| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2025/00015/И |
| Дугаар | 191/ШШ2025/00895 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00895
| 2025 01 30 | 191/ШШ2025/00895 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг, дүгээр хороо, , , дүгээр давхарт байрлах, Пр да ХХК /РД:....../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чо овогт Бя-гийн Ба /РД:....../-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Пр да ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Ба нь С дүүрэг, дугаар хороо, , байр, тоот хаягт оршин суух хугацаандаа Ху хө ба-тай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2021/415/01/9999/0087 тоот Хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 1,479,500 төгрөгийг сарын 1,1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн нийт үлдэгдэл нь 1,360,000 төгрөг байна.
Дээрх зээлийн эрсдэл нь Пр да ХХК-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Ху хө ба-д олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно.
Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягт тийм хүн байхгүй, С дүүрэг, дугаар хорооноос тодруулахад тус хороонд бүртгэлгүй, оршин суудаггүй байна.
Иймд хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Б.Ба-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/
2.2 С дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-5/
2.3 Хэрэглээний зээлийн гэрээ /хх-6--8/
2.4 Зээлдэгчийн мэдээлэл, дансны хуулга, Нөхөн төлбөрийн тушаал /хх-9-11/
2.5 Хэрэглээний зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ /хх-14-17/
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2025/00052 дугаар захирамжаар Б.Ба-ийн оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Пр да ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ба-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулсан.
Пр да ХХК нь Б.Ба-ийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хэрэгт Хэрэглээний зээлийн гэрээ, Хэрэглээний зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ авагдсан ба Б.Ба нь дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Пр да ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүднээс шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулна.
Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх тухай захирамж гарган Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Б.Ба-ийн оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ба нь С дүүрэг, дүгээр хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон байна.
Тус хаягаар шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэхэд Б.Ба нь өөрөө мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ.
Иймд хүсэлт гаргагч Пр да ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ба-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Хүсэлт гаргагч Пр да ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чо овогт Бя-гийн Ба /РД:....../-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Пр да ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Пр да ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ