Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/1112

 

 

 

 

   2024            10            01                                        2024/ДШМ/1112

 

                                               А.С-ад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

яллагдагч А.С-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/2006 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг  үндэслэн А.С-ад холбогдох 2309003490456 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

С-,

 

А.С- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжны 122/4 тоот дахь “***********” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалыг хашиж байхдаа олж авсан, виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээлэл буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204.452.919 төгрөгийг өөрийн Хаан банкны *********** тоот дансаар дамжуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...11хх 61-126 дугаар хуудаст “NHQ Их Наяд Аудит” нягтлан бодох бүртгэлийн хяналтын хараат бус итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллага шинжээчийн дүгнэлт гаргасан байх бөгөөд тухайн байгууллагатай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, дүгнэлт гаргасан шинжээч нар тухайн шинжээчийн дүгнэлт гаргахад виртуал хөрөнгийн зах зээлийн салбарт мэргэшсэн эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол ...шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан тул эрүүгийн 2309003490456 дугаартай хэргийн онцлог нөхцөл байдлыг харгалзан Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнээс гадна виртуал хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бирж, Сангийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний байгууллагуудаас мэргэшсэн баг бүрдүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч А.С-ад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Чимэдцэеэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар бүлэг буюу Эдийн засгийн гэмт хэргийн бүлгийн 18.19 дүгээр зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан бол...” гэж гэмт хэргийн үйлдлийн урьдач нөхцөл, шинж, аргыг тодорхойлсон. Үүнээс дүгнэхэд, уг гэмт хэрэг нь бодит хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болох нь харагдана. Яллах дүгнэлтийн “Тогтоох нь” хэсэгт яллагдагч нь гэмт хэрэг үйлдэж 204.452.919 /хоёр зуун дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга есөн зуун арван ес/ төгрөгийг хүлээн авсан тухай дурдсан нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ биш бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг дурдаж бичсэн байдал юм. Гэтэл шүүхээс энэ хэрэгт “хамтарсан шинжээчдийн баг бүрдүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд “Шинжилгээ хийлгэх журам”-ыг хуульчилсан байх ба 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэжээ. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан 204.452.919  төгрөг нь аливаа эд зүйл, хөрөнгийн үнэлгээ биш бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлого юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрхийн дагуу тусгай мэдлэг бүхий мөрдөгчөөс А.С-ын “Койнхаб” бирж дээрх хэтэвчнээс түүний арилжааны банк руу шилжүүлэн, гарган авч байгаа үндэсний валютын хэмжээг тогтоосон нь 2 дугаар хавтаст хэргийн 31-74 дүгээр талд авагдсан.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс дүгнэхэд А.С- нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээг тогтооход хамтарсан мэргэшсэн баг бүрдүүлж шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд гэмт хэргийн улмаас олсон орлогыг тогтоох бүрэн боломжтой байтал ач холбогдолгүй ажиллагааг хамааралгүй байгууллагыг оролцуулан “хэргийн онцлогоос шалтгаалан хамтарсан баг /Сангийн Яам, Бирж, Эдийн засгийн шинжилгээний байгууллага/-аар хийлгүүлэх” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч А.С- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Яллагдагч А.С-ын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлд заасан виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээлэл гэдэг нь тодорхойлогдоогүй ойлголт юм. Шинжээчийн дүгнэлтээр энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Прокурор тайлбартаа энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул шинжээчийн дүгнэлт хамааралгүй гэж тайлбарлаж байна. Шинжээчийн дүгнэлтээр үнэ цэнд нөлөөлөх эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шалгаж тодруулах ёстой. “Их Наяд Аудит” ХХК дүгнэлт гаргасан, ямар мэргэжилтэй хүмүүс дүгнэлт гаргасан талаар хавтасны нүүрэн дээр бичсэн байгаа гэдэг боловч хэрэгт “Их Наяд Аудит” ХХК-тай холбоотой ямар ч мэдээлэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч А.С-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйл нь иш татсан диспозицтой. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинжийг бусад виртуал хөрөнгөтэй холбоотой органик салбарын хуулиудаас олно. Энэ шинж нь хууль, журмууд нь дөнгөж батлагдаад явж байгаа тул шинэ ойлголт. Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг Компанийн тухай хуульд байгаа дотоод мэдээлэл, Үнэт цаасны тухай хуульд байгаа дотоод, гадаад мэдээлэл гэх ойлголттой адилтгаж, төсөөтэй хэрэглэх байдлаар иш татсан диспозицийг ойлгох уу. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2 мэргэжилтний гэрчээр өгсөн мэдүүлгээр дотоод мэдээлэл гэдгийг шууд ойлгох юм уу. Тухайн 2 гэрч нь тайлбарлаж л ярьсан болохоос мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй. Хуулиас иш татсан, эсхүл өөрийн дотоод субъектив хувийн туршлагад үндэслэсэн эсэх нь ойлгомжгүй. Иймд анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодорхой болгохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. 6.6 тэрбум ширхэг токеныг түгжээтэй байлгана, арилжаанд оролцохгүй гэдгээ ард түмэнд, элф койныг эзэмшигчдэд зарласан нь танилцуулгад байдаг. Яллагдагч А.Сумъяабаатар нь түгжээтэй байлгах 6.6 тэрбум ширхэг токеныг арилжаанд оруулж, гүйлгээ хийж, зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.С-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч /гэрч, шинжээч/ нарыг  шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан хуулийн агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн А.С-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн шүүх хуралдааны явцад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй хэмээн үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэх боломжтойгоос гадна мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/2006 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч А.С-ад авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН