| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0165/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710009210234 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Витсамо” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Ц.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, Дунд голын 28-01 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.Аийг зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.О: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-нд 19 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр О халамцуу байсан. Тэгээд хамтдаа нэгдүгээр давхарт амьдардаг хадмындаа гарын бэлэг аваад орсон. Хадмууд бие нь тааруу эмчилгээ хийлгэж байсан. Нөхөр бид хоёр хамтдаа гарч ирээд нөхөр граж руу, би гэр рүүгээ орсон. Тэгээд нөхөр 30 орчим минутын дараа орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл нэмж хэрэглэсэн байсан. Орж ирээд унтаад өгсөн, 23 цагийн үед би дуудаж босгоод орондоо ороод унт гэж хэлэхэд нөхөр гал тогооны өрөөнд чанга дуу чимээ гаргаад, хараал хэлээд байхаар нь би очиход нөхөр “чи муу намайг тоосонгүй, өнөөдөр миний төрсөн өдөр” гээд цээж рүү гараараа цохиод авсан. Би холдоод үүд рүү явахад нөхөр шкафний шилийг гараараа хагалж байсан. Тэрээр намайг ундаагаар баруун чихний хойно цохиход ундаа хагарсан. Би хаалга онгойлгож гарч гүйгээд доод давхарт байдаг Оийн дүү Оргилхуягийн цонхыг тогшиж гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд гэртээ орох гэхэд нөхөр коридорт пиво барьчихсан зогсож байсан. Нөхөр намайг гэртээ ор гэхэд дүү нь “Золоо эгчийнд орчих” гэж хэлсэн. Намайг Золоогийн гэрт байхад нөхөр хаалга тогшсон, Золоо намайг байхгүй гэж хэлээд, хэсэг хугацааны дараа манайд орж нөхрийг зэмлэсэн. Золоо эгч буцаж орж ирээд надад гэртээ ор гээд бид хоёр хамт манайх руу орсон. Тэр үед нөхөр шкафны шилийг шүүрдээд зогсож байсан, Золоо эгч удалгүй гарч явсан. Золоо эгчийг гарсны дараа нөхөр хаалгаа түгжээд үснээс зулгааж, газар хэвтүүлээд цээж, нуруу, толгой, гар руу өшиглөөд, гараараа цохиод байсан. Түүний ууж байсан архины үлдэгдэл байхаар нь би ч гэсэн адилхан ууж чадна гэж хэлээд архинаас 100 грамм уусан. Нөхөр чиний ууна гэж юу байсан юм гээд архийг булааж авахад нь би үхлээ гээд буйдан дээр хэвтэхэд нөхөр чиний үхнэ гэж юу байсан юм, битгий баашлаад бай гээд буйдантай түлхээд унагаасан. Буйдангийн цаанаас үснээс чирж гаргаж ирээд гуя бөгс рүү өшиглөж байснаа, буйдан дээр суулгаж байгаад хоёр хацар руу ээлжлээд алгадсан. ...Би хүүгийнхээ хажуугаар ороод хэвтээд 5 минут орчим болсны дараа чиний унтана гэж юу байсан юм, энэ юмнуудаа цэвэрлэ гэхээр нь эвдэрсэн юмнуудыг цэвэрлэсэн...” /хх-ийн 4-5/ гэсэн,
Гэрч Ц.Оргилхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн үед ээж аав бие нь өвдөөд намайг дуудсан. Аавындаа байж байхад 02 цагийн үед О эхнэр 2 хүүхдийн хамт аавынд ирээд явсан. Хоорондоо эв түнжинтэй, муудалцсан шинж мэдэгдээгүй. Өглөө аавыг эрт эмнэлэгт авч явах байсан учир эрт хэвтсэн. 22 цагийн үед А цонх тогшсон. Намайг гараад очиход А нөхөр архи уучихсан байна хамт манайх руу орьё гэж хэлсэн. Тэдний гэрт ороход муудалцсан шинжтэй, шкафны шил нь хагарчихсан, Оийн гарын шуу зүсэгдээд бага зэрэг цус гарчихсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Юу болж байгаа юм бэ унтаж амраач гэхэд О чамд хамаагүй, чи өөрийгөө хичээ гэсэн. Тэгээд би гарч яваад аавынд ороод унтаж байхад Золоо эгч орж ирээд энэ хоёр унтуулахгүй түжигнээд байна хоёулаа орьё гэсэн. Золоо эгч бид хоёр Оийн гэрийн хаалгыг татахад цоожтой, чимээ гараагүй. Бид хоёр үүдэнд нь 30 орчим минут зогсоод гэр гэртээ орсон. ...О, А нар урьд өмнө муудалцаж нэг нэгэндээ гар хүрч байсныг сонсоогүй. Тэр өдөр л анх удаа сонссон...” /хх-ийн 09-10/ гэсэн,
Гэрч О.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-нд унтах гээд хэвтэж байхад 22 цагийн үед А хаалга тогшсон. А гэрийнхээ халаадтай, цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад цаадах чинь шил хагалаад гарнаас нь цус гарсан нь миний хувцсанд хүрсэн юм шиг байна, би гараад ирлээ гэсэн. Удалгүй О орж ирэхээр нь коридорт гарч байгаад юу болсон талаар асуухад миний төрсөн өдөр болж байхад намайг тоосонгүй гэхээр нь ямар жоохон хүүхэд биш больцгоо гэж хэлсэн. ...Би тэр хоёрыг зэмлэж байгаад гэртээ ороод унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг сэрэхэд А чанга чанга юм яриад орилоод, би явья гэж хашгирсан. Тэр үед нь Оийн гэрт ороход А аркны орчим газар хэвтсэн, О нь зайтай зогсож байсан. Би “чи болиоч” гэж хэлэхэд О намайг оруулахгүй хаалгаа түгжээд, тогшихоор онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь хадам аав, ээжийн гэр рүү орж Оргилхуягыг дуудаад хамтдаа коридорт дуу чимээ чагнахад чимээ гараагүй тул гэр гэртээ орсон...” /хх-ийн 11-12/ гэсэн,
Шүүгдэгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-нд миний төрсөн өдөр болсон. Тэр өдөр машиндаа ганцаараа пиво уугаад гэртээ 18 цагийн үед орсон. Эхнэр А намайг ирсний дараа гэртээ ирсэн. Тэр үед нь би миний төрсөн өдөр болж байхад тоосонгүй гэж хэлээд, бид хоёр маргалдсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна, түүнийг газар унагаад өшиглөж байснаа санаж байна. Өглөө сэрэхэд эхнэр байхгүй болохоор нь утас руу залгахад авахгүй байсан...” /хх-ийн 35-36, 80-82/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №14317 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Аийн биед нүүр, дээд, доод уруулын салст, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 14/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Ц.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 17, 83-85/
- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, Дунд голын 28-01 тоотод өөрийн эхнэр Б.Аийг зодож, түүний биед нүүр, дээд, доод уруулын салст, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Аийн “...2017 оны 11 дүгээр сарын 13-нд ...Золоо эгчийг гарсны дараа нөхөр хаалгаа түгжээд үснээс зулгааж, газар хэвтүүлээд цээж, нуруу, толгой, гар руу өшиглөөд, гараараа цохиод байсан. Түүний ууж байсан архины үлдэгдэл байхаар нь би ч гэсэн адилхан ууж чадна гэж хэлээд архинаас 100 грамм уусан. Нөхөр чиний ууна гэж юу байсан юм гээд архийг булааж авахад нь би үхлээ гээд буйдан дээр хэвтэхэд нөхөр чиний үхнэ гэж юу байсан юм, битгий баашлаад бай гээд буйдантай түлхээд унагаасан. Буйдангийн цаанаас үснээс чирж гаргаж ирээд гуя, бөгс рүү өшиглөж байснаа, буйдан дээр суулгаж байгаад хоёр хацар руу ээлжлээд алгадсан. ...Би хүүгийнхээ хажуугаар ороод хэвтээд 5 минут орчим болсны дараа чиний унтана гэж юу байсан юм, энэ юмнуудаа цэвэрлэ гэхээр нь эвдэрсэн юмнуудыг цэвэрлэсэн...” /хх-ийн 4-5/ гэсэн,
Гэрч Ц.Оргилхуягийн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ...аавындаа байж байхад 14 цагийн үед О, эхнэр, хоёр хүүхдийн хамт ирээд явсан. Хоорондоо эв түнжинтэй, муудалцсан шинж мэдэгдээгүй. ...22 цагийн үед А цонх тогшсон. Намайг гараад очиход А нөхөр архи уучихсан байна, хамт манайх руу орьё гэж хэлсэн. Тэдний гэрт ороход муудалцсан шинжтэй, шкафны шил нь хагарчихсан, Оийн гарын шуу зүсэгдээд бага зэрэг цус гарчихсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Юу болж байгаа юм бэ унтаж амраач гэхэд О чамд хамаагүй, чи өөрийгөө хичээ гэсэн...” /хх-ийн 09-10/ гэсэн,
Гэрч О.Золзаяагийн “...2017 оны 11 дүгээр сарын 13-нд унтах гээд хэвтэж байхад 22 цагийн үед А хаалга тогшсон. А гэрийнхээ халаадтай, цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад цаадах чинь шил хагалаад гарнаас нь цус гарсан нь миний хувцсанд хүрсэн юм шиг байна, би гараад ирлээ гэсэн. Удалгүй О орж ирэхээр нь коридорт гарч байгаад юу болсон талаар асуухад миний төрсөн өдөр болж байхад намайг тоосонгүй гэхээр нь ямар жоохон хүүхэд биш больцгоо гэж хэлсэн. ...Би тэр хоёрыг зэмлэж байгаад гэртээ ороод унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг сэрэхэд А чанга чанга юм яриад орилоод, би явья гэж хашгирсан. Тэр үед нь Оийн гэрт ороход А аркны орчим газар хэвтсэн, О нь зайтай зогсож байсан. Би “чи болиоч” гэж хэлэхэд О намайг оруулахгүй хаалгаа түгжээд, тогшихоор онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь хадам аав, ээжийн гэр рүү орж Оргилхуягыг дуудаад хамтдаа коридорт дуу чимээ чагнахад чимээ гараагүй тул гэр гэртээ орсон...” /хх-ийн 11-12/ гэсэн,
Шүүгдэгч Ц.Оийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 13-нд миний төрсөн өдөр болсон. Тэр өдөр машиндаа ганцаараа пиво уугаад гэртээ 18 цагийн үед орсон. Эхнэр А намайг ирсний дараа гэртээ ирсэн. Тэр үед нь би миний төрсөн өдөр болж байхад тоосонгүй гэж хэлээд, бид хоёр маргалдсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна, түүнийг газар унагаад өшиглөж байснаа санаж байна. Өглөө сэрэхэд эхнэр байхгүй болохоор нь утас руу залгахад авахгүй байсан...” /хх-ийн 35-36, 80-82/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №14317 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Аийн биед нүүр, дээд, доод уруулын салст, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 14/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 1997 оноос хамтран амьдарч байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч Ц.О эхнэр Б.Аийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн биед нүүр, дээд, доод уруулын салст, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
Шүүхээс Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгч Ц.Оийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710009210234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР