Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 314/ШШ/2025/00390

 

 2025         06             17                                                  314/ШШ2025/00390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 21 гудамж, 9 тоотод оршин суух, Цаатан овгийн Батсүхийн Цэнгэлмаагийн нэхэмжлэлтэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэнгэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оноос эхлэн 1996 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын БЦСТЗ ангид тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл улсад ажиллаж байсан жил тогтоогдохгүй, архиваас баримт шүүхэд гарч ирэхгүй байгаа тул намайг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын БЦСТЗ ангид ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн гэрчээр П.Оюунчимэг, Б.Саябум нарыг асууж өгнө үү.

Миний бие Улаанбаатар хотод нөхрийгөө асарч эмнэлэгт байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай зөвлөмжийн хуудас,

1996 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Барилга цахилгаан сантехникийн засварын ангийн Сайшаалын үнэмлэхийн хуулбар,

1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Өвөрхангай аймгийн Барилга захиалагчийн товчооны  Баярын бичиг хуулбар,

1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Барилга цахилгаан сантехникийн захиалагчийн ангийн захиргааны Баярын бичиг хуулбар,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23/250 дугаартай албан бичигт: Б.Цэнгэлмаагийн ХААТР-1 маягт,

 Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай албан бичигт: “... Тус архивын хэлтсийн хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Барилга цахилгаан сан техникийн засварын анги баримт бичиг шилжиж ирээгүй тул Батсүхийн Цэнгэлмаад лавлагаа, хуулбар олгох боломжгүй байна..”гэсэн

Гэрч П.Оюунчимэг /РД:ЙЮ58121501/ мэдүүлэгтээ: “...Б.Цэнгэлмаа нь 1988 оноос эхлэн 1996 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын Барилга цахилгаан сан техникийн засварын ангид туслах ажилчнаар ажиллаж байсан..” гэсэн,

Гэрч Б.Саябум /РД ЙЮ67093005/ мэдүүлэгтээ: “...Б.Цэнгэлмаа нь 1988 оноос эхлэн 1996 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын Барилга цахилгаан сан техникийн засварын ангид туслах ажилчнаар ажиллаж байсан...”гэсэн

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Цэнгэлмаа нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Цэнгэлмаа нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Барилга цахилгаан сан техникийн засварын ангид ажиллаж байсан талаарх баримтууд архиваас шүүж үзэхэд гарч ирэхгүй байна... гэх тайлбарыг гаргажээ.

2. Тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргагч Б.Цэнгэлмаагийн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын БЦСТЗ ангид ажиллаж байсан талаарх нотлох баримтыг гаргуулахаар 314/ШЗ2025/01188 дугаартай шүүгчийн захирамж гарсан байна.

 Гэвч Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай албан бичигт: “... Тус архивын хэлтсийн хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Барилга цахилгаан сан техникийн засварын анги баримт бичиг шилжиж ирээгүй тул Батсүхийн Цэнгэлмаад лавлагаа, хуулбар олгох боломжгүй байна..” гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Мөн хүсэлт гаргагчийн хэрэгт хавсарган өгсөн Сайшаалын үнэмлэх, баярын бичиг зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул  1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Барилга цахилгаан сан техникийн засварын ангид ажилласан байдлыг тогтоох боломжгүй байна.

Гэрч П.Оюунчимэг, Б.Саябум нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ хүсэлт гаргагчийн ажилласан байдлын талаар мэдүүлсэн байгаа ч гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, гэрчийн мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Хүсэлт гаргагчийн гаргасан “ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Цэнгэлмаагийн гаргасан “ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ҮҮРИЙНТУЯА