Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

Э.Булгантамир, Б.Отгон-Очир нарт

холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Сайнзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч Э.Булгантамир, Б.Отгон-Очир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр, Б.Майдри /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэг /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарыг оролцуулан

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Отгон-Очир, түүний өмгөөлөгч Б.Майдри, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Булгантамир, Б.Отгон-Очир нарт холбогдох эрүүгийн 2215002310274 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Эрдэнэ-Очирын Булгантамир.

Монгол Улсын иргэн, Балжиннямын Отгон-Очир.

Шүүгдэгч Э.Булгантамир нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим Bare-7 загварын өрмийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байхдаа цуг ажиллаж байсан Д.Соронзонболдыг тус өрмийн машины ир янзалж байхад нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өрмийн машины ир байрлах хэсэгт ажиллаж байхад нь өрмийн машиныг асаасны улмаас өрмийн машины ир чангалж байсан чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтад орж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүй хохироосон,

Шүүгдэгч Б.Отгон-Очир нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Булгантамир, Д.Соронзонболд нарт Bare-7 загварын өрмийн завсар үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгч Э.Булгантамир нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчин, болгоомжгүй үйлдлийн улмаас цуг ажиллаж байсан Д.Соронзонболдыг тус өрмийн машины ир янзалж байхад нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өрмийн машиныг асаасны улмаас өрмийн машины ир чангалж байсан Д.Соронзонболд нь чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтанд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Эрдэнэ-Очирын Булгантамир, Балжиннямын Отгон-Очир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Булгантамирт 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Отгон-Очирт 2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Булгантамирыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг, шүүгдэгч Б.Отгон-Очирыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг тус бүр  хүлээлгэж,

Шүүгдэгч Э.Булгантамир, Б.Отгон-Очир нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийн 125.1.2 дахь заалтад заасныг баримтлан иргэний хариуцагч М.Батболдоос 108,000,000 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгт олгож,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 82,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, өмгөөлөгч авсан  зардал болох 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож,

Энэ хэрэгт эд хөрөнгө  битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Булгантамир, Б.Отгон-Очир нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Authentic гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг малгай”-г амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгт олгож, “газу” гэх чангалагч  багажийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Азжаргалд тус тус даалгаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Булгантамир, Б.Отгон-Очир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Отгон-Очир болон түүний өмгөөлөгч Б.Майдри нь давж заалдах гомдолдоо: ... "1.Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

1.6.гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх;

1.9.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай.” гэж заасны дагуу Шүүгдэгч Б.Отгон-Очир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн ирүүлсэн баримтыг үндэслэн оршуулгын зардал 13,900,000 төгрөгөөс 8,900,000 төгрөгийг төлж, 5,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Булгантамир төлсөн. Мөн хохирогч М.Отгонцэцэгийн шүүх хуралд оролцохоор ирэх замын зардалд хоёр шүүгдэгч тус бүр 497,878 төгрөгийг төлсөн. Б.Отгон-Очир нь хэрэгт ирүүлсэн зардлын 9,397,878 төгрөгийг төлсөн. Энэ талаар тогтоох хэсэгт зайлшгүй дурдах ёстой.

Мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа энэхүү 9,397,878 төгрөг төлсөн байдлыг харгалзан үзэх ёстой гэж үзэж байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх "1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, 1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан. Шүүгдэгч Б.Отгон-Очирын зүгээс үйлдлийн хувьд нөгөө шүүгдэгчээсээ ялгаатай гэж үзэж байна. Учир нь Б.Отгон-Очирын зүгээс Э.Булгантамирт өрмийг тогонд залгахыг даалгаагүй болно. Мөн шүүгдэгч нарын үйлдлийн ялгаатай байдалд тохируулан харилцан адилгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Миний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, амь хохирогчид туслалцаа үзүүлэхээр чадахаараа хичээж, хэрэг явдал болсон өдрөөс эхлэн хохирогчийн ар гэр, цагдаа, эмнэлэгийн байгууллагууд зэрэгт бензин тос хийхээс эхлээд хэргийг хянан шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.

Иймд Б.Отгон-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг бууруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нь давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтан нас барсан бол ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийг түүний гэр бүлд нэг удаа олгохоор хуульчилсан бөгөөд энэ нь ажилтны өмнө хүлээх ажил олгогчийн үүрэг юм.

Гэтэл иргэний хариуцагч М.Батболд, амь хохирогч Д.Соронзонболд нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тохиролцоогүй төдийгүй огт холбоо барьж ярилцаж байгаагүй, ажил гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгөөгүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.2-т заасан "Дундаж цалин хөлс"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д зааснаар тодорхойлно.

Журмын 2.5-т "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогчоос ажилтан эсхүл ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно", 2.6-т "Ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно." гэж заасан.

Гэрч Э.Булгантамирын мэдүүлэг /1ХХ-27, 30-31/, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгийн мэдүүлэг /1ХХ-24-25/, хохирогч Д. Соронзонболдын ХААН банкны 5024575908 тоот дансны хуулга /1XX-119 дүгээр хуудасны ар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Д. Соронзонболд нь 2027 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр буюу осол болох хүртэл нийт 10 хоног ажилласан байх ба энэ хугацаанд 400,000 төгрөгийн цалин хөлс авсан байх тул "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.6-т зааснаар хохирогч Д. Соронзонболдын ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс 40,000 төгрөг /400,000 төгрөг: 10 хоног/ байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгийн 2022.07.14-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2022.08.19-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн ... талийгаачийн дансны хуулгыг авч байгаад хэдэн төгрөгийн цалин авч байснаас нь шалтгаалж хэдэн төгрөг нэхэмжлэхээ хэлнэ. ... Миний мэдэхээр Ийст коал майнинг ХХК-д 20 хоног ажиллаад 10 хоног амрахаар 3,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Булгантамирын шүүх хуралдаанд гаргасан ... М.Батболд гэж хүнтэй огт цалин хөлс тохиролцоогүй, ...цалин ам дамжсан яриагаад 2,500,000-3,000,000 гэж сонсогдож байсан... гэх мэдүүлгийг үндэслэсэн байх ба ажил олгогч М.Батболд, ажилтан Э.Булгантамир нарын хооронд 2022.07.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэх баримтыг 2022.07.22-ны өдөр нөхөж байгуулсан талаар хэн аль нь мэдүүлсэн байхад түүнийг ямар үндэслэлээр амь хохирогчийн цалин хөлсийг тодорхойлох баримт гэж үзэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй. Мөн дээрх дамжмал мэдүүлэгүүд болон цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн баримтуудыг үндэслэн хуульд заасан "Дундаж цалин хөлс" ба "Үндсэн цалин" гэх ялгаатай ойлголтыг хуульд зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно." гэж заасан атал тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тодорхой тооцоо гаргах бололцоогүй иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие амь хохирогч Соронзонболдын хууль ёсны төлөөлөгч М.Отгонцэцэгийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаах шатнаас эхлэн оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Б.Отгон-Очир болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан. Хохирогч нарын зүгээс шүүгдэгч нарын ял нь хөнгөдсөн гэж хардаг. Энд нэг хүний амь нас хохирсон. Мөн 15,000,000 төгрөгийн оршуулгын зардал өгсөн үүнийг хохирол төлбөр төлсөн гэж үзэж байна уу? үгүй энэ гэмт хэргийн хор хохирол арилаагүй байна. 3 хүүхэд өнчин үлдсэн идэр залуу насны эмэгтэй бэлэвсэн үлдсэн байгаа. Яагаад өрмийн нүх рүү хүн орсон байхад кноп дардаг юм. Би үүнийг санаатай гэмт хэрэг гэж ойлгож байгаа. Хүн алчихаад санамсаргүй гэмт хэрэг гэж үзээд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Хорих ял оногдуулах үндэслэлтэй. Нэг хүний амь нас хохирчихоод 15,000,000 төгрөгийн оршуулгын зардал өгөөд хохирол төлбөр өгсөн гэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Энэ 15,000,000 төгрөг нь оршуулгын зардалд л өгсөн. Хохирол төлбөр төлөөгүй бэлэвсэн үлдсэн эмэгтэйд, өнчин хоцорсон 3 хүүхдэд хохирол төлбөр өгөөгүй байж ял хүндэдсэн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Тийм учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатанд буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг үзээрэй. Хохирогч гомдолтой байна гэж хэлсээр байтал ялыг биечлэн эдлүүлээгүй. Ялыг биечлэн эдлүүлэх хүсэлтэй байсан. Шүүгдэгч нар хохирогчид ямар ч сэтгэл санааны хохирол төлөөгүй. 2023 оны 07 дугаар сарын 01-ээс хойш хууль дүрэм батлагдсан гэдэг байдлаар ямар ч сэтгэл санааны хохирол төлөөгүй. Сэтгэл санааны хохирол гэдгийг тооцоод олгох боломжтой. Иргэний хуульд заачихсан байгаа. Гэтэл сэтгэл санааны хохирлыг тооцоогүй. Анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хоёрдугаарт иргэний хариуцагч Батболдын өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаад байна. Миний хувьд Батболд нь иргэний хариуцагч биш. Батболд нь өнөөдөр шүүгдэгчийн ширээнд суух ёстой байсан. Би Батболдыг яллагдагчаар татаж өгөөч гэсэн гомдлыг удаа дараа гаргасан. Хавтас хэрэгт дүүрэн миний гаргасан гомдол байгаа. Батболдыг ажил олгогч гэж үзэж байгаа бол Батболд нь өнөөдөр яллагдагчаар татагдах ёстой. Гэтэл прокурорын газраас яллагдагчаар огт татдаггүй. Батболдыг ажил олгогч гэж үзэж байгаа бол хөдөлмөр хамгааллын энэ хэрэгт яллагдагчаар татагдах ёстой. Ямар учраас яллагдагчаар татагдахгүй байгааг би ойлгохгүй байна. Барилгын туслан гүйцэтгэгч болоод ерөнхийлөн гүйцэтгэгч гэхэд хөдөлмөр хамгааллын хэрэг дээр ерөнхий захирагч нь татагддаг гэтэл Батболд татагддаггүй. Одоо хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгийг гаргахгүй чадахгүй гээд сууж байна. Яагаад гэвэл Батболдыг яллагдагчаар татаагүй учир ийм байгаа юм. Мөн шүүгдэгч нарт ялыг нь биечлэн эдлүүлээгүй учир ял нь хүндэдсэн байна гээд сууж байна. Шүүгдэгч нар гэр бүл нь бүрэн бүтэн эхнэр хүүхдүүдтэйгээ ажил төрлөө хийгээд явж байгаа. Гэтэл хохирогчийн хүүхдүүд эцгээ нэхээд, эхнэр нь хариуцлагагүй хүмүүсийн өмнөөс шар махтайгаа хатаж байна. Гэтэл анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Энэ нэг талыг барьж ялыг хөнгөн оногдуулсан гэж үзэж байгаа. Тийм учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн давж заалдах шатны шүүхийн гомдлын тухайд өөрийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Батболдын өмгөөлөгч Н.Дэлгэрнарангийн ярьсан зүйлийг ойлгохгүй байна. Ямар ч хөдөлмөрийн харилцаа холбоо үүсээгүй мөн өдрийн 40,000 төгрөгийн цалингийн төлөө өөрөө дураараа очоод ажилласан юм шиг сонсогдож байна. Миний хувьд Батболдод маш их гомдолтой байгаа. Ажил олгогч юм бол ажилчдынхаа хажууд байх ёстой. Бүтэн 2 жилийн хугацаанд надтай нэг ч удаа холбогдоогүй. Э.Булгантамир, Б.Отгон-Очир хоёрын хувьд надтай хэдэн удаа холбогдоод буруугаа хүлээгээд уучлалт гуйсан. Батболд болон түүний өмгөөлөгч хоёрыг би хүн биш гэж бодож байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Отгон-Очирын ял шийтгэлийн байдал хүндэдсэн байна гэж давж заалдах гомдол гаргасан. Үүнд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжтой. Н.Дэлгэрнаран өмгөөлөгчийн тухайд Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийг зөв хэрэглэсэнгүй гэдэг гомдолтой байдаг. Үүнийг шүүх зөв хэрэглэсэн байна уу? гэдгийг нэг хараад өгөөч гэсэн саналтай байна. Шүүгдэгч Булгантамирын хувьд гэм буруугийн тал дээр огт маргадаггүй гэм буруугаа эхнээсээ хүлээн зөвшөөрч байсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлыг гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд төлсөн. Хохирол төлбөр төлөгдсөн гэж үзнэ. Хохирол, хор уршиг гэдэг нь 2 өөр ойлголт байгаа. Хор уршгийг бид хэзээ ч арилгаж чадахгүй. Яагаад гэвэл хүний амь нас эрсэдсэн үүнийг яаж ч арилгаж чадахгүй. Харин иргэний журмаар хохирол нэхэмжлэхийг шүүх заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулж чадсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Цэрэнханд өмгөөлөгчийн яриад байгаа гаргаж байгаа санал үндэслэлгүй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энхбаяр өмгөөлөгч бид хоёрын тухайд Булгантамирын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байгаа. Энхбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Тийм учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч” гэв.

 

Шүүгдэгч Э.Булгантамир нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх хуралдаанд прокуророор томилогдон оролцож байгаа. Давж заалдах гомдол болон хавтаст хэргийн материалтай бүрэн танилцсан. Яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа... шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялгамжгүй байдлаар ял шийтгэл оногдуулсан гэх хэсэг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгуулахаар нөхөн төлсөн оршуулгын зардлын хэмжээг ялгамжтай байдлаар дүгнэж бичүүлэх талаар давж заалдах гомдолд тусгасан байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруугийн хохирол хор уршгийн хэмжээг тодорхойлсон хэсэгт буюу тодорхойлох хэсгийн 1.5 дугаар заалтад оршуулгын зардалд шүүгдэгч нар нь 13,900,000 төгрөгийг нөхөн төлсөн байна гэдгийг дурдаж шийдвэрлэсэн. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар хэсэгт оршуулгын  зардлыг төлсөн гэдгийг дээр дурдсанаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсан байна... Харин Давж заалдах шатны шүүхээс Тодорхойлох хэсэг дээр шүүгдэгч тус бүрийн төлсөн үнийн дүнг ялгамжтай байдлаар үнийн дүнгээр нь тодорхойлж, 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт нийт 13,900,000 төгрөг төлсөн гэж дурдсан хэсэг дээр Отгон-Очирын 9,397,878 төгрөгийг төлсөн. Булгантамирын хувьд 7,000,000 төгрөг төлсөн гэдэг байдлаар тус тусад нь дурдах боломжтой. Харин тогтоох хэсэгт дурдах шаардлагагүй гэж үзэж байгаа... ял шийтгэлийг хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд оногдуулсан. Үүнийг багасгах ял шийтгэл хөнгөдсөн байна гэж шууд дүгнэх боломжгүй. Шийтгэлийн хувьд үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, үйлдэл, оролцоо зэрэг бүх нөхцөл байдлыг харгалзан шүүх ялгамжтай оногдуулсан байна гэж үзээд шүүгдэгч Отгон-Очирын өмгөөлөгч Майдри, шүүгдэгч Отгон-Очир нараас гаргаж байгаа давж заалдах гомдлыг хангахгүй байх үндэслэлтэй байна. Мөн иргэний хариуцагчийн өмгөөлөгч Дэлгэрнарангийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Батболдын гаргасан дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол гэдгийг тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүй хохироосон нөхцөл байдал тогтоогдсон. Нэгэнт үйлдвэрлэлийн осол гэж үнэлж дүгнэсэн учир хөдөлмөрийн хөлс, түүнтэй холбоотой 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу олгох ёстой гэдэг байдлаар буруу тооцсон байна. Нэг удаагийн тэтгэмжийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын хувьд шаардах эрх хуульд зааснаар байгаа. Шүүхээс дээрх 36 сарын тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд талийгаачийн хамгийн сүүлийн ажилласан хугацаагаар тооцож үзэхэд 400,000 төгрөгийн цалин авсан болох нь дансны хуулгаар нотлогдож байна. Дундаж цалин хөлсийг тооцож олгох байсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Өмгөөлөгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 1,2, мөн Хөдөлмөрийн хөлсний дундаж цалин хөлс тодорхойлох журам буюу 2021 оны А/92 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.5, 2.6 гэсэн хэсгүүдийг хууль журамд заасан хэмжээгээр тайлбарлаж ойлгож байгаа гэж ойлгож байна. Гэхдээ хөдөлмөрийн хөлсийг нь 400,000 төгрөгөөр тооцох байсан гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Булгантамирын хувьд талийгаачтай яг адилхан ажил үүргийг гүйцэтгэж байсан. Энэ хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн цалинг олгохоор анх тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс тохиролцоод бид ажил үүргээ гүйцэтгэхээр гарсан гэдгээ хэлдэг. 3,000,000 төгрөгийн цалинтай ажил үүргийг гүйцэтгэж байсан гэдгийг нотолсон байгаа. Тэгэхээр 3,000,000 төгрөгөөр нэг сарын хөдөлмөрийн хөлсийг тооцож, 36 сарын тэтгэмжийг үйлдвэрлэлийн ослын 1 сарын цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлж олгоно гэдэг байдлаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин шууд 36 сарыг 3,000,000 төгрөгөөр үржүүлж 108,000,000 төгрөг гэж бодож байгаа анхан шатны шүүх дүгнэлт хийгээсэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний дундаж цалин хөлсийг олохдоо тохирсон хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгийн үндсэн цалин хөлснөөс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зайлшгүй төлөгдөхөөр хуульчлагдсан, заавал төлдөг, дээрх цалин хөлс олгох тооцох дүрэм журамд нийцүүлээд хөдөлмөрийн хөлсийг 3,000,000 төгрөгийг үндсэн цалин гэж тооцоод нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүн төлөх хэмжээгээр хуульд зааснаар 11,5 хувийг хасахаар 345,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг 3,000,000 төгрөгөөс хасна. Ингэхээр 2,655,000 төгрөг тооцогдож байгаа. Үүнээс хүн амын орлогын албан татварт 10 хувийг хасахаар гарт олгох хэмжээ нь 2,389,500 төгрөг, цалингийн хэмжээнээс хамаараад жилд 120,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Үүнийг сард тооцвол 10,000 төгрөгийг хөнгөлөлт үзүүлэх боломжтой. 2,389,500 төгрөгийн гарт олгох цалин дээр төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлтийг нэмэхээр 2,399,500 төгрөгийг талийгаачийн гарт олгох бүрэн боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 36 дахин нэмэгдүүлэхээр 86,382,000 төгрөг олгох боломжтой байсан гэж дүгнэж байна. ... Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд “Гранд майнд” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах байсан гэж байгаа. “Гранд майнд” ХХК-тай Батболд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Хийх гэж байсан ажил нь өрөмдлөгийн ажил байсан. Энэ ажил нь тоног төхөөрөмжөө угсрах тодорхой цаг хугацааг нь үнэлж дүгнээд тухайн компани нь бидний ажлыг хийх бүрэн боломжтой гэж шууд нөхцөлөөр гэрээгээ хийх бүрэн боломжтой байсан. Тухайн гэмт хэрэг гарах үед энэ харилцаа үүсээгүй. Тухайн компани нь ажил үүргээ гүйцэтгэх боломжтой бол гэрээгээ үргэлжлүүлээд ажлаа гүйцэтгүүлэх боломжтой гэх байдлаар хандсан байсан учраас “Гранд майнд” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байсан. Мөн иргэний хариуцагч Батболд яллагдагчаар татагдаж, шүүгдэгчийн ширээнд сууж байх ёстой хүн байсан гэх тайлбар хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан эсхүл энэ чиглэлийн ажилтныг ажил үүргээ хэвийн явуулахад шаардлагатай нөхцөл боломжоор хангаагүй зэргээр хайнга хариуцлагагүй хандсан тохиолдолд хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэж, ажил олгогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэхдээ Батболдын хувьд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд туслалцаа хүсч Отгон-Очирыг явуулсан. Отгон-Очир өөрөө шийдвэр гаргаж ажил үүргийг эхлүүлсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон учир Отгон-Очирыг хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан гэж үзэж одоо яллагдагчаар татаж, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Түүнд ажил олгосон гэж үзэж Н.Батболдыг иргэний хариуцагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцуулсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар талд авагдсан. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Батболдыг иргэний хариуцагчаар татсан. Батболдын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татсанд маргалдаж мэтгэлцсэн зүйл байхгүй. Гэм хор, хор уршгийг боломжит хэмжээгээр нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг буцааж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн гомдол үндэслэлгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Отгон-Очир, түүний өмгөөлөгч Б.Майдри, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Булгантамир, Б.Отгон-Очир нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

 

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

3.Шүүгдэгч Э.Булгантамир нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд “Bare-7” загварын өрмийн машинд хамт ажилладаг Д.Соронзонболдын хамт засвар үйлчилгээ хийх явцдаа Д.Соронзонболдыг тус өрмийн машины ир байрлах хэсэгт ажиллаж байхад нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2029 оны А/231, А/368 дугаар тушаалаар батлагдсан журам зөрчин өрмийн машиныг ажиллуулсны улмаас Д.Соронзонболд нь өрмийн машины ир чангалж байсан чангалагч “газу” гэх багажид цохигдож биедээ “баруун хөлийн цавь хэсэгт булчинд нэвтэрч, гуяны хураагуур ба тараагуур судасны бүрэн тасарсан шарх” бүхий гэмтэл авч цочмог  цус алдалтад орж амь насаа алдсан буюу Э.Булгантамир нь хууль, холбогдох журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон,

шүүгдэгч Б.Отгон-Очир нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд Э.Булгантамир, Д.Соронзонболд нарт “Bare-7” загварын өрмийн машинд завсар үйлчилгээг хийх үүрэг чиглэл өгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2029 оны А/231, А/368 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, мөрдүүлж ажиллаагүйн улмаас Э.Булгантамир нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчин, хамт ажиллаж байсан Д.Соронзонболдын амь насыг хохироосон хэргийн нөхцөл байдал нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  байна.

4.Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нь “...хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тодорхой тооцоо гаргах бололцоогүй иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй” гэх, шүүгдэгч Б.Отгон-Очир болон түүний өмгөөлөгч Д.Майдри нар “...гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, амь хохирогчид туслалцаа үзүүлэхээр чадахаараа хичээж, хэрэг явдал болсон өдрөөс эхлэн хохирогчийн ар гэр, цагдаа, эмнэлэгийн байгууллагууд зэрэгт бензин тос хийхээс эхлээд хэргийг хянан шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзаж үзэж, Б.Отгон-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг бууруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

5.Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Булгантамир, Б.Отгон-Очир нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6.Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Булгантамирт 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Отгон-Очирт 2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Отгон-Очир болон түүний өмгөөлөгч Д.Майдри нарын “...гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг явдал болсон өдрөөс эхлэн хохирогчийн ар гэр, цагдаа, эмнэлэгийн байгууллагууд зэрэгт бензин тос хийхээс эхлээд хэргийг хянан шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн, хохирол төлсөн  нөхцөл байдлыг харгалзаж үзэж, Б.Отгон-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг бууруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

7.Анхан шатны шүүх “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэг, шүүгдэгч Э.Булгантамир, иргэний хариуцагч М.Батболд нарын мэдүүлэг, ажил олгогч М.Батболд, ажилтан Э.Булгантамир нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  байгуулсан 22/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” зэрэг нотлох баримтаар амь хохирогч Д.Соронзонболд нь ажил олгогч М.Батболдтой 1 сарын үндсэн цалин 3,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэсэн үндэслэлтэй” бөгөөд иргэний хариуцагчаас 108,000,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгт олгосон нь хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарын хохирогчид төлсөн оршуулгын зардал болон унааны зардлын дүнг дурдаагүй ба энэ талаар дурдуулахаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдолдоо тайлбарласан нь үндэслэлтэй байна.

9.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2-т заасныг баримтлан иргэний хариуцагч М.Батболдоос 108,000,000 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгт олгосугай” гэснийг “...М.Отгонцэцэгт олгож, шүүгдэгч Б.Отгон-Очир нь 9,391,878 төгрөгийг, шүүгдэгч Э.Булгантамир нь 5,491,878 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгт төлсөн болохыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Отгон-Очир, түүний өмгөөлөгч Б.Майдри нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнарангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2-т  заасныг баримтлан иргэний хариуцагч М.Батболдоос 108,000,000 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгт олгосугай” гэснийг “...М.Отгонцэцэгт олгож, шүүгдэгч Б.Отгон-Очир нь 9,391,878 төгрөгийг, шүүгдэгч Э.Булгантамир нь 5,491,878 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Отгонцэцэгт төлсөн болохыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Отгон-Очир, түүний өмгөөлөгч Б.Майдри нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнарангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ

 

                                     ШҮҮГЧИД                            Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                  Л.ХИШИГДЭЛГЭР