Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/1111

 

 

 

 

   2024          10              01                                        2024/ДШМ/1111

 

                                   Н.Б-э, В.Л- нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч, хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Атарболд,

шүүгдэгч, хохирогч В.Л-ийн өмгөөлөгч Б.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/741 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б-э, В.Л- нарт холбогдох 2306000003620 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б-э,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх буюу 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

 

2. Л-,

 

Шүүгдэгч Н.Б-э нь 2023 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home land” хотхоны *******тоотын гадна В.Л-ийн хамтран амьдрагч Д.А-тай гэр бүлээс гадуур харилцаатай болсон, уг харилцаа ил болж тухайн харилцаатай холбоотой хардалт, өс хонзон, заналхийлэл зэрэг таарамжгүй харилцаа бий болсноос шалтгаалж В.Л-тэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

В.Л- нь мөн өдөр, мөн газар Н.Б-ийг хамтран амьдрагч Д.А-тай гэр бүлээс гадуур харилцаатай болсонд дургүйцэж тухайн харилцаатай холбоотой хардалт, өс хонзон, заналхийлэл зэрэг таарамжгүй харилцаа бий болсноос шалтгаалж, Н.Б-этэй маргалдаж, улмаар түүнтэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б-э, В.Л- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Б-э, Л- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Л-д 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Б-эд 3 /гурав/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч В.Л- нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүгдэгч Н.Б-э нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н.Б-э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч В.Л-, Н.Б-э нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар харилцан бие биеэсээ нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Н.Б-э нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр огт маргадаггүй, учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, цаашид гарах төлбөр мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй, мөн хохирогч В.Л-ийн хууль бус үйл ажиллагаанаас болсон асуудлыг мэдүүлэг дээрээ дурдаж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч Н.Б-э БНХАУ-д их сургууль төгссөн, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд “*******” ХХК-д гадаад харилцаа хариуцсан менежер, орчуулагчаар ажилладаг. Ажлын газар нь Дорноговьд аймагт байрлан “*******” ХХК-нь ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Өвөрмонголын өөртөө засах орны давж заалдах шатны шүүх дээр “*******” ХХК-ийн бусдад залилан мэхлүүлсэн асуудал дээр Н.Б нь төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг руу байнга явах, гадаад улсад хянан шийдвэрлэгдэж буй хэргийн хүрээнд гадаад улс руу зорчих нөхцөл байдал байнга үүсдэгээс хамаарч зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд дээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Н.Б-э нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол мөнгөө төлөхөө илэрхийлсэн, ажил мэргэжлийн онцлог, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар зорчих эрх хязгаарласан ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч В.Л-ийн өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, шүүгдэгч, хохирогч Н.Б-ийн хувийн байдал, хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл гэсэн 2 үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч, хохирогч гэж явдаг бөгөөд хохирогч нь Н.Б-э юм. Анхан шатны шүүхээс хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Н.Б-ийн хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүхээс оногдуулсан шийтгэлийг өөртөө тохируулж оногдуулах гэсэн санаатай давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-э, В.Л- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.Б-э нь 2023 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home land” хотхоны *******тоотын гадна В.Л-ийн хамтран амьдрагч Д.А-тай гэр бүлээс гадуур харилцаатай болсон, уг харилцаа ил болж тухайн харилцаатай холбоотой таарамжгүй харилцаа бий болсноос шалтгаалж В.Л-тэй маргалдаж, улмаар түүнийг өшиглөх, цохих зэргээр зодож тархи доргилт, баруун чихний омог, хүзүү, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун чамархай, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч В.Л- нь мөн өдөр, мөн газар Н.Б-ийг хамтран амьдрагч Д.А-тай гэр бүлээс гадуур харилцаатай болсонд дургүйцэж тухайн харилцаатай холбоотой таарамжгүй харилцаа бий болсноос шалтгаалж, Н.Б-этэй маргалдаж, улмаар түүнтэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

В.Л-ийн хохирогчоор өгсөн “ ...хаалга тогшоод байхаар нь хаалгаа нээсэн. Н.Б-э “чамтай уулзахаар ирлээ" гээд гэрт орж ирээд намайг татаж гаргаж ирээд орцонд зодсон. ...Толгой руу цохисон, цээж рүү өшиглөсөн, нүүр лүү цохисон гар дээр дэвссэн. ...Манай эхнэртэй холбоотой харилцдаг залуу болохоор нэрийг нь мэдэж байсан. ...” /хх 23/,

Н.Б-ийн хохирогчоор өгсөн “...тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний шөнө би гэртээ орж чадахгүй байсан. Утасгүй байсан учраас ярьж чадахгүй А-гийн гэр лүү явсан. Гэрийнх нь хаалгыг тогшиход Л- гарч ирэхээр нь би хараад нэг л биш болоод явчихлаа гэдгийг нь мэдээд хаалга андуурчихаж гэхэд "Чи наанаа байж байдаа" гэж хэлээд өөрийнхөө хувцсыг өмсчихөөд гэрээсээ гарч ирсэн. Тэгээд ямар нэгэн зүйл яриагүй шууд л цохиж аваад намайг хананд шахаж 4-5 удаа нүүр лүү цохисон. Намайг яг цохиулж байх үед А- Л-ийг салгаад намайг "эндээс яв" гэж хэлсэн. Би зугтаад лифт рүү ортол миний цамцны хоолой хэсгээс араас зуурч авахад нь би газарт унасан. ...” /хх 28/

гэрч Д.А-гийн “...Б-э хаалга нүдсэн юм шиг байсан бөгөөд лифтнээс гарч ирэхэд Л-, Б-э нар өөд өөдөөсөө харчихсан байдалтай зогсож байсан. Намайг хараад Л- нь шууд Б-ийг цохисон. Тэгээд араас нь зулгааж зууралдаж байгаад Б-э нь зугтаагаад явчихсаны дараа Л- нь намайг гараа зангидаад зүүн шанаа руу 1 удаа цохисон. ...Л-ийг Б-э нь тухайн үед яг өшиглөөгүй, зууралдаад цохиж байгаа харагдсан. Би дундуур нь ороод салгах гэж оролдсон ч чадаагүй. Л-ийн биед тухайн үед нэг газарт нь шалбарсан байсныг харсан. ...Н.Б-э болон В.Л- нар нь тэр үед шууд барилцаж аваад харилцан цохилцож эхэлсэн бөгөөд газарт унаж зууралдаж, цохилцоод босож ирээд нэгнийгээ харилцан цохиж, зодож байсан.” /хх 30-33/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд дурдагдсан Н.Б-ийн хамарт учирсан гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд бол бүрэн эдгэрсэн байх ёстой. ...бороо үүсэж ясны хугарал эдгэрэлтийн байдалд шилжсэн байна. Дээрх гэмтлийг хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. ...” /хх 130/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...В.Л-ийн биед тархи доргилт, баруун чихний омог, хүзүү, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун чамархай, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13158 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 54-55/,

 “ ... Н.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны муруйлт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150001 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 58-59/,

“Мед траума” эмнэлгийн “Дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх 60/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Б-э, В.Л- нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Н.Б-э болон  В.Л- нарын бие биеийнхээ эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-э, В.Л- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл заалтад зааснаар Н.Б-эд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, В.Л-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэснийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн гэмт хэрэгт үйлдэхэд нөлөөлсөн өөрийн зүй бус үйлдэлд дүгнэлт хийж, гэр бүлийн болон нийгмийн харилцаанд ухамсартайгаар хандаагүй, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял шийтгэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/741 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН