Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 169

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810009190251 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Н.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Н.Аыг Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос авч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух гэрт нь хүргэж өгөхдөө Н.А Хаан банкны виза картыг хууль бусаар авч, 3 удаагийн АТМ дээрх гүйлгээгээр бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Д: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад пабаас гараад яг үүднээс нь такси барьсан. Согтоо байсан учир замдаа юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Миний ухаан санаа орж гараад яваад байсан нэг мэдсэн чинь “Янгир хайрхан” дэлгүүрэс таксины жолоочтой хамт архи авч байсан, тэгээд нэг мэдсэн чинь гэртээ харьчихсан байсан. Өглөө сэрэх үед виза карт, халаасанд байсан 50,000 төгрөг алга болсон. Тэгээд Хаан банкин дээр очиж дансны хуулгаа харахад “Янгир хайрхан” дэлгүүрээс архи авсан, мөн танихгүй газруудаас мөнгө авсаар байгаад 2,100,000 төгрөг авчихсан, халаасанд байсан 50,000 төгрөг алга болсон байсан. Тэгээд “Янгир хайрхан” хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд дэлгүүрт би таксины жолоочтой хамт явж байгаад касс дээр тооцоо хийснийхээ дараа картаа торондоо хийсэн байсан. ...Таксины жолооч картын нууц дугаарыг дэлгүүрт хамт орох үед мэдсэн байх...” /хх-ийн 19-20, 26/ гэсэн,

 

Гэрч М.Баярцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байхад нөхөр рүүгээ хаана явж байна гээд ярихад Нисэхт байна гэсэн. Тэгээд намайг Цамбагараваас ирж аваад Толгойт руу хүргэж өгчихөөд буцаад таксинд явсан. Өглөө үүрээр орж ирсэн. ...Хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор өрөө дарах гээд ийм асуудалд орчихсон гэж хэлсэн...” /хх-ийн 27-28/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Стеллаа баарнаас Нисэх чиглэлд хүн авсан. ...Тэр хүн замаараа дэлгүүр орж архи, ундаа аваад тооцоогоо карт уншуулж хийсэн. ...Торон дотор тэр хүний карт байсан, тэр хүн тороо машинд үлдээхээр нь торон дотроос картыг таксинд явах замаараа Баянхошууны хөтөлийн Хаан банкны АТМ-ээс 800,000 төгрөг, Зурагтын шинэ эцсийн АТМ-ээс 800,000 төгрөг, Эх нялхасын баруун хойд талын АТМ-ээс 500,000 төгрөг аваад гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь хүнээс зээлсэн байсан мөнгөө дээрх мөнгөнөөс өгсөн. ...Тэр хүн дэлгүүрт байхдаа кодоо хэд хэдэн удаа давтаж хэлсэн учраас картын нууц дугаарыг мэдэж авсан...” /хх-ийн 30-32/ гэсэн мэдүүлгүүд,

 

-  Н.Д-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэх, оршин суугаа газрын лавлагаа хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-37, 38, 39-41/,

- Хохирогч Н.А Хаан банкны дансны хуулга /хх-ийн 7/ ,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Д-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 73-82 УНГ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Н.Аыг Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос авч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух гэрт нь хүргэж өгөхдөө түүний Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, АТМ-ы гурван удаагийн гүйлгээгээр бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Аы өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад пабаас гараад яг үүднээс нь такси барьсан. Согтсон байсан учир замдаа юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. ...Өглөө сэрэх үед виза карт болон халаасанд байсан 50,000 төгрөг алга болсон байсан. Хаан банкны дансны хуулгаа харахад “Янгир хайрхан” дэлгүүрээс архи авсан, мөн танихгүй газруудаас бэлэн мөнгө авсан, нийтдээ 2,100,000 төгрөг авчихсан байсан. “Янгир хайрхан” хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд дэлгүүр дотор таксины жолоочтой хамт явж байгаад тооцоо хийж, картаа торондоо хийсэн байсан. ...Таксины жолооч картын нууц дугаарын дэлгүүрт хамт орох үед мэдсэн байх...” /хх-ийн 19-20, 26/ гэсэн,

Шүүгдэгч Н.Д-н өгсөн “...Торон дотор тэр хүний карт байхаар нь аваад таксинд явах замаараа Баянхошууны хөтөлийн Хаан банкны АТМ-ээс 800,000 төгрөг, Зурагтын шинэ эцсийн АТМ-ээс 800,000 төгрөг, Эх нялхасын баруун хойд талын АТМ-ээс 500,000 төгрөг аваад гэртээ очиж амарсан. Хүнээс зээлсэн байсан мөнгөө дээрх мөнгөнөөс өгсөн. ...Тэр хүн дэлгүүрт байхдаа кодоо хэд хэдэн удаа давтаж хэлсэн учраас картын нууц дугаарыг мэдэж авсан...” /хх-ийн 30-32/ гэсэн мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Д-г гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.Д-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ад 2,100,000 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 23-24/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөргүй байна

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосноор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх боломжтой байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Н.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Д-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810009190251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.А гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР