| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0203/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т- овогт М-ын А-д холбогдох эрүүгийн 1710011770324 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10-р хороо Буян-Ухаа .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т- овогт М-ын А- /РД:............/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч М.А- нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг цагаан худгийн ойролцоо гудамжинд, хамт архи уусан хохирогч Д.Х-ыг “алхаж яваад арагшаа савж унаад байна” гэж уурлан хөл, гар руу нь удаа дараа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Мөн эрүүгийн 1710011770324 дугаартай хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч М.А- яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсгийн автобусны буудлын хойно байдаг дэлгүүрийн үүдэн дээр Хүрэлээтэй таарсан. Хүрэлээ “надад 3.000 төгрөг байна, энэ мөнгөн дээр нэмээд 1 шил архи авчих” гэхээр нь би 2.000 төгрөг нэмж 5.000 төгрөгийн 0,75 литрийн архи авсан. Дэлгүүрээс гараад үүдэнд Тайван, Батчулуун хоёртой таарсан. Дэлгүүрээс авсан архиа Хүрэлээ, Тайван, Батчулуун бид дөрөв Цогтоогийнд уухаар очиход Цогтоо ах гэртээ ганцаараа байсан. Цогтоо ах “архи уухгүй” гээд уугаагүй. Хүрэлээ, Тайван, Батчулуун бид дөрөв авсан 0,75 литрийн архиа хувааж уусан. 13 цаг өнгөрч байхад Цогтоо ах “ажилтай, одоо гэр гэртээ харьцгаа” гэхээр нь бүгдээрээ гэрээс нь гарсан. Цогтоо ах, Тайван, Батчулуун гурав “хотын төв рүү явлаа” гээд Хүрэлээ бид хоёроос салаад явсан. Харин Хүрэлээ бид хоёр 4 дүгээр хэсгийн дэлгүүрийн зүг рүү явсан. Дэлгүүрийн гадаа Нямаатай таарахад тэрээр “би 1 шил 0,75 литрийн архи аваад явж байна, манайд очиж ууя” гэхээр нь зөвшөөрөөд Нямаагийнд очсон. 15 цагийн үед Хүрэлээ бид хоёр Нямаагийнхаас гараад 200-300 метр явж байгаад Хүрэлээ замын хажуу тал руу шээх гэж байгаад хунгарласан цасан дээгүүр даваад айлын хашаа руу зүүн талаараа унасан. Хүрэлээ босож ирээд миний уруул руу гараараа цохиход миний уруулнаас цус гарсан. Тэр газраасаа 5-10 алхам алхаж явж байгаад Хүрэлээ бид хоёр зүүн тал руугаа хальтираад унасан. Би түрүүлж босоод Хүрэлээг “явъя босоочээ” гээд 4 удаа өшиглөсөн. Би яг Хүрэлээгийн хаана нь өшиглөснөө санахгүй байна. Цээж рүү нэг удаа өшиглөснөө санаж байсан. Би Хүрэлээг өшиглөсний дараа хажуу талд утас нь унасан байхаар авч халаасандаа хийгээд Хүрэлээг орхиод алхаж явж байснаа эргэж очоод “Хүрэлээ чи утсаа ав” гэхэд Хүрэлээ газраас босоод утсаа аваад халаасандаа хийсэн. ... Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. ... Би Хүрэлбаатар ахыг хэд хэдэн удаа өшиглөсөн нь үнэн. Гэхдээ тухайн үед хүмүүстэй нийлээд 3 шил архи уусан болохоор нилээд согтсон тул болж буй асуудлыг ойлгож, мэдэх чадваргүй болчихсон байсан. Ямар ч гэсэн цээж болон бусад хэсэгт 4-5 удаа “архи даасангүй, зүгээр явсангүй, гуйвж дайваад байна” гэж уурлаад өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
2. Хохирогч Д.Х- 2018.01.15-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсгийн автобусны буудлын замын хойд талын дэлгүүрийн урд манай урд талын хашаанд амьдардаг А-тай таарсан. Би тэр үед гэртээ архи уучихсан халамцуу явж байсан юм. Дэлгүүрээс А- бид хоёр 1 шил 0.75 литрийн архи аваад гарахад Тайван, Батчулуун хоёртой таарсан. Тэгээд 4-үүлээ Цогтоогийнд очиж архи хувааж ууцгаасан. Цогтоогийнхоос А- бид хоёр гараад 4 дүгээр хэсгийн дэлгүүр орж архи авах гээд байж байтал Нямаа дэлгүүрээс гарч ирээд “би нэг шил архи аваад явж байна, манайд очиж хамт уух уу” гэхээр нь “тэгье” гээд А- бид хоёр Нямаагийнд очсон. Удалгүй А-тай хамт харихаар гарсан. Би Нямаагийн гэрээс гараад хэсэг зуур ухаан мэдрэлээ алдаж тасарсан байсан. Нэг мэдсэн чинь цагдаа ирсэн байсан. Миний нүүр шалбарсан, хавирганы хэсгээр эмзэглэлтэй, баруун гарын хуруунууд хавдсан байсан. Цагдаа дээр ирээд А- намайг зодсоныг мэдсэн. Эмчид үзүүлэхэд “нүүр шалбарсан, барууны гарын 1, 2, 3 дугаар хуруунууд хавдсан байна” гэж хэлсэн. Өөр надад гэмтэл шарх учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
2018.05.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... Дээрх гэмтлийг миний биед А- үүсгэсэн. Яагаад гэвэл А- л намайг дагуулаад яваад байсан. Сүүлд архи уусан айлаасаа гараад гэр рүүгээ явж байх замд согтоод явж чадахгүй байсан чинь А- “хурдан яваачээ” гээд миний цээж рүү 2 удаа өшиглөхөд нь би нүүрээрээ газар унасан. Маргааш нь толинд нүүрээ хартал шалбарсан байсан. Мөн тухайн үед дахиж өшиглөх гэхээр нь би гараараа хаатал миний баруун гар руу өшиглөчихсөн. Миний гар өвдөөд “чи одоо болиочээ, би өөрөө бослоо шүү дээ” гэж хэлээд явсан. Миний гарын хуруунууд хөндүүртэй болчихсон байсан. Намайг зодуулж байхыг харсан хүн байхгүй. Би гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
3. Гэрч М.Н- 2017.12.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсгийн дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Амаа тариа” нэртэй архи аваад гэр рүүгээ харих гэж байхад дэлгүүрийн хажууд А-тай таарахад Хүрэлээ гэдэг залуу хамт явж байсан. Би А-, Хүрэлээ хоёрт “манайх руу явж архи ууя” гэж хэлээд гэр рүүгээ дагуулаад явсан. А-, Хүрэлээ хоёр нилээн согтуу харагдаж байсан. Манайд архи ууж байхад Хүрэлээ утсаар нэг эмэгтэйтэй яриад байсан. Намайг архи хундаглаж өгөхөд “ус аваад ир” гэхээр нь ус авчирч өгөхөд ус руу нулимаад орилж хашгираад агсам тавиад эхэлсэн. Тэр үед А- Хүрэлээг аваад гарсан. Би араас нь гарч хашааны хаалгыг хаах гээд хашааныхаа гадаа зогсож байтал манай хашааны урд талын хунгар цас руу зүүн талаараа унасан. ... А-, Хүрэлээ хоёр бие бие дээрээ давхарлаж унаад явж чадахгүй байсан. ... Манай гэрт байхад А-, Хүрэлээ хоёр хоорондоо маргалдсан зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №15 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Х-ын биед баруун, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, баруун гарын 1,2,3-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35-р хуудас/,
5. Хохирогч Д.Х-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45-р хуудас/,
6. Шүүгдэгч М.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- гэрч Б.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
- гэрч Д.Б-ын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
- гэрч Н.Э-ы мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41-р хуудас/,
- Хан-Уул дүүргийн 13-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч М.А-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.А- нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг цагаан худгийн ойролцоо гудамжинд хохирогч Д.Х-ыг “архи даасангүй, зүгээр явсангүй гуйвж дайваад байна” гэх шалтгаанаар өшиглөж биед нь “...баруун, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, баруун гарын 1,2,3-р хуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Х-ын ... А-тай хамт харихаар гарсан. Би Нямаагийн гэрээс гараад хэсэг зуур ухаан мэдрэлээ алдаж тасарсан байсан. ... Миний нүүр шалбарсан, хавирганы хэсгээр эмзэглэлтэй, баруун гарын хуруунууд хавдсан байсан. ... Эмчид үзүүлэхэд “нүүр шалбарсан, барууны гарын 1, 2, 3 дугаар хуруунууд хавдсан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
2018.05.22-ны өдөр: ... Сүүлд архи уусан айлаасаа гараад гэр рүүгээ явж байх замд согтоод явж чадахгүй байсан чинь А- “хурдан яваачээ” гээд миний цээж рүү 2 удаа өшиглөхөд нь би нүүрээрээ газар унасан. Маргааш нь толинд нүүрээ хартал шалбарсан байсан. Дахиж өшиглөх гэхээр нь би гараараа хаатал миний баруун гар руу өшиглөчихсөн. Миний гар өвдөөд “чи одоо болиочээ, би өөрөө бослоо шүү дээ” гэж хэлээд явсан. Миний гарын хуруунууд нил хөндүүртэй болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №15 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Х-ын биед баруун, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, баруун гарын 1,2,3-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Х-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.А- түүнийг өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч М.А-ын хохирогч Д.Х-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Прокуророос түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч М.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Д.Х- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 65-р хуудас/ 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай прокурорын саналаар М.А-д холбогдох эрүүгийн 1710011770324 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Иймд шүүгдэгч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч М.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.А-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Х- нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 14-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч М.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.