Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

Б.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Г.Баярдаваа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

          прокурор Т.Түмэнжаргал,            

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр,

          яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/111 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Түмэнжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Б холбогдох 2317000980020 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

      Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Б дүүрэг, - дугаар хороо, -тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Ч овогт Б Б /РД: /,

          Яллагдагч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр замын цагдаагийн постноос ертөнцийн зүгээр хойд талд өөрийн жолоодож явсан “-” улсын дугаартай “-” улсын дугаартай чиргүүлтэй “Sinotrouk” загварын том оврын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-т заасан “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ”, 9.2-т заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”, 9.3-т “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ”, 9.3.б-т заасан “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд”, 9.3.ж-т заасан “тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд“, 9.5-т заасан “Ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”,  14.1-т заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, байрлуулсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн араас “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гарч, улмаар “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.И амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

         Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Яллагдагч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

      Анхан шатны шүүх: Яллагдагч Ч овогт Б Б холбогдох эрүүгийн 2317000980020 дугаартай хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

      Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж нэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр -улсын дугаартай “Sinotrouk” том оврын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3, 9.3б-д заасныг, мөн дүрмийн 14.1-т заасан заалтуудыг тус тус зөрчиж байрлуулсны улмаас тухай тээврийн хэрэгслийн араас - улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарч улмаар амь хохирогч буюу Ц.И амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс буцаасан үндэслэл дээр нэмж хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3204 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Sinotrouk” загварын тээврийн хэрэгсэл нь - улсын дугаартай чиргүүл нь эвдрэл, гэмтэлтэй, гэрэл бүрэн асахгүй, конс бүрэн ажиллахгүй зэргээс техникийн бүрэн байдлыг хангахгүй, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжтой байсан гэх дүгнэлт авагдсан байдаг. Гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг тэмдэглэл зэргээс дүгнэхэд - улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжтой байхад ослын дохио байрлуулаагүй, замыг бүрэн чөлөөлөөгүй, зайлшгүй бус зогсолт хийж, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлж, улмаар түүний тээврийн хэрэгслийн араас - услын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.И амь нас хохирсон хор уршиг, үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байгаа нь харагддаг. Зам тээврийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/2023 дугаартай шинжээчийн дүгнэлтээр - дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, анхааруулах дохио, таних тэмдгийн дүрмийн 9.1, 9.2, 9.3, 9.3б, 9.3ж, 9.5, түр буюу удаан зогсох дүрмийн 14.1-т заасныг тус тус зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байна гэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн болохыг тогтоосон хууль зүйн ойлголт юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасан “шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх, мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж заасны дагуу зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/2023 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх бусад этгээд гэдэгт 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар урьдчилан тодруулаад, 10 дугаар зүйлийн 10.3, 10 дугаар зүйлийн 10.4, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.2.2, 8.2.3, 8.2.4-т дүгнэлт гаргах байгууллага, хүнийг тодорхой зааж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл, 8.1, 8.2, 8.2.1-т заасан хуулийн заалтыг хангуулсан байдаг. Иймд, дээрх шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчиж, эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлгүй байна. Тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасан шинжээч бус, харин 8.2.1-д заасан тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн юм.

         Хэрэв шүүх, зам тээврийн шинжээчийн дээрх дүгнэлтийг эргэлзээтэй, хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуралдааныг хойшлуулахаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан. Нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу  цуглуулсан  гэж прокуророос үзээд байгаа. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хувьд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Нөхцөл байдлыг ингэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг асуудал яригдана. Иймд хэргийг буцаасан анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв

         Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор гаргасан эсэргүүцэлдээ өөрөө эргэлзээтэй байдлыг үгүйсгэсэн гэж үзэж байна. Шүүгчийн захирамжаар буцаагаад, мөрдөн шалгах ажиллагаагаар хийх ажлыг шүүх өөрөө хийнэ биз дээ, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө биз дээ гэсэн ийм санааг илэрхийлж байна. Прокурор санаагаа маш тодорхой хэлчихлээ. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан гэж ойлгож байна. Прокурор шүүгчийн захирамжаас халиад замын хөдөлгөөний дүрэм журам, заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж байгаа учраас тайлбараа дэлгэрэнгүй хэлье. Зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослыг тогтоодог хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг гэсэн 3 нотлох баримт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр яллагдагчийн зогсож байсан тээврийн хэрэгслийн араас нь ирж мөргөсөн машины 7 гэсэн тоогоор тэмдэглэсэн мөр байдаг. Энийг схем зураг дээр тэмдэглээгүй. Үүнээс гадна 21 метрийн зайнд яллагдагч давхар хувин тавьсан гэх тэмдэглэл хэргийн газрын үзлэг дээр байдаг. Гэтэл  яллагдагч мэдүүлэг өгөхдөө 25-30 метрийн зайд давхар хувин тавьсан гэдэг. Энэ талаар схем зураг дээр хувин тавьсан талаар бичээгүй, фото зургаар ч бэхжүүлж аваагүй. Тээврийн хэрэгслийн хажуу талын хөвөөний хэмжээг ерөөсөө аваагүй. Схем зураг дээр тээврийн хэрэгслээс хажуу талын хөвөө хүртэл 1,4-1,2 хэмжээстэй машинууд зогсож байсан. Энэ асуудлаар өнөөдөр ярьж байгаа биш. Прокурорт ирсэн даруйд нь хэргийн газрын үзлэгээ хийгээд хөвөөгөө тогтоож өгөөч. 39 тоннын ачаатай том оврын хэрэгсэл хөвөө рүүгээ шахаад зогсвол хатуу хучилттай биш зөөлөн байдаг учраас нурж унах аюултай. Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т зааснаар боломжит хэмжээгээр нь шахаад зогссон дүр зураг харагдаад байна гэх асуудлаар прокурорт хүсэлтээ гаргаж өгсөн. Прокурор хүлээж аваагүй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр тээврийн хэрэгсэл хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Эстермин хугарсан, 39 тоннын ачаатай тээврийн хэрэгсэл зогссон тохиолдолд хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй байна. Тийм учраас шинжээчээс мэдүүлэг авч өгөөч, мэдүүлэг авах ажиллагаанд оролцоё гэдэг хүсэлтийг гаргасан, хүлээж аваагүй. Хүсэлт хүлээж аваагүй талаар гомдлоо дээд шатны прокурорт 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн мөртлөө  2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Иймд, шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Үндсэн хууль, бусад хуулийг шүүх, прокурор, өмгөөлөгч бид бүхэн дагаж биелүүлэх ёстой. 2023 оны Д.Д гэх хүний гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж байна. Шинжээчийн дүгнэлтийг Д.Д гэдэг шинжээч дүгнэлт гаргаагүй. “Т З” гэх жолооны курс, компани тамга дарсан. Хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий хүнээр биш хуулийн этгээдээр гаргуулсан гэх үндэслэл байна. “Т З” гэх байгууллага бол төрийн байгууллага биш. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Д.Д гэх хүн шинжилгээ явуулах эрх, тамга тэмдэг байхгүй “Т З” гэх компанийхаа тамга тэмдгийг дарчихсан байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-т заасныг зөрчсөн. Иймд, дахин шинжээч томилуулж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэв.

       Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Стермен тасраад нум нь цувсан, шланк нь доороосоо нумтай учраас рам нь дугуйн дээрээ буучихсан, 45 тонн гаран ачаатай байсан учраас явах боломжгүй зогссон. Энэ талаар би анхны мэдүүлэг дээрээ хэлсэн. Ослын гурвалжин тавиагүй, гэрлээ асаагаагүй. Ослыг дараа бүх юмаа солиод зассаны дараа үзлэг хийсэн гэв.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг гараад 1 жил гаран болж байна. Ажлаа алдаж байна, сэтгэл санаагаараа хохирч байна. Хэргийг хурдан шийдэж өгөөч. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Даваахүү өмгөөлөгч хэргийн газрын үзлэгийн дахин хийлгэх талаар ямар нэгэн санал гомдол гаргаагүй. Сая шүүгчийн захирамжийг дэмжиж байна гээд хэлчихлээ. Шүүгчийн захирамжаар хэргийн газрын үзлэгийг дахин хийх шаардлагагүй, шинжээчээс дахин мэдүүлэг авах шаардлагагүй гээд шүүхийн шийдвэр гарчихсан. Энэ талаар аль аль тал нь санал гаргаагүй учраас Х.Даваахүү өмгөөлөгч энэ талаар санал илэрхийлээд байгаа юм уу, хүсэлт гаргаад байгаа юм уу ойлгомжгүй байна. Хэрвээ энэ талаар хүсэлт гаргаж байгаа бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд эсрэг саналтай байна. Хууль зүйн үндэслэлгүй. Хэрэг гараад жил гаран болчихсон. Одоо энийг хийснээрээ ямар ач холбогдолтой юм. Шалтгаан нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал, бороо хуртай жил байсан учраас газрын хувьд өөрчлөлт орсон ийм нөхцөл байдалд хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх нь ач холбогдолгүй. Хавтаст хэрэгт авагдсан 1-р хх-н 7-10 тал дээр байгаа зам тээврийн осол болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хх-н 13-19 дүгээр тал эдгээр нь хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт гэсэн үндэслэл тогтоогдоогүй. 2-т шүүгчийн захирамжтай холбоотойгоор прокуророос зам тээврийн ослыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргасан этгээдийг зайлшгүй тусгай зөвшөөрөл авахыг шаардаагүй байгаа талаар байр сууриа илэрхийлж байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд шинжилгээ хийх эрхтэй 4 субъектийг тусгайлан заагаад өгчихсөн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан. Давж заалдах шатны шүүхээс тусгай дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т тусгайлан эрх бүхий шинжээчийг заагаад өгчихсөн. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т тусгайлан шинжилгээ хийх эрх бүхий этгээдийг тодотгож өгсөн гэхээр 8.2.1, 8.2.3, 8.2.4-т зааснаар тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн, бусад мэргэжлийн байгууллагад шинжээчээр ажиллах зөвшөөрөл авахыг шаардаагүй байна гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож тайлбарлаж байна. Давж заалдах шат өөрийн шийдвэрээ гаргах байх. Прокуророос энэ хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүх шинжилгээний байгууллагын эрх бүхий этгээд томилох ёстой юм бол энийг шүүхийн шатандаа томилох боломжтой. Хуульд заасан шүүгчийн эрх хэмжээний асуудал байгаа. Шүүгч зайлшгүй шинжээч томилох шаардлагатай гэж үзэх юм бол 60 хүртэлх хоногоор хойшлуулаад энэ асуудлыг шийдэх эрх хэмжээ нь байхад заавал прокурорт буцаах нь үндэслэлгүй гэснийг дэмжиж байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан байгаа. Яриад байгаа гомдол нь нотлох баримт цуглуулахдаа, шинжээчийн дүгнэлтийг бий болгохдоо энэ ажиллагаануудыг зөрчсөн байна гэж гомдол гаргаад байгаа. Энэ зүйл нь шүүгчийн захирамжид заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэнэ гээд шүүгч захирамжийнхаа үндэслэл дээр дурьдсан. Миний хэлсэн 6.13-т заасан нөхцөл байдал тогтоогдох юм бол шүүх шинжээчийг шүүхийн шатанд томилж болно гэдгийг хуульд маш тодорхой заасан учраас энэ хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцнэ. Хэрэг шийдэгдэхгүй жил гаран боллоо. Энэ тоолонд сэтгэл санаа, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирч байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэмээр байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийн агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

      Яллагдагч Б.Б 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр замын цагдаагийн постноос ертөнцийн зүгээр хойд талд өөрийн жолоодож явсан “-” улсын дугаартай “-” улсын дугаартай чиргүүлтэй “Sinotrouk” загварын том оврын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-т заасан “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ”, 9.2-т заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”, 9.3-т заасан “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ”, 9.3.б-д заасан “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд”, 9.3.ж-д заасан “тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд“, 9.5-т заасан “Ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”,  14.1-т заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, байрлуулсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн араас “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гарч, улмаар “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.И амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Б холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй, шүүхийн шатанд нэмэлт болон дахин шинжилгээ хийх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй зөв болжээ.        

        Хэрэгт авагдсан Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 206-208/-ийг  Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.” гэсэн шаардлагыг хангасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

       Учир нь, мөрдөгч тогтоолдоо “Т З ХХК-ийн шинжээч, ...шинжээч Д.Д” гэж тэмдэглэж шинжээчийг томилсон, шинжээч Д.Д дүгнэлт гаргаж, “Т З” ХХК-ийн тамга дарагдсан, прокурорын зүгээс ...Д.Д нь “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн” гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн зэргээс үзэхэд дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч нь хуулийн 8.2.1-д заасан “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн;”, 8.2.2-т заасан “энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч;”, 8.2.4-т заасан “мэргэжлийн байгууллага” зэргийн алинд нь ч хамаарахгүй байна.

         Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "тусгай мэдлэг" гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг;” хэлнэ гэж тодорхойлсноос үзэхэд 8.2.1-д заасан этгээдэд онцгой мэдлэг чадвар бүхий, тодорхой нэг хэргийн нөхцөл байдлыг тогтооход түүний туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүн хамаарах бөгөөд энэ тохиолдолд заавал шинжээчийн эрх авсан байх шаардлагагүй. Харин түгээмэл мэргэжлийн хүрээнд буюу тухайн орон нутагт гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор байнгын давтамжтай дүгнэлт гаргаж буй этгээд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар зайлшгүй шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хүн болон мэргэжлийн байгууллага байна.   

       Түүнчлэн, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг тогтооход ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэсэн үндэслэлд хамаарахгүй тул шүүхийн шатанд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл,  давтан буюу нэмэлт шинжилгээ хийлгэх асуудал биш, харин шинжилгээ хийх эрхгүй хүн дүгнэлт гаргасантай холбоотойгоор анхдагч шинжилгээ хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа болох тул шүүхийн шатанд шинжээч томилох боломжгүй байна.

       Мөн яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс техникийн шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гарсан эсэхэд эргэлзээтэй үндэслэлээр удаа дараа хүсэлт гаргасныг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

     Тухайлбал, яллагдагч Б.Б нь “стермен тасраад нум чирэгдээд машины тэнхлэг дугуйн дээр дарсан, 45 тонн орчим ачаатай байснаас болж хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан” гэж тайлбарлаж байх тул жолооч тухайн эвдрэлээс шалтгаалан зайлшгүй зогсолт хийх шаардлагатай байсан эсэх, улмаар зам дээр зогссонтой холбоотой ямар арга хэмжээ авах үүрэгтэй байсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд техникийн эвдрэл, жолоочийн хариуцлагын асуудал харилцан хамааралтай байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахтай хамтатган шинжээчээс мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд дахин шинжилгээ хийлгэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

      1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/111 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай. 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

­

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОДНЯМАА

           ШҮҮГЧ                                                   Г.БАЯРДАВАА

           ШҮҮГЧ                                                   Б.НАРАНЧИМЭГ