон үзүүлэлт зэргийг харгалзсан талаар мэдээлэл байхгүй, тусгай мэдлэг ашигласан эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн, Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийхэд тайлан гарсан байхаар хуульчилсан бөгөөд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн захирал М.Эрхэмбаярын тодорхойлолт нь тайлан хэлбэртэй гараагүй, хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзнэ. Залилах гэмт хэргийг шалгахдаа хохирлын хэмжээг шууд учирсан хохирлын хэмжээгээр тогтоох, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийх ажиллагаа нь яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль тохирох зүйлчлэлээр ял сонсгоход онцгой ач холбогдолтой тул хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмыг баримтлан, тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийх шаардлагатай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах буюу дахин шинжээч томилох нь зүйтэй.

 Хохирогчийг зөв тогтоох тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж тус тус зохицуулснаас үзвэл хохирогчийг зөв тогтоох нь гэмт хэргийн улмаас эрх зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг ач холбогдолтой.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч нь хүн, хуулийн этгээдийн аль, аль нь байхаар хуульчилсан бөгөөд “***” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өргөдөлд “...манай компани нь...43.500.000 төгрөгийн эд зүйлийг зарж үрэгдүүлсэн...”1 гэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц-ын тайлбар зэргээр нэр төрөл бүхий 6 эд зүйлийн хөрөнгө нь “***” ХХК-ийн хөрөнгө, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс захирал Б.Ц- өргөдөл гаргасныг хохирогчийг буруу тогтоосныг шүүх зөвтгөх боломжгүй төдийгүй түүнд эрх, үүрэг тайлбарлах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх зэрэг хуульд заасан нөхцөл үүснэ.

 Хохирлын хэмжээг зөв тогтоох тухайд:

Ш.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З гэр Чандмань суманд айлын амбаарт байгаа... 3 гэрийг нийлүүлээд 2.000.000 төгрөгт бодож...Говь-Алтай аймгийн Чандмань суманд байрлах 3 Монгол гэрийг зарж борлуулаагүй...” гэсэн мэдүүлэг, М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Монгол гэр 3...цэнхэр портер машин дээр 5 ханатай Монгол гэр 1-г ачсан...” гэсэн мэдүүлэг, У.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Монгол гэр 3...” гэсэн мэдүүлэг тус хавтас хэрэгт авагдсан зэргээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, Говь-Алтай аймгийн Чандмань суманд байгаа эсэхийг тодруулах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ. Улсын яллагчийн зүгээс тус гэрийг хаана байгаа талаар ажиллагаа хийгдсэн, хураан авах гэсэн боловч байгалийн цаг уурын нөхцөл байдлын улмаас тус ажиллагаа хийгдээгүй гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт нь хавтас хэрэгт авагдаагүй болохыг анхаарвал зохино.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1- д зааснаар яллагдагч нь ямар хэрэгт шалгагдаж байгааг мэдэх үндсэн эрхтэй бөгөөд яллах дүгнэлтэд хэдий хугацааны, ямар үйлдлийн улмаас хохирогчид хохирол учруулсан эсэх нь тодорхойгүй байгаа нь яллагдагчийн үндсэн эрхээ эдлэх боломжгүй, цаашилбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, гомдол боломжгүй нөхцөл үүснэ. Нотолбол зохих байдал нь нийтлэг шинжтэй. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудлууд буюу гэмт хэрэг хаана, хэзээ, яаж үйлдэгдсэн зэргийг тодруулах нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой төдийгүй нотолбол зохих байдал байдал нь бүрэн тогтоогдоогүй байвал нотолгооны зорилго, чиглэл, үр ашиггүй болох, эрүүгийн хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадахгүйд хүрнэ. Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөгч, прокурорын хийх ажиллагааны талаар шийдвэртээ нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаанд нэмж хийлгэх нь хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох, тогтоогдсон нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт яллагдагч гэм буруутай эсэх, яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг хөдөлбөргүй тогтоохын зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журам шаардлагын хүрээнд явуулахад чухал ач холбогдолтой гэх үндэслэлээр яллагдагч Ш.Б-эд холбогдох эрүүгийн 2308017662195 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, Ш.Б-эд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлийг заасан байдаг. “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ ханшны тодорхойлолт”-ыг салбарын захирал М.Эрхэмбаяр буюу 140600035 дугаартай, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд гаргасан байх ба түүнд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана...” гэж заасан байх тул хэрэв шүүх “***” ХХК-ийг хохирогчоор тогтоох үндэслэлтэй гэж үзэж байгаа бол хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэх явцад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд зааснаар шийдвэрлэх боломжтой.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч Д.Ц-, гэрч Д.Б, М.А, У.Б, Ш.С нараас мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагч Ш.Б-э нь “...дизель генератор, иж бүрэн 5 ханатай гэр 4 ширхэг, арматур төмөр 5 тонн, модон ширээ 5 ширхэг, ус нөөцлөх сав 2 ширхэг, цахилгаан кабель утас 150 м” зэргийг өөрийн өмчлөлийн “Howa” загварын ****УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачин авч явж, Сонгинохайрхан дүүргийн тоот хашаанд авчран 2023 оны 04 дүгээр сард тухайн эд зүйлсийг бусдад зарж борлуулан завшсаны улмаас бусдад 33.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон. Хэрэв шүүх хэргийн хохирлын талаар тодруулах зүйл байгаа гэж үзвэл, хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах байдлаар дээрх эд зүйлсийн тоо ширхэг бусад байдлыг тодруулах боломжтой. Дээрхээс 3 гэр нь Говь-Алтай аймгийн Чандмань суманд айлын амбаарт байгаа гэх боловч тус гэрүүдийг хураан авах ажиллагаа хийгдээгүй байгаа нь хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй, түүнчлэн хураан авах ажиллагааг шүүхийн шийдвэрт тусгуулах байдлаар хохирол гаргуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Хэрэгт авагдсан баримтуудаар, яллагдагч Ш.Б-э нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Ц-ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлсийг 2023 оны 04 дүгээр сард бусдад зарж борлуулан завшсаны улмаас бусдад 33.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогддог. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Ш.Б-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зорилттой. Гэтэл хэргийг бүрэн илрүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн дүгнэлт гарсан. Тодорхойлолт нь тайлан юм уу, тодорхойлолт юм уу, дүгнэлт нь юуг үндэслэж гарсан зэрэг тодорхойгүй нөхцөл байдлууд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн тухайд иргэний эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаж оролцсон. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой цуглуулсан бол хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцох боломж бүрдэх ёстой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримт бүрэн цуглараагүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ш.Б-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Прокуророос яллагдагч Ш.Б-ийг 2023 оны 4 дүгээр сард Д.Ц-ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох дизель генератор, иж бүрэн 5 ханатай гэр 4 ширхэг, арматур төмөр 5 тонн, модон ширээ 5 ширхэг, ус нөөцлөх сав 2 ширхэг, 150м цахилгаан кабель утас зэргийг бусдад зарж борлуулан завшсаны улмаас 33.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Ш.Б-эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...шинжээчийн дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн, ...хохирогчийг зөв тогтоож, хохирлыг бодитой тогтоох шаардлагатай. ...”  гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад нөлөөлнө.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх бодитой тогтооход ач холбогдолтой.

 

 Хэрэгт “Итгэлт эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ ханшны тодорхойлолт авагдсан /хх 58/ байх ба энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүйгээс гадна хөрөнгийн үнэлгээг хэрхэн харьцуулан шинжилсэн болон шинжилгээнд хэрэглэсэн арга зүй буюу үнэлгээг хийхдээ зах зээлийн болон өртгийн, хандлагын үнэлгээний алийг нь ашигласан, хөрөнгийн чанар, тоон үзүүлэлт зэргийг харгалзсан талаарх мэдээлэл байхгүй байна.

 

Түүнчлэн, Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийхэд тайлан гарсан байхаар хуульчилсан бөгөөд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн захирал М.Эрхэмбаярын тодорхойлолт нь тайлан хэлбэртэй гараагүй, хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзсэн анхан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нөгөөтээгүүр  хохирогч, гэрч нар ачиж явсан гэх монгол гэрийн тоо, ширхгийн талаар зөрүүтэй мэдүүлж байгаа нөхцөл байдлыг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг зөв тогтоосон эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1816 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН